Өвөл хаяанд ирэхтэй зэрэгцэн “Утаа” гэх үг Улаанбаатарчуудын хувьд амны уншлага болдог. Харин утаанаас дутахааргүй өөр нэгэн аюулыг тэр бүр дурсан санадаггүй нь нүхэн жорлонгийн асуудал.
“Хот” гэх статусыг олон шалгуур дамжин авдаг байлаа гэж бодъё. Хэрвээ тэгвэл улсын маань нийслэл Улаанбаатар хот энэ цолны эхний болзлыг ч хангаж чадахгүй байж ч мэднэ. Хуруу даран тоолбол дуусахгүй олон асуудал хотыг хүрээлэн оршсоор байна. Заримынх нь хажуугаар тоохгүй өнгөрнө, харин заримыг нь сайжруулах гэж хэрэндээ хичээнэ. Энэ л өнөөдрийн манай хотын өнгө төрх болон тогтжээ.
Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаао 680 мянган нүхэн жорлон бий. Нэг ёсондоо хотын замын хөдөлгөөнд оролцож буй 700 мянган автомашины дайтай нүхэн жорлон бий гэсэн үг. Түүгээр ч барахгүй манай улсын 10 хүн тутмын 6 нь нүхэн жорлон ашиглаж байна гэхээр өдөр бүр хөгжил дэвшил, аялал жуулчлал гэж ярьдаг улсын хувьд тун ичмээр тоо. Дээрээс нь манай улсын нийт хүн амын 68 хувь нь стандартад нийцээгүй ариун цэврийн байгууламж хэрэглэж байгаа нь хуулиар тогтоосон монгол хүний суурь эрх болох эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ ч бүрэн эдэлж чадахгүй байгааг харуулж байна.
Монгол Улс 2020 онд Тогтвортой хөгжлийн зорилтуудаа батлахдаа зургаадугаар зорилгын 6.2-т "Ариун цэврийн байгууламжийн асуудлыг шийдвэрлэж, 2030 он гэхэд нийт хүн амынхаа 90 хувийг шаардлага хангасан жорлонтой болгоно" гэсэн зорилт тавьсан. Гэвч өнөөг хүртэл нүхэн жорлонтой холбоотой төрийн бодлого тодорхой бус байна. Засгийн газар нь энэ зорилтоо мартсан уу, эсвэл тоосонгүй юу. Мэдээж энэ асуудлыг шийдэхэд нэгдсэн менежмент, тохирсон технологи, стандарт зэргийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай. Тэглээ гээд төр засгийн нүүрийг харж, гараа хумхин суух нь тийм ч сайн сонголт биш. Хамгийн гол нь иргэд өөрсдийн оролцоо, хандлагыг өөрчилж, нүхэн жорлонгоосоо салах шийдвэр гаргаж чадвал олон боломжит шийдэл гарч ирсээр байна.
Утаанаас дутахааргүй гэж хэлсний учрыг доор тайлбарлая.
Нэг нүхэн жорлон 6-250 метрийн радиуст тархаж, ялгадсан дотор байдаг нян бактерийг тарааж байдаг. Хүн өдөрт 200-400 грамм ялгадас гаргадаг бөгөөд яг ийм багахан хэмжээтэй ялгадас л гэхэд 200 их наяд ротавирусийн эс, 20 тэрбум шигелла бактери, 100,000 шимэгч хорхойн өндөг агуулдаг аж. Тиймээс нүхэн жорлон хөрсний бохирдол, усны бохирдол, халдварт өвчний гол эх үүсвэр болдог. Нүхэн жорлонгоос үүсэх хөрсний бохирдол нь гүний усанд нэвчих, үерийн усаар зөөгдөх, агаарт дэгдэх замаар хүрээлэн буй орчин төдийгүй, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.
Судалгаагаар нүхэн жорлонгоос үүдэлтэй бохирдсон ус, хөрснөөс үүдэж дэлхий даяар жилд 800 мянга гаруй хүн амь насаа алддаг байна. Үүнээс ариун цэврийн шаардлага хангасан жорлон, бохирын систем ямар чухал болохыг харж болно.
Монгол Улсад зөвхөн нүхэн жорлонтой холбоотойгоор өдөрт 5.25 сая тонн шингэн, 1.4 сая тонн өтгөн хаягдал хөрс, усанд шууд шингэж байна. Ил задгай нүхэн жорлонгийн хаягдлаас ялгардаг шивтрийн хий нь хорт хийний төрөлд хамаарагддаг бөгөөд хорын зэрэглэлээрээ дөрөвдүгээрт багтдаг. Шивтрийн хий ихэссэнээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна эхийн урагт нөлөөлж, гажиг, согогтой хүүхэд төрөх, цаашлаад хүнийг үргүйдүүлэх хор уршигтай. Мөн гадаргын болон газрын доорх усыг бохирдуулж, улмаар халдварт өвчин үүсгэдэг. Үүнд, цусан суулга, халдварт шар, балнад, урвах тахал, шимэгч хорхойн халдварууд гэгддэг хялгасан хорхой, цагаан хорхой, өргөн туузан хорхой, үхрийн болон гахайн туузан хорхой, сүрьеэ, амьсгалын замын өвчин зэрэг орно.
Нийслэлийн хөрсний нянгийн бохирдолд хийсэн ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн 2021 оны судалгаагаар нийт 76 цэгийн дээжний 88 хувь нь бохирдолтой, үүнээс 12 хувь нь бохирдолгүй, 46 хувь нь бага, 17 хувь нь дунд, 24 хувь нь их бохирдолтой гарсан бол 2024 онд тус яамнаас 334 цэгт Гэдэсний савханцар (Е.Сoli), Гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нянгийн (Salmonella, Shigella) үзүүлэлтүүдээр шинжлэхэд нийт дээжний 71 хувьд нянгийн бохирдол илэрсэн байна.
Улаанбаатар хотын суурьшлын бүсэд хөрсний нянгийн бохирдол 88 хувь, органик бохирдол 52,6 хувь, шивтрийн бохирдол 88,4 хувь, сульфатын бохирдол 72 хувь байна. Улаанбаатар хотод нийт 144,992 ширхэг нүхэн жорлон байгаагаас Их бохирдолтой 52,820, дунд зэрэг 71150, бага бохирдолтой 21022 ширхэг байна.
Жорлонгийн асуудлаа шийдэж чадаагүй болохоор Улаанбаатар хотыг хөгжилтэй, сайхан хот гэж хэлэх үндэс алга
З.Батбаяр
Усны газрын дарга З.Батбаяр: Жорлон гэдэг бол амьдрал. Өөрөөр хэлбэл, нүхэн жорлонгийн асуудал ямар байгаа вэ гэвэл бидний амьдралын асуудал яригдана гэсэн үг. Нүхэн жорлонгийн асуудал яагаад гамшгийн хэмжээнд очсон гэхээр бид 70-хан жилийн дотор 2000-3000 жилийн түүхтэй амьдарч ирсэн соёл иргэншлээ солиод тасралтгүй нүүдэллэж явдаг байсан ард түмэн нэг газраа зогсохдоо өөрийнх нь хэл соёлд нь хүртэл жорлон гэдэг шинэ зүйлийг оруулж ирсэн. Жорлон гэдэг монгол үг байдаггүй. Яагаад гэвэл жирэмсэн эмийн бие засах газар гэж нууц товчоонд хэлдэг байсан болохоос биш өөр байдлаар хэлдэггүй. Бид хотын эсвэл суурин амьдралд шилжсэн тохиолдолд бодисын солилцооны асуудлаа шийдэх боломжтой.
Улаанбаатар хотод 18 мянган худаг бий. Ингэхээр нэг худгийг тойроод 40 жорлон байна. Тэгэхээр худаг эрүүл байх уу.
Хоёрдугаарт, Арслантай гүүрний дор урсаж буй уснаас дээж аваад шалгаад үзэхэд маш их хэмжээний бохирдолтой гарсан. Бохирдлын хэмжээг нь Сонгинын гүүрний дороос авсан усны шинжилгээний дүнтэй харьцуулахад асуудал ойролцоо гарсан. Өөрөөр хэлбэл, Сонгинын гүүрний дор Улаанбаатар хотын бүх бохирыг цуглуулж байгаа цэвэрлэх байгууламжийн ус явдаг тул асар их бохирдолтой байх нь тодорхой. Гэтэл түүнтэй ижилхэн хэмжээний бохирдол Арслантай гүүрний дор байна.
Хотыг төлөвлөхдөө хамгийн түрүүнд уух, урсах усыг нь шийдэх ёстой. Урсах ус гэдэг жорлонгийн асуудал. Хүн болгоноос өдөрт 300 гр өтгөн, ойролцоогоор 500 гр шингэн гарна. Тэгэхээр түүнийг яах вэ гэдгийг шийдээгүй цагт хот шийдэгдсэн гэж үзэхгүй. Хөгжил 9-100 давхар байшинг хэлэхгүй. Метро эсвэл 500 мянган долларын үнэтэй мерседис машиныг хэлэхгүй. Харин алтан, модон ч биш жирийн хүн биеэ хайрахгүйгээр тухтайхан шиг суугаад утсаа үзэх, номоо унших хэмжээний, үнэргүй жорлонтой байхыг сайхан амьдрал гэнэ. Тэгвэл Улаанбаатар хотын 50 хувь нь энэ сайхан амьдралыг аваагүй байна. Тийм болохоор Улаанбаатар хотыг хөгжилтэй, сайхан хот гэж хэлэх үндэс алга.
Төр айлын жорлонгийн асуудал руу орж шийдэх боломжгүй. Айл өөрөө шийдэх хэрэгтэй. Гэхдээ хот гэдэг цэвэр, бохир усны шугамд суурилсан хүн амын төвлөрлийг хэлдэг. Тэгвэл бид хот болж хувираагүй байна гэсэн үг. Улаанбаатар хотын бүх газрыг цэвэр, бохир усны шугамд холбох хэрэгтэй. Түүний дараа байшин барих, газраа зарах эсэх нь хувь хүний өөрийн асуудал. Ард иргэд ядаж жорлонгоо гэрэлтэй, -25 биш болгож дулаал, 80-90 настай хөгшин ороод суух хэмжээнд болгооч, 6-7 настай хүүхдүүд жорлонгоос зугтааж тойрч бие засдагийг нь болиулаад дотроо ороод гэрэлтэй, хажуудаа устай, дулаахан болгох тал дээр анхаараасай. Энэ бол эхний алхам. Дараагийнх нь соруулдаг жорлон хийгээч ээ. Алхам алхмаар явбал бидэнд боломж бий. Ус, хөрсөнд бол аймшигтай шууд нөлөөлж байна.
Нүхэн жорлонг өөрчлөхийн тулд бодлогын хэмжээнд дэмжихгүй байгаа нь хүний эрхийг зөрчиж байна
Ц.Оюунгэрэл
Жорлонгоо өөрчилье төслийн санаачлагч Ц.Оюунгэрэл: Өвлийн улиралд найдвартай ажиллах, төлбөрийн чадварт нийцэх жорлонтой болгож байж хүмүүс нүхэн жорлонгоо сольж чадна. Хүмүүс албаар нүхэн жорлон хэрэглэдэггүй. Нүхэн жорлон хэрэглэж байгаа хүн хэзээ ч, хэний ч эрхийг зөрчөөгүй. Харин аюултай нүхэн жорлонг аюулгүй зүйлээр солих орчныг нь хангалттай бэлдээгүй. Санхүүгийн орчныг нь хангалттай бэлдээгүй буюу хөнгөлөлттэй зээл байхгүй. Байгаа зээлээ олгохдоо бусад зээлтэй яг ижилхэн өндөр шалгуур тавьдаг. Давхар зээлгүй байх ёстой гээд амьдралгүй шаардлага маш тавьдаг учраас бусад санал болгож буй жорлонг санхүүгээсээ болоод хэрэглэж чадахгүй байна.
Нүхэн жорлонг төр тендер зарлавал багасна гэж боддог. Үүнийхээ үр дүнд тендер зарлалаа, жорлон тараалаа. Ялгаагүй л цилиндртэй, бетонон кольцотой нүхэн жорлон тараасан. Тэр байтугай төрөөс тараасан жорлон нь илүү төмөр ханатай, хайрдаг, аймаар жорлон тараасан л даа. Тэгэхээр тендерээр энэ асуудлыг шийдэхгүй гэдгийг 2000-3000 айлд жорлон тараасныхаа дараа төр ойлгосон байх гэж бодож байна. Энэ асуудал нь төлбөрийн чадвараас л болдог. Төлбөрийн чадвар нь сайн байвал хүмүүст гэртээ жорлон оруулж тавих өчнөөн сонголт байгаа. “Жорлонгоо өөрчилье” гэдэг төсөл хэрэгжээд 8 жил болоход олон технологийн жорлон Монголд бүгд орж ирсэн. Банкнууд, төр хамтран иргэнд жорлонгоо өөрчлөхөд нь тохирсон зээлийн бодлогоо явуулах хэрэгтэй. Нүхэн жорлонгоо солих төлбөрийн чадварт нь дэмжээд өгвөл гэр хорооллын газартай амьдрал гэдэг тансаглал. Манай тансаг амьдралыг тансаг биш болгож байгаа нь нүхэн жорлон. Үнэндээ хот төлөвлөлт мэддэг хүн Улаанбаатар хотод ирэхээрээ гэр хорооллоо л битгий устгаарай гэж гуйдаг. Амьдралын чанар гэдгийг мэддэг хүмүүс манай хотод ирэхээрээ битгий бүх хүнээ байранд оруулаарай. Гэр хороолол танай хотын чимэг шүү гэж хэлдэг. Тэр утгаараа гэр хороолол байгаа газрыг, айлын хашааг, амьдралыг хэв маягийг ад үзэж болохгүй. Үнэхээр ад үзмээр байвал нүхэн жорлонгоо солих зээлийн бодлогыг нь явуулж өгөх хэрэгтэй.
Иргэнд, жорлонд зориулсан зээлийн бодлогын ямар нэгэн алхмыг аль ч төр, Засгийн газар хийгээгүй байна. Хүүгүй сан байрлуулсан байхад сангаас нь зээл гаргахдаа банкнууд хамаагүй хөнгөлөлттэй зээл гаргах боломжтой. Бид үүнийг л санал болгодог боловч одоогоор хэн ч хийж чадахгүй байна. Бодлогоор дэмжихгүй байгаа нь хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна. Бохирдол юунаас болоод байгааг бүгд мэдэж байгаа. Наад зах нь гүний ус, амьдрах орчин, агаарыг бохирдуулж байна. Үер боллоо гэхэд байшин хороолол руу хальж бохирдуулж байна. Энэ их бохирдол байгааг удаа дараагийн Засгийн газрууд тайлангуудаас мэдэж байгаа. Үүнийг шийдэх хэмжээний мөнгө удаа дараагийн Засгийн газарт татварын орлогоор орж ирж байсан. Тэгэхээр орж ирж байгаа мөнгийг тулгамдаж байгаа асуудалд зарцуулахгүй байна гэдэг хүний эрхийн зөрчил.
Нүхэн жорлонгоосоо салсан дэлхийн улс орнуудын сайн туршлага
Нүхэн жорлон дан ганц Монголын асуудал уу гэвэл үгүй. Дэлхий дээр 3.4 тэрбум хүн шаардлага хангасан, аюулгүй, хүртээмжтэй ариун цэврийн байгууламжгүй амьдарч байна. Орчин үеийн хотжилт, хүн амын өсөлт, уур амьсгалын өөрчлөлт гээд олон хүчин зүйл улс орнуудыг илүү аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан, байгальд ээлтэй жорлонгийн шийдлүүд рүү шилжихийг шаардах боллоо. Нүхэн жорлон бол хөгжиж буй улс орнуудын хамгийн нийтлэг, хямд шийдэл мэт харагдавч, урт хугацаандаа усны бохирдол, халдварт өвчин, хөрсний доройтолд нөлөөлдөг ноцтой хүндрэлтэй. Иймээс стандартын ариун цэврийн байгууламж дутмаг олон орон жорлонгийн асуудлаа шийдэхдээ нэгдсэн менежментээр, өөрийн улс орны онцлогтой уялдуулан арга хэмжээ авч ажилласан байдаг. Эдгээр жишээнүүдээс танилцуулъя.
Юуны өмнө, Хятадын “Жорлонгийн хувьсгал” нь асар өргөн цар хүрээтэй шинэчлэлийн бодлогын тод жишээ юм. БНХАУ-ын дарга дарга Ши Жиньпин улсын аялал жуулчлалаа хөгжүүлэх, иргэдийн амьдрах орчны чанарыг сайжруулахын тулд жорлонгийн асуудлыг шинэ түвшинд авч үзэх шаардлагатай гэж үзээд 2015 онд “Жорлонгийн хувьсгал”-ыг улс даяар эхлүүлсэн байдаг. Үүний дагуу 2017 он хүртэл 33 мянган нийтийн ариун цэврийн байгууламж шинээр барьж, 24 мянгыг нь шинэчлэх зорилт дэвшүүлжээ. Хятадын Аялал жуулчлалын газрын мэдээлснээр зөвхөн 2015 онд гэхэд л 52,485 жорлонг сайжруулж шинэчилсэн байна. Хятадад гол төлөв нойтон жорлон буюу эргэлтийн усаар ялгадсаа урсгадаг арга технологийг ашигладаг. Их хэмжээний нүхэн жорлонг сайжруулсан хуурай жорлон, септик систем болон жижиг бохирын шугамтай нэгтгэх ажил олон айл өрхөд эрүүл ахуйн ахиц авчирсан гэж үздэг. Жорлонгийн шинэчлэлийн ийм хөдөлгөөн зөвхөн Хятадаар хязгаарлагдахгүй. Дэлхийн олон оронд жорлонгийн асуудлыг нийгмийн хөгжлийн нэг чухал үзүүлэлт гэж үзэх болжээ.
Энэтхэг улс Ерөнхий сайд Нарендра Модигийн санаачилгаар “Цэвэр Энэтхэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж, ил задгай бие засах явдлыг бүрэн арилгахаар зорин ажиллаж байна. Хөтөлбөрийн эхний үе шатанд хэдэн арван сая жорлонг төрөөс санхүүжүүлэн барьж, өргөн хүрээнд суурилуулсан байна. Энэтхэгийн “Clean India” буюу Swachh Bharat Mission нь өнөөгийн дэлхийн хамгийн том жорлонгийн шинэчлэлийн төсөл гэж хэлж болно. Энэ хөтөлбөр хэдэн зуун сая хүнд анх удаа гэрийн жорлон ашиглах боломж олгож, ил задгай бие засах дадлыг бууруулсан байна. Гэхдээ энэхүү амжилтын зэрэгцээ септик савыг аюулгүй соруулах, боловсруулсан лагийг зөв зайлуулах тогтолцоо зарим бүс нутагт хангалтгүй байснаас байгаль орчны эрсдэл тодорхой хэмжээнд хадгалагдсаар байна.
Уганда зэрэг Африкийн орнуудад хэрэгжсэн шээс тусгаарладаг экосан жорлонгийн хөтөлбөрүүд тогтвортой шийдлийн бас нэгэн сайн жишээ юм. Усны хомсдолтой бүс нутагт уг технологи хэрэглэгчдэд амьдралын чанарыг сайжруулж, боловсруулсан ялгадсын бордоог хөдөө аж ахуйд ашиглах боломж бүрдүүлсэн байна. Эдгээр төслүүд олон жилийн турш сургалт, хэрэглэгчийн дадлыг өөрчлөх үйл ажиллагаатай хослон хэрэгжсэн нь үр дүнг тогтвортой болгоход ихээхэн нөлөөлжээ.
Түүнчлэн, Шведийн зарим хотууд усаар ажилладаг жорлонгууд тохиромжгүй бүсэд шээс тусгаарладаг, хуурай эко-жорлонгийн систем нэвтрүүлсэн байна. Ингэхдээ хүний ялгадсыг ариутган бордоо болгох хуулийн зохицуулалт, гэрчилгээжүүлэлтийн тогтолцоо бий болгожээ. Үүний үр дүнд экосан технологи өндөр хөгжилтэй оронд ч тогтвортой ажиллаж болдгийг харуулсан. Аюулгүй байдлын стандарт, хяналт сайн бол фермерүүд бордоог хүлээн зөвшөөрдөг болсон байна.
Улсуудын амжилттай туршлагын цаана зөвхөн барилга байгууламж биш, харин хүмүүсийн өдөр тутмын дадал, төрийн бодлого, санхүүжилтийн механизм, технологийн зөв сонголт зэргийг уялдуулсан цагт нүхэн жорлонг халж, хүн болон байгальд ээлтэй шинэ үеийн жорлонгийн соёлыг бий болгох боломж бүрддэг болох нь харагдаж байна.
Нүхэн жорлонгоос салах олон шийдэл бий. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар манай орны нөхцөлд хамгийн тохиромжтой нь ус бага хэрэглэдэг, вакуум системтэй, эсвэл хуурай, биологийн аргаар бохирыг задлан боловсруулдаг технологитой жорлон юм. Нүхэн жорлонг орлох технологиуд манайд хэдийнээ нэвтэрсэн ч аль шийдлийг ямар зохион байгуулалтаар, ямар стандарттайгаар хэрэгжүүлэх нь тодорхойгүй байсаар ирсэн нь өнөөг хүртэл жорлонгийн асуудал бодитоор шийдэгдэхгүй байна. Зүй нь, 1.5 сая иргэн амьдарч байгаа Улаанбаатар хотын стандарт нүхэн жорлонгийн хувьслаас эхлэх учиртай.