Монгол Улсын усны нөөцийн санг арвижуулан хамгаалах чиглэлд ажиллаж байгаа "Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг онцолж байна. Уг хөтөлбөрийг Монголын Мянганы сорилтын сан хэрэгжүүлж байгаа бөгөөд 2026 оны гуравдугаар сарын 31-ний дотор томоохон бүтээн байгуулалтыг дуусгахаар ажиллаж байгаа аж. Тус хөтөлбөр нь АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий Усны Компакт гэрээ юм. Уг гэрээ амжилттай хэрэгжсэнээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун зүгт өргөжин тэлэх, эдийн засаг өсөх таатай боломж бүрдэнэ. Хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотойгоор Монголын Мянганы сорилтын сангаас “Усны тухай ярилцъя” сэдвээр уулзалт (2025.12.15) хийлээ. Тус уулзалтаар ямар асуудлууд хөндөгдсөнийг тоймлон хүргэе.
Э.Энхгэрэл: Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн нийт гүйцэтгэл 94 хувьтай байна

Монголын Мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл: Мянганы сорилтын корпорац 2004 оноос хойш дэлхийн 50 улсад нийт 19 тэрбум долларын 82 хөтөлбөр хэрэгжүүлсэн. Монгол Улсад хэрэгжүүлж байгаа Усны компакт гэрээнд 2018 оны долоодугаар сард гарын үсэг зураад, есдүгээр сард тухайн үед Ерөнхий сайд байсан У.Хүрэлсүх компакт гэрээг хэрэгжүүлэх болсноо тунхаглаж байсан. Хөрөнгө оруулалт АНУ-ын татвар төлөгчдийн мөнгө учраас тодорхой үр дүнд хүрэх ёстой гэсэн дүрэмтэй. Тиймээс гэрээ таван жилийн хугацаанд хэрэгжиж чадвал сайн. Чадахгүй бол мөнгөө буцаагаад татдаг буцалтгүй тусламж. Монголд эхний Компакт гэрээ 2008-2013 онд тодорхой таван салбарт хэрэгжээд дууссан. Ингэхдээ Монголын Компакт гэрээний хүрээнд 16 сая долларыг буцаж хураалгасан. Өөрөөр хэлбэл, төсөл хөтөлбөрийн зарим үйл ажиллагаа хэрэгжиж амжаагүй болохоор буцалтгүй тусламжийн мөнгөө хураалгасан гэсэн үг. Усны Компактын хүрээнд үндсэн гурван төсөл хэрэгжүүлж байгаагийн хоёр нь хатуу дэд бүтцийн, гурав дахь нь бодлого зохицуулалтын шинжтэй. Эхнийх нь ус хангамжийн шинэ эх үүсвэр бий болгоход чиглэсэн. Улаанбаатарын оршин суугчдын унд, ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээний зорилгоор ашиглах усны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Хоёрдугаарт, Төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал усыг дахин боловсруулаад, ДЦС-уудад ашиглах замаар газрын доорх усны эрэлтийг бууруулах төсөл хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, усны хомсдолоос урьдчилан сэргийлэх зорилгодоо хүрээд зогсохгүй усны эрэлт, нийлүүлэлтийн зохистой менежментийг хэрэгжүүлэх суурь тавигдаж байна гэхэд болно.