УИХ-ын намрын чуулган энэ сарын 30-нд сүүлийн хуралдаанаа хийж завсарлах хуваарьтай байгаа. 39 хууль, тогтоол батлахаар төлөвлөөд байсан намрын чуулганаар 2026 оны төсвийн хуулиа арай гэж батлав. Харин бусад төлөвлөөд байсан хуулиудаа баталж чадахгүй, намрын чуулган хаалтаа хийх нь.
Учир нь намын даргын сунгаанаас үүдсэн МАН-ын талцал хуваагдал парламентыг ч гацаанд оруулж, сүүлдээ УИХ-ын дарга нь өөрсийн хүсэлтээр ажлаа өгч, шинэ УИХ-ын даргатай болсноор парламентын гацаа арилсан. Тэгвэл хоёр сар үргэлжилсэн МАН-ын дарга нарын зодоон хууль тогтоох байгууллагын ажлыг гацааж, хууль батлах ажлаа бүрэн хийж чадалгүй 75-аас доошгүй хоног хуралдана гэдэг хуулийн хугацааг дуусгаж байна.
Энэ жилээс Төсвийн тухай хуулийг есдүгээр сарын 15-нд өргөн барьдаг болсон. Энэ жил төсвийн хуулиудыг есдүгээр сарын 15-нд өргөн барьж, хоёр сар гаруй хугацааны дараа буюу арваннэгдүгээр сарын 12-нд арай гэж эцэслэн баталсан. Төсвийн ажлын хэсэг дээр маш олон маргаантай өөрчлөлтүүдийг хийж баталсан . Төсөвт удахгүй тодотгол хийнэ гэдгийг Засгийн газрын гишүүд нь ч ил тод хэлж байгаа. Тэгэхээр УИХ-ын намрын чуулганы баталсан ганц хууль нь ч тодотгол хийхээр байгаа юм.
Намын зодоон нь төрийн зодоон болж, төрийн эрх барих дээд байгууллагыг гацаанд оруулснаар 126 гишүүнтэй парламентын намрын чуулган ямар ч үр дүнгүй, баталсан олигтой хуульгүй өндөрлөж байна. Харин намын дарга, УИХ-ын дарга солигдсоноос үүдсэн томилгоонуудыг л энэ намрын чуулганаар ар араас нь хийв. Өнөөдрийн байдлаар УИХ-аас 10 гаруй томилгоог хийгээд байгаа юм.