Олон сар үргэлжилсэн МАН-ын дарга нарын зодоон намын Их хурлын дараагаас намжих маягтай болов. МАН-ын даргаар Н.Учрал сонгогдсонтой холбоотойгоор Засгийн газрын бүрэлдэхүүнд халгаа сэлгээ хийгээд буй. Тэгвэл Засгийн газрын сайд нарын халгаа сэлгээ цаашид ч үргэлжилж магадгүй бололтой. Учир нь, Г.Занданшатарын танхимд ажиллаж буй зарим сайд нь хоорондоо сошиалаар илт толхилцож, "миний хариуцан ажиллах асуудлыг хийлээ, ярилаа" гэж дургүйцэж байгаагаа илэрхийлж эхэллээ. Тухайлбал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням удаа дараа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтыг шүүмжилж, "Монгол Улс хоёр Аж үйлдвэрийн сайдтай болсон" гэж үг хаясан.
Өчигдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт ажил хариуцсан албан тушаалтнуудтай уулзаж, Зэс боловсрууулах үйлдвэрийн сонгон шалгаруулалтыг ойрын хугацаанд зарлахыг үүрэг болгожээ. Харин үүнд нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням илт дургүйлхэж, нийгмийн сүлжээн дэх хаягаараа "Манайх Уул уурхайн 2 сайдтай болсон, одоо Аж үйлдвэрийн хоёр дахь сайдтай болсон ш дээ...Төсөл сорчилно, ТӨК-д сорчилно" гэжээ.
Эндээс харахад, Г.Дамдинням сайд Хэрэг эрхлэхийн даргыг өөрийнх нь хариуцдаг ажлыг урдуур нь орж ярьж, хийж байгаад дургүйлхсэн нь илт байна. Түүнчлэн, Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтыг төсөл, ТӨК-иудыг сорчилдог мэтээр чимхээд авчээ.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын хувьд Ерөнхий сайдын бодлого, шийдвэр болон Засгийн газрын гал тогоог баздаг гэдэг утгаараа бүх яамны том асуудалд оролцох тал бий. Тухайлбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Эрдэнэс Монгол компанийн шууд удирдлагаар хангадаг учраас тус нэгдэлд байдаг ТӨК-иуд, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Тавантолгой ХК зэрэг томоохон компаниудын асуудалд оролцож байгаа харагддаг. Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлаас болж танхимын сайд нар нь хоорондоо толхилцож, ажлаа булаацалдаж байгаа нь энэ анхных биш. Гэвч Засгийн газрын газар бол багаар, танхимын зарчмаар ажиллах үүрэгтэй. Засгийн газрын гишүүн-сайд нарын үг үйлдэл бүр “танхимын зарчим” гэх ганц л таних тэмдэгтэй гэдэг. Тийм ч учраас төрийн өндөр дээд албан тушаал нь түүний хашиж буй хувь хүнийхээ эрх, эрх чөлөөг хязгаарладаг. Тэгэхээр Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын зарчмаар ажиллахгүй, байнга толхилцож байгаа сайд нар дээрээ дахин халгаа сэлгээ хийж л таарах нь.