УИХ-ын Хянан шалгах түр хороо өнөөдрөөс 12-ныг хүртэл таван өдрийн турш Оюу толгойтой холбоотой асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулах гэж байна. Энэ үеэр төсөл эхэлснээс хойшхи 16 жилийн хугацаанд төрөөс гарсан шийдвэр, түүний хэрэгжилт, үр дагаврын талаар шинжээчийн дүгнэлт сонсож, гэрчүүдээс асуулт асууж тодруулна. Сонсголын нэг чухал асуудал нь Оюу толгойн бүлэг ордод багтаж буй Шивээ толгой, Жавхлан хоёр лицензийн эзэмшлийн эрх зүйн байдал юм.
Шивээ толгой, Жавхлант лицензүүд ямар учиртай вэ
Оюу толгойн бүлэг орд нийт таван лицензийн талбайгаас бүрдэх бөгөөд тэдгээрийн хоёр нь Онтрэ ХХК-ийн эзэмшлийн Шивээ толгой, Жавхлант нэртэй талбай юм. Оюу толгойн ордын эрдэс баялгийн тодорхой хэсэг эдгээр талбайд давхцаж байрладаг буюу энэ нь газрын дор нэг том хүдрийн биет, чулуулаг бөгөөд дээгүүр хил зааг тогтоосон хоёр лиценз бий гэсэн үг. Тиймээс Туркойс Хилл Ресурс 2000-аад оны эхээр Онтрэ ХХК-тай “Хувьцааны оролцоо, эрх олж авах” тухай хэлцэл хийж, “Хамтран ажиллах гэрээ”-г тохиролцсон байдаг.
Стратегийн орд, түүнд Засгийн газар хувь эзэмших тухай ойлголт 2006 оны Ашигт малтмалын хуулийн өөрчлөлтөөр бий болсон. Харин Туркойс Хилл Ресурс, Онтрэ хоорондын хэлцэл нь энэхүү хуулийн өөрчлөлтөөс өмнө хийгдсэн болж таарч байна.
Хэлцлийн үндэслэл нь энгийн:
2005 онд Туркойс Хилл Ресурс нь Онтрэтэй хийсэн энэхүү гэрээний эрхээ Айвенхоу Майнз Лтд. (одоогийн “Oюу толгой” ХХК)-д шилжүүлсэн. Дээрх гэрээнүүдийн дагуу 2005-2008 оны хооронд Айвенхоу Майнз Лтд. хайгуулын ажилд нийт 35 сая ам.доллар (өнөөгийн ханшаар 60 сая ам.доллар буюу 200 гаруй тэрбум төгрөг) зарцуулснаар хамтарсан лицензийн талбайн эдийн засгийн ашиг сонирхлыг олж авах боломжтой болсон байна.
Ингээд 2008-2009 онд дээрх тохиролцооны нөхцөлүүд биелснээр эдийн засгийн ашиг сонирхлоо 80/20-оор хуваах зарчим үйлчилж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Шивээ толгой, Жавхлантын талбайн эрдэс баялгийн эдийн засгийн өгөөжийн 80 хувь нь Оюу толгой компанийнх, 20 хувь нь Онтрэгийнх гэсэн талуудын тохиролцоо үйлчилж эхэлсэн гэсэн үг.
Доорх цаг хугацааны графикаас талуудын яриа хэлцлийн үе шатыг нарийвчлан харах боломжтой.

Монголын ашиг сонирхол орхигдсон уу
“Оюу толгой” компанийн 66 хувийг Рио Тинто, 34 хувийг Монголын Засгийн газар /Эрдэнэс Оюу толгой/ эзэмшдэгийг бүгд мэднэ. Эндээс харахад, Оюу толгойн 80 хувь дотор Монгол Улсын Засгийн газрын 34 хувь бодитоор шингэж буй.
Учир нь, Монголын Засгийн газрын Рио Тинтотой байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний хавсралтад энэхүү 2 талбайг оруулсан газрын зургаар Оюу толгойн бүлэг ордын гэрээт талбайн хил хязгаарыг тодорхой тусгасан байдаг. Цаашлаад, энэ 2 талбайтай холбоотой Засгийн газрын үүргийг ч заасан байдаг аж. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын гэрээний 15.7.8-д “Онтрэ гоулд компанийн эзэмшиж буй 3148Х, 3150Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талаар Айвенхоу Майнз Лимитед компанийн өнөөгийн эдэлж буй эрхийг гэрээгээр баталгаажуулах, эсхүл холбогдох эрхийг Хөрөнгө оруулагчид шилжүүлж /ийнхүү шилжүүлсний дараа Засгийн газар уг эрхийн 34 /гучин дөрөв/ хувийг эзэмшинэ/ улмаар Засгийн газар уг хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусахаас өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл болгох” хэмээн заасан байдаг бөгөөд энэхүү нөхцөл биелэгдсэн гэж үзэж, 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Засгийн газар баталгаажуулсан байдаг аж.
Сүүлийн 2-3 жилийн хугацаанд “Онтрэ”-д хуваарилсан эдийн засгийн үр ашигт Монголын төрийн эрх ашиг хангагдах эсэх асуудлыг ярьж, “Онтрэ”-гоос ч тодорхой саналыг Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын түвшинд илэрхийлсэн ч өнөөдрийг хүртэл хариултгүй, шийдэлгүй байгаа юм.
Онтрэ ХХК-ийн гүйцэтгэх захирал Стивен Скотт дараах байр суурийг манай сайтад илэрхийлсэн байдаг.
“Онтрэ ХХК эдийн засгийн үр ашгийн “34 хувиа аваач ээ” гэдгийг удаа дараа Монголын Засгийн газрын төлөөлөлд тавьж байгаа. Онтрэ ХХК бүх тайлангаа олон нийтэд нээлттэй тавьдаг. Тайлан болгондоо “Онтрэ ХХК эдийн засгийн үр ашгийн 34 хувиа Монголын Засгийн газарт олгоход бэлэн, олгохыг эрмэлзэж байна” гэдгээ илэрхийлсэн. 2023 онд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөлтэй уулзаад эдийн засгийн үр ашгийн “34 хувиа авна уу” гэж ярилцсан. Харин Монголын Засгийн газрын төлөөллийн нэг ч сайд, нэг ч албан тушаалтан бидэнд эргэж хариу өгөөгүй. Дахин уулзъя, ярилцъя гэдгээ одоо хүртэл албан ёсны хариу ирүүлээгүй, бидэндэй хэлцэл хийе гэж хандаагүй” гэсэн юм.
Мөн энэ асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал: “2 компани Монгол Улсын Засгийн газрын оролцоогүйгээр газрын хэвлийн баялгийг хоорондоо тохиролцож, ашиг хүртэх гээд байна. Монголын төр “Онтрэ” ХХК-тай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, Стратегийн ордод төр ямар хувь эзэмшихийг хууль ёсоор тогтоох хэрэгтэй” хэмээдэг.
Гэхдээ бодит байдал дээр Монгол Улсын Засгийн газар, ажил хариуцсан сайд нар “Онтрэ”-гийн хүсэлтэд хариу өгөхгүй, тодорхойгүй байдал үүсгэж байгаа нь Монголын төр засгийн эс үйлдэхүй, залгамж халаагүй байдлын үр дүн юм. “Онтрэ”-ийн удирдлагууд 2025 он дөнгөж гаргаад ЗГХЭГ-ын дарга, Аж үйлдвэрийн сайд, Эрдэнэс Оюу толгойн удирдлагатай уулзсан байна. Дараа нь 2025 оны тавдугаар сард Стратегийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохтой холбоотой Засгийн газрын Ажлын хэсэгт “Онтрэ ХХК-ийн 34 хувийн асуудлыг албан ёсоор шийдвэрлэж өгнө үү” гэдэг албан бичгээ явуулсан ч бас л ямар нэгэн хариу шийдвэр өгөөгүй аж. Энэ мэт ажил хариуцсан сайд нарын ойлгомжгүй байдал, төр засгийн эс үйлдэхүйгээс болж “Онтрэ”-тэй холбоотой асуудлыг улам л сунжруулсаар байна.
Лиценз шилжүүлэлтийн гацаа
Монгол Улсад уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа бүх компанийн адил Оюу толгой жил бүр ирэх жилийнхээ уулын ажлын төлөвлөгөөг гарган, холбогдох шат шатны төрийн байгууллагуудад илгээн, батлуулдаг. Эдгээр жил бүрийн төлөвлөгөөнд Шивээ толгой, Жавхлант гэсэн 2 лицензийн талбай багтаж ирсэн байдаг.
Хувь эзэмшлийн асуудлаас гадна энэхүү хоёр лицензийг “Оюу толгой” компанид шилжүүлэх ажил гацаад буй. 2025 оны хоёрдугаар сард “Онтрэ” болон Оюу толгой” хамтран лиценз шилжүүлэх хүсэлтийг Монголын Татварын ерөнхий газарт хүргүүлсэн ч өнөөг хүртэл хариу аваагүй аж. Процессын хувьд Татварын ерөнхий газар татвар, хураамжийн тооцооллыг нягталж шалгаж, шаардлагатай татвараа авсны дараа энэ асуудлыг Ашигт малтмалын газарт шилжүүлж, лицензийн бүртгэлийг өөрчилдөг байна.
Ашигт малтмалын тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлолтын үйл ажиллагаа явуулах эрхтэй тул “Оюу толгой” компани гүний уурхайн уулын ажлын төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулж, Панел 1-ийн бүтээн байгуулалтаа түр зогсоож, Панел 2-ын өмнөд талбай руу хүн хүч, техникээ хуваарилсан байна.
Онтрэ ХХК-ийн гүйцэтгэх захирал Стивен Скоттын зүгээс, “Оюу толгой ХХК-д лицензээ шилжүүлэхэд бидэнд татгалзах ямар ч шалтгаан байхгүй. Аль эрт 2008 онд шилжүүлэхээр тохирчихсон байсан. Дараа нь 2009 онд Монголын Засгийн газар, Оюу толгой ХХК-тай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээнд Оюу толгой төсөлд таван лицензийг хамааруулж, Онтрэ, Оюу толгой ХХК хооронд байгуулсан гэрээг дурдаад бүх лицензийг Оюу толгой ХХК-ийн эзэмшилд шилжүүлэхийг заасан байгаа. Арбитрийн шүүх хоёр аж ахуйн нэгжийн хооронд байгуулсан гэрээний заалтын дагуу шийдвэр гаргасан” гэсэн юм.
Онтрэгийн хоёр лиценз бол зөвхөн хоёр компани хоорондын хэлцэл бус, ХөОГ-нд заасан Монгол Улсын стратегийн ордын бодлого, гүний уурхайн олборлолтын тасралтгүй ажиллагаа, цаашлаад улсын эдийн засаг, төсвийн орлогтой хамааралтай чухал асуудал юм. Ийм ч учраас Монгол Улсын Засгийн газар болон хөрөнгө оруулагч талууд “Онтрэ” ХХК-тай холбоотой үүссэн хоёр асуудлыг яаралтай шийдэх шаардлагатай байна.
Нэгд, “Онтрэ”-ийн эзэмшлийн 20 хувьд төр оролцох эсэх, оролцвол ямар нөхцөлтэй байхыг хууль, бодлогын түвшинд тодорхой болгох.
Хоёрт, ХөОГ-нд заасны дагуу энэхүү хоёр лицензийг “Оюу толгой” компанид шилжүүлж, гүний уурхайн үйл ажиллагааг хэвийн, уулын ажлын төлөвлөгөөний хүрээнд явуулах нь аль аль талдаа үр ашигтай юм.
Эдгээр асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд Оюу толгойн гүний уурхайн олборлолт цаашид төлөвлөсний дагуу үргэлжлэхгүй байх, улмаар улсын эдийн засагт сөргөөр нөлөөлөх эрсдэл өндөр гэж шинжээчид дүгнэж байна.