Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан Боловсролын сайд ЕБС-ийн сурагчдыг хэсэгчлэн цахимаар хичээллүүлэх тушаал гаргасан. Тушаалын дагуу нийслэлийн Баянзүрх, Баянгол, Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн өмчийн бүх хэлбэрийн Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн хичээлийг тодорхой хугацаанд цахим хэлбэрт шилжүүлэхээр болсон. Цахим хичээл өнөөдрөөс эхлэх бөгөөд:
1–5 дугаар анги 2025 оны 12 дугаар сарын 1-нээс 5-ныг дуустал,
6–9 дүгээр анги 2025 оны 12 дугаар сарын 8-наас 12-ныг дуустал цахимаар хичээллэнэ.
Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн мэдээлснээр энэ жилийн томуугийн дэгдэлт өмнөх жилүүдээс эрт эхэлсэн бөгөөд A(H3N2) болон B төрлийн вирус давамгайлах хандлагатай байна. Иймд иргэдэд дараах зөвлөмжийг өгч байна:
• Томуугийн вакциндаа хамрагдах — 6 сараас дээш насны бүх хүнд зөвлөдөг ба хүндрэл, эмнэлэгт хэвтэх эрсдлийг бууруулна.
• Гараа тогтмол угаах, амны хаалт хэрэглэх — олон нийтийн газар, хаалттай орчинд халдвар дамжих эрсдэлийг багасгана.
• Агааржуулалтыг сайжруулах — анги танхим, гэр, ажлын өрөөг тогтмол 10–15 минут агааржуулах.
• Шинж тэмдэг илэрсэн бол гэртээ амрах — бусдад халдаах эрсдэлийг бууруулна.
• Эмчийн заавраар антивирус эмчилгээ хийх — өндөр эрсдэлтэй бүлгийн хүмүүс халдварын эхний 48 цагт эмчид хандах нь чухал.