Оюу толгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол өчигдөр эхэлсэн. Маргааш Оюу толгойн хөрөнгө оруулалтын зээл, санхүүжилтийн асуудлаар үргэлжилнэ. Өчигдрийн сонсголын үеэр Сангийн сайд асан С.Баярцогт сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Оросын нэг компани Рио Тинтог шүүхэд өгсөн. Нөхөн төлбөртөө Рио Тинтогийн эзэмшиж байгаа Оюу толгойн хувийг авах санал тавьсан” хэмээн ярьсан.
Тэгвэл Оросын компанийн Рио Тинтог шүүхэд өгсөн уг асуудалтай танилцъя.
Хөнгөн цагааны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг "Русал" компани Калининградын Арбитрын шүүхэд Рио Тинто компанийн эсрэг гэрээ зөрчсөн гэх үндэслэлээр 104.75 тэрбум рублийн нэхэмжлэл гаргажээ.
"Русал"-ын үзэж буйгаар барууны хориг арга хэмжээ зарим орос компанид үйлчилж эхэлсний дараа Рио Тинтогийн авсан шийдвэрүүд нь тэдэнд ноцтой санхүүгийн хохирол учруулсан аж. Нэхэмжлэлийн гол суурь нь олон улсын зах зээл дээр ч анхаарал татсан Queensland Alumina Limited (QAL)-ийн маргаан юм. “Русал” компани уг үйлдвэрт 20 хувийн эзэмшилтэй ч 2022 онд Оросын эсрэг тавьсан Австралийн хориг арга хэмжээний улмаас Рио Тинто QAL-ийн үйл ажиллагааг 100 хувь хяналтдаа авсан. Үүний үр дүнд "Русал" хөнгөн цагаан үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай глинозём буюу тэжээлийн бүтээгдэхүүнээ QAL-аас авах боломжгүй болсон юм.
“Русал” энэ асуудалтай холбоотойгоор Австралийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Австралийн шүүх 2024 оны хоёрдугаар сард Оросын эсрэг тавьсан хориг нь давагдашгүй хүчин зүйлийн нэг гэж үзээд Рио Тинтогийн талд шийдвэр гаргасан. Ийнхүү “Русал” ОХУ-ын шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан нь өөрт учирсан хохирлыг гаргуулж, олон улсын талбар дээр өрнөсөн өмнөх маргаанаа дотоодын эрх зүйд тулгуурлан үргэлжлүүлэх оролдлого гэж үзэж болно.
Калининградын Арбитрын шүүх нэхэмжлэлийг албан ёсоор хүлээн авсан бөгөөд одоогоор хэрэг хаалттай хэлбэрээр хянагдаж байна. “Русал”-аас нэмж материал хүргүүлсэн тухай тэмдэглэл бий ч нэхэмжлэлийн бүрэн эх олон нийтэд нийтлэгдээгүй. Шүүхээс ямар нэгэн шийдвэр, ялангуяа хөрөнгө царцаах, хориг арга хэмжээ авах тухай мэдээлэл хараахан гараагүй байна.
Хууль зүйн болон практик тодорхойгүй байдал
Оросын компаниуд барууны хориг арга хэмжээний дарамтад өртсөн нөхцөлд дотоодын шүүхийн системийг ашиглан олон улсын түншүүдтэйгээ маргаан шийдвэрлэх оролдлого нэмэгдэж байгаа нь сүүлийн жилүүдийн илэрхий чиг хандлага болжээ.
Эдийн засаг, эрх зүйн шинжээчдийн тайлбарласнаар Оросын шүүх гадаад улсад бүртгэлтэй компанийн хувьцааг шууд хурааж “Русал”-д олгох боломжгүй. Мөн Оюу толгой компанийн хувь эзэмшил шууд өөрчлөгдөх эрсдэл үүсэх хууль зүйн үндэслэлгүй юм. Оюу толгой нь Монгол, Канад, Их Британи, Нидерланд зэрэг олон улсын эрх зүйн бүрэлдэхүүнтэй. Оросын шүүхийн шийдвэрийг Монгол, Нидерланд, Их Британи, Австрали зэрэг улс хүлээн зөвшөөрч албадан гүйцэтгэх эсэх нь тухайн улсын хууль, гэрээ, харилцан хүндэтгэлийн зарчмаас хамаарна.
Иймээс “Русал” Оюу Толгойн хувьцааг чиглэсэн арга хэмжээ авах магадлал одоогоор дан ганц таамаглал бөгөөд баттай нотолгоо байхгүй байна. Хэрэгжих хамгийн магадлалтай нөлөө нь Орост байрлах хөрөнгийн хязгаарлалт, Оросын ханган нийлүүлэгчдэд тавигдах хориг, тээвэр логистик дахь саад зэрэг шууд бус дарамт юм.