Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Өнгөрсөн хавраас Ухаа худгаа авъя, стратегийн ордуудад төр хувь эзэмшлээ тогтооё зэргээр дотоод, гадаадын уул уурхайн томоохон компаниудад чиглэсэн үйл явдлууд өрнөж байна. Танай ассоциацийн зүгээс энэ бүгдэд ямар дүгнэлт хийж байна вэ?
-20 гаруй жил уул уурхайн салбарт ажиллаж, энэ салбарын уналт, босолтыг харж байгаа хүний хувьд энэ бүх үйл явдлыг хараад маш их харамсаж байна. Манай улс маш либерал Ашигт малтмалын хуультай болж, уул уурхайн салбарт гарсан сэргэлтийн үеийн үр шимийг нийтээрээ хүртэж байна. 35 жилийн өмнөхтэй харьцуулахад Монгол Улс мөнгөтэй болсон. Өнөөдөр энэ мөнгөө зөв захиран зарцуулж чадахгүй, мөнгөтэйн зовлонгоос болж байшингаа шатаах дээрээ тулж ирээд байна. Өнгөрсөн хугацаанд уул уурхайн салбарын сэргэлтээс орж ирсэн мөнгө хаачсан бэ гэдгийг төр засаг удирдаж байсан хүмүүсээс асуух ёстой. Уул уурхайн салбарын үр ашиг цоорхой уутанд хийсэн мэт алга болчихдог байж болох уу. Өнөөдөр нийгэм тэр чигээрээ бухимдалтай байна. Сургууль, цэцэрлэг хүрэлцэхгүй, гадаа гараад хорт утаа, түгжрэл угтаж байна. Уул уурхайгаас орж ирсэн мөнгөөр энэ асуудлаа шийдэх бүрэн боломж байсан ч чадсангүй. Суурь асуудал болох эрчим хүчний шинэчлэлээ ч хийж чадсангүй.
Ялангуяа сүүлийн таван жилд эдийн засагт маш их тэлэлт бий болсон. Жилд 30 сая тонн нүүрс гаргадаг байсан бол 70, 80 сая болж өссөн. Азаар зах зээлд нүүрсний үнэ өсөлттэй, зэсийн эрэлт ч нэмэгдсэн. Энэ олдсон үүлэн чөлөөний нар шиг богино хугацааны боломжоо бүрэн ашиглаж чадахгүй, хоорондоо л хэрэлдээд байна. Ардчилсан нийгэмд шилжсэний ач холбогдол нь дэлхий нийттэй холбогдож, хамтран хөгжих ёстой. Зүүн Өмнөд Ази хэдхэн жилийн дотор яаж хөгжиж байгааг дэлхий нийтээр харж байна. Уул уурхай байхгүй улсууд нь аялал жуулчлалаараа хөгжиж байна. Бид уул уурхайтай байж зүгээр ярьдаг, талцаж хэрэлддэг. Ямар азаар хэдэн төсөл хөдөлгөсөн юм, түүний үр шимийг бага ч гэсэн хүртэж байна. Сүүлийн 10 гаруй жил дунд хэмжээний хэдэн төсөл хөдөлгөсөн одоо эхнээсээ нөөц нь шавхагдаад эхэлж байна. Бидний үеийнхэн үнэхээр гутармаар л дүр зурагтай нүүр тулж байна. Юу ч хийхгүй байна, нөгөө л ярьдаг юмнуудаа яриад л эргэлдээд байна. Шинэ төсөл, хөрөнгө оруулалт гэж байхаа болилоо.
-Шалтгаан нь юу гэж тодорхойлж байна вэ?
-Монгол Улс бизнесийн зарчмаар асуудалд хандахгүй байна. Бизнес хийгээд мөнгө олж байгаа хүнийг “Аан муу хөрөнгөтөн, чи ашиг хийх гэж байна, худалч, хулгайч” гэж нийгэмд цоллодог болсон. Уг нь ямар ч бизнес хийж байж л эдийн засгийн органик орчин бүрдэж, тэндээсээ үр өгөөж хүртдэг. Гэтэл нөгөө л хуучны төр зохицуулна, төр ашиглана, төр хийнэ гэдгээсээ салж чадахгүй байгаа нь хөгжлийн, бодлогын гацаа болсоор байна. Уул уурхайн салбарт ажиллаж байгаа хүн адилхан л монгол хүн ш дээ. Тэнд арай гайгүй хичээл зүтгэлтэй ажиллаж байгаа нь бусдыгаа чирч яваа. Уул уурхайн салбарынхны сайн ажиллаад төрдөө өгч байгаа татвар хураамжийг зөв зүйтэй хөрөнгө оруулалт болгож чадахгүй байна. Уул уурхайн салбарт асуудал байгаа юм биш, харин улс маань засаглалын хямрал руу орчихлоо. Засаглалын хямралын гол шалтгаан нь төр өөрөө бизнес хийж, хувийн хэвшилтэйгээ өрсөлдөж байгаагаас тод харагдаж байна. Өнөөдөр хувийн хэвшлийн эзэмшиж байгаа өмч хөрөнгийг булааж авна, дээрэмдэнэ, өгөхгүй бол БЭТ томилно гэдэг байдлаар байж болохгүй үйлдлүүд гаарсан.
Эдгээр өдрүүдэд үргэлжилж байгаа Оюу толгойн сонсголыг харахад ч харамсмаар асуудлууд гарч байна. Шинээр сонгогдсон залуу гишүүд дараагийн Оюу толгой, Тавантолгой, Эрдэнэтийг ярьж, алдаагаа дахин давтахгүй байх эдийн засгийн үр ашгийг яриад суух ёстой. 16 жилийн өмнө гэрээ байгуулахад ямар түвшний хүмүүс үндэстэн дамнасан корпорацтай хэлэлцээрт орсон билээ. Байгаа нөхцөл байдалдаа л тааруулсан гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байгаа нь сайн. Харин манай төр засагт ажилласан хүмүүс өнгөрсөн 16 жилийн хугацаанд хоорондоо л хэрэлдэж, чи тэгсэн, би ингэсэн гэж байхынхаа оронд нэгнийхээ зөв гаргасан шийдлийг илүү сайжруулж, алдаагаа засах боломж байсан уу гэвэл байсан. Үүнийгээ хийгээгүй нь хөрөнгө оруулагчийн буруу биш шүү дээ. Эргээд уул уурхайн салбараасаа бид хөрөнгө оруулалт татна. Өнөөдөр Монгол Улсад хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын 70 гаруй хувь уул уурхайн салбараас хамаарч байна. Бид алдаагаа засаад урагшилбал дараагийн хөрөнгө оруулалт орж ирнэ. Дараагийн хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийх боловсон хүчин бэлдэх боломжоо бас алдаад байна. Дахин зөрүүтэй байдлаас хэлэлцээр хийхгүйн тулд шилдэг боловсон хүчнээ бид бэлдэх ёстой ш дээ. Гэтэл өнөөдөр хэн лиценз олгосон, тэр ингэсэн, тэгсэн гээд нөгөө дуусдаггүй яриагаа яриад сууж байна. Тухайн цаг үеийн хууль эрх зүйн хүрээнд зохицуулах ажлыг засах гээд байгаа бол өнөөдрийнхөө хууль эрх зүйн орчинд бид ямар өөрчлөлт хийх үү, цаашид яах уу гэдээ гаргаж тавихгүй байна.
Өнөөдөр Монгол Улс хөрөнгө оруулагчдаа яаж хандаж байгааг бүгд харж байна. Дараа дараагийн хөрөнгө оруулалт, цаашдын эдийн засаг нийгэмдээ маш том хар сүүдэр үлдээх зүйл хийж боломгүй. Үр хүүхдийнхээ боломжийг хулгайлж болохгүй. Хорин жилийн өмнө гаргасан алдаагаа дүгнэж чадаж байгаа хэрнээ үйлдэл огт хийхгүй байна.
-Та нэг уулзалтан дээр Монгол Улс 1.5 ам.долларын хөрөнгө оруулалтаа алдчихлаа, хөрөнгө оруулагч нь гараад явчихлаа гэж ярьсан. Нууц биш бол ямар хөрөнгө оруулагч вэ?
-Уг нь ороод ирсэн хөрөнгө оруулагчаа өлгийдөж аваад бушуухан үйл ажиллагааг эхлүүлж, хөрөнгө оруулалтыг эдийн засагтаа шингээх нь чухал юм. Гэтэл саяхан Хармагтай орд дээр "Занаду Майнз"-тай хамтрал үүсгэж, 1-1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар зэхэж байсан Зижинь групп харзнах байдалд шилжчихлээ. Яг хөрөнгө оруулалтаа хийх гэж байхад стратегийн ордод төрийн хувь хэмжээ тогтоох зэрэг асуудал гарч ирээд, “танайх найдвартай биш” байна гээд гарч байна.
Монгол Улсад хайгуул зогссон учраас ойрын үед шинэ ордын тухай яригдахгүй байх. Өнөөдөр хайгуулаа хийгээд нөөцөө, өгөөжөө тогтоосон ордуудаа ч хөдөлгөхгүй, гацаачихлаа. Цагаан суварга, Хармагтай зэрэг орд бэлэн байна. Ядаж энэ орд дээрээ хөрөнгө оруулалтыг нь оруулаад ир л дээ. Зэсийн роялтийг бууруулаад татварын бааз сууриа нэмэгдүүлмээр байна. Улстөрчид нь сонгуулиас сонгуулийн хооронд дөрвөн жилээ бодоод улс төр хийж байна. Сангийн яам нь татвараа бүрдүүлэх гээд байгаа хэдээ шавхаж байна. Харин дараа дараагийн өгөөжтэй төслүүдийг хэрэгжүүлье гэдэг дээр хэн ч үр дүн, ахиц гаргахгүй байна. Монголын төр Ухаа худаг, Оюу толгой, МАК, Монполимет, Дархан төмөрлөг, Хөтөлд яаж хандаж байгаа хөрөнгө оруулагчид харж байгаа. Бид хэдэн биеэ хуурч яваад хэрэггүй. Энэ байдлаар Монголд хөрөнгө оруулалт орж ирэхгүй, бодит үнэн. Одоо байгаа хэдээ үйл ажиллагааг нь таслахгүйхэн шиг яаж татвар хураамжаа бүрдүүлэх вэ гэдэг дээр ажиллах хэрэгтэй. Ойрын үед бэлэн байгаа ордуудаа хөдөлгөх нь амь тариа, гашуун үнэн энэ л байна.
-2025 оны төсвийн орлого арваннэгдүгээр сарын эцсийн байдлаар 2.3 их наяд төгрөгөөр тасарсан байна. Тал хувь нь уул уурхайн салбарын татварын орлого байна. Ер нь уул уурхайн салбараас орж ирэх мөнгө, тэнд эргэлдэж байгаа мөнгө тасалдвал ямар эрсдэл үүсэх юм бэ?
-Төсөв нь тасалдаад цалин, тэтгэврээ л тавьж чадахгүй байдал руу орно. Эмнэлэг, цагдаа, сургууль, цэцэрлэг ажиллаж чадахгүй дээрээ тулна. Төрийн албан хаагчдаа тэжээж чадахгүй, төр үйлчилгээ үзүүлж чадахгүй болно. Нүүрсний үнэ зах зээл дээр унаснаас болоод уул уурхайн салбараас орж ирэх төсвийн орлого буурсан. Сангийн яам нүүрсний үнээ хэт өндрөөр төсөөлөөд өмнөх жилийн үнээр тавьснаас болж татварын орлого тасалдаж байна. Биет хэмжээ өндөр байгаа ч үнэ нь унасан. Энэ чинь бид нараас хамаардаг зах зээл биш. Худалдан авагч тал, олон улсын нөхцөл байдлаас хамаарна. Тэрэнтэйгээ уялдуулж тооцохгүйгээр том тоо тавьж, эцэстээ түүндээ хүрэхгүй алдагдалтай төсөв болдог. Уул уурхайн салбарт нэг хоёр төслөөр хязгаарлагдахгүй маш олон төсөл энэ жил зогссон. Дараагийн хөрөнгө оруулалтаа олж чадаагүйгээс үйл ажиллагаагаа зогсоож байна, мөн АМНАТ-ийн өртэй олон аж ахуйн нэгж зогссон. Түүний цаана олон ханган нийлүүлэгчийн үйл ажиллагаа зогсож байна. Одоо манай төр юу хүсээд байгаа сонголтоо л хийх хэрэгтэй. Төсвөө бүрдүүлэх юм уу, үгүй юм уу. Ард түмэн гэж чанга хашхирсан нь төсвөө бүрдүүлэх юм уу.
-Ассоциацийн зүгээс эхний ээлжид ямар хуулиудад санал өгсөн бэ. Төрөөс хүлээж байгаа шийдвэр, хүлээлт юу байна?
-Ашигт малтмалын хууль дээр тодорхой саналууд өгсөн. Зэсийн роялти, стратегийн ордод төр хэрхэн оролцох, хайгуулын лиценз шилжилтийн асуудлыг яаралтай шийдмээр байна. Өнөөдөр төсвийн орлогын 30 гаруй хулийг уул уурхайн салбараас бүрдүүлж байгаагийн 70 хувь нь АМНАТ-өөс бүрдүүлдэг. Энэ талаас нь харвал төр стратегийн ордод хувь эзэмшихээс илүү роялти хүртэх илүү ашигтай хувилбар. Тиймээс АМНАТ байдлаар үр ашгаа хүртээд, засаглалаа хувийн хэвшил нь хэрэгжүүлээд төр татвараа авах нь зах зээлийн зарчим. Энэ асуудлаа нэг талдаа гаргаж шийдмээр байна.
Мөн бид Хөдөлмөрийн харилцааны хуулийн 14/14 гэсэн хатуу зохицуулалты эргэн харах зэрэг асуудлыг яаралтай хэлэлцэж шийдвэр гаргах хэрэгтэй байна.