Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайдаар томилуулах 21 хүний нэрийг энэ сарын 15-нд УИХ-д өргөн барьсан. 2021 оны долоодугаар сард 23 Элчин сайдыг томилж байсан бөгөөд дөрвөн жилийн хугацаа нь дуусгавар болж дараагийн хүмүүсийг нэр дэвшүүлж байгаа нь энэ юм.
Харин эдгээр 23 Элчин сайдаас хоёрынх нь оронд хүн оруулж ирэлгүй 21 хүний нэрийг өргөн барьжээ. Тодруулбал, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ө.Батбаяр, Монгол Улсаас Бельгийн вант улсад суугаа Элчин сайд Лу.Болд нарын оронд томилох нэр оруулж ирээгүй. Тэднийг сайн ажилласан учраас улираан ажиллуулна гэсэн мэдээлэл гарсан ч Гадаад харилцааны яамнаас үгүйсгэж, “шийдвэр гараагүй” гэсэн юм.
Элчин сайд нарын томилгоо хэзээнээс л хэл ам дагуулж ирсэн. Гадаад яамнаас мэргэжлийн дипломатчдыг Элчин сайдаар томилох ёстой гэдэг ч эрх баригч намын зүтгэлтнүүд, тэтгэвэрт гарсан улстөрчдийг томилж ирсэн нь нууц биш. Тэгвэл энэ удаад Ерөнхийлөгчөөс Элчин сайдаар томилуулахаар оруулж ирсэн нэр дэвшигчдийг танилцуулъя.
Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гончигзэвэгийн Тэнгэрийг томилохоор оруулж ирсэн. Г.Тэнгэр МАН-д олон жил зүтгэсэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг намын дарга байхад МАН-ын гадаад харилцааны даргаар ажиллаж байсан юм. Мөн Ерөнхий сайд Г.Занданшатарыг Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхад нь дэд сайд нь байсан.
Түүнчлэн өмнө нь нь хоёр ч удаа Элчин сайдаар томилуулахаар нэр нь орж ирсэн ч тухайн үеийн Ерөнхийлагч Х.Баттулга дэмжилгүй томилогдож чадаагүй. Тиймээс энэ удаад тэрээр Элчин сайдаар томилогдох бололтой. Тэрээр дипломат албанд 11 жил ажилласан гэжээ. Англи, япон, орос хэлний мэдлэгтэй.
Түүний хувьд 2019-2020 онд "Эрдэнэт үйлдвэр"-ийн газрын дарга, 2020 оноос "Тавантолгой" дулааны цахилгаан станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Авирмидын Баттөрийг томилуулахаар оруулж ирсэн. Тэрээр дипломат албаны туршлагатай, олон жил ажилласан ч Элчин сайдаар ажиллаж байх хугацаандаа тамхи зөөвөрлөсөн хэргээр эгүүлэн татагдаж байсан хүн. Мөн 2019 онд оффшор бүсэд мөнгө угаасан байж болзошгүй хэргээр Авлигатай тэмцэх газраас шалгаж, хилийн хориг тавьсан гэх мэдээлэл тухайн үедээ цацагдаж байв.
Дипломат албанд 25 жил ажиллаж буй туршлагатай бөгөөд франц, англи, орос хэлтэй. 2015-2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх, 2017-2021 онд Франц улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2022 оноос Гадаад харилцааны яамны Европ, Африкийн газарт зөвлөхөөр ажиллаж байжээ.

Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жагдагийн Оюунбаатарыг томилуулахаар оруулж ирсэн. Хэнтий аймгийн Хэрлэн сумын уугуул аймгийн Алдарт уяач цолтой нэгэн аж. 1962 онд Өндөрхаан хотод төрсөн. Ардчилсан намын угшилтай, Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан хүн. Тэрээр “Цагаан шонхор” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2012-2016 онд Хэнтий аймгийн Засаг даргаар ажилласан. Төрийн албанд 12 жил ажилласнаас сүүлийн дөрвөн жил дипломат албанд ажилласан гэжээ. Тодруулбал, 2021-2025 онд БНСУ-д суугаа Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр ажиллаж байжээ. Герман, орос, англи хэлтэй бөгөөд 1985 онд ОХУ-ын Эрхүү хотын их сургуулийг агрохимич, хөрс судлаач мэргэжлээр төгсөн байна.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ганболдын Уянгыг томилуулахаар оруулж ирсэн. Тэрээр Турк улсад суух Элчин сайд Г.Мөнхбаярын гэргий. Нөхрийнх нь бүрэн эрхийн хугацаа дуусч эхнэрийг нь Элчин сайдаар томилохоор оруулж ирж байна. Харин аав М.Ганболд нь ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан. М.Ганболдыг МАХН-ын дарга асан Н.Энхбаярын гарын хүн гэдэг. ЦЕГ-ын даргаар ажиллаж байгаад БНАСАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилж байсан билээ. Аав нь, нөхөр нь Элчин сайдаар ажиллаж байсан бол одоо өөрөө Элчин сайдаар томилогдохоор орж ирж байна. Тэрээр дипломат албанд 17 жил ажилласан туршлагатай гэнэ.

Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсүмбэрийн Мөнхжинг томилуулахаар оруулж ирсэн. Тэрээр өмнө нь Гадаад харилцааны яамны дэд сайд, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад Гадаад бодлогын зөвлөхөөр нь ажиллаж байсан. Тэрбээр төрийн албанд нийт 14 жил ажилласны 10 жилд нь дипломат албанд ажиллажээ.
2005 онд Монгол Улсын Их сургууль, 2015 онд Оксфордын Их сургуулийг тус тус төгссөн. Британи судлал, дипломат үйл ажиллагааны мэргэжилтэй.
2008-2009 онд Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт мэргэжилтэн
2009-2011 онд мөн яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт атташе
2011-2014 онд Элчин сайдын яаманд гуравдугаар нарийн бичгийн дарга
2015-2016 онд Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга
2016-2017 онд Монгол Ардын Намын Гадаад харилцааны албаны дарга
2017 оны 10 дугаар сараас 2021 он хүртэл одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажилласан бөгөөд төрийн албанд нийт 13 жил ажиллажээ.
Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямцэрэнгийн Энхтайваныг томилуулахаар оруулж ирсэн. Тэрээр УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байгаад У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилогдоход Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан. Н.Энхтайван нь гадаад худалдааны мэргэжлээр 1993 онд БНХАУ-д их сургууль төгсч, энэ чиглэлээрээ магитсрын зэргээ хамгаалсан байна. Англи, хятад хэлний мэдлэгтэй. Харин түүний хүү Мэндтүвшин нь "Оюутолгой" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд Монголын талын 34 хувийг төлөөлж ажиллах гурван гишүүний нэгээр томилогдон ажиллаж байгаа.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэндийн Мөнх-Оргилыг томилохоор оруулж ирсэн. Тэрээр МАН-ын туршлагатай улстөрчдийн нэг ч 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ эрт илэрхийлсэн. Тухайн үед Элчин сайдаар томилогдоно гэсэн мэдээлэл гарч байсан ч УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ахлах зөвлөхөөр томилогдон ажилласан. Тэрээр гурван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан. Мөн Хууль зүйн яамны дэд сайд, Хууль зүйн сайд, Гадаад харилцааны сайд хоёр удаа, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан туршлагатай.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Даваахүүгийн Баттөрийг томилохоор оруулж ирсэн. Тэрээр МИАТ-ийн компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Цар тахлаас шалтгаалан 2020 оны хоёрдугаар сараас олон улсын нислэгийг зогсоосноор 315 нислэг гүйцэтгэн, тээвэрлэлтийн орлого тасарч, 2020 онд 58 тэрбум, 2021 оны эхний хагас жилд 35.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээн үйл ажиллагаагаа зогсоох хэмжээнд хүрсэн гэсэн шалтгаанаар чөлөөлөгдөж байсан.
Мөн Ч.Улааныг Сангийн сайдаар ажиллаж байхад Төрийн нарийн бичгийн даргаар нь ажиллаж байсан билээ.
Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дуламсүрэнгийн Давааг томилуулахаар оруулж ирсэн. Тэрээр газын хоолойн төслийн удирдагчаар ажиллаж байгаа бөгөөд өмнө нь ч ОХУ-д суух Элчин сайдаар ажиллаж байсан. Мөн 2018-2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх, Жанжин штабын даргаар ажиллаж байсан билээ. Д.Даваа нь 1994 онд ЗХУ-ын Вольск хотын Цэргийн ар талын дээд сургууль, Санкт-Петербург хотын Цэргийн ар тал, тээврийн академийг Цэргийн ар талын команд штаб, оператив тактикийн мэргэжлээр төгсчээ. Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч түүнийг батлан хамгаалах салбарт 30 гаруй жил ажилласан хүн.

Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Вашагийн Оюуг томилхоор оруулж ирсэн. Тэрбээр дипломат албанд 30 ажилласан байна. Тэрбээр англи хэлний орчуулагч мэргэжилтэй бөгөөд Япон улсын Васедагийн их сургуульд олон улсын харилцааны мэргэжлээр магистрын зэргээ хамгаалжээ. Англи, орос, франц хэлний мэдлэгтэй бөгөөд Гадаад харилцааны яаманд 2020-2021 онд Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал, 2021-2025 онд Монгол Улсаас Канад улсад суугаа Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр ажиллаж байжээ.