МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Танай намын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, хэд хэдэн томилгоо хийсэн. Хэн, хэнийг ямар албан тушаалд томилсон бэ?
-МАН-ын 31-р Их хурал саяхан хуралдсан.Энэ хурлаар намын шинэ дарга, шинэ удирдлагууд томилогдсон. МАН-ын үйл ажиллагааг цааш явуулахын тулд намын төв аппаратын бүтэц зохион байгуулалтыг шинэчилж, шинэ томилгоонуудыг хийж байгаа. Өмнө нь ажиллаж байсан газар хэлтэр дээрээ нэмээд намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт мониторингийн газрыг шинээр байгуулсан. Их хурлаар яригдсан хамгийн чухал асуудал бол намын шат шатны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг ард иргэд, сонгогчид нэхэж байна гэдэг асуудлыг ярьж байгаа. Тиймээс нам дээр мөрийн хөтөлбөрийн биелэлт хэр явж байна, 2027, 2028 оны төсвүүд дээр хэрхэн тусах, мөрийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд УИХ, Засгийн газрын түвшинд ямар ажлууд хийх ёстой вэ гэдэг асуудал яригдаж байгаа учраас нам дээр энэ чиглэлийн тусгайлсан газрыг байгуулж байгаа. Мөн намын дэргэд Улс төрийн манлайллын академи байгуулж байна. 2023 онд Улс төрийн намын тухай хуулийг баталж, энэ хуулийн дагуу намууд энэ онд Их хурлаа хийж, намын дүрэм журмаа шинэчилж байгаа. Улс төрийн намын шинэ хуультай холбогдуулж улс төрийн намууд бодлогын нам болох, бодлогын асуудлаар мэтгэлцдэг байх, бодлого гаргадаг бодлогын судалгааны байгууллагуудтай хамтарч ажиллахыг шаардаж байгаа. Тиймээс манай нам дэргэдээ байгаа стратегийн академиа судалгаа, улс төрийн манлайллын академиа илүү сургалтын чиглэл рүү явуулах, намд орж ирж байгаа санхүүжилтээ энэ чиглэл рүү зарцуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Мөн намын дэргэд хүртээмж тэгш оролцооны бодлогын байнгын хороог байгуулж, УИХ-ын гишүүн О.Саранчулуун гишүүнээр ахлуулсан. Энэ хороо хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нийгмийн амьдралд идэвхтэй оролцож чадахгүй байгаа нийгмийн бүлгийнхний дуу хоолойг МАН сонсож байх ёстой. Энэ бодлогын хороон дээрээс нийгмийн энэ бүлгүүдийн бодол саналыг төрийн бодлогод тусгах юм. Манай нам дэргэдээ найман бодлогын хороог ажиллуулахаар болсон. Ийм байдлаар намын бүтэц зохион байгуулалтыг шинэчилж, баталсан. Энэ дагуу холбогдох газар хэлтсийн дарга нарыг шинээр томилсон.
-Их хурлаараа сонгож баталсан намын шинэ дарга, дүрмээ Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлсэн үү?
-Ирэх 7 хоногт Улсын дээд шүүхэд материалаа хүргүүлнэ. Улсын төрийн намын тухай хуулиар 60 хоногийн дотор хүргүүлэх ёстой. Тиймээс хуульд заасан хугацаандаа намын шинэчилсэн дүрэм болон шинэ даргаа бүртгүүлэхээр хандаж байна.
-Улс төрийн намын тухай хуулиар улс төрийн намууд парламентын суудлынхаа тоогоор санхүүжилт авдаг болсон. Парламентын олонхыг бүрдүүлж байгаа МАН 2025 онд хэдий хэмжээний санхүүжилт авсан бэ. Мөн хуульд заасан үүргүүдээ биелүүлж чадаж байна уу?
-2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад улс төрийн намуудыг Үндсэн хуулийн хэмжээний тодорхойлолт хийж өгсөн. Үүний дагуу Улс төрийн намын тухай хуулийг Ерөнхийлөгч санаачилж батлуулсан. Энэ өөрчлөлтөөр хуульд үндсэн гурав, дөрвөн томоохон өөрчлөлт оруулсан. Нэгд, улс төрийн нам бодлогын нам байх, бодлого тодорхойлдог, бодлого дээр судалгаа хийдэг чиглэл рүү хөгжих ёстой. Хоёрт, улс төрийн намын дотоод ардчиллыг нэлээд хөндөж тавьсан. Намууд цаг хугацаандаа буюу жил бүхэн хуралдаж явдаг. Тэгэхгүй бол зарим намууд гэр бүлийн, компанийн нам болоод байгаа учраас улс төрийн намыг төлөвшүүлэх нэлээд өөрчлөлтүүд оруулсан. Гуравт, санхүүжилттэй холбоотой. Улс төрийн намын санхүүжилтийг нээлттэй, ил тод болгохыг хуульд нэлээд нарийвчлан зааж өгсөн. Үүнийг дагаад Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын өдөр тутмын үйл ажиллагааг хариуцдаг төрийн захиргааны байгууллага болсон. Тиймээс СЕХ-д бид сар бүхэн тайлангаа гаргаж өгдөг, СЕХ намуудад аудит оруулдаг болсон. Мөн намууд дотоод аудиттай болсон. Санхүүжилтийнхээ тодорхой хувийг эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ард иргэдийг соён гэгээрүүлэхэд зарцуулах ёстой.
-Энэ жил хэдий хэмжээний санхүүжилт авсан бэ?
-2025 онд улсын төсвөөс 2.8 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байх. Суудлын тоотой уялдуулж өгч байгаа учраас тухайн дөрвөн жилд жил бүхэн энэ хэмжээний санхүүжилтийг авна. Мөн үүн дотор эмэгтэй гишүүд, хөгжлийн бэрхшээлтэй гишүүдийн эзлэх хувь, дэвшүүлсэн хувь гээд хуулийн заалт байдаг. Энэ заалтаар л санхүүжилт ирж байгаа. МАН 2025 оны нэгдүгээр сараас дансаа шилэн болгосон. Тиймээс юунд зарцуулсан нь ил тод болсон. Жилийн төгсгөлд СЕХ-д тайлангаа өгөхөөр СЕХ аудит оруулаад дүнгээ ирэх оны нэгдүгээр улиралд УИХ-ын холбогдох байнгын хороонд танилцуулга хийнэ.
Тэгэхээр улс төрийн намууд ямархуу санхүүжилтээр ажиллаж, ямар зардал мөнгө гаргаж байна гэдэг нь тодорхой болоод ирнэ.
-Хоёр тэрбум гаруй төгрөгийг нэг ажилд зарцуулаад дуусаж байна уу. Ер нь улс төрийн нам ийм хэмжээний санхүүжилтийг төрөөс аваад үйл ажиллагаа явуулах боломжтой байна уу?
-Манай нам 1990 оноос хойш ийм хэмжээний дэмжлэг авч ирсэн. Одоо л авч байгаа юм биш. Харин ч багасчихаад байгаа юм. Өмнө нь УИХ-ын суудал, дүүрэг, аймгийн ИТХ-ын суудлын мөнгө, сонгуульд орсон хэв хэмжээтэй холбогдуулж санхүүжилт төсвөөс өгдөг байсан. Гэхдээ зарцуулалт нь ил тод биш, аудит оруулах гэх мэт асуудал байдаггүй байсан. Харин шинэчлэн баталсан Улс төрийн намын тухай хуулиар энэ бүх зохицуулалтыг хийсэн.
МАН-ын хувьд энэ санхүүжилтээр үйл ажиллагаа явуулахад жаахан хүндрэлтэй байна. Учир нь манай нам 2021 аймаг, 360 сум, есөн дүүрэгт орон тоогоор ажилладаг ажилчдын цалин өндөр байдаг. Парламентад суудалтай бүх аймагт бүлэг байгуулах хэмжээний байгаа учраас бодлого тодорхойлох үүднээс орон тооны бүтцүүд ажилладаг.