Сүүлийн жилүүдэд иргэд цахимаар үйлдэгдэх луйвар болон бусад төрлийн залилангийн гэмт хэргийн хохирогч болох нь жил тутам нэмэгдэж байгааг Цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байна. Тухайлбал, Цагдаагийн ерөнхий газраас “Үнэт чулуу”, “Хусдаг сугалаа” гэх онлайн сугалааг залилан гэж албан ёсоор мэдэгдсэн. Тэгвэл энэ удаа иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон хоёр иргэнтэй ярилцлаа.
-Таны хувьд түгээмэл гардаг цахим гэмт хэргийн хохирогч болсон юм байна. Юу болсон талаар хэлж өгөөч?
-2025 оны арванхоёрдугаар сарын 2-нд фейсбүүкт хусдаг сугалаанд оролцсон. “Алтанжолоо аз ёндоо” гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “Манайх АНУ-ын тусгай зөвшөөрөлтэй, бүх зүйл нь бүрэн хуулийн дагуу явж байгаа. Сугалаа явуулна” гээд зар оруулсан байсан. Тухайн сугалаа 100, 200 мянган төгрөгийн багцтай. Миний хувьд 100 мянган төгрөгийн багцаар сугалааны багцаар оролцоод, маш их хэмжээний мөнгө хожсон. Тодруулж хэлбэл, 649 сая төгрөгийн азтан болсон. Ийм их хэмжээний мөнгөн дүн сонсохоор хүн үнэхээр итгэчихдэг юм билээ. Бараг л амьдралаа өөрчилчихлөө гэж бодсон. Тэгээд үндсэн мөнгө болон 1.1 сая төгрөгийг байршуулаарай таны мөнгө яг одоо ороход бэлэн байна гэсэн. Тэгэхээр нь 1.1 сая төгрөг байршуулсан. Түүний дараа “Бэлэн мөнгөнөөс Монгол Улс 40 хувийн татвар авдаг. Харин АНУ-д тодорхой хэмжээний татвар өгөөд гэрчилгээ нь гардаг болохоор Монгол Улсад татвар төлөх шаардлагагүй. Та одоо 1.8 сая гаруй мөнгийг шилжүүл” гэхээр нь шилжүүлсэн. Гэтэл дахиад “Олон улсын гүйлгээний шимтгэл буюу долларын зөрүүний шимтгэл гээд мөнгө шилжүүлээрэй” гэсэн. Ингэхээр нь би “Энэ юу болоод байна. Ярих боломжтой ярья. Дугаараа өгөөч” гэж хэлсэн. Тэгтэл шууд над руу чатаар залгаад “Манайх ийм үйл ажиллагаатай гээд байгууллагаа дэлгэрэнгүй танилцуулсан. Санаа зоволтгүй найдвартай” гэсэн. Утсаар ярьчихсан болохоор илүү итгэсэн. Ингээд нийт дөрвөн удаагийн гүйлгээгээр 5.5 сая төгрөгөөр залилуулсан.
-Гүйлгээгээ дандаа өөрийн дансаараа хийсэн үү. Хэр хугацаанд энэхүү үйл явц болсон. Цагдаагийн байгууллагад хэзээ хандсан бэ?
-Тэгэлгүй яах вэ. Өөрийн дансаараа л явуулсан. Надад хадгалсан хэдэн төгрөг байсан л даа. Үүнийгээ явууллаа гэхэд эргээд их хэмжээний мөнгө орж ирнэ. Ядаж тал нь ч гэсэн орж ирнэ гэсэн горьдлого төрчихдөг юм билээ. Хамгийн эхний гүйлгээгээ хийснээс хойш цагийн дараа Цагдаагийн байгууллагад хандсан. Тэр дунд мессеж харьцах, ярих, гүйлгээгээ хийх гээд өчнөөн олон үйл явдал болж байгаа юм.
-Цагдаагийн байгууллагад хандахад хариу арга хэмжээ авсан бэ?
-Цагдаагийн байгууллагаас “Та хаана, хэнтэй холбогдсон. Телевиз, сайтын мэдээнээс үзээгүй юү. Зөндөө хүн залилуулсан гэсэн анхааруулсан зүйл байгаа шүү дээ. Харьяа дүүргийнхээ Цагдаагийн хэлтэст яаралтай очиж өгөөрэй” гэсэн. Өмнө нь би цахим залилангаас урьдчилан сэргийлсэн мэдээ, нэвтрүүлэг үзэж байгаагүй болохоор хохирогч болсон. Иймд яаралтай харьяа дүүргийнхээ Цагдаагийн газар очиж өргөдлөө өгөөд, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэсэгт энэхүү хэрэг шалгагдаад явж байна.
-Та иргэдэд сэрэмжлүүлэг болгож юуг анхааруулах вэ?
-Цахим гэмт хэргийн эрсдэлээ тооцоод хэзээ ч битгий сугалаанд оролцоорой. Үнэгүй зүйл зөвхөн хулганын хавханд байдаг гэдгийг маш сайн ойлгоосой. Фейсбүүк дэх хусдаг сугалаа үнэн биш шүү. Үнэхээр үнэн байсан бол тухайн хүмүүс өөрсдөө хусаад их хэмжээний мөнгөө авах боломж бий. Тэд өөрсдөө хусахгүй байгаа бол болохоор энэ бол луйвар юм байна.
Хэрэв та цахим орчинд ийм хусдаг сугалаа явуулж буй лайвтай тааралдвал мөнгө шилжүүлж азаа үзэхгүй байх, реакц, сэтгэгдэл бичиж, түгээхгүй байх, тус лайвыг репортолж байхыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
-Таны хувьд цахим залиланд хэдэн төгрөгөөр хохирсон бэ. Тухайн үед юу болсон талаар дэлгэрэнгүй ярихгүй юү?
-Арваннэгдүгээр сарын 22 өдөр ажил дээр байж байгаад фейсбүүкийн хусдаг сугалаанд оролцсон. Сугалаад, хусаад гарч ирсэн мөнгөн дүнг нь долларын ханшид хуваадаг. Сугалаанд оролцох 100, 200, 300 мянган төгрөг гээд ханштай болсон. Миний хувьд 1.2 сая төгрөгөөр сугалаа авсан. Хүний толгойг бол үнэхээр сайн угаадаг юм билээ. Янз бүрийн гэрчилгээ үзүүлээд, гадаадын хөрөнгө оруулагчтай гэсэн. Фейсбүүкийн лайвыг нь 100-200 гаруй хүн үзэж байсан. Түүнээс 50-60 нь тэдэнтэй хамтарч ажилладаг хүн байсан юм билээ. Харахад энгийн хүмүүсийн хаягтай. Оролцоод үзсэн үү үзсэн, авсан уу авсан гэдэг. Ийм аргаар хүмүүсийг хуурдаг. Мөнгөө шууд данс руу нь шилжүүлсэн.
-Энэ үйл явдал хэзээ болсон. Та хэзээ хууртагдчихлаа, цахим залилангийн хохирогч боллоо гэж мэдээд Цагдаагийн байгууллагад хандсан бэ?
-Өмнө нь сугалаанд ерөөсөө оролцож байгаагүй, сонирхдоггүй байсан. Гэтэл тэр өдөр яагаад ч юм гэнэт оролцсон. Хүнийх нь ярьж байгаа яриа үнэхээр үнэмшилтэй байсан. Сонин цаанаасаа татагдсан. Иймээс оролцож байтал лайв нь зогсоод гэнэт фейсбүүкээ хаагаад алга болчихдог юм билээ. Дахиад ямар ч холбогдох арга байгаагүй. Тухайн өдрөө шууд харьяа дүүргийнхээ Цагдаагийн байгууллагад очиж бүртгүүлсэн.
-Та иргэдэд сэрэмжлүүлэг болгон юуг хэлэх вэ?
-Ер нь таны толгойг юу ч гэж хэлж угаах юм билээ шүү. Хувь чатаар иргэний үнэмлэх, зураг, гэрийн хаягаа ч явуулж итгүүлэхийн тулд янз янзын арга хэрэглэж байна. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж өөрийгөө болон ойр дотнын хүмүүсээ хамгаалаарай. Бүгд луйвар шүү. Ямар ч үнэн зүйл байхгүй болохоор эргэн тойрныхондоо ч гэсэн анхааруулаарай гэж хэлмээр байна.
Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд цаг алдалгүй маш хурдан ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт хандах нь чухал гэдгийг хохирогчид болон албанийнхан анхааруулж байна.
"Баримт нэн тэргүүнд” сүлжээний олон нийтийн төлөөх бүтээл