Голомт банк, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай (ЕСБХБ) хамтран эмэгтэй бизнес эрхлэгчид болон залуу бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 20 сая ам.долларын урт хугацаат санхүүжилтийн гэрээг үзэглэлээ. Энэхүү санхүүжилт нь ЕСБХБ-ны “Төв Азийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр” болон “Залуу бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд бизнес эрхлэгчдэд олгогдоно. Мөн импорт, экспортын бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих зориулалт бүхий “Гадаад худалдааг дэмжих хөтөлбөр”-ийн гэрээг байгууллаа.
Төв Азийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр: “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн санхүүгийн санаачилга” (We-Fi)-ын дэмжлэгтэйгээр хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжиж, эмэгтэй удирдлага болон эзэмшилтэй бичил, жижиг, дунд бизнесүүдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн тогтвортой зээлийн механизмыг хөгжүүлэх зорилготой. Мөн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн цахим шилжилтийг дэмжих, эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэдэг.
Залуу бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр: ЕСБХБ, Япон улсын хамтарсан сангийн дэмжлэгтэйгээр 35-аас доош насны залуу удирдлагатай эсвэл залуу эзэмшилтэй бизнесүүдийг санхүүжүүлэх зорилготой.