Монгол Улсад 2011 онд амиа алдсан Филиппин улсын иргэний ар гэрийнхэн манай улсад өнөөдөр (2025.12.15) иржээ. Тэд Террил Атиенза агсны хэргийн талаар мэдээлэл хийлээ. Түүнчлэн, маргааш 10:00 цагаас Улсын Ерөнхий прокурорт албан ёсоор хэргийг ахин шалгуулах хүсэлтээ өгөх аж.
Террил Атиенза агсны охин: Бид 14 жилийн турш хоосон, ядуу амьдарсан. Ээжийгээ бид хүний ёсоор оршуулахыг хүсэж улстөрчдөөс тусламж гуйсан. Харамсалтай нь, бид оршуулгын зардлыг одоо болтол төлж байгаа, ямар хатуу хувь заяа вэ. Ээжээсээ хойш би гэр бүлээ тэжээх хэрэгтэй болж, 16 наснаасаа ажил хийж эхэлсэн. Бүх цаг үед гурван дүүгээ тэжээхийн төлөө амьдарсан. Биднийг хэн ч харж үзээгүй, бид ээжгүй үлдсэн өнчин хүмүүс болж үлдсэн. Олон жилийн турш хэн ч биднийг хайхардаггүй гэдэгт бид бүрэн итгэсэн. Манай Засгийн газар, систем ч биднийг мартсан. Филлипинчүүд зөвхөн баян хүмүүсийг хамгаалдаг, ядуу хүмүүсийг хэзээ ч хамгаалдаггүй. Сингапурын ажил жуулчилдаг агентлаг хүний наймааг дэмжиж ээжийг минь ямар ч визгүй Монгол руу явуулсан. Миний ээж Монголд ганцаараа байхдаа амиа алдсан. Би ч бас энд буухаасаа өмнө их айсан. Учир нь ээж минь энд ирээд эргэж очоогүй учраас тэр. Гэхдээ би ганцаараа ирээгүй учраас айхгүй байна. Урт хугацааны туршид бид чимээгүй байсан. Хүнлэг сэтгэл гаргасанд Монголчуудад баярлалаа. 2011 онд ээжтэйгээ ярьсан хамгийн сүүлийн утсаар ярихад арванхоёрдугаар сард гэртээ ирнэ гэж хэлж байсан. Тэр биднийг санаж байна гээд гэртээ ирэхийг маш их хүсдэг байсан. Тэр гэртээ ирнэ гэсэн амлалтаа биелүүлж чадсан. Даанч гэртээ авсанд ирсэн. Бидэнд "ээж чинь амиа хорлосон эсвэл гүн хордлогод орсон" гэж хэлсэн. Бид 2011 оны энэ өдөр Филиппинд ээжийнхээ хоёр дахь задлан шинжилгээг хийлгэсэн болохоор маш сайн санадаг. Филиппиний шинжээчид "түүний биед маш хүнд сорив, ул мөр үлдсэн" гэж хэлсэн. Мөн түүний зүрх байхгүй байсан. Түүний инээд, хайр гийсэн, аз жаргалтай харц нь одоо үүрд гунигтайгаар үлдсэн.
Террил Атиенза агсны нөхөр: Манай эхнэрийг нойрсуулах эм ууж амиа хорлосон гэж хэлсэн. Миний хувьд үүнд итгэхгүй байна. Манай гэрийнхэнд амиа хорлох хэмжээний асуудал өмнө нь байгаагүй. Бид түүний биеийг онгоцны буудлаас аваад шууд оршуулах газар руу явсан. Гэхдээ түүний биеийг анх харахад маш хүнд бэртэлтэй байсан. Би эхнэрийнхээ зүрхийг олж чадна гэж итгэж байна. Тэгвэл миний сэтгэл зүрх амарна.
Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Хамгийн эхэнд хэргийн материалтай танилцах хүсэлтээ гаргана. Улмаар хэргийн материалтай танилцсны үндсэн дээр дараа дараагийн холбогдох өмгөөлөгчдийн зүгээс өгөх холбогдох хүсэлтүүдийг эрх бүхий байгууллагуудад нь гаргаад явна. Онц ноцтой гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 25 жил хүртэлхээр тогтоосон байдаг.