Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өчигдөр /2025.12.08/ шатахуун импортлогчидтой уулзахдаа “Энэ сарын 8-ны өдрийн байдлаар 16 мянган тонн АИ-92 бензин, 50.3 мянган тонн дизель түлш импортолжээ. Татан авалт хэвийн, дизель түлшийг ердийн хэрэглээнээс давсан хэмжээгээр импортолсон байна.
Гэтэл хомсдол үүсгэж, ард иргэдэд чирэгдэл үүсгэсэн асуудалд анхаарч, хуулийн байгууллагаар шалгуулна. Нийгмийн хариуцлага, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй бол шаардлагатай тохиолдолд БЭТ томилж ажиллуулна. Энэ нь хувийн өмч рүү халдана гэсэн үг биш, хуваарилалтыг зөв зохион байгуулах тал дээр ажиллана гэсэн үг юм” гэсэн билээ.
Тэгвэл энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвээс тодрууллаа.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв: Зарим сард АИ-92 бензин импортоор оруулж ирдэг тогтсон хэмжээнээс илүү орж ирж байгаа ч зарим сард нь бага орж ирсэнтэй холбоотой нөөц байхгүй. Иймээс шатахуун түгээх станцуудад тодорхой хэмжээний доголдол үүсээд, үүнийг дагаад ард иргэд оочирлодог асуудал гурван ч удаа гарлаа. Харин дизель түлшний хангалт сайн буюу өмнөх оноос 140 мянган тонн илүү хийгдсэн. Хэдийгээр уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэнтэй холбоотой хэрэглээ өсөж байгаа боловч бөөний борлуулалтын үнэ жижиглэнгийнхээ борлуулалтын үнээс 500 төгрөгөөр илүү борлуулагдсан асуудал үүссэн. ТЕГ, ЦЕГ газрын холбогдох хүмүүс дамлан зарж байгаатай холбогдолтой шалгалтын ажилллагаа явуулж байна гэсэн мэдээлэл бий. Мөн цахим ертөнцөд шатахууны оочир дугаарлалттай холбоотой иргэдийг турхирсан мэдээлэл байна гэж ЦЕГ-аас танилцуулга хийж байгаа. Дизель түлшний бөөний үнэ жижиглэнгийнхээ үнээс өндөр болсонтой холбоотойгоор олон суманд дизель түлш тасалдсан нөхцөл байдал үүссэн. Үүнийг таслан зогсоож, нийт сумын түлшний хангалтыг хэвийн болгох чиглэлээр ажиллаж байна. Өчигдөр 50 сум нөөцгүй гэдэг мэдээлэл ирсэн бол хагас, бүтэн сайнд хийсэн ажлын үр дүн гарч 30 сум болж багассан. Өнөөдөр ч гэсэн тасралтгүй түгээлтүүд хийж байна. Ер нь арванхоёрдугаар 13-ны дотор улсын хэмжээнд АИ-92 бензин, дизель түлшний жижиглэн борлуулалтыг хэвийн болгох зорилготой хувийн хэвшил, ААН-үүдтэй хамтран ажиллаж байна.