Open iToim app
Дэлхий | 5 мин уншина

Дроны халдлагад өртсөн Оросын нийлүүлэгчид Монголын шатахууны импортыг хязгаарлах уу

Дроны халдлагад өртсөн Оросын нийлүүлэгчид Монголын шатахууны импортыг хязгаарлах уу
Нийтэлсэн 2025 оны 12 сарын 5
Өнгөрсөн ес, аравдугаар сард Монгол Улсад шатахууны хомсдол үүсэж, хэсэгтээ л иргэдийн бухимдлыг төрүүлсэн. Гэхдээ энэ бол шинэ тутам үзэгдэл бус шатахууны хараат Монголын хувьд хэвийн үзэгдэл болоод буй.
Өнгөрсөн намраас шатахуун тасалдаж, хомсдох үеэр салбарын сайд Г.Дамдинням иргэд өөрсдөө бензинээ нөөцлөөд байгаа учраас хомсдол үүсэж байна, бодит хомсдол үүсээгүй, шатахуун түгээх станцууд өөрсдөө зохиомол хомсдол үүсгэж байна гэх зэрэг тайлбар хийж байв. Удалгүй шатахууны нийлүүлэлт хэвийн болсон гэж мэдээлсэн ч арванхоёрдугаар сар гарахтай зэрэгцээд буюу өнгөрсөн долоо хоногоос нийслэл болон орон нутагт дахин шатахууны хомсдол үүсэж, иргэд колонкуудын гадаа олон цагаар оочирлож зогсож байна гэх мэдээлэл цахим орчинд тархсан билээ. 
Нэг талаар холбогдох хүмүүс, мэргэжилтнүүд нь шатахууны нийлүүлэлт тасралтгүй, хэвийн үргэлжилж байна гэж тайлбарлаж байгаа ч иргэдийн хувьд энэ байдал эсрэгээрээ байна. Орон нутгийн жолоочдын хэлж байгаагаар аймгийн колонкууд өглөө 9:00-12:00 цагийн хооронд бага хэмжээгээр шатахуун өгөөд хааж байгаа аж. Ингэхдээ нэг, эсвэл хоёр колонк л шатахуун өгдөг. Бусад нь бараг ажиллахгүй байгаа гэж ярьцгааж байна. Дээрээс нь арав хүрэхгүй хоногийн дараа дахиад л шатахуунгүй болчихдог цикл тогтсон гэжээ.
undefined
Манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг. Үүний 95 орчим хувийг ОХУ, үлдсэн 5 хувийг БНХАУ болон бусад улсуудаас импортолж байна. Монгол Улсын шатахууны хэрэглээний 75 орчим хувийг ОХУ-ын Роснефть компани дангаар нийлүүлдэг гэдэг. Тэгвэл 2025 оны арваннэгдүгээр сард ОХУ-ын Роснефть компаниас 58 мянган тн АИ-92 автобензин, 1.6 мянган тн АИ-95 автобензин 75.8 мянган тн дизель түлш захиалжээ.
ОХУ шатахууны экспортдоо наймдугаар сарын 1-нээс хойш хязгаарлалт тавиад буй. Харин энэхүү хязгаарлалт Монгол Улсад хамаарахгүй, нийлүүлэлт тогтвортой үргэлжилнэ гэж ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин тухайн үед мэдэгдэж байв. Гэсэн хэдий ч ОХУ-ын шатахууны үйлдвэрүүдэд хийсэн Украины дроны халдлагын улмаас тус улсын экспортод чиглэсэн хүчин чадал илүүтэй багасаж, экспортын бүтцэд томоохон доголдол үүсээд байна.
ОХУ дэлхийн хамгийн том түлш, шатахуун үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд өргөн уудам дэд бүтэц, олон улсын зах зээлд чиглэсэн экспортын томоохон системтэй. Гэвч 2022 онд Украинд эхлүүлсэн дайны улмаас барууны хориг арга хэмжээ хүчтэй болсон нь тус улсын шатахууны экспорт, дотоодын ханган нийлүүлэлт, үр ашигтай байдалд мэдэгдэхүйц нөлөөлсөн. Эдийн засгийн дарамт, зах зээлийн тогтворгүй байдал, дэд бүтцэд чиглэсэн Украины довтолгоонууд нэмэгдсэн зэрэг хүчин зүйлс ОХУ-ын шатахууны үйлдвэрлэл, хэрэглээ, экспортын тэнцвэрийг өөрчилсөөр байна.
2024–2025 онд Украины дроны халдлагад өртсөн нефть боловсруулах үйлдвэрүүд
ОХУ дотоодын хангамжаа хамгаалах зорилгоор 2024–2025 онд дизелийн экспортыг хэсэгчлэн хязгаарлаж, бензин экспортыг удаа дараа сунган хориглосон. Эх сурвалжуудын мэдээллээр 2024–2025 онд Новокуйбышевск, Рязань, Афипский, Куйбышевск зэрэг өндөр хүчин чадалтай олон том үйлдвэр дроны халдлага, бөмбөгдөлтөд өртжээ. Зарим тохиолдолд түүхий тосны анхан шатны боловсруулах төхөөрөмжүүдийг түр хугацаанд бүрэн зогсооход хүргэсэн бол заримдаа агуулах, экспортын ложистикийн байгууламжууд гэмтсэн байна. Салбарын шинжээчдийн тооцоогоор 2025 оны дунд үе гэхэд Оросын нийт боловсруулах хүчин чадлын 17–20 хувь нь доголдож, ажиллагаагүй эсвэл хэсэгчлэн тасалдсан байдалтай байв.
2024–2025 оны хооронд олон улсын болон нээлттэй эх сурвалжийн мэдээллээр Оросын олон тооны томоохон боловсруулах үйлдвэр, түлшний дэд бүтэц Украины Зэвсэгт хүчний дрон болон бусад төрлийн цохилтод өртсөн. Олон нийтэд нээлттэй мэдэгдэж буй Украины халдлагад өртсөн Оросын шатахууны үйлдвэрүүдийн жагсаалтаас хүргэе.
undefined
Роснефтьийн Новокуибышевскийн нефть боловсруулах үйлдвэр (Самарын бүс)
2025 оны наймдугаар сарын 2-нд дроны цохилт тус үйлдвэрийн үндсэн түүхий тос боловсруулах байгууламж (CDU-11)-ийг гэмтээж, анхан шатны боловсруулалтыг бүрэн зогсооход хүргэсэн. Уг үйлдвэр жилдээ ойролцоогоор 8.3 сая тонн боловсруулах хүчин чадалтай.
Роснефтьийн Рязаний нефть боловсруулах үйлдвэр
2025 оны арваннэгдүгээр сарын 15-нд дроны цохилтоос үүдэн гал гарч, үйлдвэрийн түүхий тос боловсруулах үйл ажиллагаа зогссон. Тус цохилт нь үйлдвэрийн нийт хүчин чадлын тал хувийг эзэлдэг гол нэрийн төхөөрөмжийг ажиллагаагүй болгосон. Үүнээс өмнө буюу 2025 оны наймдугаар сард мөн хоёр үндсэн байгууламж (CDU-3, CDU-4) гэмтсэн нь үйлдвэрийн хүчин чадлыг таллан бууруулжээ. 2024 онд Рязаний үйлдвэр 13.1 сая тонн түүхий тос боловсруулж байв.
Роснефтьийн Куйбышевын үйлдвэр (Самара / Волга-Урал бүс)
2025 оны наймдугаар сарын сүүлээр дронуудын халдлагаар үндсэн байгууламжууд болох CDU-4, CDU-5 эвдэрч, үйлдвэр түр зогссон.
Афипскийн нефть боловсруулах үйлдвэр (Краснодарын хязгаар)
2025 оны наймдугаар сарын 28-нд дроны хэлтэрхий боловсруулах хэсэг дээр унаж гал гарсан. Өмнөд бүсийн үйлдвэрүүд нь дотоодын зах зээл төдийгүй Хар тэнгисийн боомтуудаар дамжих экспортод чухал байр суурьтай байдаг.
Саратовын нефть боловсруулах үйлдвэр (Роснефть)
2025 оны наймдугаар сарын эхэнд дроны халдлагад өртөж, түүхий тос хүлээн авах процессыг зогсоосон.
Эдгээрээс гадна 2024–2025 онд Оросын дотоодын жижиг үйлдвэрүүд, агуулах, терминалууд ч мөн Украины дроны халдлагын бай болсон талаар салбарын эх сурвалжуудад дурдсан байдаг.
undefined
Дроны халдлагын улмаас хэр хэмжээний хүчин чадал саатсан бэ?
2025 оны наймдугаар сарын цохилтуудын үеэр (Новокуибышевск, Рязань, Куйбышев, Афипски, Саратов) Оросын боловсруулах хүчин чадлын томоохон хэсэг ажиллагаагүй болжээ. Зарим тооцоогоор эдгээр халдлага нь өдөрт 17,700 тонн бензин, 35,100 тонн дизель түлшний алдагдал үүсгэх хэмжээний хүчин чадлыг устгасан байна. 
Хэдий ийм том хэмжээний доголдол гарсан ч улсын хэмжээнд боловсруулсан нефтийн нийт хэмжээ пропорциональ хэмжээгээр буураагүй аж. 2025 оны салбарын нэгэн тайланд дурдсанаар Оросын нийт боловсруулалт ердөө 3 хувь орчим л буурсан гэжээ.
Үүнд нөлөөлсөн хүчин зүйлс:
  • ашиглагдахгүй байсан нөөц хүчин чадлыг ашигласан,
  • өөр бүсийн үйлдвэрүүд хүчин чадлаа нэмсэн,
  • түүхий тосны урсгалыг өөрчлөн дахин чиглүүлсэн.
Энэ мэт аргаар хохирлыг хэсэгчлэн нөхсөн боловч бүрэн нөхөгдсөн гэсэн үг биш. Голдуу экспортын чиглэл болон стратегийн ач холбогдолтой үйлдвэрүүдийн хүчин чадал алдагдсан нь нийт бүтцийг сулруулж байгаа аж.
ОХУ-аас түлш импортолдог улс орнуудад, түүний дотор Монгол Улсад “Оросын түлш найдвартай эх үүсвэр” гэх ойлголт илүү эрсдэлтэй болж байна. Түүнчлэн дунд болон урт хугацаанд шатахууны нийлүүлэлт тогтворгүй, улс төрд нөлөөлөл ихтэй, өндөр өртөгтэй болох магадлал өндөр байгаа юм.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн