Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2026-2028 онд Монгол Улсын төрийн өмчит хуулийн этгээдүүдийн хувьцааг биржээр нээлттэй, ил тод арилжаалах, дуудлага худалдаагаар худалдах, төрийн өмчит компаниудын бүтцийн өөрчлөлт хийх, татан буулгах үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх тогтоолын төслийг хэлэлцжээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээлэл хийлээ.
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар эдийн засгийн тусгаар тогтнолыг чухалчилж, анхаарах асуудлуудынхаа нэг болгож байгаа. Энэ хүрээнд эдийн засгийн эрх чөлөөг иргэд, хувийн хэвшилд олгох, боломжийг бий болгох талд илүү анхаарч байна. Өөрөөр хэлбэл, иргэд, ААН-ийхээ хийж чаддаг зүйлд нь төр оролцож, булаацалдаж, булааж авахаа больё. Харин хийж чадахгүй байгаа зүйлд нь төрийн бодлогоор илүү анхааръя гэсэн бодлогыг барих ёстой.
Өнөөдрийн байдлаар 100 гаруй төрийн өмчит компани үйл ажиллагаа явуулж байна. Төр оролцохгүй, иргэн, ААН, хувийн хэвшил аваад явчих компаниудыг хувьчилна. Хувьчилна гэхээр худалдана, хуйвалдана гэсэн утгаар буруу ойлгох гээд байдаг. Энэ бол олон нийтэд ил тод, нээлттэй хувьцааг нь бирж дээр зарна. Мөн дуудлага худалдаагаар худалдана. Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй гэсэн үг.
Харин зайлшгүй төрд байх ёстой, төр өөрөө хариуцлага хүлээж ачаа үүрэх ёстой салбарууд байна. Тухайлбал, зам, засвар ашиглалтын компаниуд гэх мэт. Зам дээр иргэд бага зардлаар аюулгүй, шуурхай зорчиж байх ёстой.
Дараах төрийн өмчит компаниудыг худалдана. Ингэснээр үйл ажиллагаа нээлттэй болно.
Монголын цахилгаан холбоо ХК
Үндэсний давхар даатгал ХК
Төрийн банк зэргийг олон нийтэд нээлттэй, хөрөнгийн биржээр дамжуулж, нэмэлт хувьцаа гаргах замаар компанийн үйл ажиллагааг ил тод, хөрөнгийн чадавхыг сайжруулах зорилгоор худалдана.
Мөн "Эрдэнэс Тавантолгой" ХК, Эрдэнэт ТӨҮГ-ийн нэмэлт хувьцаа гаргаж, олон нийтийн хяналтыг нэмэгдүүлнэ. Дулааны цахилгаан станцууд бүхий төрийн өмчит компаниудыг дуудлага худалдаагаар иргэн, ААН-үүдэд худалдана.
Татан буулгах "Авто импекс" ХК, Төвийн бүсийн хүнс хөнгөн үйлдвэрийн цогцолбор, Авто зам ашиглалтын нэгтгэл зэрэг компаниуд байна.
Ийнхүү төрийн 100 гаруй компанийн 30 гаруй нь олон нийтийн оролцоотой, нээлттэй ил тод хувьцаат компани болгож, зарим нь дуудлага худалдаагаар хувьчлагдах болно. Эдгээр бодлогын хүрээнд УИХ-д өргөн мэдүүлэхээр тохирлоо.