Татварын ерөнхий газраас 9000 гаруй ААН-д нэхэмжлэх хүргүүлсэн бөгөөд өр барагдуулахгүй тохиолдолд хуулийн дагуу хөрөнгө битүүмжлэх, данс хаах зэрэг дараагийн арга хэмжээг авч эхэлсэн байна. Энэ талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважавын байр суурийг тодрууллаа.МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагжав: Манай улсад НӨАТ төлөгч 50 мянган аж ахуйн нэгж байгаа. Тэгэхээр 9000 гэдэг асар их тоо. Өөрөөр хэлбэл, тавны нэг нь гэсэн үг. Идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 100 мянган ААН бий. Түүний 10-ны нэг гэсэн үг шүү дээ. Ийм хэмжээний ААН-үүд яагаад сүүлийн хоёр жил татвар төлж чадаагүй байна гэдэгт Засгийн газар, Сангийн яам, Татварын ерөнхий газар дүгнэлт хийх ёстой. Жишээлбэл, 2025 онд доллар болон төгрөг гэдэг валют хоёулаа унаад 25-30 хувийн алдагдалд орчихсон байна. Зөвхөн валютын алдагдал гэхэд ийм байгаа. Манай ААН-үүд 2025 онд валютын шилжүүлэг хийгээд ашиггүй байна. Ер нь ковидын дараа дайны байдал гээд ААН тайван ажиллах бололцоо олдоогүй боловч ажилчдынхаа цалинг тавихын төлөө өглөө, оройгүй ажиллалаа. Сангийн яамнаас НӨАТ-ын хуримтлал 2.3 их наяд, АМНАТ 1.1 их наяд, хувь хүний орлогын албан татвар 1 их наяд, ААН 1.4 их наяд гэсэн тоо гаргасан. Өмнө жил төсвийн алдагдал 3 их наяд байсан бол энэ жил 6 их наяд болсон гэсэн. Жилийн дотор л хоёр дахин өссөн гэсэн үг. Тэгэхээр татварын бодлого, НӨАТ-ын системийн бүртгэл зөв байна уу гэдэг асуудлыг дахин гаргаж ирж харах ёстой төлөвлөлт. Энэ бодлого нь буруу байсан учраас 2025 оны нэг, хоёрдугаар улирал татварын, нийгмийн даатгалын шинэчлэл хийе гээд хэдэн зуун компанийг цуглуулж, 200 гаруй мянган санал авч, хоёр том хуулийн төсөл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед боогдсон. Г.Занданшатарын Засгийн газрын үед үүнийг үргэлжлүүлж цаашаа хийнэ, төсвийн үеийг залгуулаад татна гэсэн. Яагаад хоёр том системийн өөрчлөлт хийх асуудал гарч ирсэн, мөн систем буруу яваад байгааг 9000 гаруй ААН-ээр батлагдаж байна. Иймд бид үүнийгээ макро утгаар нь засаж залруулах ёстой. Засгийн газар өнөө маргаашгүй батална гэсэн хуулиудаа оруулж батлах хэрэгтэй байна.