Open iToim app
Анализ | 8 мин уншина

Хувийн хэвшил Монголд үүсэж байгаа хуванцрын ихэнхийг дотооддоо дахин боловсруулах бүрэн боломжийг бүрдүүлжээ

Хувийн хэвшил Монголд үүсэж байгаа хуванцрын ихэнхийг дотооддоо дахин боловсруулах бүрэн боломжийг бүрдүүлжээ
Нийтэлсэн 2025 оны 12 сарын 8
"Засаглал ба зах зээл" анализ шоугаар хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, дахин ашиглалт, боловсруулалтын чиглэлд бодитой ахиц гаргаж буй үйлдвэрлэгчид, хувийн хэвшлүүдэд төрөөс үзүүлэх дэмжлэг, талуудын эрх тэгш оролцоог хангасан хяналтын тогтолцоог бий болгох боломжуудын талаар хөндлөө.
Манай улс хог хаягдлынхаа хэдэн хувийг дахин боловсруулж байгаа вэ?
“Өнгө нэм” ТББ-ын Үүсгэн байгуулагч Н.Амгалан-Эрдэнэ: Манай байгууллага бол хог үүсгэгч ААН-үүд болон хог дахин боловсруулах үйлдвэрүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага. Бидний гол зорилго бол дахин боловсруулалтын хэмжээг бодитоор нэмэгдүүлэх.
quote photo
Монгол Улсын хатуу хог хаягдлын тухай судалгаагаар жил бүр 2.7–3.5 сая тонн хог хаягдал үүсдэг.
Гэтэл үүний ердөө 7 орчим хувийг л дахин боловсруулж байна. Үнэндээ судалгаагаар манай улсын нийт хог хаягдлын хамгийн багадаа 22–30 хувийг дахин боловсруулах боломжтой гэсэн тооцоо бий. Тиймээс бид энэ боломжийг бүрэн ашиглахын төлөө, хог үүсгэгч болон боловсруулагч талуудыг илүү үр дүнтэй холбож, системтэй ажиллахыг зорьж байна.
М-Си-Эс Кока-Кола ХХК сав баглаа боодлын хувьд хийсэн инноваци, хамгийн том үр дүн юу байв?
-М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав: 2018 оноос өмнө хүмүүс гадуур хаягдсан хуванцар хогийг цуглуулаад Хятад руу түүхий эд хэлбэрээр гаргадаг байсан. Харин 2018 онд Хятад улс түүхий хуванцар оруулахыг зогсоож, хилээ хааснаар нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн.
Тэр цагаас хойш бид илүү идэвхтэй ажиллаж, хуванцар сав үйлдвэрлэгч компаниудыг уриалан өөрсдөөсөө эхлэн дотоодын дахин боловсруулсан түүхий эд гаргаж чадвал цаашдаа өөрсдийн сав баглаа боодлын тодорхой хувийг импортоор бус Монголдоо үйлдвэрлэх боломжтой гэдгийг харсан. Энэ ажил маань зургаан жил үргэлжилсэн байна.
Бидний хувьд хамгийн том эрсдэл дагуулсан ч хамгийн үнэ цэнтэй алхам бол хууль, бодлого хүлээж сууя гээгүй, харин өөрсдөө туршиж, анхдагч болж, үлгэрлэл үзүүлсэн явдал юм. Ингэхдээ тоног төхөөрөмжийн нарийвчилсан судалгаа хийж, олон улсын Кока-Колагийн хэрэгжүүлсэн төслүүд дээр биечлэн очиж туршлага судалсан. Ингээд 2021 онд ковидын хүнд үеэр, Монгол Улсад дахин боловсруулалтын шинэ үйлдвэрийн эхний шугам ашиглалтад орсон.
Үүний дараа 2022 онд TML Plastic үйлдвэрийг байгуулсан. Энэ үйлдвэр жилдээ 20 мянган тонн хуванцар дахин боловсруулах хүчин чадалтай бөгөөд энэ нь манай улсын нийт хэрэглээнээс 30–40 хувиар давсан хэмжээ. Өөрөөр хэлбэл Монголд үүсэж байгаа хуванцрын ихэнхийг дотооддоо дахин боловсруулах бүрэн боломжтой болсон гэсэн үг.
TML Plastic үйлдвэрт хуванцар дахин боловсруулснаар хүнсний сав баглаа боодол хийхэд ашигладаг түүхий эд болон спортын хувцас, пүүз зэрэг томоохон брэндүүдийн ашигладаг төрөл бүрийн материалыг үйлдвэрлэх боломжтой. Энэ төрлийн үйлдвэрлэл Хятадад маш өндөр түвшинд хөгжсөн байдаг. Манай зорилго урт хугацаандаа иргэдийн ойлголтыг өөрчилж, хог гэж харагддаг зүйлийг үнэндээ дахин ашиглагдах баялаг гэдгийг таниулах юм.
quote photo
М-Си-Эс Кока-Кола ХХК 2030 он гэхэд өөрсдийн үйлдвэрлэж савласан хуванцраа 100 хувь дахин боловсруулалтад өгөх зорилт тавьсан.
Энэ бол бодитоор хэрэгжих боломжтой зорилт. Учир нь шаардлагатай боловсруулах үйлдвэр нь Монголдоо байна. Ер нь хог хаягдлын менежментийн чиглэлд дотоодын үйлдвэрүүд сүүлийн жилүүдэд маш өндөр хариуцлагатай ажиллаж байна. Сайн жишиг олон бий. Харин үүнийг төрийн бодлогоор илүү дэмжээд, салбараа нэг бодлогын дор чиглүүлээд өгвөл илүү хурдтай ахиц гарна гэж бид харж байна.
Хог хаягдлын тухай хуульд нэмэлтээр ямар чухал сайжруулах зүйлс яригдаж байгаа вэ?
-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар: Байгаль орчны салбарын ихэнх хуулиуд 1994 оноос эхтэй, одоо нийтдээ 30 гаруй хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. 2012 онд энэ салбарт томоохон эрхзүйн шинэчлэл хийгдэж, олон хууль шинэчлэгдэн батлагдсан. Гэхдээ 2012 оноос хойш цаг үеийн хөгжил, технологи, нийгмийн өөрчлөлттэй уялдахгүй, зарим зохицуулалт нь хоцрогдсон байдал илэрч эхэлсэн.
Тиймээс 2025 онд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас салбарын багц шинэчлэл хийх хүрээнд 10 орчим хуулийн төсөл боловсруулж байгаа. Эдгээрээс хоёр нь “Уур амьсгалын тухай хууль” болон “Орчны үнэлгээний тухай хууль” аль хэдийн өргөн баригдсан.
Мөн “Хог хаягдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг боловсруулж байна. Ер нь салбарын хэмжээнд нийт 14 хуулийн төслийг багц хэлбэрээр шинэчлэх зорилготой байгаа.
Энд хамгийн гол зорилго нь хогийг зүгээр хаядаг зүйл биш, эдийн засгийн эргэлтэд ордог баялаг, нөөц, түүхий эд, бүр цаашлаад эрчим хүчний эх үүсвэр гэж харах хандлагыг хуульчилж, тогтолцоонд нь суулгах явдал юм.
Хог хаягдлын эко төлбөр, үйлдвэрлэгчийн өргөтгөсөн хариуцлагын тогтолцоо гэх мэт зарчмуудыг илүү тодорхой болгож, хог хаягдал үүсгэгч өөрийн хаягдлаа дахин боловсруулах, хариуцлага хүлээх, менежментэд идэвхтэй оролцох зарчмыг баталгаажуулах чиглэлээр хуулийн шинэчлэл хийгдэж байна.
-Үйлдвэрлэгч, импортлогчийн хариуцлагын асуудал яригдлаа. Үүн дээр үйлдвэрлэгчийн өргөтгөсөн хариуцлага гэж юуг хэлж байна вэ. Ямар хувь нэмэр үзүүлэх шаардлагатай байдаг вэ?
-М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав: EPR буюу өргөтгөсөн үйлдвэрлэгчийн хариуцлага гэдэг нь хог хаягдлын менежментийн тогтолцоо бөгөөд дэлхийд 30 гаруй жилийн түүхтэй. Европын орнууд 1990-ээд онд хогондоо дарагдсан үе бий. Тэд эхэндээ хогийг газар булж шийдэх гэж оролдсон ч энэ нь хөрс, усны бохирдол зэрэг маш том сөрөг үр дагавартай болох нь тодорхой болсон. Тиймээс хогны асуудлыг эх үүсвэр дээр нь шийдье гэсэн зарчимд шилжиж, хог үүсгэгч бүх талуудыг хариуцлагад татах систем бий болгосон. Үүнийг өнөөдөр үйлдвэрлэгч, хэрэглэгч хоёул хариуцлага хүлээдэг өргөтгөсөн хариуцлагын тогтолцоо гэж үздэг.
Бид хаягдлаа ангиллаа гэж бодъё. Гэтэл ангилсан хогийг дахин боловсруулалтад өгөхгүй, зүгээр л нийлүүлээд газар булж байвал ангилалтын утга алга болно. Газарт булж байгаа хог бол байгаль орчинд асар их хор хөнөөлтэй хөрсний бохирдол, улмаар усны бохирдол үүсгэдэг. Уг нь зөв менежменттэй бол тэр хаягдал бол өөрөө баялаг, түүхий эд байх боломжтой.
Иймээс газар булах хогийг хамгийн үнэтэй, хамгийн их төлбөртэй байх ёстой гэж үздэг. Энэ нь хүмүүсийг болон байгууллагуудыг ангилал, дахин боловсруулалт руу түлхэх эдийн засгийн хөшүүрэг болдог. Хог ангилаад, дахин боловсруулалтад өгөхийг урамшуулдаг хууль эрхзүйн орчин чухал. Боломжтой бүх хаягдлыг дахин боловсруулахын тулд оролцогч талуудад хөнгөлөлт, урамшуулал олгох бодлого хэрэгтэй.
Жишээлбэл, М-Си-Эс Кока-Кола ХХК болон ижил төрлийн сав баглаа боодолтой бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид тодорхой хэмжээний бохирдлын төлбөр төлөх ёстой. Харин тэд хаягдлаа дахин боловсруулж, тогтолцоонд оролцож байвал төлбөрөөсөө хөнгөлүүлэх ёстой. Энэ бол системийн гол хөшүүрэг. Мөн иргэн худалдан авалт хийснийхээ дараа сав, баглаа боодлоо буцааж өгөөд эргэлтэнд оруулбал урамшуулал эсвэл хөнгөлөлт авах нь бас дахин боловсруулалтыг дэмждэг үр нөлөөтэй арга. Өөрөөр хэлбэл, хог хаягдал бол асуудал биш зөв тогтолцоогүйгээс бий болдог асуудал. Харин зөв бодлого, урамшуулал, хөшүүргийг хэрэгжүүлж чадвал хаягдал бол нөөц, баялаг, цаашлаад эдийн засгийн эргэлт бий болгох чухал эх үүсвэр юм.
Шинэ хуулинд сая дурдсан урамшуулал болох хөшүүргийн системийг оруулах боломжтой юу?
-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар: Олон улсын сайн туршлагыг Монголын нөхцөлд тааруулж, эрх зүйн хэрэгжилтийн механизмыг тодорхой болгоод, түүнийгээ хувийн хэвшилд хариуцуулан хэрэгжүүлэх нь хамгийн оновчтой шийдэл гэж үзэж байна. Дахин боловсруулах чиглэлд дэлхийд хамгийн амжилттай жишиг бол Солонгосын тогтолцоо. Мөн Европын холбоо эрх зүйн зохицуулалт, урамшууллын систем, хяналтын механизмаа сайн бүрдүүлсний үр дүнд нийт хогны 50–70 хувийг дахин боловсруулж чаддаг болсон.
Монгол Улсын хувьд дэд бүтэц нь өөр, нөхцөл байдал нь ч өөр. Тиймээс гаднын туршлагыг шууд хуулбарлах боломжгүй бөгөөд ялгаагаа тооцож, Монголын эрх зүйн хүрээнд зөв шингээсэн механизм бий болгож, түүн дээрээ тулгуурлан хувийн хэвшилд үүрэг, хариуцлагыг нь өгөх нь зөв. Харин Засгийн газар өөрөө хогны агентлаг байгуулаад бүхнийг төвлөрүүлж удирдах нь сайн шийдэл биш. Төр ороод ирэхээр процесс удааширч, гацаа үүсдэг, хөгжил мэдэгдэхүйц саардаг.
Тиймээс төрийн хийх ёстой гол ажил нь хувийн хэвшил зөв хариуцлагатай ажиллах боломжтой эрх зүйн орчныг бүрдүүлэх юм. Үр ашигтай, инновацтай бизнесүүд энэ салбарт ажиллаж байж л иргэд ажлын байртай болж, Монголын эдийн засагт бодит өгөөж бий болно.
Өнөөдөр Монголд дахин боловсруулж, дотооддоо үйлдвэрлэх бүрэн боломжтой сав баглаа боодол байсаар байтал ижил төрлийн бүтээгдэхүүнийг импортоор бага татвартайгаар оруулж ирж байгаа нь дотоодын үйлдвэрлэлд дарамт болдог.
quote photo
Импортоор орж ирж буй, дотооддоо үйлдвэрлэх боломжтой сав баглаа боодолд өндөр татвар ногдуулах нь зах зээлийн шударга өрсөлдөөнийг бий болгож, дотоодын үйлдвэрүүдийг бодитоор дэмжих бодлого болно.
Мөн өнөөгийн системд хогны төлбөр, бохирдлын хураамж гээд төвлөрүүлсэн бүх шимтгэл нь Уур амьсгалын санд орж, цааш улсад татагдаж төвлөрдөг. Ингээд байгаль орчны салбар тэдгээр орлогоо өөрсдийн ажилд эргүүлэн ашиглах боломжгүй үлддэг. Хогийг баялаг болгох, дахин боловсруулалтад хөрөнгө оруулалт татах, шинэ үйлдвэрүүдийг дэмжих хөшүүрэг үгүй байна гэсэн үг. Тиймээс бидний зорилго бол:
  • Хог хаягдлын салбарт хөрөнгө оруулалт орж ирэх нөхцөлийг бүрдүүлэх,
  • Хогийг эдийн засгийн эргэлтэд оруулах урамшууллын механизм бий болгох,
  • Эрх зүйн орчныг тодорхой, ойлгомжтой болгох чиглэлээр ажиллах.
Энэ бүхнийг шийдэж чадвал хог бол асуудал биш, харин Монголын эдийн засгийн шинэ боломжуудын нэг болж чадна.
Хогны төлбөртэй холбоотой зохицуулалт хийх практик дээр хэрэгцээ шаардлагын хувьд та хэрхэн харж байгаа вэ?
М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав: Хог ангилалтыг бодитоор хэрэгжүүлэхийн тулд өдөр өдрөөр нь ангилан тээвэрлэх тогтолцоо бий болгох боломжтой. Жишээлбэл, даваа гарагт зөвхөн хуванцар, мягмар гарагт зөвхөн цаас гэх мэтээр хог ачилтын хуваарь гаргана. Харин ангилаагүй, бүх хогоо холин хаясан бол тэр хогийг нь авахгүй байх зарчим хэрэгтэй. Хүмүүс ингэж өөрсдийн хариуцлагагүй үйлдлийн үр дагаврыг мэдэрч байж хог ангилах шаардлагыг ойлгож, дадлага болно.
Ингээд өдөр өдрөөр ангилж цуглуулаад, цааш дахин боловсруулалтад хүргэх систем бүрдвэл өнөөдрийнх шиг олон машин, хүн хүч шаардлагатай биш. Маш бага нөөцөөр илүү эмх цэгцтэй, үр ашигтай менежмент бий болгох боломжтой. Энэ бол тойрог эдийн засгийг бодитоор ажиллуулах хамгийн чухал алхам.
Манай улс өргөн хэрэглээний бараануудаа ихэвчлэн импортоор авдаг. Импортын бараа бүр сав баглаа боодлын хамт орж ирдэг учраас бид өөрсдөө мэдэлгүйгээр улс маань хогийн сав болж хувирч байна. Дотоодын сав баглаа боодлын үйлдвэрлэл хангалттай хөгжөөгүй, түүнчлэн импортоор оруулж ирж буй сав баглаа боодол дээр ногдуулах хариуцлага, зохицуулалт сул байгаа нь энэ асуудлыг улам хүндрүүлж байна.
Нөгөө талдаа томоохон үйлдвэрүүд хариуцлагатай ажиллавал байгальд эерэг нөлөө үзүүлэх бүрэн боломжтой. Жишээ нь, үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усаар “Амгалан” дулааны станцын өвлийн улирлын халаалтын хэрэглээний 50 хувийг хангах боломжтой болсон. Мөн нэг литр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах усны хэмжээг жил бүр бууруулсаар, Монгол Улсын стандарт болох литр тутамд 12 литр ус ашиглах нормыг бид 2 литрээс доош болгон бууруулж чадсан юм.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн