Гэр бүлийн халуун дулаан мэдрэмжийг мэдрүүлсэн контентоороо олны хайрыг татаж буй А.Цогбат болон А.Ану-Үжин нарын хайрын түүхийг хүргэж байна.
-Та хоёр анх хэрхэн танилцсан бэ. Бусдаас нэгнээ онцгойлон харж, үерхэж эхэлсэн дурсамжаасаа хуваалцахгүй юү?
-А.Цогбат: Бид нэг их сургуулийнх. Анх танилцаж байх үед манай эхнэр доод анги байлаа. 2017 оны шинэ жилээр хэсэг цасан охид бүжиглэсний нэг нь бусдаас онцгой байсан. Түүнээс хойш жил гаруй хугацааны дараа чатаар анх танилцаж харилцаж эхэлж байлаа.
А.Ану-Үжин: 2018 оны аравдугаар сарын 17-нд анх над руу чат бичиж байсан. Миний хувьд нөхрөө манай сургуулийн дээд ангид суралцдаг гэдгийг мэддэггүй байлаа. Гэтэл “Намайг юу гэж боддог вэ” гээд стори хийхэд “Доод ангийн даруухан охин” гэж чат бичээд ороод ирсэн. Тэгэхээр нь “Энэ яахаараа манай дээд анги байдаг юм” гэж бодоод худлаа яриад бай гэсэн. Харин маргааш нь сургууль дээрээ таарсан. Анх жаахан хөгшин ах шиг гэж харсан. Чаталсаар байгаад бага багаар бие биедээ дассан даа. 2018 оныхоо шинэ жил гэхэд бие биедээ бэлэг өгөхөөр хэмжээнд дотно болсон байсан. Үерхэе гэж бол гуйгаагүй нэгэндээ дасаад сайн болсон байсан даа.
-Тэгэхээр та хоёрын хувьд шинэ жилийн баяр их чухал байх нь ээ?
- А.Ану-Үжин: Тэгэлгүй яах вэ. Шинэ жилийн баяраар надад анх бэлэг өгөхдөө намайг зурж өгч байсан нь үнэхээр таалагдаж байсан.
-А.Цогбат: Бид архитектур мэргэжилтэй. Өөрийнхөө хамгийн сайн хийж чадах зүйлээрээ л бэлэг барих гэж хичээсэн. Тухайн үедээ нэлээд хичээж зурсан. Зургаа дуусгаад шинэ жилийн орой аваачиж өгч байсан. Гэхдээ шинэ жилээс хойш намайг айхтар тоогоогүй. Эхнэрийнхээ араас нь их гүйсэн. Хавар урлагийн наадмаар бие хамгаалагч шиг дагаж явсаар байгаад үерхсэн дээ.
-Бие биеийнхээ хамгийн хайр татам зүйлсийг хэлбэл?
-А.Цогбат: Манай эхнэр бүх хүнтэй гоё харьцдаг нь үнэхээр хайр татам. Анх “Ямар гоё харьцаатай, хөөрхөн охин бэ” гэж харж байсан. Зан чанар тэр чигтээ л их таалагддаг. Мөн байгалийн өгөгдөл гоо үзэсгэлэнд нь татагдахгүй байж чадаагүй. Ер нь эхнэрээ ээ илүү гүнзгий дурлуулж, хайрлуулдаг.
-А.Ану-Үжин: Нөхөртэйгөө анх харьцдаг байхад хүмүүсээс “Ийм хүүхэдтэй харьцаж байгаа. Энэ ямар хүүхэд вэ” гэхэд бүгд л сайн зурдаг, гоё харилцаатай гэдэг байсан. Эмэгтэй хүн чихээрээ дурладаг гэдэг дээ. Яг түүн шиг нөхрийнхөө талаар сонссоор байгаад дурласан. Өөрийнх нь байгаа байдал цаанаасаа хайр хүргэм хөөрхөн. Мөн намайг үнэхээр хүндэлж, хайрладаг. Бусдаас онцгой гэж үргэлж мэдрүүлдэг.
-Залуу хос учир бүгдийг хамтдаа эхэлсэн байх. Анх тусдаа гарах, хүүхэдтэй болж байсан үеийн мэдрэмжээсээ хуваалцахгүй юү?
-А.Ану-Үжин: Бид анх манай аав, ээжийнд 2020 онд цугтаа амьдарч эхэлж байсан. Тухайн үедээ цалингаа аваад болоод байна. Цаашдаа тусдаа гараад амьдарчих юм байна гэж бодсон. Цалингаараа гадуур болзоод л байсан даа. Тухайн үедээ мэдэхгүй учраас цуглуулдаггүй байлаа. 2021 онд хүүхэдтэй болоод бага багаар мөнгө цуглуулж эхэлсэн. Хичээх ёстой шалтгаан амьдаараа гараад ирдэг юм билээ. Хүүхэд төрсний дараа өмнө нь юугаа хийж байсан байна гэж бодсон. Анхны хүүхдээ өлгийдөж аваад наадмын өмнөхөн тусдаа гарч байсан.
-А.Цогбат: Тусдаа гарахаас өмнө анзаардаггүй байсан юм билээ. Тусдаа гарсны дараа анхны байрны нэхэмжлэл ирэхэд “Хөөх, амьдрал ингэж л эхэлдэг юм байх даа” гэж бодож байсан.
-А.Ану-Үжин: Давс дуусдаг юм байна гээд гайхах шиг л юм болсон доо \инээв\. Анх тусдаа гарахад халбага, сэрээгүй байсан. Аав, ээж хоёр биднийг тусдаа гарахад туслалцаж, бид ч тухайн үедээ хэрэг зүйлүүдээ авч байсан ч халбага, сэрээгээ мартсан байсан.
-А.Цогбат: Ажлаа тараад орой болгон нэг зүйл авч гэртээ харьдаг байлаа. Тусдаа гарах хамгийн гоё мэдрэмжүүдийн нэг байсан даа.
-Хосууд хамт удаан байгаад ирэхээр нэгэндээ уусдаг гээд байдаг. Та хоёр хэр нэгэндээ уусаж байгаа вэ?
-А.Ану-Үжин: Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бие биеэ илүү ойлгодог болдог байх аа. Хамтдаа тусдаа гараад амьдарч эхлэхээр нэгнийгээ ойлгохгүй үеүд гардаг.
-А.Цогбат: Маргалдах зүйл олон л гарна. Гэхдээ нэг нэгнээ дийлэх гэж байгаа юм шиг хандлага гаргадаггүй. Хүн бүрийн онцлог гэж байгаа. Миний хувьд маргаанаас зайлсхийдэг төрлийн хүн. Ямарваа нэг зүйл тохиолдоход дуугаа хураагаад орой, маргааш, нөгөөдөр гэхэд гайгүй болчихно гэдэг. Харин манай эхнэр маргааныг шууд шийдвэрлэхийг хичээдэг. Одоо бол харьцангуй гайгүй болсон.
-Хос болгонд хосын жор гэж хайраа илүү гоё өнгөлдөг арга ч гэх юм уу, тийм зүйл байдаг шүү дээ. Та хоёрын хувьд тэр зүйл нь юу вэ?
-А.Цогбат: Жор байхгүй гэх үү дээ. Хоолыг нэг л жороор хийгээд байвал ижил амттай байна. Тэгэхээр ямар асуудал гарч байгаагаас шалтгаалан хоорондоо ярилцаж шийддэг.
-А.Ану-Үжин: Хамгийн гол нь ярилцах байх. Ярилцахгүй бол ойлголцохгүй. Бид маш их ярилцдаг.
-А.Цогбат: Анх би ярьдаггүй байсан. Гэхдээ давс усанд уусдаг шиг нэг нэгэнтэйгээ цуг байсаар байгаад хамгийн их ярьдаг нь би болсон доо. Бид хоорондоо гоё харилцаатай байвал манай хүүхдүүд ч том болохоороо гоё гэр бүлийг бүтээнэ гэж боддог.
-Та хоёрын хувьд цахим орчинд идэвхтэй контент бүтээдэг шүү дээ. Контент бүтээж эхэлсэн түүхээсээ хуваалцахгүй юү. Контентоороо дамжуулж ямар мессеж өгөхийг хүсдэг вэ?
-А.Цогбат: Энэ бүхэн манай эхнэрийн санаа л даа. Манай эхнэр 2-3 жилийн өмнөөс бичлэг хийж эхэлье гэж байсан. Хүү төрсний дараа 2025 оны нэгдүгээр сараас л идэвхтэйгээр цахим орчинд бичлэгээ нийтэлж эхэлсэн. Өмнө нь зураг л түүх болж үлддэг байсан. Одоо бол зургаас илүү бичлэг гүн гүнзгийн үлддэг болсон. Анх өөрсдийнхөө залуу байгааг, хүүхдүүдийнхээ нандин мөчийг авч үлдэх зорилготой бичлэг хийдэг байсан. Сайн сайхан, эерэг бичлэг хийгээд хүмүүсийг ч гэсэн аз жаргалтай, нандин үеүдээ мэдрээсэй, бүтээгээсэй гэж хүсдэг.
-А.Ану-Үжин: Ер нь гурван сард өдөр тутмынхаа амьдралаа, хүүхдүүдтэйгээ нөхрөө хүлээж байгаа агшнаа бичээд хуваалцсан. Тухайн бичлэг нэлээд их хандалт аваад, түүнээсээ урам зориг авсан. Манай ээж маш олон төрлийн гоё хоол хийдэг байсан болохоор би ч хоол хийх дуртай. Иймд 2026 ондоо хоолны чиглэлийн контент хийе гэж бодож байгаа. Гэр бүлийн контентоо влог байдлаар цаашдаа үргэлжлүүлнэ.
-Одоо “30-30” гээд чалленж зарлаад дуусаж байгаа юм байна. Тэр талаараа дэлгэрэнгүй ярихгүй юү?
-А.Ану-Үжин: 30 хоногт 30 мянган дагагч нэмэх чалленж эхлүүлээд амжилттай явж байгаадаа их баяртай байгаа.
-А.Цогбат: Бид хамтдаа цуг аялж үзээгүй. Миний хувьд хилийн дээс алхаж үзээгүй байгаа. Манай эхнэр энэхүү чалленжийн саналыг надад анх тавьсан. Энэ оны зорилго дотор ч гэр бүлээрээ хамтдаа аялах зорилго бий. Хүссэндээ хүрэх байх гээд бид бэлтгэлээ бага багаар бэлтгэлээ хангаж эхэлсэн. Энэ шинэ жилээр хамтдаа гадаад улсад гоё дурсамжийг бүтээх байх.
-Та хоёрын хамтдаа угтсан анхны шинэ жил хэзээ байсан бэ?
-А.Цогбат: Бид 2020 оны шинэ жилээр эхнэрийнхээ талын хамаатнуудтай цагийг гоё өнгөрүүлсэн. Тэр шинэ жил би шатнаас хамаг хүчээрээ савж унаад, тэгсэн манай эхнэр олон хүний дунд ганцаараа намайг шоолж инээсэн. Ер нь их гоё шинэ жил байсан даа.
-Танай гэр бүлийн хувьд шинэ жилийн баярт хэр их ач холбогдол өгдөг вэ?
-А.Ану-Үжин: Ер нь бага байхаас шинэ жилийн баяр хамгийн гоё баяр байсан. Хамгийн сайхан дурсамжтай байлгахыг манай аав, ээж хичээдэг байсан. Одоо аав, ээж болсон болохоор хүүхдүүддээ ч шинэ жилийн баяраар гоё дурсамж бүтээхийг хичээдэг. Хамгийн чухал баяруудын нэг гэж боддог.
-А.Цогбат: Өмнө нь шинэ жил гэж бялуу идэхийг хүлээдэг баяр байсан. Нээх айхтар догдолж хүлээдэггүй байлаа. Харин эхнэртэйгээ танилцсанаас хойш баярууд хамаагүй утга учиртай болж эхэлсэн. Өвлийн өвгөнийг ч тоодоггүй байсан ч одоо охиндоо захиагаа бичээрэй, хүслээ шивнээрэй гэж захидаг. Манай охин энэ жил гацуур модондоо хүүхдийн компьютер авахаар хүслээ шивнэсэн.
-Өнгөрч буй оны хамгийн дурсамжтай үйл явдал та хоёрын хувьд юу байсан бэ?
-А.Ану-Үжин: Энэ жил контент бүтээх талдаа нэлээд туршлага хуримтлуулсан гэж бодож байна. Бичлэг хийнэ гэдэг үзэж байгаа шиг амархан зүйл биш юм билээ.
-А.Цогбат: Наадмаар эхнэрийгээ нэлээд баярлуулсан болов уу. Манай эхнэр наадмын үеэр төрсөн болохоор жил болгон аялал, зугаалгын үеэр таардаг. Хөдөөнөөс бялуу олж үлээлгэж эхнэртээ гэнэтийн бэлэг барьсан. Тухайн үед эхнэрийн талын ургийн баяр болоод 1000 орчим хамаатантай нь төрсөн өдрийг нь хийсэн. Миний хувьд эхнэрийнхээ талынхантай их ойрхон байдаг.
-А.Ану-Үжин: Долоо хоног аяллаар явахад дандаа бороотой байсан. Хоёр нялх хүүхэдтэй явсан болохоор нэлээд зутарсан ч үнэхээр дурсамжтай аялал болсон.
-Нууц биш бол ирэх жилийн зорилгоосоо хуваалцаж болох уу?
-А.Ану-Үжин: 2026 онд өөрсдийгөө ялан дийлэх буюу фитнест явж биеэ урлахыг хүсэж байна. Манай охин аавыгаа дуурайгаад гарын эв дүй сайтай. Иймээс өөрсдийнхөө чадаагүй зүйлийг хүүхдүүддээ зааж сургаад аль болох ойр байж ойлгоё гэж бодож байна.
А.Цогбат: Хүний хамгийн том зорилго бол эрүүл, гоё биетэй байх шүү дээ. Шинэ жил дөхөхөөр 2025 оноо дүгнэж, дараа жилийнхээ төлөвлөгөөг гаргана.
-Өдөр тутам байнга ярилцдаг ч энэхүү ярилцлагаар дамжуулаад хайртай хүндээ чин сэтгэлийнхээ үгийг хэлбэл?
-А.Ану-Үжин: Хайрдаа баярлалаа гэж хэлмээр байна. Хааяа уураа тэвчиж чадахгүй үед ч намайг ойлгодогт баярлалаа. Надад хамгийн сайн нөхөр шиг санагддаг. Орой ажлаа тарж ирээд намайг юугаа ч амжуулж чадаагүй хүүхдээ харж байхад хоол хийхэд тусалдаг. Ер нь надтай сууснаасаа хойш гурил зуурч, элдэж, мах татаж өгдөг. Надаар хийлгэдэггүй зүйл олон бий. Намайг хайрлаад, хүндэтгэж, жаргалтай байлгаж чаддаг. Ялангуяа миний сэтгэл зүйн хамгийн сайн найз байж чаддаг. Намайг ямар байгааг маш сайн уншдаг. Хамгийн сайн зөвлөгч байдагт баярлалаа.
-А.Цогбат: Бид байнга ярих болгондоо “Хайртай шүү” гэж хэлдэг. Хайртай шүү л гэж хэлмээр байна. Намайг анх цуг амьдарснаас хойш нэлээд сайн өөрчилсөн. Өөртөө таалагддаг, эхнэрийнхээ хайртай нөхөр, хүүхдүүдийнхээ халамжтай аав нь. Цаг хугацаа өнгөрөхөөр хамгийн гоё өвөө болохыг хүсэж байна. Тэр цаг үеийг хамтдаа бүтээе, аз жаргалтай сайхан амьдарцгаая гэж эхнэртээ хэлмээр байна. Хамтдаа зорьсон зорилгодоо хүрье.
-Ярилцсанд баярлалаа. Гэр бүлд нь сайхан бүхнийг хүсье.