Эрдэмтдийн хэлснээр хүний тархи амьдралын турш таван өөр үе шатыг дамждаг бөгөөд тэдгээрийн гол эргэлтийн цэгүүд нь 9, 32, 66, 83 насанд тохиолддог байна.
Кембрижийн их сургуулийн судалгаагаар 90 нас хүртэлх 4,000 орчим хүний тархины зураглалын өгөгдлийг судалж, тархин дахь мэдрэлийн эсүүдийн хоорондын холболтын өөрчлөлтийг шинжилжээ. Судалгаагаар тархи 30 гаруй нас хүртэл өсвөр насны үе шатандаа байдаг бөгөөд энэ үед тархины ажиллагаа оргилдоо хүрдэг гэж тогтоосон байна.
Эдгээр үр дүн нь яагаад сэтгэцийн эрүүл мэндийн эмгэгүүд болон тэнэгрэл өвчний эрсдэл нас насанд өөр байдгийг ойлгоход тусална гэж эрдэмтэд үзэж байна. Тархи шинэ мэдээлэл, туршлагад тогтмол дасан зохицож байдгийг бид мэддэг ч энэ судалгаа амьдралын туршид явагддаг өөрчлөлт нь жигд биш, тодорхой үе шаттай болдгийг харуулжээ.
Хүүхэд нас – төрснөөс 9 нас хүртэл
Насанд хүрсэн үе – 32-66 нас
Хожуу хөгшрөлт – 83 наснаас хойш
Судалгааны ахлах зохиогч доктор Алекса Моусли “Тархины холболтууд амьдралын туршид дахин сүлжигдэж байдаг. Холболтууд хүчтэй, сул болох мөчлөгүүд тасралтгүй явагдана. Энэ бол жигд шулуун үйл явц биш, тодорхой үе шаттай өөрчлөлт” гэжээ.
Хүн бүр дээрх өөрчлөлтүүдийг яг ижил настайдаа туулдаггүй ч судалгааны өгөгдөлд эдгээр насны зааглал маш тодорхой харагдсан байна. Энэ тогтоц өмнө нь илрээгүй нь судалгаанд оролцсон тархины зураглалуудын хэмжээ маш их байсантай холбоотой гэж эрдэмтэд онцолжээ. Судалгаа Nature Communications сэтгүүлд хэвлэгджээ.
Таван үе шатны нарийвчилсан тайлбар
1. Хүүхэд нас (төрснөөс 9 нас хүртэл)
Энэ үед тархи маш хурдтай томорч байдаг. Нөгөөтэйгүүр, амьдралын эхэн үед бий болсон мэдрэлийн эсүүдийн хэт олон холболтыг цөөлөх “цэвэрлэгээ” явагддаг. Энэ үед тархины үр ашиг бага, яг л хүүхэд цэцэрлэгт хүрээлэнд зорилгогүй сэлцгүүцэж байгаа мэт байдаг гэжээ.
9 наснаас эхлэн тархи гэнэт маш өндөр үр ашигтай ажиллах горимд ордог. Доктор Моусли үүнийг тархины хөгжлийн хамгийн том өөрчлөлт гэж нэрлэв. Энэ үед сэтгэцийн эрүүл мэндийн эмгэгүүд эхлэх эрсдэл хамгийн өндөр байдаг аж.
Өмнө нь өсвөр нас зөвхөн өсвөрийн он жилүүдэд хамаардаг гэж үздэг байсан бол сүүлийн үеийн шинжлэх ухаан энэ үе 20-иод насны сүүл, одоо бүр 30 насны эхэн хүртэл үргэлжилдэг болохыг баталж байна. Энэ бол тархины үр ашиг хамгийн өндөр түвшинд хүрдэг цорын ганц үе шат юм. Судалгаагаар 30 орчим насанд тархины үйл ажиллагаа оргилдоо хүрдэг нь олон шалгуураар батлагдсан.
3. Насанд хүрсэн үе (32–66 нас)
Энэ үе бол тархины хамгийн тогтвортой, хамгийн урт үргэлжилдэг үе шат. Өсвөр насны хүчтэй өөрчлөлтүүдтэй харьцуулахад энд өөрчлөлт удааширдаг. Энэ үед тархины үр ашиг аажмаар буурч эхэлдэг. Доктор Моуслигийн хэлснээр “Энэ нь оюун ухаан болон зан төлөвийн тогтворжолдтой нийцэж байна” гэжээ.
4. Эрт хөгшрөлт (66–83 нас)
66 наснаас тархи огцом доройтдоггүй. Харин тархины холболтын хэв маяг өөрчлөгдөж, бүхэлдээ уялдаатай ажиллахын оронд хэсэг бүлгээрээ нягт хамтарч ажиллаж эхэлдэг. Яг л хамтлагийн гишүүд тус тусын соло төсөлдөө орж байгаа мэт. Энэ насанд тэнэгрэл өвчин болон тархины эрүүл мэндэд нөлөөлдөг өндөр даралт зэрэг асуудлууд гарч ирж эхэлдэг.
5. Хожуу хөгшрөлт (83 наснаас хойш)
Энэ үе шатанд тархины өөрчлөлтүүд эрт хөгшрөлтийнхтэй төстэй ч илүү тод илэрдэг. Энэ бүлэгт эрүүл тархи бүхий оролцогч цөөн байсан тул мэдээлэл бага байна. Доктор Моусли эдгээр насны зааглал нь өсвөр нас, насанд хүрсний дараах нийгмийн өөрчлөлтүүд, эрүүл мэндийн асуудлуудтай маш сайн давхацдаг байсныг онцлон хэлжээ.
Судалгааны талаарх мэргэжилтнүүдийн үнэлгээ
Эрдэмтэд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгааг судлаагүй тул цаашид цэвэр хүйсийн ялгааг, тухайлбал цэвэршилтийн нөлөөг судлах шаардлагатай гэж үзэж байна.
Кембрижийн их сургуулийн профессор Дункан Астл “Олон төрлийн хөгжлийн, сэтгэцийн болон мэдрэлийн өвчнүүд тархины холболтын онцлогоос хамаардаг. Бидний анхаарал, хэл яриа, ой санамж зэрэг зан төлөвт нөлөөлдөг зүйлс холболтын ялгаатай байдлаар тодорхойлогддог” гэжээ.
Эдинбургийн их сургуулийн профессор Тара Спайрес-Жонс “Энэ бол үнэхээр гайхалтай судалгаа. Амьдралын туршид тархи хэр их өөрчлөгддгийг тод харуулсан байна” гэжээ. Тэрээр судалгааны үр дүн насжилтын талаарх өнөөгийн ойлголттой нийцэж байна гэж хэлэхийн зэрэгцээ “Гэхдээ хүн бүр эдгээр өөрчлөлтийг яг ижил насанд мэдэрнэ гэж ойлгож болохгүй” хэмээн анхааруулжээ.