Олон улсын хяналтаар баталгаажсан шинжлэн ухаан, технологийн Nature сэтгүүлд нийтлэгдсэн хиймэл оюун ухааны зохицуулалтаар дэлхийд тэргүүлэхийг хүсэж буй Хятад улсын төлөвлөгөөний талаарх нийтлэлийг орчуулан хүргэж байна. Эдийн засгийн стратегийнхаа төвд хиймэл оюун ухааныг байршуулсан Хятад улс тус технологийн хэрэглээг зохицуулах олон улсын тогтолцоог бий болгох санаачилгыг идэвхтэй удирдан чиглүүлж байна.
Тэгш бус байдлыг нэмэгдүүлэхээс эхлээд бодит аюул учруулах хүртэлх эрсдэлүүд байсаар атал дэлхий нийт одоо хүртэл хиймэл оюун ухааныг зохицуулах асуудлаар нийтлэг зөвшилцөлд хүрээгүй байна. Улс орнуудын хэмжээнд зарим зохицуулалтын тогтолцоо бий боловч олон оронд хууль эрхзүйн хатуу тогтолцоо боловсруулах шатандаа байна.
Аравдугаар сард APEC-ийн уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин хиймэл оюун ухааны дэлхийн засаглалыг бүрдүүлэх чиглэлд нэг алхам урагшлах зорилготой “Дэлхийн хиймэл оюун ухааны хамтын ажиллагааны байгууллага” (WAICO) байгуулах Хятадын саналыг дахин онцлон мэдэгдэв.
Энэ санал нь АНУ-ын “дүрэм журам багатай” хандлагаас ялгаатайгаар хиймэл оюун ухааны засаглалыг удирдан чиглүүлэх өргөн цар хүрээтэй Хятадын оролдлогын нэг хэсэг юм. Хиймэл оюун ухааны ил тод байдал болон бодлогын хувьд “одоогоор Хятад сайн талдаа оршиж байна” хэмээн Их Британийн Саутхэмптоны их сургуулийн компьютерийн эрдэмтэн Венди Халл Лондонд болсон арга хэмжээний үеэр хэлжээ.
Гэхдээ хиймэл оюун ухааны талаар эрх зүйн хүчинтэй Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах хүртэл олон саад бий. Гэсэн хэдий ч зарим судлаач үүнийг боломжтой гэж үздэг. Тэд хиймэл оюун ухааныг цөмийн эрчим хүч эсвэл агаарын тээвэр зэрэг эрсдэлтэй ч ашигтай технологиудтай зүйрлэн, эдгээр салбарт олон улсын гэрээ амжилттай хэрэгжиж байгааг онцолдог.
Хятадын хиймэл оюун ухааны экосистем бусдаас юугаараа ялгаатай вэ?
Засгийн газраас урамшуулдаг тул Хятадын компаниуд загваруудаа “нээлттэй жин” хэлбэрээр нийтлэх нь түгээмэл. Үүний утга нь загварыг татаж авч хөгжүүлж болно гэсэн үг. Мөн барууны орнуудаас ялгаатай нь Хятад улс хүнийг даван гарах чадвартай хиймэл оюун ухааны (AGI) өрсөлдөөнд бага анхаарч, AI-ийг эдийн засгийн өсөлтөд ашиглах “өрсөлдөөн”-д илүү төвлөрч байна. Үүний жишээ нь наймдугаар сард хэрэгжиж эхэлсэн “AI+” бодлого гэж Бээжинд төвтэй Concordia AI компанийн олон улсын AI засаглалын газрын тэргүүн Кван Йи Нг хэлжээ.
Хятад улс хиймэл оюун ухааныг хэрхэн зохицуулдаг вэ?
Хятад улс 2022 оноос эхлэн хиймэл оюун ухаанд зориулсан тусгай зохицуулалт нэвтрүүлсэн анхдагч орнуудын нэг. Зохицуулалт нь хор хөнөөлтэй контент, нууцлал, өгөгдлийн аюулгүй байдлыг өргөн хүрээтэй хамардаг. Олон нийтэд зориулсан AI үйлчилгээний хөгжүүлэгчид системээ нэвтрүүлэхийн өмнө төрийн байгууллагуудаар туршуулах шаардлагатай байдаг аж. Үүний үр дүнд DeepSeek зэрэг Хятадын компаниудын загварууд “дэлхийн хамгийн өндөр зохицуулалттай”-д тооцогдож байгааг Берлиний Херти сургуулийн AI ёс зүйн судлаач Жоанна Брайсон хэлжээ. Гэхдээ зохицуулалтыг хэрэгжүүлэхдээ Засгийн газар зөөлөн арга барилтай байх нь элбэг гэж Өмнөд Калифорнийн их сургуулийн хууль судлаач Ангела Жан онцлов.
Харин АНУ-д холбооны түвшинд AI зохицуулах цогц хууль байхгүй. 2024 онд Ерөнхийлөгч Дональд Трамп AI аюулгүй байдлыг хангах зорилготой тушаалыг цуцалсан. Тэрбээр салбарыг “аж үйлдвэрт ээлтэй” чиглэлд явуулахыг дэмжиж, үндэсний хуульд мужууд AI зохицуулахыг хязгаарлах заалт нэмэхийг санал болгож байсан. Европын холбоо AI системийг эрсдэлийн түвшнээр нь ангилан, ил тод байдал, хяналтын ялгаатай шаардлага бүхий AI-ийн тухай хуулийг 2024 оны наймдугаар сард хэрэгжүүлсэн. Харин Их Британи цогц AI хууль тогтоомжоо 2025 он хүртэл хойшлуулсан.
Хиймэл оюун ухааныг зохицуулах ямар олон улсын хууль тогтоомж байдаг вэ?
Бараг байхгүй. Одоогоор хүчин төгөлдөр үйлчилж буй цорын ганц олон улсын хууль нь Европын Зөвлөлийн 2024 оны тавдугаар сард баталсан “AI-ийн тухай суурь конвенц” юм. Гэрээ нь оролцогч улс орнуудыг үндэсний хууль тогтоомждоо хүний эрх зэрэг өргөн хүрээний зарчмыг хэрэгжүүлэх үүрэгтэй болгосон ч шийтгэл, гүйцэтгэх тогтолцоо байдаггүй гэж Оксфордын Мартин сургуулийн AI засаглалын санаачилгын судлаач Люсиа Веласко хэлэв.
Компаниуд болон улс орнууд мөн UNESCO-ийн AI ёс зүйн зарчим, OECD-ийн AI зарчим, 2023 оны Их Британийн AI аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтаар баталсан Блетчли тунхаг зэрэг олон төрлийн хүчингүй баримт бичгүүдэд гарын үсэг зурсан. НҮБ ч бас улс орнуудын зохицуулалтын хүчин чармайлтыг чиглүүлэх шинжлэх ухааны хороо болон “диалог”-ийн процессыг эхлүүлсэн.
Хятад улс юу санал болгосон бэ?
WAICO нь улс орнуудын AI засаглалын дүрмийг уялдуулах, ингэхдээ “улс бүрийн бодлого, практикийн онцлогийг бүрэн хүндэтгэх” болон “дэлхийн өмнөд” орнуудын эрх ашгийг хамгаалах зорилготой гэж Хятадын албаны хүмүүс тайлбарлажээ. Хятад улсын зүгээс уг байгууллагын төвийг Шанхай хотод байрлуулахыг санал болгосон ч бусад дэлгэрэнгүй зүйл тодорхойгүй хэвээр байна.
WAICO нь шууд зохицуулалт хийх эрх мэдэлгүй байх магадлалтай ч улсууд нэгтгэсэн тогтолцоонд аажмаар уялдах суурь платформ болж чадна. Ши Жиньпиний WAICO байгуулах уриалга нь дөрвөн сарын дотор дөрөв дэх удаагаа давтагдсан нь уг санаачилга Хятадын хувьд чухал болохыг харуулж байна. Үүний нэг шалтгаан нь худалдааны ашиг сонирхол гэж Жан тайлбарлав. Тэрээр “Хятад улс стандарт тогтоох чадвартай байх нь түүний бүтээгдэхүүнүүд дэлхий даяар хурдан тархахад тустай" гэв.
Мөн энэ нь Хятад улсад дипломат давуу тал олгодог. “Хятад улс ‘бидэнд ч гэсэн AI-ийн засаглалд дуу хоолой хэрэгтэй, бусдын заавраар явж болохгүй’ гэж дэлхийн өмнөд орнуудад ах мэт байр суурьтай хандаж байна” хэмээн Жан хэллээ.
Дэлхийн хэмжээний засаглал ямар байх вэ?
Одоогоор тодорхойгүй байна. AI аюулгүй байдлын мэргэжилтнүүд цөмийн эрчим хүч болон Олон улсын атомын энергийн агентлагийн туршлагыг ихэвчлэн жишээ татдаг байна. НҮБ-ын тус агентлагийн стандартууд нь хууль ёсны заавал дагах хүчингүй ч аюулгүй ажиллагааны тухай олон улсын конвенц зэрэг хуулийн хүчинтэй гэрээнүүдээр дэмжигдэн хэрэгждэг.