Open iToim app
Технологи | 2 мин уншина

БНХАУ стратегийн ач холбогдолтой технологиор дэлхийд тэргүүлэв

БНХАУ стратегийн ач холбогдолтой технологиор дэлхийд тэргүүлэв
Нийтэлсэн 2025 оны 12 сарын 16
Австралийн Стратегийн бодлогын хүрээлэнгээс гаргадаг технологийн хяналтын системийн мэдээллээр, БНХАУ “улсын үндэсний ашиг сонирхлыг мэдэгдэхүйц бэхжүүлэх эсвэл эрсдэл учруулах” стратегийн ач холбогдолтой технологиороо дэлхийд тэргүүлж байгаа аж. Тус улс судалгааны нийт үзүүлэлтийн 90 хувьд нь судалгаагаар тэргүүлж байна. АСБХ нь хараат бус судалгааны төв юм.
АСБХ-ийн Чухал технологийн судалгааны хяналтаар энэ жил ашиглагдаж буй болон шинээр гарч ирж буй нийт 74 технологийн судалгааг үнэлсэн нь өнгөрсөн жил судалсан 64-өөс нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүний дүнд Хятад улс цөмийн эрчим хүч, нийлэг биологи, жижиг хиймэл дагуул зэрэг 66 технологийн судалгаагаар нэгдүгээрт бичигдсэн бол АНУ квант тооцоолол, геоинженерчлэл зэрэг үлдсэн 8 технологид тэргүүлжээ.
Эдгээр үр дүн нь томоохон эргэлтийг харуулж байна. Энэ зууны эхэн үед АНУ судлагдсан технологийн 90 гаруй хувьд нь тэргүүлж байсан бол Хятад улс ердөө 5 хувиас бага хэсэгт л манлайлж байжээ.
“Хятад улс шинжлэх ухаан, технологийн салбарт гайхалтай ахиц дэвшил гаргасан нь судалгаа-хөгжил болон эрдэм шинжилгээний нийтлэлүүдээс тодорхой харагдаж байна” хэмээн Вашингтон хотод төвтэй ашгийн бус судалгааны байгууллага болох Стратеги ба олон улсын судалгааны төвийн Хятадын аж үйлдвэрийн бодлогыг судалдаг Илариа Маццокко хэлжээ.
Маццоккогийн хэлснээр, АСБХ-гийн тогтоосон ерөнхий чиг хандлага нь гэнэтийн зүйл биш ч АНУ-тай харьцуулахад Хятад улс маш олон салбарт илт давамгай, өндөр түвшинд хүрсэн нь онцгой анхаарал татаж байгаа аж. Хятад улс өөрийн анхаарлаа төвлөрүүлсэн шинэ технологийн салбарт судалгаагаар тэргүүлэх магадлал өндөр байдаг бол хагас дамжуулагч чип зэрэг уламжлалт салбарт бусад орнуудын давуу байдал хэвээр байна.
Өндөр нөлөөтэй судалгааг хянах нь
АСБХ-ийн баг дэлхийн өнцөг булан бүрийн 9 сая гаруй эрдэм шинжилгээний өгүүллийг агуулсан мэдээллийн сан дээр үндэслэн дүн шинжилгээ хийжээ. 2020-2024 оны таван жилийн хугацаанд тухайн улсад хамаарах судлаачдын гаргасан хамгийн их эш татагдсан өгүүллүүдийн 10 хувийг тодорхойлон, технологи бүрээр улс орнуудын дэлхийд эзлэх хувийг тооцоолсон байна.
Гэсэн хэдий ч энэхүү шинжилгээг “Америкийн хүч сулран унаж байна” гэж ойлгож болохгүй гэж Хятадын Сужоу хот дахь Сиань Жяотун–Ливерпулийн их сургуулийн улс төрийн эдийн засагч Стивен Хай хэлэв. Ерөнхийдөө АНУ эдгээр технологийн салбарт дэлхийн хэмжээнд чухал тоглогч хэвээр байна гэж тэр нэмж хэлжээ.
Судалгаанд оролцсон АСБХ-ийн өгөгдөл судлаач Женни Вонг-Лёнгийн анхааруулснаар, энэхүү дүн шинжилгээ нь ардчилсан орнууд дэлхийн хамгийн чухал технологиудын хөгжил, дэвшилд зайлшгүй хэрэгтэй олон салбарт олон жилийн турш олж авсан, хүнд хүчир давуу талаа алдах эрсдэлтэй байгааг харуулж байна гэжээ.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн