Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл хуралдаж, “Тавантолгой түлш” ХХК-ийн хэрэглэж буй түлшний чанар, хагас коксон түлшинд шилжих зөвлөмжийн хэрэгжилт, бодит үр дүнг хэлэлцсэн байна.Энэ жил хагас коксын хэрэглээ рүү шилжсэнээр агаарын чанарт бодит үр дүн гарч эхэлсэн"Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяр: 2025–2026 оны галлагааны улиралд эрдэмтдийн зөвлөмжийн дагуу “Тавантолгой түлш” компани хагас коксыг үндсэн түлш болгон хэрэгжүүлж байна. Энэхүү шийдвэрийн хүрээнд түлшнээс үүдэх ялгарлыг ойролцоогоор 50 хувиар бууруулах, нийслэлийн агаарын чанарт 27–28 хувийн эерэг нөлөө үзүүлэх тооцоолол гарсан.Энэхүү 27–28 хувийн үзүүлэлт нь нийслэлийн агаарын бохирдол олон хүчин зүйлээс хамаардаг гэдгийг харгалзан тооцоолсон дүн юм. Тэдгээрийн нэг гол эх үүсвэр нь гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэж буй шахмал түлш бөгөөд агаарын чанарт сөргөөр нөлөөлж буй одоогийн түлшийг хагас коксоор солиход ийм хэмжээний сайжрал гарна гэж үзсэн. 2025 оны арванхоёрдугаар сарын 1–21-ний хооронд хийсэн урьдчилсан тооцоогоор 23–24 хувийн эерэг үр дүн аль хэдийн гарсан байна. Эрдэмтдийн зөвлөл дүгнэлтээ гаргаж, мэргэжлийн байгууллага, лаборатори, судлаачид судалгааны үр дүнгээ танилцуулж байгаа бөгөөд уг дүн шинжилгээнд бид сэтгэл хангалуун байна.