Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой арга хэмжээг зохион байгууллаа. Монгол Улсад нийт 107,904 хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч буйгаас 32 хувь буюу 34,354 нь нийслэлд бүртгэлтэй байна. Харин тэдний дундаас 4526 иргэн л хөдөлмөр эрхэлж байгаа юм.
Биеийн онцлогоос гадна орчны саад бэрхшээл нь өөрөө хөгжлийн бэрхшээл үүсгэдэг
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Д.Гэрэл: Хуулиар 25-аас дээш ажилтантай аж ахуйн нэгж нийт ажилчдынхаа нэг хувьд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулах ёстой. Гэвч энэ заалтын хэрэгжилт одоогоор хангалтгүй байна. Хөдөлмөрийн улсын байцаагчид уг хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэгтэй. Тиймээс хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрууд энэ асуудалд илүү анхаарч, хяналтаа сайжруулах хэрэгтэй юм.
Манай агентлагийн хувьд хяналт шалгалт хийх чиг үүрэг байхгүй. Харин ААН-үүдийг хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авахад нь зөвлөн туслах, боломж нөхцөлийг нь ойлгуулах, мэдээллээр хангах ажил хийдэг. Цаашид хийх шаардлагатай гол зүйл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд нь бэлтгэх асуудал. Үүний тулд бид хоёр чиглэл барьж байна.
1. Нээлттэй ажлын байранд бэлтгэх,
2. Зорилтот ажлын байр бий болгох.
Зорилтот ажлын байр гэдэг нь тодорхой бүлгийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн онцлогт тохирсон савлах, баглах, туслах ажил зэрэг боломжит ажлууд юм. Энэ чиглэлээр бид олон улсын туршлагыг судалж байгаа бөгөөд Япон улс их сайн жишээтэй улс юм. Энэ жил Жайка хөтөлбөрийн хүрээнд Японоос хоёр компани ирж, манай агентлагтай хамтарч жишиг хоёр зорилтот ажлын байр бий болгохоор ажиллаж байна. Үүнд:
Хөрсгүй ногоо тасалгаанд ургуулж нийлүүлэх,
Цахилгаан барааны хоёрдогч түүхий эд цуглуулж дамжуулах зэрэг ажлууд багтана.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн багаар ажиллах чадвар үнэхээр сайн байдаг.
Бид хүнээ зөв бэлтгэхийн зэрэгцээ ААН-үүдэд ч тогтмол зөвлөн туслах хэрэгтэй. Энэ нь нэг удаагийн биш, тасралтгүй явагдах ёстой процесс. Одоо их, дээд сургуульд 410 орчим, мэргэжлийн боловсролын байгууллагад 650 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн сурч байна. Өөрөөр хэлбэл нийтдээ 1000 орчим хүн л хөдөлмөрийн зах зээлд бэлтгэгдэж байна. Сургалтын орчин хүртээмжгүй, дохионы хэлний орчуулагч хангалтгүй, технологийн шийдэл бүрэн нэвтрээгүй зэрэг асуудлууд тулгарч байна. Тиймээс сургууль ч, ажлын байр ч хоёуланг нь сайжруулах шаардлагатай.
Нийгмийн орчин хүртээмжгүй бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх хязгаарлагддаг. Биеийн онцлогоос гадна орчны саад бэрхшээл нь өөрөө хөгжлийн бэрхшээл үүсгэдэг. Тиймээс цаашид хүртээмжийн үнэлгээг улс орон даяар хийх шаардлагатай. Зам, автобусны буудал, нийтийн тээвэр, барилга байгууламж гээд бүх газар ямар түвшинд хүртээмжтэй байгааг тоолж үнэлнэ. Саадтай гэж гарсан газруудад нь засаж сайжруулахад зөвлөн тусалж, холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллах нь маш чухал.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэтгэлзүйд анхаарах хэрэгтэй
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэд бүтэц хариуцсан ТББ-ын тэргүүн Ю.Бат-Эрдэнэ: 2002 оноос хойш хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажиллаж, тэднийг чадавхжуулах, халамжлан хүмүүжүүлэх, дэмжин туслах үйлчилгээг тогтмол хийж ирсэн. Энэ ажлыг чин сэтгэлээсээ хүсэж, олон хүний амьдралд бага ч гэсэн хувь нэмэр оруулах гэж хичээдэг юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулдаг байгууллагуудын хувьд хуульдаа тодорхой зохицуулалттай. Жишээлбэл, хөгжлийн бэрхшээлтэй ажилтан дөрвөн цагийн ажлын горимоор ажиллах бол дөрвөн цаг, бүтэн цагийн ажилтай бол найман цагийн бус зургаан цаг ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл, тэд хоёр цагийн өмнө ажлаасаа тарж байх боломжтой юм. Гэтэл байгууллагууд “бид цалинжуулж байгаа учраас бусадтай адил цагийн нормоор ажиллах ёстой” гэж шаарддаг. Тиймээс байгууллагуудад хуулийн хэрэгжилт, хөгжлийн бэрхшээлтэй ажилчдын онцлогийг зөв ойлгуулж, тайлбарлаж өгөх нь маш чухал.
Өмнө нь би унаж татдаг өвчтэй нэг хүүхдэд компьютерын үйлчилгээний ажил эхлүүлэхэд нь 3 сая төгрөгийн тоног төхөөрөмж авч өгч байлаа. Тэр хүүхэд олон хүний дунд биш, ганцаараа ажиллахад тухтай байсан учраас ийм шийдэл нь илүү тохиромжтой. Ийм төрлийн залуус нийгэмшиж, олон хүн дунд дасахад хэцүү байдаг. Харин тодорхой хэмжээний дэмжлэг, санхүүжилт өгч, өөрт нь тохирсон ажил хийлгэхэд боломж өгөх нь сайн байдаг.
Гэтэл одоо систем нь бүх хүнийг адилхан замаар явуулдаг. Хоёр жил мэргэжил дээшлүүлэх төвд сургаад, дараа нь байгууллага руу илгээхэд зуучлагч, чиглүүлэгч хүн байдаггүй. Тиймээс тэд хүмүүстэй хэрхэн харьцах, харилцааны ур чадварын тал дээр бэрхшээлтэй тулгардаг. Хамгийн чухал нь эдгээр хүмүүст сэтгэлзүйн зөвлөгөө, байнгын дэмжлэг хэрэгтэй. Зөвлөн туслах үйлчилгээ гэсэн тусдаа тогтолцоо байх хэрэгтэй.
Хүртээмжийн тухайд ч бас асуудал их. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-нд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр гээд хүмүүс цуглардаг ч төрийн байгууллагууд ихэвчлэн цаасан тайлан уншдаг, бодит амьдрал дээр хэрэгжсэн зүйл бага байдаг.
Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэтгэлзүйд илүүтэй анхаарах хэрэгтэй. Тэд үнэхээр эмзэг, нийгэмшиж дасан зохицох нь амар биш. Жишээлбэл, тэргэнцэртэй 25 настай залуу байна гэж бодъё. Тэр ихэнхдээ гэртээ, зөвхөн ээж эсвэл асран хамгаалагчийнхаа хяналтанд байна. Харин нийгэмшүүлэх, ажилд оруулах гэхээр тохирох ажлын байр байдаггүй. Хэрэв долоо хоногт гурав ч болтугай өөр хүмүүстэй уулзаад, ярилцаад, хамт байж чаддаг орчин байсан бол тэдэнд маш том хүч, аз жаргал болно. Даанч тийм газар одоогоор байхгүй. Зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүн өөрт нь биш, ар гэрийнхэнд нь хүртэл сэтгэлзүйн зөвлөгөө, дэмжлэг хэрэгтэй байдаг.
Хот төлөвлөлт, зам талбай, барилга байгууламжийн зураг төсөлд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ бодолцдог байх нь чухал
Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт хөгжлийн төвийн сав баглаа боодлын цехийн чанар шалгагч О.Өлзийтогтох: Манай үйлдвэр 1964 онд байгуулагдсан, өдгөө 60 жилийн түүхтэй байгууллага. Одоогоор нийт 82 ажилчинтай, үүнээс 68 нь харааны бэрхшээлтэй иргэд ажилладаг. Харин хүний нөөц зэрэг зарим албан тушаалд хараатай хүмүүс ажилладаг. Үйлдвэрийн хувьд яам, тамгын газрын бичиг хэргийн дугтуй, нойлын цаас үйлдвэрлэдэг. Мөн оёдлын цех нь ажлын хувцас, гэрийн дээвэр туурга зэрэг олон төрлийн зөөлөн эдлэлийн оёдол хийдэг.
Бид үйлдвэрийнхээ хажууд байртай. Олон жил хөөцөлдсөний эцэст 9 давхар байртай болсон нь манай хамт олны хувьд үнэхээр том дэмжлэг болсон. Харин өдөр тутмын амьдралд тулгардаг гол бэрхшээл бол унаа тээвэр, гадуур явах асуудал. Жишээлбэл, банк орох, бичиг цаастай холбоотой зүйл хийх гэхэд хараагүй хүн өөрөө явж очих боломжгүй заавал хэн нэгний туслалцаа хэрэг болдог. Гарын үсэг зурах зэрэг энгийн зүйлээс эхлээд бүх зүйлд хүн дэргэд нь байх шаардлагатай байдаг.
Хамт олон дунд байна гэдэг өөрөө маш сайхан. Бид өглөө 09:00 цагтаа бүгдээрээ ирж, орой 17:00 цагт тардаг тогтсон хэвшилтэй. Манай үйлдвэрийн ажилчид ихэвчлэн ажилдаа сэтгэлтэй, чин сэтгэлээсээ хөдөлмөрлөдөг. Би гэхэд 37 дахь жилдээ эндээ ажиллаж байна. Сургалт хөгжлийн төв маань жил бүр сургалт зохион байгуулдаг бөгөөд ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй бүх хүнд нээлттэй. Харааны бэрхшээлтэй хүн ямар ажил хийх боломжтой байна, тэр бүхнийг хийж сургадаг. Сургалт нэг сарын хугацаанд явагдаад, шалгалтаар тэнцсэн хүмүүст ажлын байр олгодог.
Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан пастелэн товгор шар зам гэж байдаг ч манай хотод үнэхээр хүртээмж муу. Хараагүй хүн таягаа тулаад явж байтал шон мөргөх, барилгын шат руу алхаж ороод мөргөх зэрэг маш олон эрсдэл гардаг. Явган хүний замд хүртэл тараншины нүх байгаад хэд хэд унаж байсан тохиолдол бий. Заримдаа хөл тэр нүхэнд орчихоод хүн ирж гаргаж өгөхийг хүлээнэ, заримдаа туслах хүн ч олдохгүй өөрөө татаж гаргана. Хот төлөвлөлт, зам талбай, барилга байгууламжийн зураг төсөлд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ бодолцдог байх нь үнэхээр чухал.
Нийтийн тээврийн хувьд ч бас хүндрэлтэй зүйл их. Автобус дотор буудлыг зарладаг ч гадна талдаа зарлах систем байхгүй. Харааны бэрхшээлтэй хүн буудал дээр ирээд хүмүүсээс “энэ хэдэн номерийн автобус вэ?” гэж асууж байж суудаг. Зарим жолооч хэлэхгүй дуугүй яваад өнгөрнө. Зарим хүн бүр худал номер хэлээд төөрүүлэх үе ч байдаг. Автобусанд суухаараа бид дотроо буудлаа тоолж явдаг “таван буудлын дараа бууна” гээд. Гэхдээ автобус хүн авах гэж зогсоход нь анзаарахгүй будилж буух үе ч гардаг.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн цалин хамгийн доод түвшинд байдаг. Манайх гэхэд зургаан ам бүлтэй, бидний авч байгаа цалин амьжиргаанд хүрэлцэхгүй. Тиймээс тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах шаардлагатай байна. Одоо бол үнэхээр өдөр ирэх тусам л үнэ нэмэгдэж, амьдрал улам илүү хүндэрч байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусдаас өөр биш зөвхөн тодорхой бэрхшээлтэй л хүмүүс
МУБИС-ийн 4-р курсийн оюутан Б.Энхсайхан: Сүүлийн жилүүдэд зам, талбайн тохижилтод анхаарч эхэлж байгаад үнэхээр баяртай байна. Өмнөх гурван жилийн байдлыг бодоход замын нөхцөл үнэхээр хүндрэлтэй, бүр “тамын зам” шиг л санагддаг байлаа. Надад алхаж, зорчиход их хэцүү байсан ч би хэзээ ч бууж өгч байгаагүй. Одоо сургуулийн гадна налуу замтай болсон нь үнэхээр сайхан. Өмнө нь налуу замгүй байх үед сургууль руугаа ороход их бэрхшээлтэй байлаа.
Автобусанд суух үед ч асуудал их гардаг. Налуу замаа буулгаж өгөхийг хүсэхэд зарим жолооч буулгаж өгдөг, зарим нь тоохгүй зүгээр л хаалгаа хаагаад явчихдаг. Тэр үед хорвоо бөөрөнхий шүү дээ гэж бодоод дараагийн автобусаа хүлээхээс өөр арга байдаггүй. Хүмүүс өөрийгөө нэг удаа хөгжлийн бэрхшээлтэй хүний оронд тавиад бодож үзээсэй гэж би хүсдэг.
Би одоо МУБИС-ийн тусгай хэрэгцээт боловсролын багшийн ангид суралцаж байгаа. Одоогоор хоёр удаа дадлагад гарсан. Хүүхдүүдтэй ажиллахдаа аль болох дотно, найз шиг нь санагддаг, итгэл төрүүлдэг багш байхыг зорьдог. Цаашид үргэлжлүүлэн суралцаж, илүү туршлагатай болохыг хүсэж байгаа. Манай ангийнхан надад их халамжтай, хаана яваа, ямар тусламж хэрэгтэй байна гэж асууж, дэмжиж өгдөг.
Хүмүүс биднийг заримдаа “хандив гуйдаг” гэж буруугаар ойлгодог. Гэвч бидний хүсдэг зүйл бол тийм юм огт биш. Бид зүгээр л бусадтай адилхан харилцаатай байж, бидний дуу хоолойг сонсож, бодлыг маань хүндэлж ойлгоосой гэж хүсдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусдаас өөр биш зөвхөн тодорхой бэрхшээлтэй л болохоос амьдралын зорилго, хүсэл мөрөөдөл нь адилхан.
Би байгаль экологид маш их дуртай. Тиймдээ ч шувуудын тухай ном бичиж гаргасан. Зураг авах хоббитой учраас шувуудын амьдралын хэв маягийг ажиглаж, тэмдэглэж, судалсаар ном болгосон. Цаашдаа байгаль, экологийн талаар олон нийтэд ярьж өгдөг, лекц тавьдаг хүн болохыг хүсдэг. Хүн өөртөө хайртай, дуртай зүйлтэй байх нь маш чухал гэж боддог. Шувууд эрх чөлөөтэй нисдэг мэт харагддаг ч үнэндээ бидэнтэй адил өөрийн гэсэн нийгмийн бүтэц, төрөл зүйл, амьдралын дүрэмтэй байдаг. Тэднийг ажиглах бүрт байгаль ямар гайхалтай болохыг мэдэрдэг юм.