Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Бортээгийн ордыг ирэх онд ашиглалтад оруулж, жил бүхэн 15 сая тонн нүүрс олборлоно

Бортээгийн ордыг ирэх онд ашиглалтад оруулж, жил бүхэн 15 сая тонн нүүрс олборлоно
Нийтэлсэн 2025 оны 12 сарын 4
Эрдэнэс Тавантолгойн Бортээгийн уурхайг ирэх жил эдийн засгийн эргэлтэд оруулж 10 сая тонн нүүрс экспортлох зорилгыг Засгийн газар тавиад байгаа.
Тус ордын ТЭЗҮ-ийг 2020 онд баталсан ч энэ онд дахин шинэчилж байгаа бөгөөд ирэх оны нэгдүгээр улиралд дуусгах аж. Бортээгийн орд 424 сая тонн нүүрсний нөөцтэйгөөс 95 хувь нь сул коксжих, 5 хувь нь эрчим хүчний нүүрс гэсэн ТЭЗҮ гарсан байдаг. Ирэх жил Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа гаднын хөрөнгө оруулагчийг нээлттэй сонгон шалгаруулахаар төлөвлөж байгааг өчигдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна.
Эрдэнэс Тавантолгой компанийн гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу "2026 онд багтаан Бортээгийн уурхайг ашиглалтад оруулж нэг тэрбум ам.долларын нэмэлт орлого олох, хил дамнасан бүтээн байгуулалтын ажил дууссаны дараа энэ ордоос 15 сая тонныг жил бүхэн экспортлох бэлтгэл ажлыг хангаж байна" гэсэн юм.
УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн холбоотой гэх “Админерал” компанийн багтсан МТАС түншлэл 2021 онд Тавантолгойн бүлэг ордын Бортээгт хөрс хуулах, нүүрс олборлох, өрөмдөх, тэслэх, нүүрс баяжуулах үйлчилгээ үзүүлэхээр тендерт шалгарч гэрээ байгуулсан байсныг энэ онд цуцалсан.
Тэгвэл цаашдаа төмөр замын хил холболтын гэрээний хүрээнд Бортээгийн ордыг БНХАУ-ын компанид 16 жил хөнгөлөлттэй үнээр олборлуулах юм байна. Төмөр замын хил холболтын гэрээг хийхэд БНХАУ-ын талаас "Гурвыг цогцоор" буюу төмөр замын хил холбох, нүүрс олборлох, борлуулах нөхцөл тавьж гэрээ байгуулсан. Тус гэрээний хүрээнд Эрдэнэс Тавантолгойн ордын гурван ордыг БНХАУ-ын компанид 16 жил хөнгөлөлттэй үнээр олборлуулах үүргийг манай улс хүлээгээд байгаа юм. Тэгвэл энэ гурван ордын нэг нь Бортээгийн уурхай аж.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн