И.Ананд нь АНУ-д бүх зүйлийг тэгээс эхэлж амьдралаа босгоод 10 гаруй жил амьдарч байгаад хүүхдүүдэд өөрийн сурч мэдсэн зүйлээ хуваалцахын тулд эх орондоо эргэн иржээ. Тэрээр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд гэр бүлийн хамт амьдарч байгаа бөгөөд “EZ English Academy” сургалтын төвөө нээгээд байгаа юм. Ингээд түүнтэй англи хэл сурах арга барилын талаар ярилцсанаа хүргэе.
-“EZ English Academy” сургалтын төвөө нээсэнд тань юун түрүүнд баяр хүргэе. Мэдээж гадаадад үргэлжлүүлэн ажиллаж, амьдрах боломж байсан байх. Яагаад орон нутагт ажиллаж, амьдрахыг сонгосон бэ?
-Орон нутагт ажиллахыг сонгоход хамгийн гол хүчин зүйл нь залуу буюу хийж бүтээж чадах насандаа өөрийнхөө эх оронд ирж чадлаараа хувь нэмрээ оруулж, мэргэжлээрээ ажиллахыг хүссэн. АНУ-д хийдэг ажил, авдаг цалин нь ойлгомжтой. Бүх зүйл нь мөнгөөр хэмжигдээд явчихдаг. Амар амгалан боловч олон асуудал бий. Хэчнээн өндөр хөгжилтэй, сайхан орон байсан ч хүний төрж өссөн эх орныг гүйцдэггүй юм билээ. Магадгүй 40-50 насандаа эх орондоо ирэхэд одоо миний бодож байгаагаас өөр нөхцөл байдал хүлээж авахаар байсан байх. Тиймээс оройтоогүй дээрээ эх орондоо ирсэндээ сэтгэл хангалуун байгаа.
-Орон нутагт ажиллаж амьдрах нь төсөөлж байснаас ямар байгаа вэ. Яагаад Завхан аймгийн Тосонцэнгэл сумыг сонгон амьдрахаар болсон бэ?
-Над шиг хөдөөгийн амьдрал мэдэхгүй хотын хүүхдэд ёс заншлаас эхлээд бэрхшээлтэй зүйлүүд байсан. Гэхдээ гадаадад олон жил амьдрахаар бие даах, аливаа зүйлд хурдан дасан зохицох чадвартай болчихдог юм билээ. Тийм учраас үнэхээр өөр соёлтой газар очоод амьдралаа авч явж чаддаг, мөн эх орныхоо ямар ч цэгт очсон асуудалгүй амьдардаг юм байна. Орон нутагт амьдрах нь хүн хараад үнэлээд байхаар зүйлгүй хэр нь усанд явах, түлээ, нүүрсээ бэлдэнэ гээд ахуйн ажил их хийдэг. Түүнийгээ дагаад хүнд зүгээр суух зав байдаггүй. Нэг талаараа ахуйн ажлууд нь хөдөлгөөн ч болдог. Эрүүл цэвэр агаарт завгүй амьдардаг нь их гоё.
АНУ-д хичээл заадаг байхдаа монгол очихоороо гэр бариад хүүхдүүдэд хичээл заана гэж их боддог байсан. Тиймдээ ч орон нутагт амьдрах, ажиллах сонирхолтой байлаа. Түүнийхээ дагуу л ирсэн дээ.
-Таны хувьд англи хэлийг анх хэрхэн сурсан бэ. Тодруулбал, ямар арга барилаар сурав?
-Манай ээж надад анх англи хэл зааж байсан. Тухайн үед кассетны хөгжмөөр англи аудио сонсоод, номоо дагаж уншдаг байсан. Дагаж уншихдаа тухайн хүний хоолойны өнгө, яаж хэлж байгаа үгийн дуудлагыг нь жүжиглэж дуурайдаг байлаа. Мөн өдөр болгон хуулан бичлэг хийж, англи хэл дээр хүүхэлдэйн кино их үздэг байсан. Энэ нь надад хэл сурахад маш их нөлөөлсөн гэж боддог. Ер нь сонирхолтой аргаар сурсан гэж хэлж болно.
-Англи хэлийг хэрэглээний түвшинд ашиглаад явж байна болно шүү дээ. Яагаад англи хэлний багш мэргэжлийг сонгосон бэ?
-Багаасаа хүүхдүүдэд аливаа зүйлийг заах, тайлбарлах их дуртай байсан. Тиймээс багшийн мэргэжлийг л сонгоно гэж шийдсэн. Үүнийхээ дагуу эхлээд Солонгос хэлний багшийн ангийг сонгосон боловч тухайн анги дүүрээгүй болохоор татан буугдсан. Боломжит хувилбар нь англи хэлний багш байж таараад санамсаргүй байдлаар мэргэжлийн ангидаа орж байсан даа. Багш байхын хамгийн сайхан тал нь хүүхдүүдийн туулах замыг нь товчилж өгөх юм. Өөрт байгаа туршлагаа хүүхдүүдэд хайр найргүй асгаж зутгамаар байгаа.
-Та өөрийн цахим хуудсаар дамжуулан англи хэл сурч байгаа хүмүүст зориулсан контент бүтээдэг шүү дээ. Мөн онлайн сургалт ч явуулдаг. Анх хэрхэн контент бүтээж эхэлж байсан бэ?
-Ковид 2019 онд гараад дэлхий даяар хөл хорионд орж, гэртээ байх үеэр контент бүтээж үзэхээр шийдсэн. Өөрийнхөө дуу хоолой, хүмүүст хүргэхийг хүсэж байгаа зүйлээ хийхэд хил хязгаар байхгүй юм байна гэж бодсон. Заавал Монголд байж контент хийх албагүй, надад интернэт л байвал хүүхдүүдэд хэл зааж болно гэдэг санаандаа үндэслээд анх Youtube сувгаа нээж байсан. Түүндээ Friends гээд олон ангитай киног задлаад түүгээрээ дамжуулан англи хэл заасан. Түүний дараа инстаграмын рийл гарч ирээд хүний анхаарал богино зүйлд төвлөрдөг гэдгийг ойлгуулсан. Иймээс 60 секундийн дотор хурдан мэдээлэл өгөх аргаар контентуудаа хийхэд хүмүүст илүү хүрч байсан.
-Ер нь англи хэл сурахад юуг анхаарах ёстой юм бэ?
-Англи хэл гэлтгүй аливаа зүйлийг сурахад тооноос илүү чанарт анхаарах хэрэгтэй гэж зөвлөнө. Хүмүүс долоо хоногийн 1000 үг, тэдэн мянган үгийн сургалт гээд янз бүрийн мэдээллээр өөрсдийгөө бөмбөгдөөд байдаг. Гэтэл бодит байдал дээр маш эрч хүчтэй эхлээд асар хурдтай сулраад, залхаад явчихдаг. Тэгэхээр миний хүмүүст өгдөг зөвлөгөө бол бага багаар урагшил. Мянган бээрийн аялал нэг өдрийн аяллаас эхэлдэг гэдэг дээ. Магадгүй 2-3 жилийн дараа гарах үр дүн өнөөдөр таны хийж байгаа 30 минутын дадал, алхмаас эхэлнэ. Өдөр бүр хийж буй дадал тань яваандаа маш том үр дүн авчирдаг. Битгий хэт огцом дайраарай. Өдөр болгон тогтмол өөртөө цаг гаргаарай. Манайхан шинэ жил болохоос өмнө 1-2 сарын өмнө огцом турах гээд эсвэл шалгалт болохоос 7 хоног, сарын өмнө сандраад бэлддэг. Гэтэл тухайн өдөрт бэлдэх бүтэн жилийн хугацаа байхад бага багаар ажилласан бол илүү үр дүнд хүрнэ шүү дээ. Та нэг сарын дотор турах гэж үйлээ үзэж байснаас жилийн хугацаанд хоолондоо анхаараад явсан бол ямар үр дүн гарах вэ. Жил шалгалтад бэлдэх, нэг сар өдөр, шөнөгүй бэлдэх нь асар их ялгаатай ойлголт. Энгийнээр бодоход л ядарна, цагийн буруу зохион байгуулалттай болно.
-Англи хэлний дүрэм сурах, үг цээжлэх хоёрын аль нь илүү чухал вэ. Ер нь ямар арга барилаар судалбал үр дүнд хүрэх вэ?
-Дүрэм, үг сурах аль аль нь чухал. Ер нь англи хэл сурахад хэрэггүй арга гэж байхгүй. Гэхдээ танд аль арга барил таарч байгаагаас хамаараад үр дүн гарах нь өөр байдаг. Монголыг хэлийг бид анх сурахдаа шууд дүрэм заалгаж сураагүй шүү дээ. Нэг үгээ бараг 500-600 хэлж байж зөв дууддаг болдог. Нэгдүгээр ангид орохдоо бид сонсголоороо дамжуулж ярьдаг болчхоод дүрмээ үзэж сурдаг даа. Түүнтэй адилхан миний хувьд хялбар илүү үр дүнтэй арга гэвэл сонсголоороо дамжуулж хэл сурах юм. Эхлээд сонсоод, сонссон зүйлээ давтаад, эмоци, дуудлага, хэлж байгаа өнгө аясыг нь тэр чигээр нь дуурайж байж сурна. Яваандаа өгүүлбэрийн бүтэц, дүрмийг нь бага багаар тогтоогоод, дараа нь задалбал илүү үр дүн гарна гэж хардаг.
-Англи хэлийг олон жил сураад үр дүнд хүрэлгүй, залхсан хүмүүс дахин сурахаар бол тэмүүлэл, хүсэл эрмэлзлийг хэрхэн төрүүлэх вэ?
-Англи хэлийг олон жил үзээд сураагүй байгаа хүмүүст та өөрийнхөө арга барилыг олоогүй байна гэж хэлнэ. Магадгүй та өөртөө таарахгүй байсан олон жил үзээд, нухаад залхсан бол өөр аргаар сураад үз. Эхлээд ном уншаад болоогүй бол сонсголоороо дамжуулж сурах гээд үз. Сонсоод болоогүй бол ганцаараа тайван орчинд сууж байгаад ном дэлгээд суугаад үз. Хүн болгоны сурах арга барил өөр учраас та арай өөр арга барилаар оролдоод үзвэл болохгүй зүйл байхгүй.
-Ер нь гадаад хэл сурч байхад үр дүн нь мэдэгдэхгүй, орхичихмоор санагдах үе байдаг. Энэ үед яах ёстой вэ?
-Манайхан гадагшаа гарчихвал хэл нь сайжирчихна гэж ойлгоод байдаг. Жил болоод чих нь онгойдог гээд боддог. Гэтэл би АНУ-д 20 жил амьдарчхаад англиар ярьж чадахгүй хүнтэй таарч байсан. Мөн 2-3 жил амьдарчхаад хэлэндээ ус цас болсон хүнтэй ч таарч байлаа. Энэ нь та хэлний сууриа хэр сайн тавьснаас шалтгаалдаг. Заавал гадаадад очиж өндөр төлбөр төлж байж хэлж сурдаг гэдэг хүмүүсийн буруу хандлага байдаг. Миний зөвлөх зүйл бол төлбөр хямдхан боломж байгаа дээр Монголдоо байхдаа хэлнийхээ суурийг сайн тавиад сурчихвал гадаадад очоод хэлээ улам сайжруулна. Гадаадад хэлгүй шууд очоод ажиллах хэцүү шүү. Монголд байхдаа хэлээ сайн бэлдээд гадаадад очвол таны үүрэх ачаа хэд дахин багасна. Эртнээс өөрийнхөө зорилгыг харж байгаад аажуу тайвнаар явбал илүү үр дүн гарна.
-Англи хэл сурахад хичээл зүтгэлээс эхлээд олон зүйл шаарддаг. Ер нь хувь хүн талаас ямар байх хэрэгтэй юм бэ?
-Хэл сурахад хувь хүн талаас тууштай байдал хамгийн чухал. Тууштай байгаарай. Тооноос илүү үр дүнд анхаараарай. Мянган үг автоматаар цээжилсэн, 100 үгийг янз бүрийн хэрэглээгээд сураад ярьдаг болсон хүний хооронд маш том ялгаа гардаг.
-Гадаад хэл сурах авьяастай хүн гэж байдаг. Тэгэхээр хүн болгоны хэл сурах хугацаа өөр өөр байдаг байх л даа. Ер нь англиар чөлөөтэй ярьж сурахад хэр хугацаа шаардагдах вэ?
-Мэдээж хүний авьяас өгөгдөл гэж зүйл бий. Гэхдээ авьяас бол 1 хувь, хөдөлмөр 99 хувь байдаг шүү дээ. Ямар ч авьяасгүй байсан өөртөө таарсан арга барилаа олоод, түүгээрээ хичээллэвэл хүссэн үр дүнгээ гаргаж чадна. Англиар чөлөөтэй ярьдаг болох хугацааг тодорхойлж хэлэхэд хэцүү. Нэг л мэдэхэд хүн сайжирч байгаагаа анзаардаг. Миний хувьд жилийн дотор тийм болно гэж амлалт өгдөг зүйлд дургүй. Хамгийн гол нь нэг ч өдөр алгасахгүйгээр тууштай байж чадвал жилийн дараа та өөрийнхөө ч төсөөлөөгүй үр дүнг гаргаж чадна.
-Хувиараа англи хэл сурахад дүрмээ сурсан ч ярих, сонсох чадварын хувьд сул байх тохиолдол байдаг. Тэгэхээр ярих, сонсох чадвараа яаж хөгжүүлбэл илүү бодит үр дүнд хүрэх вэ?
-Хэл гэдэг булчин шүү дээ. Өдөр болгон сонсох, ярих дадал хийх хэрэгтэй. Жишээлбэл, фитнест яваад жил болсон хүний жинг бид шууд өнөөдөр дийлнэ гэж байхгүй. Тэгэхээр унаган дуудлага, дуу авиаг гаргахад бидний булчин дассан байх ёстой. Иймд хэлээ сайн ажиллуулах буюу булчингаа сайн хөгжүүлэх хэрэгтэй. Монгол хэлэнд таардаг авиа, дуудлага англи хэлэнд бидний хэлний булчингаас өөрөөр ажиллаад явчихдаг. Яг л фитнес хийж байгаа юм шиг өдөр болгон булчингаа ажиллуулж, дадал суулгах хэрэгтэй. Ярихдаа эмоци, сэтгэл хөдлөлүүдийг гаргах хэрэгтэй.
-Нууц биш бол та цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юү?
-Завхан аймгийн Тосонцэнгэл сумандаа унаган англи хэлээр ярьж чаддаг хүүхдийг бэлдэж гаргая гэсэн зорилготой байгаа. Хүүхдүүдийг илүү гоё дурлаж хэл сураасай гэж хүсэж байна. Сурах ёстой гэж дарамт өгөх биш яагаад хэл сурах хэрэгтэй, ямар гоё боломжууд хүлээж байгаа гэдэг сэдлийг нь төрүүлмээр байдаг. Илүү гэрэлтэй шинэ үеийг бэлдэх нь миний зорилго. Хотод хүүхдүүд хаана байгаагаас хамаараад боловсролын ялгаатай түвшинтэй байдаг. Ингэхээр үнэнийг хэлэхэд хөдөө орон нутаг бүр хэцүү болчихож байгаа юм. Иймд тэр хүүхдүүд хотод эсвэл гадаадад очоод ямар ч айдасгүйгээр өөрийгөө илэрхийлдэг, хаана ч биеэ зөв аваад явчихдаг хүүхдүүдийг бэлтгэх зорилготой. Тэдэнд урам өгөхийг хүсэж байгаа.
-Ярилцсанд баярлалаа. Цаашдынх нь ажилд амжилт хүсье.