Залуу насанд хэвшүүлсэн дадал зуршил ирээдүйд зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэхэд маш чухал болохыг шинэ судалгаа харуулжээ.
Harvard-ын харьяа Beth Israel Deaconess Medical Center-ийн судлаачдын багийн хийсэн томоохон судалгаагаар залуу насанд (20–40 нас) зүрхний эрүүл мэндийн үзүүлэлт хэрхэн өөрчлөгдөж буй нь хэдэн арван жилийн дараах зүрх судасны өвчин, харвалт болон нас баралтын эрсдэлийг урьдчилан хэлдэг болох нь тогтоогдсон байна. Судалгааны үр дүн JAMA Network Open сэтгүүлд хэвлэгджээ.
35 жилийн турш АНУ-ын 5000 гаруй хүнийг шинжлэн судалсан “Coronary Artery Risk Development in Young Adults” судалгааны өгөгдлөөс харахад, 20–40 насандаа зүрхний эрүүл мэнд нь дордсон хүмүүс 60 насандаа зүрхний өвчин тусах эрсдэл 10 дахин өндөр байжээ. Харин зүрхний эрүүл мэндээ хадгалсан эсвэл сайжруулсан хүмүүсийн эрсдэл эрс бага байв.
“Товчоор хэлбэл өөрчлөлт чухал. Дадал зуршил болон зүрхний эрүүл мэндээ сайжруулах тусам ирээдүйн эрсдэл буурна. Хамгийн гол нь сайн зуршлыг эрт хэвшүүлж, удаан хадгалах нь хамгийн үр дүнтэй” гэж судлаач Жэймс Гүо онцоллоо.
Судалгаанд LE8 оноог ашиглажээ
Судлаачид зүрхний эрүүл мэндийг Америкийн Зүрхний Нийгэмлэгийн “Life’s Essential 8” (LE8) үзүүлэлтээр хэмжжээ. Энэхүү оноо нь хооллолт, биеийн хөдөлгөөн, нойр, биеийн жин, холестерин, цусан дахь сахар, цусны даралт, тамхинд өртөхгүй байх гэсэн 8 хүчин зүйлийг илтгэдэг. LE8 нь 0–100 хооронд үнэлэгддэг, өндөр оноо авах тусам зүрхний эрүүл мэнд сайн байна гэсэн үг.
LE8 оноо 10 пунктаар буурахад ирээдүйд зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэл 53 хувь нэмэгддэг болох нь тогтоогджээ.
Залуу нас бол эрсдэлийг эртнээс бууруулах боломж
Залуу насанд хүмүүс сургуулиа төгсөж, ажил амьдралаа эхлүүлж, гэр бүл зохион эрүүл мэндийн шинэ тогтолцоонд ордог. Энэ үед амьдралын хэв маяг тогтворгүй, их өөрчлөгддөг тул эрүүл зуршлыг хэвшүүлэх хамгийн тохиромжтой үе гэж судлаачид үзэж байна. Үүнийг “primordial prevention” буюу зүрхний өвчний эрсдэлт хүчин зүйл бий болохоос өмнө урьдчилан сэргийлэх стратеги гэж нэрлэдэг.