Open iToim app
Парламент | 2 мин уншина

Ж.Энхбаяр: Эдийн засгийн хүндрэлээс гарах гарц бол боловсруулах үйлдвэрээ нэмэгдүүлж, түүхий эдээ нэмүү өртөг шингээн экспортлох

Ж.Энхбаяр: Эдийн засгийн хүндрэлээс гарах гарц бол боловсруулах үйлдвэрээ нэмэгдүүлж, түүхий эдээ нэмүү өртөг шингээн экспортлох
Нийтэлсэн 2025 оны 12 сарын 11
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр асуултад хариуллаа.
Тэрээр “Арьс ширний зах зээл дээр бид өмнө нь тулгарч байсан олон асуудлаа шийдэж эхэлсэн. Ноолуурын салбар шийдэгдсэн, ноосны асуудал цэгцэрсэн, тэмээний ноос хүртэл боловсруулалтын хувьд асуудалгүй болсон. Хонины ноосоо ч хаяхаа больсон. Одоо ямааны арьс тогтвортой экспортлогдож байна. Үхэр, адуу, тэмээний ширний асуудал ч шийдэгдэж, Дархан-Уул аймагт томоохон үйлдвэр баригдаж байна.
Гол анхаарах зүйл бол хонины нэхий. Хонины нэх зөөлөн савхи хийх үндсэн түүхий эд. Савхин бүтээгдэхүүний гол зах зээл хойд, сэрүүн бүсийн орнууд байдаг тул бид тэр бүс рүү бүтээгдэхүүнээ гаргах бүрэн боломжтой. Хонины арьс үнэ цэн нэмсэн бүтээгдэхүүн болж экспортод гарах нөхцөл бүрэн бий.
Уламжлалт барааны нэр орсон нийт 367 төрлийн бүтээгдэхүүнд тавигддаг гааль, тарифын хязгаарлалтууд 15-50 хувьтай байдаг. Эдгээр тариф тэглэгдэхээр байгаа нь өнөөдрийн хэмжээнд 100 сая ам.долларын экспорт хийсэн тохиолдолд 16.9 сая ам.долларын татварын хөнгөлөлт авах боломж бүрдэж байна гэсэн үг. Хэлэлцээрийн гол зорилго нь үйлдвэрийн тоо, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх. Ингэснээр эдийн засгаа тэлэх боломжтой.
Одоогийн нөхцөл байдалд эдийн засаг, төсөв, орлогын хүндрэлээс гарах гол гарц бол боловсруулах үйлдвэрээ нэмэгдүүлж, түүхий эдээ нэмүү өртөг шингээн экспортлох явдал юм.
ОХУ манайхаас 50 мянган тонн махыг яаралтай авах хүсэлт гаргаад байгаа. Жил бүр тогтмол авах, урт хугацааны гэрээ байгуулах сонирхолтой гэдгээ ч илэрхийлсэн. Тиймээс худалдааны хууль, нэг цонхны худалдааны бодлогоо яаралтай хэрэгжүүлэхгүй бол боломжоо алдах эрсдэл байна.
Хаврын чуулганаар худалдааны хуулийг өргөн барихаар төлөвлөж байна.
Мах, махан бүтээгдэхүүний тариф 15-50 хувь байсныг тэглэхээр болсон. Ингэснээр махны экспорт 125–140 хувиар өснө гэж тооцож байна. Ноос, ноолуур, арьс ширний тариф 10-18 хувьтай байсан нь мөн тэг болно. Энэ нь тус салбарын экспортыг 55–150 хувиар нэмэгдүүлэх боломжтой.
Монгол Улсад нийт 27 арьс шир боловсруулах үйлдвэр бий. Үүнээс 24 нь Улаанбаатар хотод, хоёр нь Дархан-Уул аймагт, нэг нь Өвөрхангайд байрладаг. Ховд аймагт барьж байгаа арьс ширний үйлдвэрийн цогцолборын хөрөнгө оруулалт шийдэгдэж, 2026 онд бүрэн ашиглалтад орно. Тэнд цэвэрлэх байгууламж, дэд бүтэц, эрчим хүч, зам, холбоо гээд бүх шийдлүүд хийгдэж дуусч байна.
Эмээлтийн арьс ширний үйлдвэрийн паркын суурьшлын бүсэд Улаанбаатарт байрлаж буй 24 үйлдвэрийг нүүлгэн шилжүүлэхээр тохиролцсон. Нийслэл өөрөө 200 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаж, дулаан, дэд бүтэц, цэвэрлэх байгууламжийн ажлууд хийгдэж байна. Дэд бүтцийн ажил дууссаны дараа ААН-үүд шинэ бүсэд бүрэн суурьшин үйл ажиллагаагаа явуулна” гэлээ. 
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн