Энэ онд улсын хэмжээнд татварын өртэй 321 мянга орчим иргэн, аж ахуйн нэгж бүртгэгдэж, тэдний нийт татварын өр, хүү, алдангийн хэмжээ 6.5 их наяд төгрөгт хүрээд байна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр дурын хоёр ААН-ийг сонгон харьцуулбал тэдний нэг нь татварын өртэй байх магадлалтай болсон нь бизнесийн орчинд тулгамдаж буй хүндрэл ямар хэмжээнд хүрснийг илтгэж байна. Өнгөрсөн онд татварын өртэй ААН-үүдийн тоо 50 мянга байсан бол энэ онд 70 мянгад хүрч, нэг жилийн дотор 20 мянгаар нэмэгджээ.
Нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгаа нэг хүчин зүйл нь татварын өртэй холбоотойгоор 21,800 гаруй ААН, иргэдийн дансыг хаасан явдал юм. Данс хаагдсанаар орлого, зарлагаа хэвийн хийх боломжгүй болж, бизнесийн тасралтгүй үйл ажиллагаанд ноцтой эрсдэл үүсэж байна. Ийм нөхцөлд ААН-үүд татварын өр дарамт, санхүүгийн хүндрэл дунд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд хэцүү байгаагаа илэрхийлж, бодит байдал, тулгамдсан асуудлын талаар өөрсдийн байр суурийг илэрхийллээ.
НӨАТ-ын өрийг бусад татварын өртэй адилтган нийт өрөнд оруулж данс хаах нь буруу
Хувиараа бизнес эрхлэгч Н.Энэрэл: Татвараа хугацаанд нь төлөөгүй нь бидний алдаа гэдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ НӨАТ-ын өрийг бусад татварын өртэй адилтган нийт өрөнд оруулж, шууд данс хаадаг явдал буруу гэж бодож байна. НӨАТ өөрөө орлого, гүйлгээнээс хамаараад дээш, доош байнга хэлбэлздэг татвар. Тиймээс ийм онцлогтой татварыг данс хаах хэмжээнд хүргэж байгаа бодлогоо дахин харах хэрэгтэй.
Манайх жишээ нь нийт 52 сая төгрөгийн татварын өртэй гэж хоёр сарын өмнө дансаа хаалгасан. Үүний 36 сая нь зөвхөн НӨАТ-ын өр байсан. Хамгийн харамсалтай нь данс хаагдсаныг эхэндээ огт мэдээгүй. Ямар нэгэн мэдэгдэл ирээгүй, утсаар ч сануулаагүй, зүгээр л данс хаагдчихсан байсан. Дараа нь чадлынхаа хэрээр өрөө төлөх гэсэн ч заавал нийт өрийн 50 хувийг эхлээд төлнө гэсэн шаардлага тавьсан.
Одоо 52 сая төгрөгийн 50 хувь гэдэг бол бага мөнгө биш. Үүнийг төлөхийн тулд хүүтэй мөнгө зээлж байж л аргацаах боломжтой. Ингээд эхний 50 хувийг төлсний дараа үлдсэнийг нь дараа төлнө гэж бодож байгаа ч дахиад л татвараа хугацаанд нь төлж чадахгүй, улам өрөнд орох вий гэсэн айдас байна. Өөрөөр хэлбэл, энэ байдлаараа бол өрийн тойргоос гарах биш, бүр гүнзгий орох эрсдэлтэй. Хоёр сарын өмнө данс хаагдсанаас хойш орлого орохоо больж, байгууллага маань бараг тэг зогсолт хийж байна. Орлого байхгүй байхад татвар төлөх тухай ярих бүр ч хүндрэлтэй.
Үүн дээр нэмээд үл хөдлөх хөрөнгийн татвартай холбоотой бас нэг ноцтой асуудал тулгарсан. Хоёр жилийн өмнө энэ газрыг худалдаж авахад ямар нэгэн татвар төлөх талаар хэн ч тайлбарлаж, мэдэгдэж байгаагүй. Тэр цагаас хойш ч ямар ч мэдэгдэл ирээгүй. Гэтэл сая арваннэгдүгээр сарын 28-нд гэнэт гурван жилийн татварын өр гэж 37.2 сая төгрөгийн нэхэмжлэл нэг дор үүсгээд оруулаад ирсэн. Хэрэв улирал тутамд нь мэдэгдэж, сануулж байсан бол ингэж нэг дор их хэмжээний дарамтад орохгүй л байсан.
Би очиж уулзсаны дараа нэг улирлын дүн илүү тооцогдсон байна гээд жаахан хасуулсан. Гэхдээ ер нь бол ямар ч урьдчилсан мэдэгдэлгүйгээр, жилээр нь бөөн дүнгээр нэхэмжлэл үүсгэдэг юм байна. Уг нь энэ чинь улирал бүр үүсэх ёстой татвар шүү дээ. Анх байр, газар авахад ингэж татвар төлдөг, ийм хугацаатай, ингэж мэдэгддэг гэж тайлбарлаж, зөвлөсөн бол би цаг тухайд нь төлөөд явах бүрэн боломж байсан. Миний мэдэхээр Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс саяхан 1000 гаруй байгууллагын дансыг хаасан байна лээ. Тэд ядаж урьдчилж ярьж, анхааруулсан нь арай өөр байсан.
Бас нэг хэцүү асуудал байгаа нь татварын өртэй байгууллагын тайланг татаж авахгүй байгаа. Өртэй ч гэсэн тайлангаа өгье гэхээр авахгүй гэдэг. Харин тайлан өгөөгүй тохиолдолд дахиад зөрчилд тооцно гэж хэлж байгаа нь бүр ойлгомжгүй. Өртэй, данс хаалттай мөртлөө тайлан өгөх боломжгүй байхад зөрчил нь давхар нэмэгдэнэ гэсэн үг. Үл хөдлөх хөрөнгийн татвар дээр ч мөн адил заавал 50 хувийг нь эхэлж төл гэсэн шаардлага тавьж байна. Иймэрхүү асуудалтай, дансаа хаалгасан байгууллага, иргэд манай эргэн тойронд маш олон байна. Энэ бол ганц, хоёр хүний асуудал биш, бодлогын түвшинд анхаарах шаардлагатай нийтлэг хүндрэл болоод байна.
Татварын дарамт ажлын байр бий болгох сонирхлыг бууруулж байна
Хувиараа бизнес эрхлэгч Н.Батхаан: Инфляц өсөж байгаа нөхцөлд бид ажилчдынхаа цалинг дагаад нэмэхээс өөр аргагүй болдог. Гэтэл цалинг хүчээр нэмэх болгонд нийгмийн даатгалын шимтгэл шууд дагаад огцом өсдөг. Энэ нь аж ахуйн нэгж байгууллагуудад асар том дарамт болж байна. Цалин нэмсэн хэрнээ бодит байдал дээр ажилтанд очих мөнгө бага, харин НДШ-д төлөх дүн л нэмэгддэг.
Хамгийн харамсалтай нь бид төлсөн нийгмийн даатгалаа эргээд бодитоор ашиглаж чадахгүй байгаа. Өвдвөл, ажилгүй болбол, тэтгэвэрт гарахдаа хүртэл яг төлсөн хэмжээтэйгээ дүйцэх ашиг хүртэж байна уу гэдэгт олон хүн эргэлздэг. Тиймээс нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бодитоор бууруулах шаардлагатай гэж үзэж байна. Одоогийн байдлаар нийгмийн даатгал нь жинхэнэ утгаараа даатгал биш, харин аж ахуйн нэгж, иргэдэд дарамт учруулдаг нэг төрлийн албадан татвар шиг л ойлгогдож байна.
Түүнчлэн иргэн бизнесийн зарчмаар, хувиараа ажил, үйлчилгээ гүйцэтгэхэд тэднээр ажил хийлгэсэн аж ахуйн нэгжийг хүртэл шийтгэж нийгмийн даатгал нэрээр дахин татвар хурааж байгаа нь олон хүний бухимдлыг төрүүлдэг. Энэ нь аж ахуйн нэгжүүдийг гэрээт болон хувиараа ажиллагчтай хамтрахад эрсдэлтэй болгож, улмаар ажлын байр бий болгох сонирхлыг бууруулж байна.
Өнөөдөр бүр нийгмийн даатгал төлөхгүй бол ажиллана гэж хэлдэг хүмүүс ч олширчээ. Ажиллах хүний нөөц хомсдож байгаа энэ үед бизнес эрхлэгчдэд энэ нь маш том хүндрэл болдог. Хүмүүс НДШ төлөхөөс зайлсхийж байгааг дандаа буруутгаад байх ч аргагүй. Жишээ нь, 1.5 сая төгрөгийн цалинтай хүн сар бүр 350 мянга орчим төгрөгийг татвар, шимтгэлд өгчихөөд үлдсэн мөнгөөрөө хоол хүнс, байр сууц, хүүхдүүдийнхээ хэрэглээг хангана гэдэг бодит амьдрал дээр маш хэцүү. Ийм нөхцөлд нийгмийн даатгалын тогтолцоог эргэж харж, иргэн, аж ахуйн нэгжид дарамт биш, бодит хамгаалалт болдог систем болгох шаардлага зайлшгүй байна.
"Spark agency"-гийн захирал Э.Дөлгөөн өөрийн цахим хаягтаа мөн татварын асуудлаар ийн бичжээ.
Тэрээр “Данс царцааж хулгай хийхээ больсон гээгүй юм уу. Харъяа дүүргийн Нийгмийн даатгалын газраас байгууллагын данс царцааж доторх мөнгийг нь татжээ.
Spark Agency нь үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж өөрсдийн чадах зүйлсээрээ нийгэмдээ хувь нэмэр оруулж, ажлын байр бий болгон бүтээлч салбарын мэргэжилтэнг бэлтгэж шинийг эрэлхийлж яваа залуус. Хэдий хуулийн хугацаандаа татвар, НДШ-ээ төлөх нь бидний үүрэг ч нэн түрүүнд ажилчдынхаа цалинг цагт нь тавих нь миний үүрэг. Бид Татвараас зайлс хийсэнгүй, хулгайн мөнгөөр санхүүжиж явсангүй. Улайм цайм татвараас бултаж байгаа болон үйл ажиллагаа идэвхтэй явуулж байгаа байгууллагуудаа ялгаж салгадаггүй юм уу. Бүртгэлтэй утасны дугаар минь нээлттэй байсаар байтал ямар ч сануулгагүйгээр данс хааж, мөнгө татна гэдэг бол зүгээр л хулгай шүү.
Төрийн мөнгө гэж үгүй, татвар төлөгчдийн мөнгө л гэж бий
Татвар төлөгчдөө, жижиг дунд ААН байгууллагуудаа дэмжинэ гэдэг хийсвэр үгээр бамбай хийж дандаа хүчирхийлнэ. Тун харамсалтай бөгөөд гунигтайяа. За тэгээд болнодоо, гомдол, шар хор зэрэг оршин байна. Татвараасаа давсан орлоготой, бодлогоор дэмждэг төртэй, эх орондоо амьдрах нөхцөл, эрх тэгш боломжоор хангагдсан нийгэм ирнэ гэдэгт найдаж байна” гэсэн байна.
Хороо, дүүргээс авдаг хог хаягдлын төлбөрийг ААН-д тооцох аргаа эргэж харах хэрэгтэй
Хувиараа бизнес эрхлэгч А. Мягмарнаран: Бизнес эрхлэхэд татварын дарамтаас гадна өөр нэг том бэрхшээл байнга тулгардаг. Тэр нь тухайн аж ахуйн нэгж харьяалагддаг хороо, дүүргээс авдаг хог хаягдлын төлбөр юм. Миний хувьд энэ хогны мөнгө дэндүү өндөр, бас тодорхой бус санагддаг. Ямар шалгуураар, яаж тооцоод байгааг нь ойлгоход бэрх. Жишээ нь, олон хүний багтаамжтай, томоохон ресторан байлаа гэхэд хэдхэн ширээ, сандалтай жижиг кофе шоптой ижил хэмжээний хогны мөнгө төлж байна. Үүнийг асууж, учир шалтгааныг нь тодруулахад энэ асуудлыг Иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр л шийднэ гэсэн хариу өгдөг. Гэтэл бодит байдал дээр бизнес эрхлэгч бидний хувьд энэ нь шууд санхүүгийн дарамт болж мэдрэгддэг.
Мэдээж ААН-ийн татвар өөрөө ч бас том ачаалал. Хугацаандаа төлж чадахгүй бол шууд утсаар ярьж, данс хаана гэж анхааруулдаг. Манайх түрээсийн гэрээгээр үйл ажиллагаа явуулдаг учраас үл хөдлөх хөрөнгийн татвар төлдөггүй, түрээслэгч талдаа л төлбөрөө өгдөг. Харин НӨАТ, ХАОАТ зэрэг татварууд бий, тэдгээрийг бол төлөөд явж байна.
Би өөрөө хувиараа НӨАТ төлөгч учраас одоогоор зарим ААН-д ногддог татварууд надад хамаарахгүй. Гэхдээ үүнээс гадна тог, цахилгааны төлбөр ч гэсэн ААН-үүдэд иргэдээс хоёр дахин өндөр тарифаар тооцогддог. Энэ бүхнийг нийлүүлээд харахаар жижиг, дунд бизнес эрхлэгчдэд ирэх дарамт нэлээд хүнд тусдаг. Татварын хэмжээ маань ч тогтмол биш. Орлогоосоо хамаараад сар бүр өөр өөр гардаг болохоор сард ийм хэмжээний татвар төлнө гэж яг таг хэлэх боломжгүй. Орлого сайн үед гайгүй ч, орлого буурах үед дээрх бүх төлбөр, татварууд нэг дор дарамт болж ирдэг нь бизнесээ тогтвортой авч явахад хэцүү санагддаг.