Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

П.Наранбаяр: Карантин, хичээл хаах, амралтыг урагшлуулах гэсэн асуудал байхгүй

П.Наранбаяр: Карантин, хичээл хаах, амралтыг урагшлуулах гэсэн асуудал байхгүй
Нийтэлсэн 2025 оны 11 сарын 25
Эрүүл мэндийн яамнаас томуугийн дэгдэлттэй холбоотойгоор Боловсролын яамд бага ангийн сурагчдын өвлийн амралтыг хоёр долоо хоногоор урагшлуулах албан саналаа хүргүүлээд байгаа билээ. Тэгвэл Боловсролын сайд П.Наранбаяр дараах байр суурийг илэрхийллээ.
Боловсролын сайд П.Наранбаяр: Томуугийн дэгдэлт хуулийн хүрээнд гамшгийн хэмжээнд хүрээгүй байгаа. Мэргэжлийн байгууллага нь Нийслэл алаг цог дэгдэлтийн хүрээнд байна гэж мэдээлсэн. Түүнчлэн, таван аймагт идэвхжилийн, зарим газарт улирал хоорондын маягийн тархалт, дэгдэлт байна гэж хэлээд байгаа. Үүнд нь таарсан цахимд шилжүүлэх ажил явагдана. Карантин, хичээл хаах, амралтыг урагшлуулах гэсэн асуудал байхгүй. Ковидын үед боловсролын хоцрогдол ноцтой хэмжээнд хүрсэн. Дэлхийд хамгийн урт хугацаанд сургуулиа хаасан улсуудын нэг. Тэгэхээр бид ханиад, томуугийн улирлаа тооцож улирлын бүтцийг хийсэн. Та бүхэн анзаарсан бол өнгөрсөн жил энэ бүтцийнхээ дагуу хичээллээд ямар нэгэн цахим шилжилт хийлгүйгээр танхимдаа хичээллүүлж дуусгасан. Сүүлийн 10 гаруй жил ийм тохиолдол байгаагүй, үргэлж л янз бүрийн шийдвэр өөрчлөгддөг байсан. Энэ хүрээнд бид хэсэгчилсэн байдлаар шийдвэрлэх ёстой гэж харж байна.
Хоёрдугаарт, улирлынхаа бүтцийг өөрчлөхгүй. Учир нь бага анги арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс нэгдүгээр сарын 26 хүртэл 41 хоног маш урт хугацаанд амарч байгаа. Идэр есийн хүйтнийг давах, агаарын бохирдол туйлдаа хүрдэг үеийг тооцсон. Мөн арванхоёрдугаар сарын 15 гэдэг ханиад, томуугийн тархалтын хамгийн өндөр идэвхжилтэй үе байдаг. Ийм тооцооллыг хийсэн байгаа үед хичээлийг 14 хоног наашлуулж амраа гэдэг бол хэцүү. Хэсэгчилсэн байдлаар зарим анги, газар нутгийг цахимд шилжүүлнэ. Эрүүл мэндийн яамнаас авсан мэдээллээр 0-15 насныхан нийт өвчлөлийн 80 хувийг эзэлж байна. Гэтэл 0-5 насны хүүхдүүдийн 98 хувьд нь вакцин хийсэн гэсэн. Энэ бол ковид биш томуу. Өөрөөр хэлбэл, зөвхөн нийслэлийн төвийн дүүргүүдийн дэгдэлттэй байгаа газруудын 1-9 дүгээр ангийн хүүхдүүдийн хичээлийг цахим руу шилжүүлнэ. Үүнийг ирэх долоо хоногоос гаргахаар судалж байна. Бусад газар хичээллэдгээрээ хичээллэнэ.
Боловсролын ерөнхий хуульдаа есдүгээр 1-нээс зургаадугаар сарын 15 хүртэл гэж маш тодорхой заасан. Хуулиа өөрчилж байж зун орох талаар ярина. Хоёрдугаарт, марталтын муруй гэж байдаг. Хүүхэд урт амрах тусам хичээлээ мартдаг. Ялангуяа бага насны хүүхдэд илүү тохиолддог. Тэгэхээр багшийн хөдөлмөр хүндэрдэг тал бий. Бид аливаа зүйлд судалгаатай, тооцоотой хандахгүй бол болохгүй.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн