Оюу толгой ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаварын асуудлаар нотлох баримтуудыг өнөөдөр шинжлэн судлах юм.
2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэрхэн байгуулагдсан талаар болон энэхүү гэрээнд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү хэрхэн яаж туссан мөн 2011 онд Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан хэрхэн яаж тодотгосон болон зээлийн хүү хэрхэн туссан талаар хянан шалгах шинжээч дүгнэлтийг танилцууллаа.
Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан товч түүх /шинжээчийн дүгнэлт/
Хамгийн анх Хөрөнгө оруулалтын гэрээ 2007 оны долдугаар сарын 9-нд Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. 2008 оны арванхоёрдугаар сарын 4-нд УИХ-аас үндсэн зарчим удирдамж баталснаар энэхүү гэрээг дахин Засгийн газар руу буцсан. Үүнээс гурван сарын дараа Засгийн газраас дахин боловсруулаад УИХ-д гуравдугаар сарын 4-нд өргөн барьсан. Дөрвөн сарын дараа УИХ-ын 57-р тогтоол гарч дахин сайжруулах эрх олгож дахин буцсан. Засгийн газраас 57-р тогтоолтой холбогдуулж дахин 2009 оны аравдугаар сарын 6-нд Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан юм.
2006 онд Сангийн сайд болон Уул уурхайн сайд нарын хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан. Энэхүү ажлын хэсгийг тухайн үед Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатар ахалж байсан. Энэхүү гэрээ боловсруулах ажлын хэсэг ажиллаж байх явцад 2007 оны долдугаар сарын 6-ны 27-р тогтоолоор Оюу толгой бүлэг ордыг стратегийн ач холбогдолтой бүлэг орд гэж үзэн энэхүү тогтоолыг гаргасан.
Засгийн газраас энэхүү гэрээний төслийг боловсруулаад 2007 оны тавдугаар сарын 15-ны өдөр ҮАБЗ-д танилцуулсан. Дараа нь 2007 оны долдугаар сарын 3-ны өдөр ҮАБЗ өөрийнхөө өгсөн зөвлөмжийг хэрхэн яаж бэлдсэн талаар дахин хэлэлцсэн. Ингээд тус өдрийн тэмдэглэлээр Засгийн газар, УИХ-д тодорхой чиглэлүүд өгсөн. Чиглэл гарснаас хойш зургаан хоногийн дараа Засгийн газраас УИХ-д Оюу толгой бүлэг ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцүүүлэхээр УИХ-д өргөн барьсан.
Анхны гэрээний төсөлд Монголын Засгийн газар шууд Оюу толгой бүлэг ордыг түшиглэн байгуулсан ААН-ийн 34 хувийг шууд эзэмшинэ. Гэхдээ 34 хувьдаа таарах хөрөнгө оруулалтыг гүйцэтгээгүй тохиолдолд Айвенхоу Майнз Оюу толгой Лимитед төлбөрийг гүйцэтгэж, зээл хэлбэрээр ногдол ашгаас эргүүлэн төлүүлэхээр тусгасан. Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүний хувийг тухайн үед lIBOR + 3.3 хувь буюу 8.8 хувь гэж заасан.
Анхны хөрөнгө оруулалтын гэрээний хэмжээ 2.7 тэрбум ам.доллар байсан.
Анхны Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл
Анхны гэрээг Засгийн газраас УИХ-д өргөн барьснаас хойш УИХ ямар арга хэмжээ авсан талаар танилцуулъя.
УИХ-ын 24-р тогтоолоор Эдийн засгийн байнгын хороон дээр ажлын хэсэг байгуулагдсан. Мөн 2008 оны гуравдугаар сарын 14-ний өдөр УИХ-ын зарим гишүүд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан. Нийт 19 УИХ-ын гишүүн 5.5 зүйлд стратегийн ач холбогдол бүхий орд газарт түшиглэн байгуулсан ААН-ийн 51 хувиас доошгүй хувийг эзэмших зохицуулалтыг тусгах энэхүү хуулийн төслийг өргөн барьсан.
Сарын дараа УИХ-ын дөрвөн гишүүн АМтХ-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Энэхүү өөрчлөлтөөр бүтээгдэхүүн хуваах зарчмыг тусгах шаардлагатай гэсэн байдлаар холбогдох хуулийн төслийг өргөн барьсан. УИХ 2008 оны сонгууль болсны дараа аравдугаар сарын 9-нд УИХ-ын даргын 103-р захирамжаар дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх мөн Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг дахин хэлэлцэх ажлын хэсгийг байгуулсан. Ингээд 2008 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр УИХ-аар хэлэлцүүлсэн байдаг. Мөн энэхүү өдөр 40-р тогтоолыг гаргасан. Энэхүү 40-р тогтоолоор өмнөх АМтХ-д өөрчлөлт оруулахаар өргөн барьсан хуулийн төслүүдийг буцаах шийдвэр гарсан.
УИХ-ын 40-р тогтоолын хэрэгжилт
Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах мөн төслийг боловсруулахдаа 34 хувийг шууд эзэмшинэ, хөрөнгө оруулагчид зээл олгоно гэх хувилбарыг сонгож байжээ. Мөн 34 хувьд таарах хөрөнгө оруулалтыг оруулаагүй тохиолдолд зээлээр өөрт ноогдох ашгаар эргүүлэн төлнө гэж тусгасан. Олон улсын нэр хүнд бүхий зөвлөх үйлчилгээ авах гэдэг дээр Goldman Sachs, Lovells гэх компаниудыг сонгож 250 мянган долларыг төлж зөвлөх үйлчилгээ авсан ч зөвлөмжийг дагаагүй байна. ХөОГ-ний төслийг боловсруулах болон хэлэлцээр хийх ажлыг ил тод явуулна гэсэн боловч Хувь нийлүүлэгчдийн гэрээг байгуулахдаа нууцад авсан.
УИХ-ын ЭЗБХ-ны санал дүгнэлт гаргах ажлын хэсэг
Засгийн газраас Оюу толгой ордыг ашиглах, Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, байнгын хорооны санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байсан. Энэхүү ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Г.Занданшатар ахалж байсан.
Ажлын хэсэг санал дүгнэлтээ боловсруулаад байнгын хороогоор хэлэлцүүлсэн. Тус ажлын хэсгийн дүгнэлтээр,
Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид нийцүүлэн гэрээний төслийг боловсруулаагүй
Монголын талын эзэмшлийн 34 хувь ногдох хөрөнгө оруулалтыг өндөр хүүтэй зээлээр бүрлүүлж ногдол ашгаас тооцож байгаа нь эдийн засгийн үр ашиг багатай
Эдийн засгийн үндэслэл нь тодорхойгүй, эрх бүхий байгууллагаар үнэлгээ, дүгнэлт гаргаагүй нь Монголын талын эзэмшлийн 34 хувьд ногдох хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлох боломжгүй
Цаашид нэмэлт нөөц илрэх бүрт түүнтэй холбогдуулан гэрээнд нэмэлт тодотгол хийх
Үйлдвэрийн ашиглалтад оруулах хугацаа болон хөрөнгө оруулалтын хуваарь зөрчигдсөн тохиолдолд гэрээг цуцлах хүртэл арга хэмжээг авах
Нөөц баялгаа үнэлж, урьдчилан худалдах, стратегийн орд газрыг хөрөнгө оруулагчтай хамтран ашиглахад алтан хувьцаа эзэмших эрх зүйн орчин бий болгох
Гэрээний төсөлд АМтХ 30.1 заасан баримт бичгийг бүрэн бүрдүүлж хавсаргасан байх, 30.2 шаардлагыг хангасан эсэхийг хянах, эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр геологийн хайгуулын ажлын тайланг хэлэлцүүлэн нөөцийг бүртгүүлэх санал гаргасан байна.
Төрийн эзэмшлийн доод хэмжээг 34 хувиар тогтоох
ХөОГ байгуулахыг Засгийн газарт даалгав
Төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50 хувиас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх
Тогтоолд хяналт тавих үүргийг ЭЗБХ-нд даалгав.
Гэрээ буцаагдахаас өмнө нэг хоногийн өмнө хуралдаж зөвлөмж гаргасан. ҮАБЗ-өөс хянан шалгах түр хороонд баримт бичиг огт ирүүлээгүй байна.
Анх 2007 онд Засгийн газраас өргөн барьсан анхны гэрээний төслөөр lIBOR 3.3 бюу 8.8 хувь байсан. 2009 оны аравдугаао сард Хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулахад USCPI 9.9 буюу 9.9 дээр тогворжуулсан хүүг тооцсон. 2011 онд байгуулагдсан нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон гэрээгээр lIBOR 6.5 хувь буюу 6.8 болсон. Гэрээний дагуу санхүүжүүлсэн дүнгийн үлдэгдэл болон хуримтлагдсан хүүгийн нийт дүнгээс улирал тутам хүү тооцож байжээ.
Шинжээчийн дүгнэлттэй холбогдуулж асуулт асууж, хариулт авч байна
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Энд ирсэн бүх гэрч нарын ярьсныг сонсохоор бүгд л эсрэг байр суурьтай байсан юм байна. Тухайн үеийн Засгийн газар УИХ-аас гарсан шийдвэрүүдийн эсрэг байсан юм биш үү. Өөрөөр хэлбэл УИХ-ын шийдвэрийн эсрэг Засгийн газар байсан юм биш үү гэж ойлгогдохоор байна. Тухайн үеийн ЭЗБХ-ны ажлын хэсгийн саналыг яагаад аваагүй вэ?
Сангийн сайд асан С.Баярцогт: Энд сууж байгаа гишүүд тухайн үед дэмжээгүй гэж ярьж байгааг ойлгохгүй байна. Бүгд дэмжиж байсан нь баримттайгаар байгаа юм. Таны асуусан ажлын хэсгийн санал тавдугаар сард гарч байсан. Оюу толгойн батлагдсан гэрээ гурав дахь хувилбар нь юм. Энэ санал нь хоёр дахь хувилбар дээр нь ЭЗБХ ярилцаад дүгнэлт гаргасан. Өмнөх нь 40-р тогтоол байсан. Энэ тогтоол дээр үндэслэн явж байсан. ЭЗБХ-ны гаргасан санал дүгнэлт дээр нийцүүлж үйл ажиллагаа явагдсан. Тэгээд дахиад УИХ-аар оруулж танилцуулаад 57-р тогтоол гарсан юм.
2008 оны 40-р тогтоол, 2009 оны 57-р тогтоол энэ хоёр нь УИХ-ын тогтоол юм. Нөгөөх нь ЭЗБХ-ны тавдугаар сарын тогтоол. Мөн наймдугаар сарын 11-нд ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан. Мөн ҮАБЗ-ийн шинжээчдийн дүгнэлтүүд гарсан.
Бүтээгдэхүүн хуваах тухай гэж хүмүүс ярьж байна. Хуулиндаа өөрөө энэ нь байхгүй байгаад байгаа юм. Заасан заалт нь өөрөө 5.3 5.4 5.5 бий. Үүнийг авъя гэвэл төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байж 50 хувь авна.
Гэтэл 57-р тогтоолоор үүрэг өгөхдөө хүчин төгөлдөр үйлчилж байгаа бүх хуулинд нийцүүлнэ гэж байгаа. Тиймээс нийцүүлээд л үүнийг оруулж ирсэн юм.
Бид 68 авах байсан гэж сая ярьж байна. Гэхдээ УИХ өөрөө 68 авахыг хүчингүй болгосон. Засгийн газар 68 байсаар байтал хэрэгжүүлээгүй зүйл байхгүй. Мөн гурван хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан байгаа. Анхны гэрээний хөрөнгө оруулалтын дүн 5.1 байсан. Яг энэ агуулгаар авч үзвэл ил уурхай 20 хувь, далд уурхай 80 хувь. Энэхүү 5.1 багтсан хөрөнгө оруулалтаа хийгээд 20 хувийн ил уурхайгаа ажиллуулаад 2011 онд эхэлсэн. Энэ уурхайг найман жил үр ашигтай ажиллуулаад тэрхүү гарсан мөнгөөрөө гүний уурхайг санхүүжүүлж явна гэх анхны төсөөлөл байж, ТЭЗҮ хийсэн. Гэтэл нөхцөл байдал хүндэрч геологийн хүндрэл үүссэн юм.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Цаашид байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд өөр өөр татварын дэглэм тогтоож, татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдлүүлэх мөн гэрээний хугацааг хуулиар бус гэрээгээр тогтоох боломжийг бий болгож байна. Эдийн засгийн үр ашиг багатай байна гэж санал дүгнэлт ажлын хэсгээс гарсан. Та нарын хийсэн зүйл эсрэг болоод байна.
Сангийн сайд асан С.Баярцогт: 57-р тогтоол нь хоёр дахь төслийг хэлэлцэж баталсан. Энэ төсөл нь биеэ даасан хууль байсан. Энэ нь тухайн үеийн бүх хуультай зөрчилдсөн. Гэтэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд нийцүүл гээд заасан байгаа. Тиймээс бид хуулинд нийцүүлж шинээр найруулсан гэсэн үг.
ЭЗБХ-ны гишүүн УИХ-ын гишүүн Л.Гүндалай: Оюу толгойн гэрээ бол олон жил дамжсан Монголыг дарлах гэсэн өөрсдөө дээд зэргийн ашиг авч биднийг доромжилсон маш том хулгай луйвар юм. Тэд нар үнэхээр цагаа хүлээгээд отож байсан. Гэрээг яаж ч хувиргаж болохуйц, албаар ийм гэрээг батлуулсан.
Гэрээг голлон хариуцсан луйварчин бол С.Баярцогт юм. Оюу толгойн гэрээ батлагдсантай холбоотой энэ нөхөр чинь гадаадын хөрөнгийн бирж дээр явж очоод дотоод мэдээллээ ашиглаад 25 сая доллар Швейцарьт оффшор дансандаа нуусан байгаад илэрсэн. Өөрөө 1 сая доллар гэж ярьдаг. Үгүй юм. Одоо тэгээд ичихгүй Монголын төрд гавьяа байгуулсан 20 мянган хувьсагчтай гэж ярьж байдаг. Одоо юун ОНТРЭ-д хувь өгөх огт хэрэггүй.
Сая Н.Алтанхуяг хэлж байсан. Миний Засгийн газрыг унагаагаад ийм гэрээ байгуулсан гэж. Үгүй шүү. Ц.Сэдваанчиг далд уурхайн ийм гэрээ хийж болохгүй гэж албан бичиг гаргахад үүнийх нь төлөө Н.Алтанхуяг ажлаас нь чөлөөлж байсан юм. Дараа нь Д.Ганболдыг тавиад өөрөө гадаадын иргэнд захидал бичиж би энэ далд уурхайг чинь дэмжье. Бүрэн эрхээрээ гэрээг баталж өгье гэж, Улаанбаатарт хийх үү, Лондонд гэрээ хийх үү хэмээн бичсэн байгаа юм.
ЭЗБХ-ны гишүүн Т.Очирхүү: Бид талцаж байгаа мэт боловч нэг зүйл дээр л ойлголцож байна гэж бодож байна. Энэ нь Оюу толгойн гэрээг сайжруулах шаардлагатай байна. Энэ бол ОНТРЭ лиценз, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгээс ч илүү чухал юм.
ТЭЗҮ гэж байсан юм уу гэж асууж байна. Байгаагүй гэж хүмүүс хариулж байна. 2010 онд ТЭЗҮ-г баталсан нь үнэн. Тэр болтол юу байсан гэвэл урьдчилсан ТЭЗҮ бол байсан юм. 2005 онд Эрчим хүчний сайд байхад минь ТЭЗҮ болон уурхайн ажлын төлөвлөгөө гэсэн материал байсан. Эрчим хүчний асуудлыг ярихад бид санал зөрөлдсөн. Манай байр суурь Монголоос төвийн эрчим хүчний системээс авах хэрэгтэй гэж бид үзсэн. Гэвч зөвшилцөлд хүрч чадаагүй.
Энэ асуудал явсаар байгаад Тавантолгой дээр үндэсний эрчим хүчний станц барьж тэндээс эрчим хүчээ авна гэх гэрээний заалт зөв байсан. Гол нь Тавантолгойн станцыг бариагүй нь л харамсалтай. Бид тэр үед Оюу толгой шиг том хэрэглэгчийг алдах нь үнэхээр харамсалтай байсан. Өнөөдөр 500 гаруй тэрбум төгрөг Хятадын эрчим хүчний системд явж байгаа. Том хэрэглэгчийг холбох нь олон талын асуудлыг шийдэх гарц мөн. Үндэсний эрчим хүчний системээс авахын төлөө тууштай явах нь зүйтэй. Зээлийн хүүгийн асудлыг шийдэх арга бол 34 хувийн асуудлыг шийдэх нь юм.
Сангийн сайд асан С.Баярцогт: УИХ руу оруулж байгаа бүх материал Засгийн газрын хурлаар хэлэлцэгдээд, Засгийн газрын хурлаар хэлэлцэгдэхийн өмнө бүх сайдуудаас санал аваад үзэл баримлалыг нь Хууль зүйн сайд, Сангийн сайд, Эрдэс баялаг эрчим хүчний сайд нар хуулийнх нь үзэл баримтлалыг баталж оруулсан. Бүх зүйл хуулийн дагуу байсан. Үзэл баримтлалыг Хууль зүйн сайд Ц.Нямдорж баталсан. Албан ёсны орчуулга нь гадаад яаман дээр хийгдэж, сүүлийн баталгааг Гадаад хэргийн сайд гаргаж байсан. Ганц хүн хийсэн зүйл юм шиг яриад байж болохгүй.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр: Энэ гэрээ Ц.Элбэгдоржийн үед гэрлийн хурдаар явсан. Сонгууль дуусмагц долдугаар сард нь шууд батлах гэж оролдсон. Ц.Элбогдорж, С.Баяр нарын даалгаврыг Ц.Нямдорж, С.Баярцогт нар биелүүлсэн. Тэр үеийн Засгийн газрын тэргүүн С.Баяр, Ерөнхийлөгч нар л та нарыг ийм зүйл хий гэж даалгавар өгөөд хийлгүүлсэн. Өнөөдөр харамсалтай нь энэ хоёр хүн энд ирээгүй байна. Харин би Ерөнхийлөгч байх үедээ энэхүү төслийг буцааж байсан юм. Би анхнаасаа л эсрэг байр суурьтай байсан. Дэлхийн эдийн засгийн хямрал Монголд ч нөлөөлж энэ хямралыг Оюу толгойн гэрээ л аварна гэж тухайн үедээ үлгэр домог шиг зүйл ярьсан.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Өндөр хүүтэй зээл байхаас өөр арга байгаагүй гэж С.Баярцогт ярьж байна. Гэвч өөр арга байсан юм. Хөрөнгийн бирж дээр Рио Тинто 8.5 тэрбум доллар босгож байсан. Үүнээс 8.3 тэрбумыг Монголд зээлсэн. Үүнд аудитын дүгнэлт байгаа.
Тэгэхээр хөрөнгийн бирж дээр хүүгүй мөнгө босгоод манай улсад зээлсэн байгаа юм.
Тухайн үед бидэнд юу гэж тайлбарласан гэвэл 4.1 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгдэж 1 тэрбумыг нь монголчууд зээлж байгаа юм гэж байсан. 57-р тогтоолд бидэнд ямар ч чиглэл өгөөгүй. Гэтэл үүн дээр зээлийн санхүүжилтийн зүйлс тусгагдаад явсан. 21 тэрбумын хөрөнгө оруулалт босгосон. Үүний 18 тэрбум нь зээл. 13 тэрбум нь Рио Тинтогийн зээл юм. Оюу толгой компани зээл төлдөг л компани болсон. Өдөрт төлдөг зээлийн хүү нь 10 тэрбум. Баялгаа бид үнэлж чадаагүй. Зээл бол өр шүү дээ. Манай улсын нийт өрийн 50 хувь нь Рио Тинтогийн өр юм. Манай зээлжих зэрэглэлд энэ нь нөлөөлж байгаа. 400 тэрбум доллароос 2.5 хувь буюу 10 тэрбум долларыг л бүх төрлийн татварынхаа орлогоос авч үлдэхээр байна. Энэ 50 жилийн хугацаанд.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр: Их хурлын 40 болон 57-р тогтоолууд сайн хэрэгжээгүй. Энэ тогтоолууд зүгээр гарч ирсэн зүйл биш. Харин ҮАБЗ-өөр хэлэлцэж ерөнхий бодлогын чиг баримжаатай шийдвэр зөвлөмж гаргаж байсан.
Оюу толгойн гэрээтэй холбоотой бүхнийг нууцаас гаргаад Их хурал дээр ил тод ярьж, энэ тогтоол хэрэгжээгүй учраас гээд Их хурал өөрөө засъя гэсэн дүгнэлт гаргаж, засахдаа дахиад нэг Хөрөнгө оруулалтын гэрээ гэх хуурамч бичиг баримт гаргахын оронд Бүтээгдэхүүн хуваах гэрээ гэж гаргавал үр ашигтай байна. Ямар нэгэн өр зээл үүсэхгүйгээр 34 хувьтай холбоотой зээл тэглэгдэж, бүтээгдэхүүн бүрээс ашгаа авах юм.
Оюу толгойн ТУЗ-ийн гишүүн асан Э.Баясгалан: Хувь нийлүүлэгчдийн гэрээний үр дагаварыг ярихын тулд гэрээний зүйл заалтаа нэг бүрчлэн үзэж байж л ойлгоно. 2011 онд шинэчлэн тодорхойлсон Хувь нийлүүлэгчдийн гэрээний 13.2-р заалт дээр хувь нийлүүлэгчдийн зээлийг бүрэн төлж дуусч байж энэ компани ногдол ашиг хувиарлана гэх заалт бий.
2025 оны эцсийн байдлаар Оюу толгой компани 20 тэрбум долларын зээл болон санхүүжилтийн өглөгтэй байгаа. Энэ 20 тэрбум долларын зээл бол ирээдүйд бодогдох хүүгийн хамт эргэн төлөгдөж байж энэ компани 13.2-р заалтын дагуу Монгол Улсад ногдол ашиг төлөх бололцоо нээгдэнэ. Тухайн үеийн ЭЗБХ-ны санал дүгнэлт ирээдүйд үүсэх эрсдэлийг харсан зөв санал дүгнэлт байсан. Бүх өр зээлүүд төлөгдөж дуусч байж 2037-2038 оны үед л ногдол ашиг авах боломж байгаа.
Хувь нийлүүлэгчдийн хооронд байгуулсан гэрээнд оруулсан заалтыг ТУЗ өөрчлөх боломж байхгүй.
Сангийн сайд асан С.Баярцогт: Энэ дунд Монголын эрх ашгийн төлөө явж байсан гэж ярьж байгаа бүх хүний үг худлаа шүү. Зөвхөн үг л хэлдэг. Нэг ч ажил хэрэг болгож байгаагүй. Ц.Даваасүрэн ганц цахилгаан станц барь гэснийг барихгүй сууж л байгаа. Миний хувьд гэрээг дандаа сайжруулж байсан.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн: Бид гэрээний хэрэгжилтийг дүгнэх цаг болсон. Үндсэндээ гэрээ байгуулагдсанаас хойш 16 жил өнгөрсөн байна. Бид эдийн засгийн сууриар нь өөрчлөлт оруулах шаардлагатай. Бид бүлэг ордыг бүхэлд нь тооцсон ТЭЗҮ хийсэн байгаа юм. Эхний хөрөнгө оруулалтыг 5 тэрбум доллар байхаар хязгаарласан. Цаашид ашиглалтад оруулахад шаардагдах санхүүжилтийг Рио Тинто 2012 оны гуравдугаар сард багтаана гэж гэрээгээ байгуулсан. Мөн хөрөнгө оруулагч дангаараа санхүүжилтийг хариуцна. Үүнийгээ бүрдүүлэх хугацаатай бөгөөд бүх эрсдэлийг хөрөнгө оруулагч тал хариуцна гэж байгаа. Үр өгөөж тооцох аргачлал байгаа эсэхийг асуулаа. Бидэнд байгаа юм. Ашигт суурилж үр өгөөжөө тооцсон.
Харин 2015 оны гэрээний дараа Рио Тинто зардалд суурилсан үр ашгийн тогтолцоо хийсэн байна.
Санхүүжилтийн схем, бүтцийг өөрчилсөн. Эдийн засгийн үр өгөөж цаашдаа буурах ёсгүй юм.
Оюу толгойн ТУЗ-ийн гишүүн асан П.Цагаан: Анхны ТУЗ-ийн гурван гишүүний нэг байна. Нэг залруулга хэлэхэд анх 11 хувийн хүүтэй байсан юм. Тэгээд бид хэлэлцэж 4-5 хувиар бууруулсан байгаа.
Оюу толгойн ТУЗ-ийн гишүүн асан Э.Баясгалан: Г.Тэмүүлэн гишүүнтэй маргамааргүй байна. Гэвч та нарын хийсэн тооцоолол аль ч гэрээнд тусгагдаагүй юм. Тэр аргачлалаа хавсралт болгож оруулаагүй. ТЭЗҮ нь өөрөө гэрээ биш. Аль нэг тал хариуцлага хүлээхгүй. Цаг хугацаа өнгөрөхөд өөрчлөгдөх тэр 53 хувиа аргачлал гэж үзэх нь дутмаг юм.
Оюу толгойн ТУЗ-ийн гишүүн Н.Цэрэнбат: Анх хөрөнгө оруулалт хийгдэхээр болсныг хатуухан үгээр хэлэхэд Монголын шийдвэр гаргагч нарыг нөгөө тал хулхидсан. Хэлсэн бүх амлалт нь зөрсөн. Тиймээс энэ бүхэн засагддаггүй юм. Сонгууль болох болгонд тухан үеийн Засгийн газар, Монгол Улсын ард иргэдээ төлөөлж энэхүү гэрээнд өөрчлөлт оруулна гээд үйлдэл болгон эхлүүлдэг ч хэзээ ч ажил нь дуусдаггүй. Ажлууд нь хаагддаггүй юм.
Австралид болсон уулзалтаар Оюу толгой компанитай холбоотой Рио Тинтогийн уурхайн арга хэмжээнд "Австралийн уугуул иргэддээ баярлалаа. Ийм их баялгийг хамтарч ашиглаж, сайн сайхан болгож, боломж олгосонд" гэж хэлээд үйл ажиллагаа эхэлж байсан. Дараа нь би Ханбогдод болсон арга хэмжээн дээр ингэж хэлсэн "Монголын ирээдүйн итгэл бол Рио Тинтогийн талцал, итгэл, найдвар дээр тулгуурлан эндээс бид илүү их ашиг хүртэнэ. Энэ баялгийг хамгаалж ирсэн Ханбогдын иргэддээ баярлалаа" гэж хэлсэн. Энэ бол хандлагын ялгаа. Хөрөнгө оруулагч нар бусад улс орнуудтай яаж харьцаад бидэнтэй яаж харьцаж байна.
Асуудал гарахад Лондон болон Брисбэнд байгаа гадаадын хөрөнгө оруулагч нарын хууль ёсны төлөөлөл нь бидэнтэй харьцдаггүй. Тэнд ажилладаг Монгол хүмүүсийг явуулдаг.
Ашгийг нэмэгдүүлэх гэхэд гол асуудал нь санхүүжилт дээр очоод гацдаг. Өндөр өртөгтэй санхүүжилттэй байхад бид Монгол Улсын Их хурлаас гаргасан чиглэлийн дагуу хэрэгжүүлэх ёстой бизнесийн болон нийгмийн эдийн засгийн асуудлаа шийдэж чадахгүй өдий зэрэгт хүрсэн учраас маргаан байсаар л байна.
2022 оны наймдугаар сарын 29-нд Эрдэнэс Монголын захирал Хулангаас гадаадын хөрөнгө оруулагч компаниудын захирлуудад Дубайн гэрээ 103-р тогтоолыг цуцалж хүчингүй болгосныг мэдэгдье гэх албан бичиг явуулсан боловч амаар энэ гэрээ хүчин төгөлдөр байгааг гадаадын хөрөнгө оруулагч нар одоог хүртэл хадгалж байгаа.
Бусад оронд бол уугуул иргэд та нартаа баярлалаа гэж хэлээд харин биднийг яагаад хүндэтгэхгүй байгаа юм. Монголд болохоор яагаад улс төрч нарыг урдаа барьж гаргаж байдаг юм. Оюу толгой компани дангаараа менежментээ хэрэгжүүлэхэд, шийдвэр гаргалтандаа манлайлал үзүүлэх ёстой гэж шаардаж байгаа.
Удаа дараа Монгол Улсад бүртгэлтэй Оюу толгой компани Компанийн тухай хуулиа хэрэгжүүлье гэхээр олон алдаатай, бие биедээ давхар тайлбарласан, нэг зүйл заалтаа дараагийн зүйл заалт дээр өөрөөр тайлбарласан албан ёсны бичгүүдтэй учир бидний ажил явахгүй байгаа юм. Дубайн гэрээний 2.2 дээр 53 хүртэлх өгөөжийг ТЭЗҮ-д үндэслээд олгоно гэсэн мөртлөө 4.4 дээрээ энэ бол албан ёсны эх сурвалж биш шүү гэсэн агуулгатай байдаг. Энэ бол бүх гэрээн дээр байгаа алдаа юм. Тиймээс түр хороо албан ёсны шийдийг гаргах ёстой. Хөрөнгө оруулагч тал албан ёсоор өнөөдрийн бид нарын хэлэлцэж байгаа сонсголд мандаттайгаа ирж ажлаа танилцуулах ёстой.
Оюу толгойн ТУЗ-ийн гишүүн Э.Мэндтүвшин: ТУЗ-д ажиллаад маш олон асуудал байгааг олж мэдсэн. Энэ дунд зээлийн хүү бол ердөө нэг нь. Түр хорооны онцолж байгаа хоёр сэдэв бол Монголын талын өгөөжийг сайжруулах арван асуудлын ердөө 2 нь байх. Яагаад Оюу толгойг тойрсон асуудал үеийн үед сэдэв болж яригдчихаад шийдэгдэхгүй байна гээд харахаар засаглалтай л холбоотой байна. Хамгийн түрүүнд ТУЗ дээр гэхэд 3/6 гэсэн харьцаатай, Монголын талын 3 гишүүн шийдвэр гаргах, нөлөөлөх, санал таслах эрхгүй, хориг тавих ч эрхгүй байна.
Гүйцэтгэх удирдлагыг Рио талаас томилдог, ТУЗ дээр танилцуулдаг зүйл алга. Нээлттэй ил тод биш зэрэг засаглалын түвшинд анхаарах ёстой олон асуудал байна. Дээр нь Монгол талаас ч асуудал байна. Оюу толгой компанийн асуудалд Монголын талаас тулж ажиллах компани нь Эрдэнэс Оюу толгой /ЭОТ/. Өнөөдөр УИХ-ын 92-р тогтоолын дагуу ЭОТ компанийг чадавхжуулах, сайжруулах ажил хийгдсэн үү гэдгийг анхаарах ёстой. Рио Тинто гэдэг үндэстэн дамнасан том компанитай тулж ажиллах, Монголын эрх ашгийг хамгаалах компани өөрөө чадавхтай байх ёстой юм. Тэнд мэргэжлийн, хэл устай геологич, хуульч, санхүүч, шинжээч гэх мэт хүмүүс байж гэмээнэ Рио Тинто-той асуудлуудыг ярилцаж, шийдээд явах чадамжтай болно.
Эрдэнэс Оюу толгой компанийн анхны гүйцэтгэх захирал асан Д.Батбаатар: Оюу толгой компани нь Монголын талд ногдох 34 хувийн үр өгөөж хэр зэрэг байна вэ. Үүнийг яаж нэмэгдүүлэх вэ. Хөрөнгө оруулагч талтайгаа хамтарч ажиллахаас гадна тэдэнд тавих хяналтыг хэрэгжүүлэхээр анх байгуулагдаж байсан. Одоогоос 14 жилийн өмнө гадна, дотно боловсрол эзэмшсэн 8-9 залуучуудыг нэгтгэн байгуулж байсан.
Хөрөнгө оруулагч тал Монгол Улсын хууль тогтоомжуудыг алхам тутамдаа зөрчсөн байгаа юм. Тэрийг нь бид эхэлж хэлсэн. ТЭЗҮ ч мөн уландаа гишгэгдсэн байсан. Бид одоо гэрэгэгээ дүгнэх цаг болж байна.
Бид ойлголтоо нэг болгоод одоо нэг талдаа гарах цаг болсон.
Одоо яриа хэлэлцээр хийхэд Рио Тинто ямар авир гаргаснаа бодоод бидний саналыг хүлээж авна гэж найдаж байна.
Оюу толгойн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх: Аливаа асуудлыг цогцоор нь харах чухал юм. Компанийн хувьд бид дотооддоо тооцоолол хийдэг. Энэ асуудлын хувьд ямар нэгэн баримт бичиг тусгагдаагүй, үүрэг хариуцлага хүлээгээгүй аман хэлбэрээр л өнөөдрийг хүртэл яригдаж яваа ойлголт юм.
Оюу толгой болон Рио Тинто компани шүүмжлэлийг хүлээж авна. Төгс төгөлдөр компани гэж байхгүй. Хөрөнгө оруулагч талаас хүсээд байгаа зүйл нь тодорхой байдал бий болгож өгөөч гэж байгаа юм. Гэрээн дээр хоёр талаасааа гарын үсэг зурсан бол тэр гэрээгээ хэрэгжүүлээд явъя гэж. Сүүлд нь олон зүйл ярих нь хөрөнгө оруулагч талд хэцүү юм.
Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын дарга Б.Бадамцэцэг: Оюу толгой компани үүсгэн байгуулагдсан цагаас нь хойш нийт 6 удаа татварын хяналт шалгалт орсон байдаг. Сүүлийн гурван акттай холбоотой асуудал маргаантай хэвээр байна. Маргааны гол асуудал нь Хөрөнгө оруулалтын гэрээний зүйл заалтууд УИХ-ын 40 болон 57-р тогтоолын дагуу Хөрөнгө оруулалтын гэрээний зүйл заалтууд нь УИХ-ын бүрэн эрхэд халдаж татварын хууль тогтоомжийг давуулж өөрөөр заасан байгаа юм. Зөрүүтэй байдал үүссэнээс болж маргаан үүсэж байна.
2016 оноос Оюу толгой компани нь зээлийн хүүг гадагш нь шилжүүлээгүй.
Оюу толгойн санхүүгийн газрын захирал Б.Дуламсүрэн: Анхнаасаа Хувь нийлүүлэгчийн гэрээн дээр энэ төслийг яаж санхүүжүүлэхийг хоёр тал тохирсон байдаг. Тэр нь өөрийн хөрөнгөөр буюу зээлээр санхүүжүүлнэ. Энэ зээл нь хувь нийлүүлэгчийн зээл байна гэж заасан байдаг.
Өнөөдрийг хүртэл компанийн авсан байгаа зээл бол компанийн л зээл юм. Энэ бол Монгол Улсын зээл биш. Монголын ард түмний зээл биш. Энэ бол Оюу Толгой ХХК-ийн авсан зээл юм.