Open iToim app
Ярилцлага | 6 мин уншина

О.Батнайрамдал: Түр хороо 65 мянган хуудас баримт цуглуулсан ч ихэнх нь байгууллагын болон төрийн нууцад байна

О.Батнайрамдал: Түр хороо 65 мянган хуудас баримт цуглуулсан ч ихэнх нь байгууллагын болон төрийн нууцад байна
Нийтэлсэн 2025 оны 12 сарын 1
УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай ярилцлаа. Тэрээр УИХ-ын Оюу толгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх түр хороог ахлан ажиллаж байгаа бөгөөд сонсгол энэ сарын 8-12-ны өдрүүдэд болох юм. 
-Сонсголын бэлтгэл ажил ямар шатандаа явж байгаа талаар та эхлээд мэдээлэл өгөөч?
-УИХ Оюу толгойн асуудал дээр хянан шалгах түр хороог долдугаар сарын 2-нд албан ёсоор байгуулсан. Хянан шалгах түр хороог зургаан сарын хугацаатай байгуулдаг. Манай түр хороог байгуулаад таван сар өнгөрсөн байна. Тиймээс энэ ондоо багтаж буюу хянан шалгах түр хорооны хугацаа дуусахаас өмнө сонсголоо зохион байгуулж, нэгдсэн дүгнэлтээ гаргаж УИХ-д танилцуулж, тогтоол гаргуулна. Ингээд манай хянан шалгах түр хорооны ажил дуусах юм. Өнөөдрийн байдлаар таван сарын хугацаанд шинжээчдийнхээ багийг бүрдүүлээд, 65 мянга орчим нотлох баримтыг цуглуулж аваад үүн дээрээ ажиллаж байна. Сонсголыг энэ сарын 8-12-ны хооронд зохион байгуулна. Энэхүү сонсголд гэрчүүдийг дуудна. Бид 300 орчим гэрчийг дуудсан. 
Манай хянан шалгах түр хороо Онтре компанийн лицензтэй холбоотой мөн зээлийн хүүтэй холбоотой асуудлыг шалгаж байгаа. Энэ хүрээнд 2006-2025 он хүртэл буюу 20 орчим жилийн хугацаанд Оюу толгой төслийн хүрээнд ямар шийдвэрүүд гарч байсан вэ гэдгийг авч үзэж байгаа юм. Мөн 300 орчим гэрч дуудсан гэж дээр хэлсэн. Албан тушаалаар нь аваад үзвэл үе үеийн гурван Ерөнхийлөгч, 7 Ерөнхий сайд, 25 Засгийн газрын гишүүн, 40 УИХ-ын гишүүнийг дуудсан. Мөн яамд, төрийн байгууллагуудаас гэрчүүдийг дуудсан. Энэ гэрчүүд нь Оюу толгойн төслийн шийдвэрт оролцсон юм уу, тухайн үед ажлын хэсэгт оролцсон хүмүүс байгаа. Гэрчээр дуудна гэдэг хэн нэгнийг олон нийтийн өмнө гаргаж элдэв янзаар цоллох гэж байна гэж огт ойлгож болохгүй. Энэ 20 жилийн хугацаанд Оюу толгой төсөл дээр ямар арга хэмжээнүүд авсан, ямар шийдвэрүүд гаргаж, тэр нь хэрхэн биелсэн бэ гэдгийг тэр хүмүүс өөрсдийнхөө өнцгөөс тайлбарлах боломжийг олгож байна гэсэн үг. 
-Түр хороо таван сарын хугацаанд нотлох баримт цуглуулж ажилласан байна. Тэгвэл цугласан нотлох баримтуудаас ноцтой зүйл байна уу?
-Нотлох баримт цуглуулах хүрээнд 30 орчим албан байгууллагаас 65 орчим хуудас нотлох баримт авсан. Харамсалтай нь эдгээр баримтын дийлэнх нь байгууллагын нууц, төрийн нууц, маш нууц гэсэн тамга дарагдсан байна. Тэгэхээр олон нийтэд нээлттэй сонсгол хийхэд эдгээр баримтыг ашиглах боломжгүй гэсэн үг. Оюу толгой, Онтре гэсэн хоёр аж ахуйн нэгжээс ирсэн бүх баримт байгууллагын нууцын тамгатай байна. Тухайн баримт дээр юу байгаатай түр хороо танилцсан ч нэг ч хуудас ашиглах боломжгүй, сонсголоор ярьж болохгүй гэсэн үг. Энэ хоёр байгууллага руу нууцаас гаргаач ээ гэдэг албан тоот удаа дараа явуулсан ч зөвшөөрөөгүй.
-Тэгэхээр танай түр хороо үр дүн гаргаж чадах юм уу?
-Нууцтай материалыг нууцтай гэж тайлагнахаас өөр аргагүй. Үүнээс гадна Засгийн газар, төрийн байгууллагууд дээр байгаа маш олон ажлын тайлан холбогдох баримт бичгүүдийн дийлэнх нь нууцын тамгатай байна. Зарим нь бүр маш нууцын тамгатай байна. Маш нууцын тамгатай руу нь бид орж чадаачгүй. 
-Нууц байгаа нь дандаа санхүүгийн холбогдолтой баримт бичгүүд үү?
-Янз бүр. УИХ, Засгийн газар төрөөс гарч байсан ажлын хэсгүүдийн тайлан, санал дүгнэлтүүдийг хүртэл нууцад авсан байна. Нууцаас гаргаад өгөөч гэдэг хүсэлтийг Засгийн газар руу явуулсан. Харин Засгийн газар нууцад авсан байгууллага руу ханд гэдэг бөөрөнхийлсөн хариу өгсөн. Энэ баримтуудыг ч мөн бид ярих боломжгүй. 
-Тэгвэл түр хорооны цуглуулсан 65 мянган хуудас баримтын чинь хэдэн хувь нь нууцтай, ярьж болохгүй юм бэ? 
-Тийм ээ, цөөхөн хувь нь нууц биш байна. Тэгэхээр бид ил байгаа хэсэг баримт дээр тулгуурлан сонсголоо зохион байгуулж, нэгдсэн тайлангаа гаргана. Оюу толгой төсөлтэй холбогдсон 20 жилийн хугацаанд нууц гэдэг тамгын ард хаалттай байлгах даалгавар биелүүлж ирсэн юм байна. Үүнийг аль аль тал нь амжилттай гүйцэтгэж ирсэн юм байна. Оюу толгой ч гэсэн нууц гэсэн тамгыг бүх зүйл дээрээ ашигладаг юм байна. Тэр бүү хэл албан тоотууд нь хүртэл нууцын тамгатай ирж байна. Байгууллагын нууцаас гарахын тулд тухайн байгууллага л зөвшөөрлөө өгөх хэрэгтэй. Тэр байгууллага руу нууцаас гаргаж өгөөч гэдэг хэд хэдэн албан тоот явуулаад өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй байна. Энэ бүх баримтыг нууцад авснаар мэдээллийг хаалттай байлгах, олон нийтэд мэдээллээ өгөхгүй байх 20 жил хэрэгжүүлсэн даалгавар юм байна. Үүнд нь төр маш сайн оролцоотой явж ирсэн байна. Өнөөдрийг хүртэл өөрсдөө Оюу толгой дээр ямар үр дүн гаргах вэ гэдэг тайлангуудаа нууцад авснаа гаргаж чадахгүй хэмжээнд байна. Энэ бодит байдлыг бид сонсголоороо гаргаж ирэхээс аргагүй. 
-Хөрөнгө оруулагч талаас гэрчүүд дуудсан уу. Оролцох, үгүйгээ илэрхийлсэн үү. Хэдэн хүн гэрчээр дуудсан бэ?
-Дуудсан. Хянан шалгах түр хорооны газрын даргын гарын үсэгтэй сонсголд ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг гэрчүүдэд хүргүүлсэн. Ямар үндэслэлээр гэрчээр дуудаж байгаа, сонсголын хэд дэх өдөр нь ирэх вэ гэдэг мэдээллийг нь өгсөн. Энэ завшааныг ашиглаад гэрчээр дуудагдаж байгаа хүмүүс ард түмнээ, парламентаа хүндэтгээд ирээсэй гэж хүсмээр байна. Оюу толгой төсөлтэй холбоотой бүх газраас гэрч дуудсан. Оюу толгой ХХК, Рио Тинтой компани, хөндлөнгийн гадаад шинжээч, мөн Нью-Йоркын шүүхэд шүгэл үлээсэн хоёр гадаад шинжээчийг хүртэл гэрчээр дуудсан. Хэрвээ хянан шалгах түр хороонд гэрчээр дуудагдсан бол ирэх үүрэгтэй, хуулийн хариуцлагатай. Хүндэтгэх шалтгаантай биш бол заавал ирэх ёстой. 
-Тухайлбал, Ерөнхий сайд С.Баяр хянан шалгах сонсголд гэрчээр дуудагдсан байсан ч ирэхгүй гэдгээ цахим хуудсаараа дамжуулан хэлсэн байсан. Энэ хүн Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацааны хамгийн сайн ажил бол Оюу толгой төсөл гэж бичсэн байсан?
-Тухайлбан хүн яримааргүй байна. Гэхдээ шинэков гишүүд гээд л бас янз бүрээр ярьж байна. Гэхдээ энэ бол Монгол Улсын парламент шүү. Парламентын хамгийн өндөр механизм нь хянан шалгах түр хороо. УИХ-аас байгуулсан хянан шалгах түр хороо дуудаж байгаа болохоос О.Батнайрамдал дуудаагүй. С.Баяр гэдэг хүнийг дуудаагүй. Бид тухайн үед Оюу толгойн төслийн гэрээг байгуулсан Монгол Улсын Ерөнхий сайдыг дуудаж байгаа. Тэр Ерөнхий сайд гэсэн албан тушаалыг хашаад энэ гэрээг хариуцлагатайгаар байгуулсан бол ард түмнийхээ өмнө хариуцлагатайгаар ирээд асуултад нь хариулах үүрэгтэй. Түүнээс биш С.Баяр гэдэг хүн надад огт хамаагүй. Мөн Ч.Сайханбилэг Ерөнхий сайд АНУ-аас ирээд яагаад нэмэлт гэрээ байгуулсан бэ гэдгээ хянан шалгах түр хорооны гишүүдийн асуултад хариулах үүрэгтэй. Нэгэн цагт Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан бол ард түмнийхээ өмнө тайлагнах үүргийг хүлээх ёстой. АНУ-аас ирж чадахгүй байгаа бол хянан шалгах түр хорооны гишүүдтэйгээ ярьж байгаад тэр хүний онгоцны зардлыг төлье. Бид онгоцны чинь зардлыг төлж өгье. Ард түмнийхээ өмнө хянан шалгах түр хорооны гишүүдийнхээ асуултад хариулчих гэж хүсье.
-Дубайн гэрээг байгуулснаас болж манай улсын ногдол ашиг хүртэх хугацаа хойшилсон гэдэг. Тэгвэл энэ талаарх ноцтой мэдээлэл цугласан нотлох баримт дунд байна уу?
-Нэлээд олон ноцтой зүйл яригдана. Гэхдээ энэ хянан шалгах түр хороо хэн нэгний чиглэл, даалгавраар, хэн нэгэн даргын заавраар хэн нэгийг харлуулах, магтах хянан шалгах түр хороо, сонсгол огт биш. Оюу толгой Монгол Улсын хамгийн том төсөл. Манай эдийн засгийн салшгүй хэсгээс гадна гадаад өрийн хагасаас илүүг бүрдүүлж байгаа  том төсөл. Хэрэгжээд 20 орчим жил болсон байна. Тэгэхээр үүнийг бид дүгнэж ярих цаг нь болсон. Цаашдаа энэ төслийг харилцан ашигтай, тулгамдсан асуудлуудыг шийдээд явах эргэлтийн цэгийг авчрах сонгсол болно гэж итгэж байгаа. Шийдэл гаргаад урагшлах нь оролцогч бүх талын эрх ашиг.
-Түр хорооны цар хүрээг нь тогтоогоод өгчихөөр Оюу толгойтой холбоотой бүх асуудлыг судлах боломж хязгаарлагдах юм биш үү?
-Онтретой холбоотой асуудал гэхээр хөрөнгө оруулалтын гэрээ багтаж байгаа юм. Санхүүжилтийн хүүгийн хүү гэхээр хувь нийлүүлэгчийн гэрээтэй хамаатай болохоор бүх асуудлыг шалгана. Мөн Дубайн гэрээг хийснээр нэмэлт санхүүжилт яваад зээлийн хүүгийн асуудал гарч байгаа. Үүнээс болоод ногдол ашгийн хугацаа хойшлох бүү хэл авах уу, үгүй юү гэдэг асуудал гарч ирсэн. Зээлийн хүүгээс болоод Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөж эрс багасах үндсэн шалтгаан болсон. Энэ асуудлыг хянан шалгах түр хорооны сэдэв болгож сонгосон. Оюу толгой дээр хянан шалгах түр хороо байгуулаад, шийдэл гаргах нь ард түмний захиалга. Цаг хугацааны л асуудал байсан.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгүүлч Л.Одончимэг нь iToim.mn сайтын редактораар ажилладаг. 2016 оноос хойш улс төрийн чиглэлээр дагнан бичиж байгаа бөгөөд сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна.
Odnoo Odnoo-facebookОдончимэг itoim-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн