УИХ-ын гишүүн Ж.Золжаргал ХҮН намын гишүүнчлэлээс татгалзах өргөдлөө өгсөн талаараа өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 3-нд мэдэгдсэн. Тэгвэл үүнтэй холбоотойгоор тус намын дарга Т.Доржханд сэтгүүлчдэд тайлбар өгчээ.
ХҮН намын дарга Т.Доржханд: Надтай 10 жил хамт явсан нөхөр гэнэт 10 жилийн ойн өмнө санаатай ч юм шиг, санаандгүй ч юм шиг сюрприз барьсанд гайхаж байна. Манай нам хамгийн их дотоод ардчилалтай. Нам бол олонхоороо гаргасан шийдвэрийг дагаж явдаг. Төлөөлөх зөвлөлийн 80 гаруй хувийн саналаар Засгийн газарт хамтрахыг дэмжсэн. Гэвч үүнийг одоо хүртэл буруутгаад, "ХҮН нам сөрөг хүчин байж, шүүмжлэх л ёстой. Ардын намтай хамт засаг барьж байгаа нь буруу" гэж байгааг буруу гэж үзэж байна.
Намаас гарч, орох нь хувь хүний эрхийн асуудал. Гэхдээ байнгын шүүмжлээд сөрөг хүчин хийгээд байдаг, ард түмэнд таалагдаж алга ташуулаад байдаг улс төрийн хүчин хэрэгтэй юм уу гэдгийг бодох хэрэгтэй.
ХҮН нам маш их эв нэгдэлтэй байгаа. ХҮН нам МАН шиг 2 хуваагдаагүй, АН шиг бужигнаагүй. Одоо хамгийн эв нэгдэлтэй, цэгцтэй байгаа шүү. Ж.Золжаргал гишүүн Баянгол дүүрэгт нэр дэвших хүсэлтэй байсан олон залуусын боломжийг авч нэр дэвшээд, гишүүн болсон хойноо "Намаас гарлаа" гэж болохгүй.