Open iToim app
Зочин | 23 мин уншина

С.Мөнхсүх: Ямар ч ээдрээтэй асуудал харилцан ойлголцол, харилцан ярианаас эхэлдэг

С.Мөнхсүх: Ямар ч ээдрээтэй асуудал харилцан ойлголцол, харилцан ярианаас эхэлдэг
Нийтэлсэн 2025 оны 12 сарын 5
“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон Сүхбаатарын МӨНХСҮХтэй ярилцлаа. “Оюу толгой” компани төслийн шатнаас тогтвортой үйлдвэрлэлийн шат руу шилжиж байгаа, мөн Монголын Засгийн газар хөрөнгө оруулагчтай хэлцэл эхлүүлсэн чухал цаг үед “Оюу толгой” компанийн шинэ захиралтай уулзаж, ярилцах боломж олдсон юм.
-“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар монгол хүн томилсныг олон нийт өнгөрсөн долоо хоногт мэдсэн. Гэхдээ хувь хүн талаас нь бүрэн дүүрэн мэдээлэл аваагүй болов уу. Тиймээс ярилцлагаа С.Мөнхсүх гэж хэн бэ, хаана төрж өсөж, бага залуу насаа хэрхэн өнгөрөөснөөс эхэлье.
-Миний аав, ээж Говь-Алтай аймгийн уугуул. Миний хувьд Улаанбаатар хотод төрж, өссөн. Багадаа Дарханд амьдарч байгаад 7, 8-тайдаа Улаанбаатарт ирсэн. Бага насаа Дэнжийн мянгад өнгөрүүлж, дараа нь нэгдүгээр хороолол руу манайх нүүж, тэндээ удаан төвхнөсөн. Нийслэлийн 81-р сургуулийг дүүргэсэн. Ер нь 1980-иад онд өссөн залуусын адил гудамжинд тэвэг тоглож, чулуугаар байлдаж л явлаа. Хичээл сурлагын хувьд аав, ээжийнхээ чихийг халууцуулдаггүй, боломжийн хэмжээнд сайн сурдаг хүүхэд байсан. Тэр дундаа хөдөлмөр, шугам зураг, биеийн тамир гэсэн гурван хичээлдээ онцгой сайн байлаа /инээв/. Ер нь багаасаа спортод дуртай, бүр долоон настайгаасаа спортын гимнастикаар хичээллэж, өвөл зунгүй долоо хоногт 5 удаа бэлтгэлдээ явдаг хүүхэд байлаа.
-Таны аав, ээж ямар мэргэжилтэй хүмүүс байв. Эхээс хэдүүлээ вэ?
-Эхээс хоёулаа, дээрээ эгчтэй. Аав маань эдийн засагч, ээж маань бага эмч мэргэжилтэй хүмүүс байсан. Тухай үеийн хүмүүс маш завгүй, бид өөрсдөө учраа олдог байлаа. Аав, ээж хоёр хэчнээн завгүй байсан ч эгч бид хоёрын боловсролд нэлээд анхаарал хандуулдаг байсан. Эргээд бодоход, аав ээждээ маш их баярладаг, тэднийхээ буянаар өөртөө олдсон боломжуудыг ашиглаж чаджээ.  
-Таны хувьд бакалавраа АНУ-ын Норт Уэстийн их сургуульд бизнесийн удирдлага, санхүүгээр дүүргэсэн байсан. Арван жилээ төгсөөд шууд Америкт сурахаар явсан уу?
-Яг ч шууд яваагүй. Арван жилээ төгсөөд МУИС-ийн хуулийн ангид хуульч болохоор элссэн. Багадаа бол сансрын нисгэгч болно гэж боддог байсан. Харин арван жилээ төгсөхдөө “хуульч мэргэжил ирээдүйтэй юм байна” гээд МУИС-ийн Хууль зүйн сургуульд орсон. Гэсэн ч жил сураад нэг л болж өгөхгүй, өөрөө ч сонирхолгүй боллоо, сайн дүн ч аваагүй. Тэр үед ер нь гадагшаа явж сурах нь зөв гэж үзсэн. Тухайн үед МУИС-ийн хуулийн сургуулиасаа амьдралынхаа хамгийн үнэ цэнтэй хүнээ олсон. Эхнэртэйгээ МУИС-ийн хуулийн ангид танилцаж, хамтдаа Америкийг зорьсон. Эхлээд хэлний сургалтын визээр Америкт очиж байлаа. Ямартай ч хэлний сургуульдаа ороод учраа олох гэж нэлээд явсан. Дараа нь хоёр жил комюнити коллежид сураад, Норт Уэстийн их сургуульд бизнесийн удирдлага, санхүүгээр төгссөн. Анх компьютерын инженерчлэл чиглэлээр сураад дундаас нь өөрчилсөн. Тэр үед уншсан номууд, мөн зах зээлийн нийгмийн шилжилт, мөнгөний үнэ цэнийг мэдэхийн дээдээр мэдэрч, гэр бүлээ авч явах үүрэг хариуцлага зэргээ бодолцоод санхүүгийн чиглэлээр суралцах нь ирээдүйтэй гэж үзсэн. Мөн тухайн үед Нью-Йоркийн хөрөнгийн бирж, санхүүгийн төв болох Wall Street хүчээ авч, санхүүгийн салбар оргилж байлаа. Тэнд очиж ажиллана гээд өөртөө урам зориг өгч байсан санагдана. Манай сургуулийн нэг онцлог нь бакалаврын мэргэжил эзэмшихийн хажуугаар дадлагын ажил хийлгэдэг байсан. Цалинтай учраас тэр хугацаандаа ажил хийж мөнгө олохын хажуугаар ажлын туршлага хуримтлуулах сайхан боломж байсан.
Их сургуулиа төгсөөд Бостоноос Сан Франциско руу нүүж, тэндээ Citco гээд Голландын хөрөнгө оруулалт, санхүүгийн үйлчилгээний компанид 10 гаруй жил мэргэжлээрээ ажилласан. Хажуугаар нь Беркелигийн их сургуульд бизнесийн удирдлагын магисрын зэргээ хамгаалсан. Ингэж явсаар 2009 оноос нутаг руугаа буцъя, аав ээждээ очъё гээд 2009 онд Монголдоо ирсэн. Монголд ажил буцалж, олон боломж, өөрчлөлтүүд бий болж, би тэрнээс хоцроод байгаа юм шиг мэдрэмж авсан. Мөн тухайн үед Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ яг зурагдаж байсан бөгөөд миний хувьд “гуравдагч орны хөрөнгө оруулалтай энэ том төслийг дагаад Монголд олон боломж нээгдэнэ, бүтээн байгуулалтууд өрнөх нь” гэж харсан.
 -Монголдоо ирээд агаарын тээвэрлэгч компанийг удирдсан байдаг байх аа?
-Ирээд Монголын анхны хөрөнгө оруулалтын сан байгуулах ажилд оролцож байгаад Ньюком группд ажиллахаар болсон. Удалгүй Изинис эйрвэйзийн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажилласан. Изинист ажиллах хугацаа маань маш их зүйлийг сурч, ойлгож авсан он жилүүд байсан. ТУЗ болон хувьцаа эзэмшигчид ч надад том итгэл найдвар хүлээлгэсэн. Өмнө нь зөвхөн санхүүгийн ертөнцөд мэргэжил нэгтэй хүмүүстэйгээ түлхүү ажилладаг байсан. Авиа компанийн захирлаар ажиллаад олон талуудтай харилцаж, ажлын цар хүрээ ч тэлж, олон хүнтэй ойлголцох шаардлагатай нүүр тулсан. Тэр хэрээр туршлага сууж, мөн гүйцэтгэх захирлын албан тушаалын эрх үүрэг, хариуцлага ямар байдгийг мэдэрч, ойлгосон доо.
-Таныг Оюу толгойд ажилд орсон 2012 онд төслийн бүтээн байгуулалт эхэлж, таарсан хүн болгон шахуу Оюу толгойд ажилд орчих юм сан гэж ярьдаг байсан үе. Таны сонголт яагаад  Оюу толгой байсан бэ?
-Изинист олон жил ажиллах зорилго тавиагүй. Хоёр жилийн хугацаанд тухайн компанид огцом өсөлт авчрах үүрэг даалгаврыг ТУЗ-өөсөө авсан байсан. ТУЗ-өөс өгсөн үүргээ биелүүлсэн учраас дараагийн хүч сорих ажлаа бодож байсан. Ажлын холбоогоор Оюу толгой, Рио Тинтогийн удирдах багийн гишүүдийг таньдаг болсон. Оюу толгойд ажиллах сонирхол байсан учраас ажлын ярилцлагад ороод Оюу толгойн уурхайн талбараас гаднах стратегийн төсөл, дэд бүтцийг хариуцах ажилд сонгогдсон. Миний хувьд гурван жил гаруй “Оюу толгой” компанид ажиллахдаа эрчим хүчний төсөл дээр илүү анхаарч ажилласан. Энэ чиглэлээр ч нэлээд их яриа өрнөдөг үе байсан.
Тэндээсээ Рио Тинтогийн Монгол дахь салбарыг бий болгож, Монголоос дэлхийн бусад уурхайд үйлчилгээ үзүүлэх төвийг байгуулж, 2015 онд Гүйцэтгэх захирлаар нь томилогдсон. Дараа нь Рио Тинто гэдэг компанийн дотор нь орж ажиллаж үзье, өөр төслүүдээс нь суралцаж, ижил төстэй төслүүдийн давуу болон сул тал юу юм гэдгийг мэдье, өөрийгөө сорьё гэж шийдээд Австралид ажиллахаар явсан.
-Та 2015 оноос хойш Рио Тинтогийн олон төсөл дээр ажилласан байна. Жишээ нь, Австрали дахь Вину зэс алтны уурхайн төслийг урагшлуулж, эрчимжүүлэхэд таныг чухал нөлөөтэй байсныг Рио Тинто онцолсон байсан. Энэ туршлагаас харахад, Оюу толгойн онцлог, давуу талыг юу гэж тодотгох вэ?
-Миний хамгийн их мэдэрсэн зүйл бол монгол залуучуудын потенциал. Бид чадна, бид илүү суралцъя, аргыг нь олъё гэдэг хандлага зонхилсон байдаг. Энэ нь бусдаас шинэлэг бөгөөд онцлог юм билээ. Магадгүй Оюу толгой өөрөө шинэ, залуу ажиллах хүчин давамгайлж байгаатай холбоотой байх. Ер нь Рио Тинтод монголчууд нэр хүнд сайтай байгаа. Хурдан суралцдаг, юм хийж чаддаг, ажлыг нугалж чаддаг нь бидний давуу тал. Миний хувьд дэлхийн олон уурхайд очиж, түүх намтартай нь танилцаж үзээд Оюу толгой ямар чанартай бүтээн байгуулалт бий болгож чадсан юм бэ гэж үнэлсэн. Хэврэг, нүд хуурсан зүйл хийгээгүй, олон жилийн үр өгөөжтэй, аюулгүй ажиллагааг чухалчилж, чанартай бүтээн байгуулалт хийсэн байна. Гурав дахь ойлгосон зүйл нь 1.3 км-ийн гүнээс эрдсийг гаргаж ирэх нь маш амаргүй, сорилт ихтэй, өндөр хариуцлагатай ажил гэдгийг. Хөндлөнгөөс харахад магадгүй уурхайн эдийн засгийн өгөөж чухал санагддаг байх. Гэхдээ цаана нь ямар олон эрсдэл байдаг, түүнийг хэрхэн даван туулдаг вэ гэдгийг орхигдуулдаг тал бий. Оюу толгойн уурхай эдийн засгийн үр өгөөжтэй байхаас гадна тэнд ажиллаж байгаа 18 мянган залуусыг хэрхэн аюулгүй, эсэн мэнд ажиллуулах нөхцлийг бүрдүүлэх маш хариуцлагатай үүргийг хүлээсэн.
Хоёр хувьцаа эзэмшигчийнхээ хоёулангийнх нь дэмжлэгээр томилогдсондоо баяртай байгаа. Гол нь монгол хүн томилно гээд шалгуур сулраагүй, өрсөлдсөн хүмүүс маань бүгд мундаг туршлагатай, миний хүндэлдэг хүмүүс байсан. Цаашид Оюу толгойн уурхайг бүтэн потенциалд нь хүргэх, эдийн засгийн үр өгөөжийг улам сайжруулахын төлөө ажиллана.

undefined
-Та саяхныг хүртэл Рио Тинтогийн Ази, Номхон далайн бүсийн Өсөлт ба хөгжил хариуцсан захирлаар ажиллаж, Зэсийн группийн төслүүдийг тус бүс нутагт тэлэхэд чиглэсэн түншлэлийг хөгжүүлэх, томоохон төслүүдийг амжилтад хөтлөх, урагшлуулах зэрэг чухал ажлуудыг гардан хийж, туршлага хуримтлуулсан байна. Одоо таны томилогдож буй ажил чухам өөрийн тань хүсэж мөрөөдсөн ажил мөн үү. Энэхүү албан тушаалыг дагаад танд ямар боломж, бас ямар сорилт ирж байна вэ?
-Дөрвөн жилийн өмнө надад “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад оролцох боломж байсан л даа. Тухайн үед би өөрийгөө “арай болоогүй байна, мэдэхгүй чадахгүй зүйл олон, цаг нь ч болоогүй” гээд хойш суусан. Одоо бол дахин хойш сууж болохгүй гэж үзсэн. Миний хувьд Оюу толгойд ажилладаг олон залуусын  “танаас үлгэр дуурайлал авдаг шүү” гэсэн урам зориг ихээхэн нөлөөлсөн. Тиймээс “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад нэрээ өгсөн. Түүнчлэн, хоёр талын хувь нийлүүлэгчдийнхээ хоёулангийнх нь дэмжлэгийг авах нь надад чухал байсан. Тиймдээ ч хоёулангийнх нь дэмжлэгээр томилогдсондоо баяртай байгаа. Мэдээж монгол хүн гэдэг нь тодорхой хэмжээний давуу тал болсон. Гэхдээ үүнийг дагаад сорилтууд ч бий. Гол нь монгол хүн томилно гээд шалгуур сулраагүй, өрсөлдсөн хүмүүс маань бүгд мундаг туршлагатай, миний хүндэлдэг хүмүүс байсан.
Цаашид Оюу толгойн уурхайг бүтэн потенциалд нь хүргэх, эдийн засгийн үр өгөөжийг улам сайжруулах, макро эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг нэмэгдүүлж, үр бүтээлтэй ажиллуулах нь хамгийн чухал. Мэдээж аюулгүй ажиллагаа, байгаль орчны асуудал маш чухал, үүнийг хэзээ ч орхиж болохгүй. Гол том хүлээлт нь хувь нийлүүлэгчид хоорондын эдийн засгийн үр өгөөжийн хуваарилалт, эргэлзээтэй асуудлууд, үл ойлголцлыг багасгаж, гүүр болж ажиллах ёстой юм болов уу гэж харж байна.
-Ирэх оны хоёрдугаар сараас ажлаа хүлээж аваад яг ямар гол стратеги, ажилд анхаарлаа төвлөрүүлэхээр зорьж байна вэ?
-Миний үндсэн ажлын 80 хувь нь уурхай дээр. Энэ уурхайн бүтээн байгуулалт дууслаа гээд автомат машин шиг ажиллахгүй. Тиймээс миний хувьд ажилдаа баримтлах нэгдүгээр асуудал бол Оюу толгойд ажиллаж байгаа 18 мянган залуусын амь нас, эрүүл мэндийн бүрэн бүтэн байдал. Гүний уурхай өөрөө эрсдэлтэй ажил учраас анхаарлаа сулруулах эрх бидэнд байхгүй. Хоёрт, энэ компанийг үр өгөөжтэй авч явахад анхаарна. Оюу толгойн олборлолт дутуу, төлөвлөгөөндөө хүрч ажиллахгүй бол үр өгөөж нь, эдийн засагт оруулах хувь нэмэр нь доголдоно. Гүний уурхайн ашиглалт оргил үедээ хүрэх нь маш чухал учраас энэ чиглэлд онцгой анхаарна. Гуравт, хоёр талын үл ойлголцлыг сайжруулах, зангилаа болсон асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө ажиллана. Хувь хүний хувьд танай, манай гэлтгүй үл ойлголцол байвал ярилцаж, гарц гаргалгааг нээж ажиллана. Рио Тинто бол гаднын хөрөнгө оруулагч, уул уурхайн бизнесийн байгууллага. Буяны байгууллага биш учраас үр ашигтай байх чухал. Монгол Улсын Засгийн газрын байр суурь ч бас ойлгомжтой, аль болох илүү үр өгөөжийг Монголд шингээх нөхцөлийг хүснэ. Тэгэхээр энэ хоёрыг аль болох ойртуулж, аль алиных нь эрх ашгийг хангаж ажиллах нь миний үүрэг. Дөрөвт, ирээдүйгээ харж ажиллана. Оюу толгойн хувьд бүх зам нь төлөвлөгдсөн, тодорхой болсон юм биш. Бид нарт олон эрсдэл бас боломжууд бий. Үр ашгаа нэмэгдүүлэхэд шинэлэг технологиуд юу байна, дараагийн шатны бүтээн байгуулалтыг хэрхэн хийх вэ гэхээс авахуулаад эрчим хүч, зам тээвэр зэрэг шийдэл хүлээсэн асуудлууд цөөнгүй бий. Тэгэхээр ирээдүй рүү чиглэсэн энэ асуудлуудыг илүү тодорхой болгож, мөн дараагийн үеийн Оюу толгойн манлайлагч залуусыг бэлдэх зэрэг чухал хариуцлага ирж байна гэж харж байна.
-Таныг ажлаа авахтай зэрэгцэн Оюу толгойтой холбоотой хэд хэдэн асуудал нийгмийн анхаарлын төвд байна. Оюу толгойн хөрөнгө оруулагч Рио Тинто групптэй Монгол Улсын Засгийн газар хэлцэл хийх ажлыг эхлүүлж, талууд тун амжилттай урагшилж байна гэж Засгийн газраас мэдээлсэн. Та энэ талаар ямар мэдээлэлтэй байна вэ, үнэхээр хэлцэл амжилттай байгаа юу?
-Ямар ч ээдрээтэй асуудал харилцан ойлголцол, харилцан ярианаас эхэлдэг. Аль аль талдаа хүндэтгэлтэй, ул суурьтай байр сууринаас хандах нь хамгийн чухал. Энэ өнцгөөс харвал, хоёр талаасаа мэргэжлийн багуудаа уулзуулж, яриа хэлцэл эхлүүлж, ойлголцох чиглэлд цаг заваа зарцуулж байгаа нь өөрөө амжилт гэж бодож байна. Мөн талууд зарим зарчмын ойлголт дээрээ санал нэгдэж, зарим зөрүүтэй асуудлуудаа ярилцсан байсан. Тэгэхээр тодорхой үр дүнд хүрч байгаа болов уу. Хэлэлцээр ид өрнөж байгаа энэ үед миний хувьд зарим асуудал руу гүнзгий орж амжаагүй явна. Гурван үндсэн асуудлыг ярьж байгаа бөгөөд тодорхой ойлголцолд хүрэх төсөөлөлтэй байна.
-Тэгэхээр хэлцэл үргэлжилж байх үед хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах гэрээнд заасан хугацаа сунгагдаад явах боломжтой болсон гэсэн үг үү?
-Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг 7 жил тутам нэг удаа хөндөж, хэлэлцээр хийж болно гэж талуудын гэрээнд заасан. Гэрээнд заасан хугацаа 2026 оны нэгдүгээр сарын 31-нд дуусахаар байсан. Хоёр талын хэлэлцээрийн протоколоор зээлийн хүүг бууруулах хэлэлцээрийн хугацааны асуудал дээр ойлголцолд хүрч ирэх оны нэгдүгээр сарын 31-нээс өмнө асуудлаа шийдэх гэж хоёр талаасаа хичээж ажиллахаар болж хэрвээ хугацаандаа амжихгүй бол харилцан ойлголцлоор цааш нь сунгаад хэлэлцээрээ хийгээд явъя гэсэн. Тэгэхээр нэгдүгээр сарын 31 боллоо гээд хаалга хаагдана гэсэн үг биш.
-Зээлийн асуудал бол таны эрхлэх ажил үүрэгт шууд хамааралтай. “Оюу толгой” компани өнөөдрийн байдлаар хэдий хэмжээний зээлтэй байна вэ. Цаашид зээлтэй холбоотой асуудал дээр Та ямар стратеги барьж ажиллах вэ?
-Оюу толгойн менежментийн баг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөх Эрдэнэс Оюу Толгой, хөрөнгө оруулагчийг төлөөлөх Рио Тинто гэсэн хоёр хувь нийлүүгчийн эрх ашгийг хангахад анхаарч ажиллах үүрэгтэй. Манай баг, хамт олны гол зорилго Оюу толгойн эдийн засгийн үр өгөөжийг сайжруулж, хувь нийлүүлэгчдийн ногдол ашиг хүртэх хугацааг наашлуулахад чиглэгдэнэ. Нөхцөл байдал одоо байгаагаар байнга үргэлжилнэ гэсэн үг биш. Сайжруулах боломжуудыг эрэлхийлж хайна. Тэр боломжуудыг хайхдаа олон улсын гэрээ хэлцэл, санхүү зах зээлийн стандартыг барьж ажиллах ёстой юм. Оюу толгой олон улсын хөрөнгө оруулагчтай учраас олон улсын дүрмээр тоглоно. Нөгөөтээгүүр, өнгөрсөн 16 жилийн хугацаанд хөрөнгө оруулагч нараас их хэмжээний хөрөнгө мөнгө татаад, олсон бүх мөнгөө бүтээн байгуулалтад зарцуулж ирснийг ойлгох хэрэгтэй. “Оюу толгой” компани бүтээн байгуулалт, үйл ажиллагааны зардалд жил бүр дунджаар 2 тэрбум ам.доллар буюу 5 гаруй их наяд төгрөг зарцуулж ирсэн байна. Хэдийгээр 2024 оны байдлаарх өссөн дүнгээр 16.3 тэрбум ам.доллар буюу 42.1 их наяд төгрөг борлуулалтын орлого олсон боловч, тухайн жил тутмын борлуулалтын орлого нь зөвхөн үйл ажиллагааны зардлыг нөхөх хэмжээнд хүрч байсан. Оюу толгой бол мега бүтээн байгуулалт. Ил уурхай, баяжуулах үйлдвэр, эрчим хүч, дулаан, ус, тээвэр ложистикийн дэд бүтцүүд дээр нэмээд тус бүр нь 1300м гүний уурхайн таван босоо ам, туузан дамжуургатай 16 км урт налуу ам, газрын гүнд олборлолт явуулах 4 давхар 156 км үргэлжлэх хонгилууд, олборлолтын ам болох 124 юүлүүр, хоёр том аварга анхдагч бутлуур, тоног төхөрөөмж засварын цех зэрэг бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхэд маш их хэмжээний хөрөнгийн эх үүсвэр шаардлагатай болсон. Уурхайн бүтээн байгуулалтад зарцуулагдсан энэ санхүүжилтийг хөрөнгө оруулагч Рио Тинто өөрийн хөрөнгө болон олон улсын банк санхүүгийн зээлдэгчдээс зээл болон санхүүжилтийн бусад хэлбэр (урьдчилгаа төлбөр)-ээр авсан. Зөвхөн бүтээн байгуулалт буюу капитал зардалд 2010-2024 оны эцсийн байдлаар нийт дүн нь 15.7 тэрбум ам.долларын санхүүжүүлэлт хийж зарцуулсан. Үүний 4.1 тэрбум ам.доллар нь өөрийн хөрөнгө, 11.6 тэрбум ам.доллар нь зээлийн санхүүжилтийн эх үүсвэр юм.
Үндсэндээ өнөөдрийг хүртэл санхүүжилтийн эх үүсвэрийн бүх боломжоо ашиглаад гүний уурхайн гол дэд бүтцийн бүтээн байгуулалтаа хийгээд дуусгасан. Энэ хугацаанд голж шилээд аль нэг санхүүжилтийг авна, авахгүй гэсэн сонголт бидэнд байгаагүй. Өөрөөр хэлбэл, бүх боломжийг шавхсан гэсэн үг. Монгол Улсад урьд өмнө ийм төсөл хэрэгжиж байгаагүй, Рио Тинто ч Монгол шиг газар ажиллаж байгаагүй. Анх зээл авсан 2011 онд Монголын ДНБ хэд байв, зээлжих зэрэглэл ямар байсан билээ. Тиймээс энийг ингэх ёстой байсан, тэрийг тэгж засах ёстой байсан гээд шууд өнөөгийн нөхцөлтэй харьцуулж ярих нь учир дутагдалтай. Эхлээд тухайн цаг үеийн нөхцөл байдал ямар байсныг бодолцох ёстой. Нөгөөтээгүүр бид бүтээн байгуулалтаа дуусгачхаад ашиг олж, зээлээ төлөөд эхлэхээр зах зээлээс манай компанид өгөх итгэл үнэмшил өөрчлөгдөнө. Үүнийг дагаад боломжууд нэмэгдэнэ. Санхүүжилтийн хэмжээ хязгаар тэлнэ, сонголт, нөхцөл сайжирна.
Энгийн жишээгээр харьцуулбал, хоёр хүн нийлээд банк санхүүгийн байгууллагаас боломжит бүх хэлбэрээр хөрөнгө мөнгө босгоод дэлгүүр нээлээ гэж бодъё. Гэтэл дэлгүүрээ нээнгүүтээ зээл өгсөн банк дээрээ очоод “би ажлаа эхлүүлчихлээ, одоо та нар зээлийн хүүгээ өөрчил” гээд байвал хүүг шууд буулгах боломжгүй байх. Харин хэсэг хугацаанд ажиллаад олсон орлогоосоо зарим зээлээ төлөөд, үйл ажиллагаагаа тогтворжуулсны дараа хүүгээ бууруулж, дахин санхүүжүүлэх асуудал яривал өөр. Гол хэлэх гэсэн санаа нь нэгд, өнгөрсөн цаг хугацаагаа эргэж хараад ямар нөхцөл байдлаас яаж энэ бүхэн бий болов гэдгийг дүгнэх. Хоёрт, нөхцөл байдлаа үнэлээд сайжруулах тал дээр боломжууд бий болж байна үүн дээр гүйцэтгэх удирдлагын баг үүргийнхээ дагуу ажиллах болно.  
-“Оюу толгой” компани  их хэмжээний зээл аваад монголчуудыг өрөнд оруулчихлаа гэдэг ойлголт нийгэмд байдаг. Нөгөө талд “Оюу толгой” компанийн өр Монгол Улсын нийт гадаад өрийн дийлэнх гэж ярьдаг шүү дээ. Ер нь Оюу толгойн зээлээр дамжиж Монголчууд ямар үр өгөөж хүртээд байна вэ, энэ дээр Та ямар тайлбар хийх вэ?
-“Оюу толгой” компанийн зээлийг Монгол Улсын, Монголын ард түмний өр гэж ойлгоод байдаг. Тийм биш. Энэ бол Монгол Улсын нэг хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хөрөнгө оруулалт, санхүүжилт татаж авсан нэг хэлбэр. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бусад бүх аж ахуйн нэгжтэй л адил. Хариуцлага нь тухайн аж ахуйн нэгжээр буюу “Оюу толгой” компаниар л хязгаарлагдана. Нөгөө талаар, энэ санхүүжилтээр бид юуг бүтээн байгуулж, юутай болсон бэ гэдгийг эргэцүүлж бодох ёстой юм болов уу. Монгол Улс энэ төслийг амжилттай хэрэгжүүлснээр улсын төсөвт өнгөрсөн 15 жилийн хугацаанд 5.3 тэрбум ам.доллар буюу 13.7 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн байна. Энэ тоог илүү ойртуулж зүйрлэвэл Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг 15 жил санхүүжүүлсэнтэй тэнцэх хэмжээний эх үүсвэрийг бүрдүүлсэн гэсэн үг.
Мөн эдийн засагт 18 мянга гаруй хүний ажлын байр бий болгож, дотоодын 900 гаруй аж ахуйн нэгжээс бараа, үйлчилгээ худалдан авч, нийт дүнгээр 16.9 тэрбум ам.доллар буюу 39.6 их наяд төгрөгийг эдийн засагт оруулж чадсан учраас “Оюу толгой” үр өгөөжтэй гэж ам бардам хэлж байгаа юм. Тэгэхээр үр өгөөжийн нэг хэлбэрийг нь дөвийлгөж бусдыг нь чамлаад үгүйсгэж боломгүй юм.
 Юу үнэн бэ гэхлээр Монгол Улс Эрдэнэт дээр нэмээд дахиад нэг саалийн үнээтэй болсон. Тэглээ гээд тайтгарч болохгүй, цаашлаад мэдээж ногдол ашиг яригдана. Ашигтай ажиллаж, хөрөнгө оруулалт зээлээ төлж дуусгаад ногдол ашигт хүрэх нь чухал.
quote photo
Ажил нь зогсож, эргээд сэргэх боломжгүйгээр хаагдсан гашуун туршлага олон байдаг. Оюу толгой энэ эрсдэлээс хол байгаад, тууштай явсан нь амжилт.
С.Мөнхсүх
 -Нэгэнт зээлийн асуудал хөндсөнийх “Оюу толгой” компанийн Рио Тинто группээс авсан зээлийн санхүүжилтийг тайлбарлаж болох уу. УИХ-ын Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалын хувьд “Оюу толгой” компани толгой компаниасаа зах зээлийн түвшнээс 3-4 хувь өндөр хүүтэй зээл авсан нь өөрөө эрх ашгийн зөрчилтэй, байж болохгүй асуудал гэж мэдээлсэн. Ямар зохицуулалттай зээл байдаг юм бэ?
-Бидний ярьдаг хувь нийлүүлэгчдийн зээл гэдэг ойлголт нь Монголын компанийн хуулиар зөвшөөрөгдсөн, компаниудын ашигладаг санхүүжилтийн нэг хэлбэр. Зээлийн хүүгийн бүтэц Libor+6.5. Энэ бол 2011 онд Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр хоёр тал харилцсан тохиролцсон асуудал юм. Рио Тинто санал болгоод Монголын тал хүлээн зөвшөөрөөд явсан гэсэн үг. Тэгэхээр ямар нэг байдлаар Рио Тинто дангаараа шийдвэр гаргаад Оюу толгойд тулгасан зүйл байхгүй. Рио Тинтогийн зээлийг ашиглах шийдвэрийг тухай бүрд нь “Оюу толгой” компанийн ТУЗ-өөс гаргаад явсан байдаг. Мэдээж төслийн эрсдэл буурвал хүү буурна. Тиймээс төслийн үр ашиг сайжирч, эрсдэл буурах үед бид энэ зээлийн хүүг ярилцах ёстой гэдгийг 2011 онд ойлголцоод, гэрээндээ 7 жил тутам зээлийн хүүгийн асуудлаа ярина гэдгийг оруулсан. Тиймдээ ч өнөөдөр зээлийн хүүг бууруулах асуудлыг ярих цаг болсон гээд Рио Тинтогоос баг ирээд Засгийн газартай хэлцлээ эхлүүлээд явж байна.
Нөгөө талд арай өөр өнцгөөс харъя. Оюу толгойн өнөөдрийг хүртэл бий болгосон том бүтээн байгуулалтыг босгохын тулд, тууштай үргэлжлүүлэхийн тулд санхүүгийн бүх нөөцөө шавхсаныг дээр дурдсан. Дэлхийн бусад адил хэмжээний төслүүд болох Chuquicamata, El Teniente, Grasberg зэрэг уурхайн замналыг харахаар энэ хэмжээнд хүрэхийн тулд дунджаар 40-60 жилийн түүхийг туулдаг юм байна. Тэр хугацаандаа маш их зүйл туулна, төсөл нь зогсоно, саатна, улс төрийн янз бүрийн хүндрэл гарна, төр нь ч эргэнэ, эдийн засгийн хямралуудад өртдөг. Харин “Оюу толгой” бусдын 40-60 жил туулдаг түүхийг 15 жилийн дотор бүтээсэн байна. Тэгэхээр Рио Тинто ч, Монгол Улс ч тууштай байсан нь хамгийн чухал. Энэ төслийг нам зогсоогоогүй. 2013-2014 онд түр зогссон ч сэтгэл шулуудаад бүтээн байгуулалтынхаа ард гарсан нь өөрөө сайшаалтай. Тууштай явсныхаа төлөө өнөөдөр бид "баавгайн арьстай” болчихсон байна. Үүнийгээ аль аль тал нь дутуу үнэлж болохгүй. Үе үеийн Монголын Засгийн газар, Ерөнхий сайдууд, үе үеийн Оюу толгой, Рио Тинтогийн ТУЗ, удирдах баг зэрэг олон мянган хүний хөдөлмөр нийлж энэ том төсөл хөдөлж амжилтад хүрсэн. Дэлхийн том төслүүдийн түүхэнд бүтээн байгуулалт нь өрнөж байгаад санхүүжилт нь дуусах эсвэл хоёр талын үл ойлголцлоос болж ажил нь зогсож, эргээд сэргэх боломжгүйгээр хаагдсан гашуун туршлага олон байдаг. Оюу толгой энэ эрсдэлээс хол байгаад, тууштай явсан нь амжилт. Үнэндээ Рио Тинто бол шаварт унасан шарын эзэн гэгчээр өөрөө их хэмжээний хөрөнгөө оруулаад, дутууг нь бусад банкнаас санхүүжилт авч зээлээр санхүүжүүлээд, өнөөгийн бүтээн байгуулалтын ард гарсан. Бяд муутай хөрөнгө оруулагчтай байсан бол төсөл гацахыг ч үгүйсгэхгүй. Ийм зовлонг амсалгүйгээр тууштай явсныг бодож үзэх ёстой.
-“Оюу толгой” компани үндсэн зээлээ хэзээнээс төлж эхлэх билээ. Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэл идэвхжихтэй зэрэгцэх үү?
-Энэ жилээс гүний уурхайн Панел 0 ашиглалтад орж, үйлдвэрлэлийн хэмжээ огцом нэмэгдэж байгаа. Сайн нь зардал нэг түвшинд байна. Өөрөөр хэлбэл, энэ жилээс эхлэн тууштай хийсэн хөрөнгө оруулалтын үр дүн мэдэгдэж эхэлнэ. Энэ жилээс “Оюу толгой” компани эерэг мөнгөн урсгалтай золгож байна. 2025 онд 4 тэрбум гаруй ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж, 1.2 тэрбум ам.долларын чөлөөт мөнгөн урсгалтай болно. Энэ эх үүсвэрийг бид зээлээ хурдан төлж барагдуулахад зарцуулна. Дэс дарааллын хувьд олон улсын 15 банк, санхүүгийн байгууллагаас авсан 4.4 тэрбум ам.долларыг эхлээд төлж дуусгана. Үндсэндээ ирэх жилээс зээлийн санхүүжилтээ эргэн төлөх ажлыг эхлүүлнэ.  
-Байнга хөнддөгддөг бас нэг сэдэв бол Оюу толгойн борлуулалтын орлого Монголын банкаар дамждаггүй. Экспорт хийгээд байдаг, тэрний орлого нь буцаж ирдэггүй гэж яриад байдаг. Энэ дээр Та тайлбар өгөөч?
-Манай гүйлгээ Монголбанкаар дамждаг. Худал зүйлийг мянга давтахаар үнэн болдог гэдэг шиг байнга яриад байхаар хүмүүс ийм юм байна аа гээд ойлгоод байх шиг байна. Монголбанкнаас бидэнд ирсэн захидал хүртэл байгаа. Танай жил бүрийн оруулж ирдэг ийм хэмжээний хөрөнгө оруулалтын мөнгө Монголын банкны системд эргэлдэж байна аа гээд.
-Оюу толгойд томилогдсон гүйцэтгэх захирлаас монголчууд Оюу толгойгоос хэзээ ногдол ашиг хүртэх вэ гэдгийг хамгийн их сонирхох болов уу. 2037 он гэдэг хугацаа үнэн үү?
-Ногдол ашиг хүртэх хугацааг наашлуулахын төлөө ажиллах нь миний болон манай менежментийн багийн чухал үүрэг. 2037 он гэдэг хугацаа бол одоо ашиглаж байгаа тооцооллын төсөөлөл дээр гарсан. Энэ хугацаа бол ямар нэгэн амлалт, гэрээний нөхцөлд тусгасан зүйл биш. Мөн 2037 он гэж тооцоолсон учраас тэр үедээ ногдол ашиг хуваарилна гээд тайвширч болохгүй. Энэ хугацааг наашлуулах тал дээр аль аль талдаа хүчээ дайчилж ажиллах ёстой. Миний хувьд наашлуулах боломж байгаа гэж хардаг. Харин бид ажлаа дутуу хийвэл цаашлах магадлал ч бий. Үүн дээр нэмээд мэдээж дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ илүү өндөр нөлөөтэй.
Эдийн засагт оруулсан хувь нэмрээ харвал Оюу толгой чамлахааргүй жинтэй, саалийн үнээний үнэ цэнийг бий болгожээ. 2026 оноос эхлэн Оюу толгой улсын төсөвт 600 сая ам.доллар буюу 2.1 их наяд төгрөгийг татварт төлнө. Энэ дүн цаашид ч өснө.
-Гүний уурхайн дэд бүтцийн гол бүтээн байгуулалтууд дуусаж, ирэх жилээс өндөр идэвхтэй үйлдвэрлэл рүү шилжинэ. Үүнтэй зэрэгцээд улсад төлөх татвар хураамж тэр хэмжээгээр өсөж таарна. Саяхан Засгийн газрын зарим сайд Оюу толгой Эрдэнэтээс бага татвар төлж байгааг шүүмжилж байсан. Эндээс харахад, Оюу толгойн төслийн үр өгөөжийн асуудал дээр Монгол Улсын Засгийн газар ч, хөрөнгө оруулагч тал ч ойлголтын зөрүүтэй байна. Энэ ойлголтын зөрүүг арилгах, нэгтгэх нь таны хувьд мөн чухал болов уу?
-Тантай санал нэг байна. Үр өгөөж гэдэг асуудлыг ойлгуулах миний болон манай багийн хийх ажлын нэг чухал хэсэг мөн. Саяхан Ерөнхий сайд болон сайд нартай уулзалт хийсэн. Тэнд яригдсан сэдэв нь төслийн үр өгөөж гэдгийг хоёр өөрөөр, эсвэл хоёр өөр тоон дээр үндэслэж яриад байна, энэ ойлголтуудыг нэгтгэе, тэгэхгүй бол байнга л эцэс төгсгөлгүй ярихаар байна. Тиймээс хоёр талаасаа тооцоогоо тулгах мэргэжлийн баг ажиллуулах ойлголцолд хүрсэн.
Татвар хураамжийн төлбөрийг Эрдэнэттэй шууд харьцуулах нь учир дутагдалтай. Эрдэнэт уурхай намайг төрж байхад бүтээн байгуулагдсан, бүх бүтээн байгуулалтын өртгөө нөхсөн, 100 хувь төрийн мэдэлд байгаа уурхай. Харин Оюу толгой бол гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилготойгоор 2009 онд Монгол Улсад үйлчилж байсан татварын орчныг тогтворжуулсан гэрээний үндсэн байгуулагдсан шинэ уурхай. Хөрөнгө оруулагч хамаг мөнгөө шавхаж, дөнгөж бүтээн байгуулалтаа дуусгаад, дээр зүйрлэсэн дэлгүүрээ дөнгөж нээж байгаа хүн гэсэн үг. Гэсэн хэдий ч өдийг хүртэл төлсөн татвар, хураамж, эдийн засагт оруулсан хувь нэмрээ харвал Оюу толгой чамлахааргүй жинтэй, саалийн үнээний үнэ цэнийг бий болгожээ. 2026 оноос эхлэн Оюу толгой улсын төсөвт 600 сая ам.доллар буюу 2.1 их наяд төгрөгийг татварт төлнө. Энэ дүн цаашид ч өснө.
-Үр өгөөж талдаа Оюу толгой эрчим хүч худалдан авахад багагүй хэмжээний мөнгийг зарцуулж байна. Оюу толгой эхэлснээс хойш Өвөр монголоос эрчим хүч импортолж байна. Уг нь энэ эх үүсвэрийг Монголдоо шингээх боломжтой, ХөОГ-нд ч энэ асуудлыг тусгасан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл бодит ажил хэрэг болоогүй. Та энэ асуудалд хэр анхаарч ажиллах вэ?
-Миний тооцоолсноор Оюу толгой эхэлснээс хойш 1.6 тэрбум ам.долларыг эрчим хүч худалдан авахад зарцуулсан байна. Нэг станц хангалттай барих хэмжээний мөнгө Монголоос гараад явсан гэсэн үг. Үнэхээр харамсалтай. Энэ асуудал дээр хэн нэгнийг буруутгахаас илүү талууд шийдэлд хүрээгүй гэж ойлгож болно. Нэг талдаа алдагдсан боломж. Засгийн байр суурь, бодлого нь өөрчлөгддөг. Дээр нь гадаад дотоодын хөрөнгө санхүүгийн байдал өөрчлөгдчихдөг. Цахилгаан станцын асуудлыг шийдэх, нэг тийш нь болгох хүсэл эрмэлзэл манай талд маш өндөр байдаг. Хувь хүнийхээ хувьд ч энэ төслийг ажил хэрэг болгуулах тал дээр олон жил ноцолдсон. Одоо ч зууралдаж л байна. Цаашид дэлхийн ирээдүй сэргээгдэх эрчим хүч рүү чиглэж байна. Гэхдээ дан сэргээгдэх эрчим хүчээр уурхайг бүрэн хангаж чадахгүй. Одоо дэлхийн зах зээлийн боломж, саад тотгоруудтай уялдсан шийдлүүдийг эрэлхийлж зоригтой хөдлөхгүй бол боломжоо улам л алдана. Өнөөдрийн байдлаар Оюу толгойд нийлүүлэх эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох үүрэг хариуцлага нь Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яаманд бий. “Оюу толгой” компани гэрээ зурж, худалдах худалдан авах үнээ тохирчихсон. Гэхдээ бид хийх зүйлээ хийсэн, манай асуудал биш болчихлоо гээд холдоод зай бариад явах бодол алга. Энэ асуудал дээр яаж ийж байгаад шийдэл гаргаж найдвартай, эдийн засгийн үр өгөөжтэй дотоодын эрчим хүчний эх үүсвэртэй болох ёстой.
-Оюу толгой ордтой холбоотойгоор “Онтрэ” ХХК-ийн эзэмшилтэй лицензийн асуудал яригдаж байгаа. Ойлголтын зөрүүтэй маш олон асуудал яригдаж байна. Ер нь Онтрэ Оюу толгой хоёрын холбогдсон түүх, Онтрэгийн хоёр лиценз Оюу толгойд яагаад чухал вэ гэдгийг Та тайлбарлах уу?
-Үнэндээ энэ асуудал олон жилийн түүхтэй, ээдрээтэй сэдэв. Нарийн деталь асуудал ярьвал ярилцлагын цаг хүрэлцэхгүй учир ерөнхий мэдээлэл өгье. Нэг асуудал дээр бид ямар ч маргаангүй байгаа. Тэр нь Онтрэгийн лицензийн талбай дээр байгаа хүдрийг Оюу толгой ашиглах нь бүх талуудад үр өгөөжтэй. Оюу толгойн бүлэг ордын нэг хэсэг. Хөрөнгө оруулалт хийгдээд бүх бүтээн байгуулалт нь бэлэн болсон. Үүнийг Оюу толгой ашиглах уу, ашиглахгүй юу гэдэг дээр маргаан байхгүй. Өөрөөр хэлбэл, Оюу толгойн дэд бүтэцгүйгээр Онтрэг олборлох боломжгүй. Тиймээс Онтрэгийн лицензийн талбайд байгаа хүдрийн биетийг бүрэн бүтнээр ашиглаж байж бидний тооцоолоод байгаа үр өгөөж бий болно. Хойч үедээ боломжуудыг нээж өгнө. Хоёрт, бид өөр ордын асуудлыг яриагүй, Оюу толгойн бүлэг ордын нэг хэсгийг ярьж байгаа. Газрын дор нэг том хүдрийн биет, чулуулаг бий. Тэрний дээгүүр хил зааг тогтоосон хоёр лиценз бий. 30-40 км-ийн цаана байгаа ордыг Оюу толгойтой нааж яриад байгаа асуудал биш. Энэ бол нэг биет бөгөөд үүнийг хоёр тал яаж ашиглах уу гэдэг дээрээ ойлголцолд хүрэх шаардлагатай байгаа. Гол нь цаг хугацаанд хавчигдаж байна. Учир нь Онтрэгийн талбай дээр тулж ирээд хийх ёстой ажлууд зогссон. Түр хугацаанд ажиллах хүчээ хааш нь чиглүүлэх үү гэдэг асуудалтай тулгараад, ажиллах хүч, техникээ Панел 2-ын өмнөд хэсэг рүү түр чиглүүлсэн. Цаг хугацаа өнгөрөх тусам тодорхой бус байдал үргэлжилсээр байвал Оюу толгой буцаад энэ Онтрэгийн талбай руу хүн хүчээ хуваарилахад хэт оройтох магадлалтай. Гүний уурхайн хувьд уулын ажлын дараалал гэдэг зүйл маш чухал. Өөрөөр хэлбэл, олон мянган хүн ажиллаж байгаа төлөвлөгөөг бид хүссэнээрээ өөрчлөх боломжгүй. Тиймээс хүлээцтэй хандаж буй ч шийдэл гарах ёстой, цаг хугацааны шахалт байгаа.
-Онтрэгийн лицензийн талбайг ашиглах эцсийн шийдвэр хэнээс хамаарч байгаа юм бэ. Монгол Улсын Засгийн газар эрх ашгаа хангуулах гээд энэ ажил гацаад байна уу, хэн энэ ойлгомжгүй байдлаас гаргах юм бэ?
-Оюу толгой болон Эрдэнэс Оюу толгой Монгол Улсын ашиг сонирхол, одоо хэрэгжиж буй хууль болон Хөрөнгө оруулалтын гэрээтэй нийцүүлэн тодорхой шийдэл гаргаад, 2023 онд ТУЗ-дөө танилцуулж, тэрнээс хойш олон удаа ярилцсан ч тодорхой шийдэлд хүрээгүй. Энэ их чухал асуудал учраас Рио Тинтог төлөөлсөн ТУЗ-ийн гишүүд энэ асуудлыг олонхын саналаар буюу дангаараа шийдэхгүй байх байр суурийг баримталж ирсэн. Ойлголцож, хоёр талын дэмжлэгтэйгээр шийдэгдэх ёстой. Харамсалтай нь, энэхүү тавьсан шийдэл саналд албан ёсны тодорхой хариу ирээгүй байна. Тэр шийдлийг өөрчлөх үү, өөр шийдэл гаргах уу, эсвэл сайжруулах уу гэдэг дээр хэлэлцээр үргэлжлэх байх. Энэ нь миний ойлгож байгаагаар гурван талын хэлэлцээр байх болов уу. Мэдээж лицензийн эзэн Онтрэ, талбайг нь ашиглаж эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа Оюу толгой, баялгийн эзэн Монголын Засгийн газар гэсэн гурван тал. Энэ гурван талын хэлэлцээр эрчимтэй үргэлжилж хурдан түргэн шийдэгдээсэй гэж хүсэж байна. Дахиад хэлэхэд, цаг хугацаа тулаад ирсэн байгаа.
-Оюу толгой дээр үүсдэг өөр нэг асуудал нь татварын маргаан. Монголын Татварын албанаас акт тавьж, Арбитрын шүүх дээр маргаан үргэлжилж байна. Энэ асуудал цаашид үргэлжлэх магадлалтай харагддаг. Нөгөө л ойлголтын зөрүүтэй байдлаас үүсдэг асуудал уу, ер нь нарийн ньюанс нь юундаа байна вэ?
-Татвартай холбоотой ойлголтын зөрүүтэй асуудлыг нэг талдаа гаргамаар байгаа. Энэ бол хоёр талд аль алиндаа хүндрэлтэй байна. Хөрөнгө оруулалтын гэрээ, Татварын хууль, бусад олон баримт бичиг дээр үндэслэн татварын төлбөр тооцоо хийгддэг. Үүнийгээ хоёр талаасаа өөр, өөрөөр ойлгож уншдаг. Мэдээж төгс төгөлдөр эрх зүйн акт гэж байхгүй учраас заримдаа хоёрдмол утгатай, хоорондоо уялдаагүй, эсвэл хоёр өөр өнцгөөс тайлбарлах тохиолдлууд бий. Энэ нь гайхаад байх ч зүйл биш. Татварын актыг аливаа аж ахуйн нэгж хүлээн зөвшөөрөхгүй маргалдах нь ер нь бол түгээмэл байдаг. Хүлээн зөвшөөрөхгүй бол маргаан таслах зөвлөл эсвэл иргэний шүүхийн журмаар шийдэх процесстой. Үүнтэй адилхан Оюу толгойн  Хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар татварын маргааны асуудлыг олон улсын арбитрын шүүхээр шийдэх зохицуулалттай. Оюу толгойн зүгээс ойлголцлын зөрүүгээ талууд хоорондоо хэлэлцээд, тохирвол заавал Арбитрын шүүхээр асуудлаа шийдүүлэх албагүй гэдэг саналыг хэд хэдэн удаа тавьсан. Одоогоор татварын маргаантай холбоотой Арбитрын шүүхийн процесс явагдаж байгаа. Гэхдээ хоёр талаасаа суугаад ойлголцолд хүрье гэвэл компанийн зүгээс нээлттэй байгаа. Цаашдаа ямар ч асуудалд харилцан ойлголцож, ул суурьтай байр сууринаас хандаж, зарчмын ойлголт дээрээ санал нэгдэх нь чухал байна.
-Гүний уурхай олборлолтын оргил үедээ хэзээ орох бэ?
-Одоо байгаа төлөвлөгөөгөөр 2029, 2030 онуудад хамгийн оргил үе байна. Өнөөдрийг хүртэл хийсэн том, том бүтээн байгуулалтын гол үр дүн юм.
-Энэ хүрээд энэ удаагийн ярилцлагаа өндөрлөе. Ханбогдын хөгжил, боловсрол, байгаль орчин, тогтвортой хөгжил зэрэг асуудлаар дараа дахин ярилцах боломж олдоно гэж найдаж байна.
-Тэгэлгүй яах вэ. Болно, болно.
-Цаг зав  гарган ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
Э.Мөнхцэцэг нь iToim агентлагийн хамтран үүсгэн байгуулагч. Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй, 2017 оноос iToim.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна. Сэтгүүл зүйн салбарт 13 дахь жилдээ ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн