Open iToim app
Улс төр | 13 мин уншина

ОЮУ ТОЛГОЙН СОНСГОЛ| Гурав дахь өдрийн тойм

ОЮУ ТОЛГОЙН СОНСГОЛ| Гурав дахь өдрийн тойм
Нийтэлсэн 2025 оны 12 сарын 12
Оюу толгой ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаварын асуудлаар нотлох баримтуудыг өнөөдөр үргэлжлүүлэн шинжлэн судлах юм.
undefined
Хянан шалгах шинжээчийн дүгнэлт
УИХ-ын 2008 оны 40-р тогтоолд анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа гэдэг заалт тусгагдсан. Гэрээнд тусгагдахдаа хөрөнгө оруулалтын гэрээг сунгасны дараа болж өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл 30 жилийн дараа түүнээс хойш сунгаад нэг жилийн дараа 31 дэх жилд опцион эрхийг эдлэх асуудал буюу хувь эзэмшил 34-50 хувьд хүргэх асуудлыг тусгасан нь УИХ-ын 2008 оны 40-р тогтоол, 2009 оны 57-р тогтоолд нийцээгүй байна. 
ХНГ-ний 15.10 заалт
Опцион эрх буюу төрийн эзэмшил 34-50 хувьд хүрсэн хэдий ч Айвенхоугийн хувь нийлүүлэгчид Оюу толгой төслийн менежментийн эрхийг бүрэн хэмжээгээр, хязгаарлалтгүйгээр хадгалах бөгөөд компанийн ТУЗ-ийн бүх хурал болон хувь нийлүүлэгчдийн бүх хуралд шийдвэрдэх саналын эрхтэй байна буюу давуу эрхтэй байна гэдгийг гэрээнд тусгажээ. Энэ нь Монгол Улсын 1999 оны Компанийн тухай хуулийн 33.5 35.1 35.1.1-д нийцээгүй болсон байна. 
ХНГ-ний 17 заалт 
Дараах хэлцлүүдийн аль нэг хэлцлийн үр дүнд компанийн энгийн эсвэл давуу эрхийн хувьцаа эзэмшигч болсон эсвэл байж болох Айвенхоу групп эсвэл Рио Тинто группийн хамаарал бүхий аливаа компанид төлөх ёстой төрөөс ногдуулсан татварыг ТӨК буюу Эрдэнэс Монгол нь Хөрөнгө оруулалтын гэрээний 2.27-д заасны дагуу төлнө. Энэ заалт 2008 оны Татварын ерөнхий хууль, татвар суутгагч гэх 4.1.6 заалт, 1999 оны Компанийн тухай хууль 9.3 заалт, мөн хуулийн 47.3 хэсэг нэг төрлийн хувьцаанд адил хэмжээний ногдол ашиг хуваарилна гэсэн заалттай тус тус нийцээгүй. 
ХНГ-ний 15.3 В
Хөрөнгө оруулалтын гэрээний 1.9-д заасны дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 5.6 заасан шаардлагыг хангах үүднээс Засгийн газарт шилжүүлсэн хувьцааны 10-аас доошгүй хувийг Монгол Улсыг хөрөнгийн бирж дээр худалдах асуудлыг ТӨК хариуцах бөгөөд ийнхүү шилжүүлэх нь энэхүү гэрээний 15-д заасан шилжүүлгийн хязгаарлалтуудад хамаарахгүй юм. 
undefined
Шинжээчийн дүгнэлттэй холбогдуулж асуулт асууж, хариулт авч байна
Түр хорооны дарга О.Батнайрамдал: Сүүлийн хоёр өдөр явсан ХШТХ-ны сонсголыг та сонссон болов уу. Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нууцын тамга дарагдсан. Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын Монгол Улсын анхны хөрөнгө оруулалтын гэрээ байсан. ҮАБЗ, УИХ тэр дундаа ЭЗБХ мөн Засгийн газарт дэлхийн том байгууллагуудаас зөвлөмжүүд ирж байжээ. УИХ-ын 40-р тогтоолоор чиглэл удирдамж батлагдаж байсан. УИХ-ын 57-р тогтоолоор харгалзан үзэх зүйлийг маш ойлгомжтой зааж танд гарын үсэг зурах эрхийг олгож байсан. Та эдгээр зөвлөмжүүдийг хэр сайн тусгаж ажилласан гэж бодож байна вэ?
undefined
Ерөнхий сайд асан С.Баяр: Өгөөж гэдэг бол гол асуудал юм. Аливаа төслийн гол зүйл нь өгөөж. Бидний хувьд Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээг боловсруулах үед ТЭЗҮ нь бэлэн болох боломжгүй байсан. Хэлэлцсэн, тохирсон зүйлүүдээс хамаарч ТЭЗҮ-гийн үзүүлэлт нааш цаашаа болох байсан тул бэлэн болж амжаагүй. Энэ гэрээг хэдийгээр 2009 онд баталсан боловч тодорхой нөхцөл болзлуудыг хангасны дараа гэрээ хүчин төгөлдөр болно гэсэн урьдчилсан нөхцөлтэй байсан. Дараа он нь буюу 2010 онд хүчин төгөлдөр болсон юм. Хэрэв 34 хувийг авалгүй явах юм бол Монголын тал 77 хувьтай байхаар тооцоо гарч байсан. Миний хэлж байсан үг бол энэ цагийн үг юм. Яагаад 34 хувьтай бөгөөд ингэж тооцсон гэдэг дээр 57-р тогтоолын тухайд Ц.Элбэгдорж нэлээд ярих ёстой гэж бодож байна.
Ерөнхий сайдын хувьд 57-р тогтоол гарсанд сэтгэл хангалуун бус байсан. Энэ тогтоол өөрөө хуульдаа нийцээгүй гэдгийг УИХ-ын удирдлага, баталсан гишүүдтэй холбоотойгоор тавьж байсан. Хуулиас давсан шаардлагыг 57-р тогтоолооор тавьсан байсан.
Зээл, зээлийн өндөр хүүг л бид тойроод яриад байгаа. Үндсэн учир шалтгааныг ярихгүй, үр дагаврыг ярьсаар байх нь үр дүнд хүргэхгүй. 34 хувийг авах болсноор Хөрөнгө оруулалтын гэрээг хийхээр болсон. Явсаар байгаад энэ нь зээлийн гэрээ болж хувирсан. Тогтоол нь заавал ав гэсэн байдлаар Засгийн газарт үүрэг олгосон байсан. Рио Тинтотой Монголын Засгийн газрын ярих гол асуудал бол төслийн үр өгөөж байх байсан. Сонсголын хувьд цаашдаа яах талаар ярилцах хэрэгтэй. 34-тэй байсан цагт бид өр зээлээ ярьсаар л байх болно. 
Түр хорооны дарга О.Батнайрамдал: 57-р тогтоол хуульд нийцээгүй гэж сая хэллээ. Тэгвэл Д.Дэмбэрэл даргаас асууж байна. Та энэ тогтоолыг хуулиас давсан гэж бодож байна уу. Та баталж байсан шүү дээ?
undefined
УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл: 34 хувь гэх доод хэмжээг Ашигт малтмалын тухай хуулиар тогтоосон байгаа. Энэ хууль зөрчсөн зүйл мөн үү. Ашигт малтмалын хуульд заасан заалтаа л тавьсан. Тогтоолын нэгдүгээр заалт хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. 
undefined
Түр хорооны дарга О.Батнайрамдал: Шинжээчээс нэмэлт тодруулга авъя. 57-р тогтоол хууль зөрчсөн гэх шинжээчийн дүгнэлт гарсан уу?
Хянан шалгах шинжээч: Ашигт малтмалын тухай хуульд төр эзэмшлийн хувь хэмжээг хэрхэн тогтоох тухай 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр үйлчилж байсан хуульд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын хуулийг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд дээд хязгаарыг зааж өгсөн. Өөрөөр хэлбэл энэ хязгаарт эргэлзээ үүсгэхгүй байх үүднээс 34 хувь нь эцсийн хувь шүү гэсэн утгыг тодотгож байна гэж үзсэн. 
Түр хорооны дарга О.Батнайрамдал: Дахиад өгөөжийн асуудал руу ормоор байна. Дор хаяж өгөөж 50-иас дээш байна гэсэн хүлээлттэй байжээ. С.Баяр даргаас асуухад та 16 жилийн хугацааг эргэж харахад юун дээр алдсан гэж харж байна вэ?
quote photo
Үр өгөөжийг гэрээндээ бөгөөд хуульдаа сайтар тусгаагүй нь миний гол алдаа гэж бодож байна. 
Ерөнхий сайд асан С.Баяр: Засгийн газар өгөөжийг өндөр байлгахын төлөө зүтгэж байсан. 34 хувь нь хуульдаа заавал ав гэсэн зүйл байхгүй. 57-р тогтоолд байгаа 3-р заалтад байгаа 50 хувь гэдэг зүйл хуульд бол байхгүй. Яагаад ийм зүйлийг УИХ-ын тогтоолоор гаргав, яагаад заавал Ерөнхий сайд төрийн айлчлалтай байх үеэр, тэр өдөр нь ийм тогтоол гаргав гэж тухайн үед их цочирдсон.
Бидний нэг гол алдаа бол 34 хувь. Тухайн үед сайжруулж болох хуулийн зохицуулалт байгаагүй бөгөөд хэрэв тусгай АМНАТ-аар явсан бол үр өгөөж өндөр байх байсан.
undefined
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг: Оюу толгойн гэрээ анх байгуулагдахдаа буруу байгуулагдаагүй. Анхны хөрөнгө оруулалт, ер нь цаашдын хөрөнгө оруулалтыг анх ярьсныхаа дагуу хязгаарлаж, хянан шалгаж явах нь гол зүйл юм. Гэтэл энэ зүйл байхгүй байна. Намайг Ехөнхий сайд болоход 5.1 байх ёстой хөрөнгө оруулалт 7.1 тэрбум доллар байсан. Үүнийг тойрч яриасай гэж хүсэж байна. Мөн зээлийн хүүгийн асуудал байна. Дараа нь бусад зүйл рүүгээ оръё.
Манай Засгийн газар засаж залруулах оролдлого хийж байсан. Хөрөнгө оруулалтын хэтрэлтийг зогсоох ёстой гэж ярьж байсан юм. Гэтэл манай Засгийн газрыг огцруулаад, ТЭЗҮ-гээ өөрчилж байгаад гүний уурхайн хөрөнгө оруулалтыг хийсэн. Бүхэл бүтэн 2 тэрбум долларын асуудлыг шийдэлгүй дараагийнх нь хийхээр 20 болдог юм байгаа биз дээ. С.Баярцогтоос асуух хэрэгтэй. Яагаад 2019-2020 оны ногдол ашиг одоо болтол орж ирэхгүй байгаа юм. Яагаад хойшлоод байгаа юм. Одоо илүү бодитой зүйл рүүгээ орж ярьмаар байна. Дубайн гэрээг хүчингүй болгосон гэж яриад байдаг. Гэтэл хүчингүй болгосон нь хаана байгаа юм. 
undefined
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: УИХ-ын тогтоол гэдэг бол өөрөө хууль. Бил хуулиа хэрэгжүүлэх гэж байна гээд зэвсэгтэй очихоор нөгөө тал бол үүн дээр ажиллах нь мэдээж. 57-р тогтоол дээр 40-р тогтоол 57-р тогтоолын санал дүгнэлтийг харгалзан байгуулахыг Засгийн газарт зөвшөөрсүгэй гэж багйаа юм. Засгийн газарт зэвсэг өгсөн гэсэн үг. Хийсэн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурж шалгалт ороод шахаж ажиллаж байгаа нь буруу юм.
2010-2012 оны буюу гуравхан жилд гарсан зөрчил гэхэд 1.8 тэрбум долларын зөрчил илрүүлсэн. Тэгээд дараа нь Сайханбилэгийн Засгийн газар Дубайн гэрээнд оролцож 75 зүйлээс 30 нь ойлголцож болмоор байгаа юм. Нийт 22 заалтыг дахин нарийвчлан хэлэлцэх шаардлагатай гэх хачин юм хийж ирсэн. Үүнээс нь болж бид ТЭЗҮ-гээ үгүй хийсэн. Нөгөө талын хувьцааг нь эзэмшдэг компани манайд зөвлөгөө өгч болохгүй юм. 
undefined
УИХ-ын гишүүн Э.Болормаа: Даваасүрэн дарга сая 34 хувь эсвэл АМНАТ гэх том сэдвийг хөндлөө. Тэгвэл цаашид бид яах ёстой юм бэ. Эерэг болон сул талыг нь хэлж өгнө үү?
Ерөнхий сайд асан С.Баяр: Оюу толгойн гэрээг бид өмнө нь хийж үзээгүй. Туршлага мэдлэгийн хувьд дутагдал байсан. Тиймээс би арай хялбар хувилбарыг бодож үзсэн юм. 34 хувьд орвол зээлийн харьцаанд ороод байсан. Тиймээс зээлийн харьцаанд оролгүйгээр үүнийг яаж хийх бололцоо байна вэ гэж тухайн үед эрх зүйн зохицуулалтгүй байсан. Тиймээс нэмэгдсэн АМНАТ-аар шийдвэл дээр юм бол уу гэж үзсэн.
Гэтэл Япон дох айлчлалын үеэр манай схем хоёр дахь удаагаа өөрчлөгдсөн. Бидний схемээр бол үр өгөөж 53 хувь, 70 гаруй хувьтай байх байсан. Гэтэл 2015 оноос хойш энэ схем бүрэн өөрчлөгдсөн. Оюу толгой төслийн үндсэн суурь өөрчлөгдсөн. Тиймээс цаашид анхаарах зүйл бол Хөрөнгө оруулалтын гэрээ рүүгээ оруулах нь зөв зам гэж бодож байна. 
undefined
Сангийн сайд асан С.Баярцогт: УИХ-ын 2008 оны 40-р тогтоол, 2009 оны 57-р тогтоол, 2019 оны 92-р тогтоол, 2021 оны 103-р тогтоол нь Оюу толгойтой хоблогдуулж УИХ-аас гаргасан хамгийн гол дөрвөн тогтоол юм. Энэ дотор Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ хууль зөрчсөн гэсэн нэг ч үг байхгүй.
Манайхан бүтээгдэхүүн хуваах тэр л чухал гээд яриад байдаг. Тэр хуулиа тэгвэл оруулах ёстой юм. Бидэнд гаргалгаа хэрэгтэй. Рио 34-өөр явсан ч ОНТРЭ-тэй хэсгийн 30 хувь дээр тусгай харьяалал аваад явах боломж нээлттэй байгаа юм. Бид зардлын зөрүүг хянах бүрэн боломжтой. 
undefined
Оюу толгойн ТУЗ-ийн гишүүн Н.Цэрэнбат: Оюу толгой компанийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль дүрэмд нийцүүлэх шаардлагыг удаа дараа хүргүүлж байсан. Монгол Улсын Засгийн газар Айвенхоу Майнз болон Рио Тинтотой холбоотой компаниудтай гэрээ хийсэн. Төслийн нэгж нь гаднын хөрөнгө оруулагчийн талд гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Дундын хувьцаа эзэмшдэг компани нь нөгөө талынхаа эрх агшийг хангаж гэрээн дээр гарын үсэг зурснаас хойш хэрүүл маргаан эхэлсэн. Оюу толгой компанид хоёр тал шаардлага тавих ёстой байтал шаардлага тавиулж байгаа компани нь гэрээний нэг тал болсон. 
Зарим нэг албан тушаалтнууд хөрөнгө оруулагч талынхаа өмнөөс тайлбар хийгээд байна. Бүгдээрээ сайн ажилласан юм бол яагаад энэ асуудал түр хороо хүртэл явсан юм. Рио Тинто компани яагаад байр сууриа илэрхийлэхгүй байхад бид өмнөөс нь яриад бие биенээ буруутгаад байна вэ. 
Сүүлд гарсан 103-р тогтоолыг үндэслэн Монголын талын байр суурийг илэрхийлэх үүрэг даалгавартай байсан. Үүнийхээ дагуу бид протокол, хурал болгон дээр энэ дагуу оролцдог юм. 
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн: 2013 онд намайг ТУЗ-ийн гишүүнээр сонгож байсан. 2009 оны гэрээний ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд бид бүхний 2009 онд байгуулсан энэ гэрээний суурь эрх ашгийг өөрчлөх, Рио Тинто өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалан Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээний шинэ хувилбарыг 2013 оноос оруулж ирсэн байгаа юм. 
Гэрээнүүдийн тухайд санамж бичиг гэх нэрээр гарч ирсэн. Дубайн гэрээ орж ирсний суурь нь өөрөө монголчуудыг хуурч мэхлэхээр оруулж ирсэн юм. Санамж бичиг нэртэйгээр Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээний шинэ хувилбар болж орж ирсэн. 
Рио Тинтогоос тавьсан уг санхүүжилтийн, Дубайн гэрээг байгуулах төлөвлөгөөт ажил нь цаанаасаа өндөр зохион байгуулалттай хийсэн зүйл. Энэ гэрээ бол үндсэн суурь үр өгөөжийг өөрчлөх асуудал болсон юм. Ашигт суурилсан байсан гэрээг зардалд суурилсан гэрээ болгосон. 
•     •     •
undefined
Үдээс хойших сонсголоор Дубайн гэрээтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна
Ерөнхий сайд асан С.Баяр: Манай Засгийн газраас боловсруулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, ТЭЗҮ гурав нь нийлээд нэгэн цогц баримт бичиг юм. Нэгийг нь нөгөөгөөс салгах аргагүй. ТЭЗҮ нь 2010 оны хавар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр орж батлагдан Засгийн газраар орж Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болж байсан. Бидний анхны суулгасан бодлого юу гэвэл анхны хөрөнгө оруулалтын хэмжээ 4.5, 4.7 сүүлдээ 5.1 тэрбум доллароор барьсан. Үүгээр хөрөнгө оруулалтаа хийгээд ил уурхайг ашиглан эндээс гарсан баяжмал, борлуулсан орлогоор далд уурхайгаа санхүүжүүлнэ гэсэн схемийг гаргаж байсан юм. 
Тэгээд энэ явдлаас хойш би албан тушаалаа хүлээлгэн өгч урт хугацааны эмчилгээнд явсан. Эндээс эхлээд л зардлын хэтрэлт гарч эхэлсэн. 2012-2015 оны далд уурхайн бүтээн байгуулалт таг зогссон. Анхны схем Дубайн гэрээгээр эвдэгдсэн байгаа юм. 
quote photo
Бид залгамж чанараа хадгалсаар байсан бол сайн үр дүн гарах байсан. 
Сангийн сайд асан С.Баярцогт: Хамгийн анхны бүтээн байгуулалтын ажил эхлэхэд Н.Алтанхуяг Ерөнхий сайдын Засгийн газар үйл ажиллагаа явуулж байсан. Энэ үед зардал хэтрэлтийн тухай, татварын маргааны асуудал гээд олон зүйл гарсан. Энэ үйл явц явсаар шийдэлд хүрээгүй байхад Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын Засгийн газар гарсан. Энэ хооронд гүний уурхайг эхлүүлэх янз бүрийн санал санаачлага хөрөнгө оруулагчдын зүгээс гарч байсан. Эхлээд харилцаа ойлголцлын санамж бичиг, төлөвлөгөө гээд бичиг баримтууд байсан. Би бол энэ гэрээг хийж болохгүй ээ, ийм их зардалтай, үр өгөөж багатай, өндөр зээлтэй гэрээ хийгээд хэрэггүй гэж байсан.
Хэрэв Дубайд хийгдсэн гэрээ Улаанбаатарт хийгдэх байсан бол бид хийлгэхгүй байсан. 
Нөхцөл байдлаа зөв ойлгуулах юм бол хэлэлцээр хийж болоод байсан юм. 2011 оны хэлэлцээр бол 3-4 сайн зүйл авчирсан. Манай эдийн засгийн үнэлгээг эрс сайжруулсан юм.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: 92-р тогтоолын талаар асуулаа. Тус тогтоол нь 2018 онд ажлын хэсгийн дагуу байгуулагдсан тогтоол юм. Ажлын хэсэг байгуулагдаад эхний хоёр хүн нь ихэвчлэн сууж таардаг. Бусад нь орж гараад байдаг. 2018 оны зун бол бид огт амраагүй. Үүнд ганц ирж тусалж байсан хүн бол Б.Бат-Эрдэнэ аварга юм. 2019 оны гуравдугаар сарын 22-ны өдөр ҮАБЗ-ийн гишүүдэд тайлангаа өгөөд хэлэлцэж өгөхийг хүссэн ч хэлэлцээгүй. Тэгээд 2019 онй сүүл болоход Их Хурлын дарга солигдсон.
Сонгууль дөхсөн болоод ч тэр үү байдал өөрчлөгдсөн. Ажлын хэсэг дотор байсан хүмүүс өөрсдөө эсэргүйцэх үед би энэ ажлын хэсэгт нь дахиж орохгүй гэсэн. Бүтэн хоёр жил ажилласан байхад үр дүнд хүрээгүй юм. Тэгээд туршлагатай, эдийн засгийн хүн болох Б.Баттөмөр гишүүнийг ажлын хэсгийн ахлагч болохыг нь хүлээн зөвшөөрч, би өөрөө ажлын хэсгээс гарсан. Гэхдээ миний захиж байсан зүйл бол энэ тогтоолд Дубайн гэрээг цуцлах гэдгийг оруулаарай гэж их захьсан боловч цуцлаагүй байсан. 
undefined
Түр хорооны дарга О.Батнайрамдал: Би таныг сайн танихгүй, ганц удаа л гар барьж байсан ч таны хийсэн тайлангаар таныг үнэлсэн. Монголын ард түмэн таныг их үнэлэх болов уу гэж бодож байна. Энэ 16 жилийн туршид бидний хамгийн их мэдээлэл авсан, хамгийн сайн хийгдсэн ажлын тайлан бол яалт ч үгүй Д.Тэрбишдагва даргын ахалсан ажлын хэсэг байсан. Өндөр ач холбогдолтой тайлан байсан бөгөөд их тус болсон. Мөн шинжээчдийн зүгээс талархал илэрхийлж байна. 
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 92-р тогтоолыг ахалж ажилласан. Оюу толгой төсөлд Монгол Улсын эрх ашгийг хамгаалах тухай гэж. Энэ тогтоол гарах хүртэл ийм нэр байгаагүй юм. Бид Д.Тэрбишдагва даргын хийсэн 70 гаруй хуудас материалыг бүрэн уншиж танилцсан. Маш их цаг зав гарсан, бодох зүйл ч их байлаа. Их хурлын дарга Г.Занданшатар даргатай олон талаар зөвлөлдөж олон санагаа нэгтгээрэй гэсэн. Бид ярилцсаар яг долоон заалттай болгож оруулсан юм. Маш олон асуудлыг хамруулсан юм.
Саяны шинжээчийн дүнэлтээр долоон заалтны гурав нь хагас биелэлттэй, дөрөв нь биелэгдээгүй гэлээ. Би бол үндсэндээ долуулаа биелээгүй гэж л хэлнэ. Манай хэсэг гишүүд биелэлтийн тухайд эсэргүйцээд дийлээгүй юм. 
Оюу толгойн ТУЗ-ийн гишүүн асан Э.Баясгалан: Давхар татварын гэрээнүүдийн хугацаа нь дуусахаар хүчингүй болоод татвараа авах боломж нэээлттэй байсан гэж хэлсэн. Бид Недерландтай хийсэн гэрээгээ хэдий цуцалсан ч Оюу толгой компани давхар татварын хүчин төгөлдөр бус болсон гэрээг одоо болтол санхүүгийн тайландаа ашиглаад татвар төлөхгүй байгаа юм.
Бусад 20 гаруй улстай байгуулсан татварын гэрээг цуцалсан ч Оюу толгой компани манай Монгол Улсын бүх татварын хууль болон бусад мөрдөгдөх зүйлийг Хөрөнгө оруулалтын гэрээгээр хөлдөөсөн. Татварын асуудалтай энэ хэвээрээ байж болохгүй. Маш их хэмжээний мөнгө яригдаж байгаа шүү гэж хэлмээр байна. 
undefined
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн: Улсын Их хурлын тогтоол захирамж шийдвэр нь хоёр асуудлаар хязгаарлагдсан. Зээлийн хүүг бууруулах болон Антре Гоулдтой холбоотой асуудал байна. Үндсэн суурь том асуудлуудыг нь хоёр асуудлаар хязгаарлаж болохгүй юм. 
Хөрөнгө оруулалтын гэрээний сүүлд байгуулагдсан гэрээний суурь шалтгааныг шийдэлгүй үр дагаварыг нь бууруулсан ч тодорхой үр дүнд хүрэхгүй юм.
Үр өгөөжөө нэмэгдүүлэх нь номер нэг асуудал юм. 
Сангийн сайд асан Ч.Улаан: Оюу толгой компанийн санхүүгийн асар их зөрчил замбараагүй байдал тухайн үед илэрсэн юм. Үндсэндээ 2.1 тэрбум долларын санхүүгийн зөрчил илэрсэн. Энэхүү шалгалтын дүнг 2013 оны аравдугаар сард гаргаж Засгийн газрын Их Хуралд дэлгэрэнгүй танилцуулсан.
Энд заасан зөрчлүүдийг арилгах арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой гэсэн хатуу байр суурьтай байсан. Зөрчлийг барагдуулах ажилд 2013 онд татварын акт хэрэгжүүлэх ажил эхэлсэн. 130 сая долларын татварын акт тавигдаж том асуудал яригдаж байлаа.
Тал талын шахалтууд ирж 100 сая долларыг нь хүчингүй болгож 30 сая дээр хүлээн зөвшөөрч төлнө гэх шийдвэр гарч байсан. Харамсалтай нь Дубайн гэрэний дараа бүх татварын актуудыг хүчингүй болгож, санхүүгийн зөрчлүүд дээр арга хэмжээ аваагүй юм. 
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн