Шинэ судалгаагаар шөнийн цагаар гэрэлтэй орчинд унтах нь харанхуйд унтсантай харьцуулахад зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг 30–50 хувь хүртэл нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Энэ нь нойр дутуугаас бус, харин хүний биеийн биологийн цаг (циркадиан хэмнэл) алдагдсантай холбоотой аж.
Харвардын Анагаах ухааны сургуулийн судлаач Ангус Бёрнсын тайлбарласнаар циркадиан хэмнэл нь зөвхөн нойрыг биш, зүрх, судас зэрэг биеийн бүх эрхтний үйл ажиллагаанд нөлөөлдөг байна. Шөнийн хурц гэрэл энэ хэмнэлийг алдагдуулснаар зүрхний шигдээс, тархины цус харвалт, зүрхний дутагдал, титэм судасны өвчний эрсдэл нэмэгддэг ажээ.
Энэхүү судалгаа нийт 88,905 хүний өгөгдөлд тулгуурлажээ. Судалгааны баг шөнийн гэрэлд өртөлтийг дараагийн 9.5 жилийн эрүүл мэндийн үр дүнтэй харьцуулан шинжилжээ. Үүний тулд цахим эмнэлгийн бүртгэлийн мэдээллийг ашигласан байна.
Асар их өгөгдлийг хэрхэн хамгийн оновчтой задлан шинжлэх вэ гэдгийг тогтоохын тулд судлаачид хэдэн жил зарцуулжээ. Үүний үр дүнд өмнөх судалгаанууд шөнийн гэрэлд өртөх хэв маяг нь эрт нас баралт, 2-р хэлбэрийн чихрийн шижин, мөн сэтгэцийн эмгэгүүд (сэтгэл гутрал, түгшүүр, шизофрени, хоёр туйлт эмгэг)-ийн эрсдэлийг нэмэгдүүлдэгтэй холбоотойг тогтоосон байна. Үр дүнгээс харахад:
Шөнийн бага зэрэг гэрэлд өртсөн хүмүүсийн зүрхний шигдээсийн эрсдэл 20 хувь,
Дунд зэргийн гэрэлд өртсөн хүмүүсийнх 27 хувь,
Хамгийн их гэрэлд өртсөн хүмүүсийнх 47 хувиар тус тус нэмэгдсэн байна.
Судлаачид шөнийн гэрэл нь тамхи, архи, хооллолт, хөдөлгөөний дутагдал зэрэг уламжлалт эрсдэлт хүчин зүйлсээс хамааралгүйгээр зүрх судасны өвчний эрсдэлийг нэмэгдүүлдгийг онцолжээ.
Орчин үеийн амьдрал биологийн цагийг алдагдуулах хэв шинж ихтэй болсон. Бид шөнө хангалттай харанхуйд амарч чаддаггүй мөртлөө, өдөр хангалттай нарны гэрэлд гарч чадалгүй, ихэнх цагаа сул хиймэл гэрэлтэй дотор орчинд өнгөрүүлдэг. Энэ нь өдөр нозоорох, шөнө унтаж чадахгүй байх зэрэг асуудал үүсгэдэг.
Судлаачдын үзэж буйгаар шөнийн цагаар гэрлээ багасгаж, харанхуй орчинд унтах нь зүрх судасны өвчнөөс сэргийлэх энгийн боловч үр дүнтэй арга байж болох юм.