УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн хурлаар хоёр асуудал хэлэлцжээ.
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хийсэн дүн шинжилгээний танилцуулга мэдээллийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлах зөвлөх М.Чимэддорж гишүүдэд танилцуулсан
Улсын хэмжээнд татварын орлогын гүйцэтгэл, татварын өртэй аж ахуйн нэгжүүдтэй холбоотой Татварын Ерөнхий газрын бэлтгэсэн мэдээллийг сонсжээ. Улсын төсөвт төвлөрөх ёстой 6.5 их наядын өр байгаа бөгөөд үүнээс 74.389 компани 6.2 их наядын өртэй байгаа талаар мэдээлэл өгсөн зэрэг багтаж байна.
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Татварын ерөнхий газарт 320 мянган иргэн, ААН-ийн 6.5 их наядын өр, хүү алданги хуримтлагдсан байна. Өнгөрсөн жил 3.5 их наядын татварын өртэй иргэн, ААН байсан бол жилийн дотор 6.5 наядын өр, хүү, торгууль хуримтлагджээ. Та нар энэ тоог харьцуулаарай. Өнгөрсөн жил 50 мянган ААН өртэй байсан бол энэ жил 70 мянга болж нэмэгджээ. Мөн 220 мянган иргэн ямар нэгэн байдлаар татварын өрийн асуудалтай байна. Үүнээс бизнесийн орчин, татвар төлөлт яаж муудаж байгааг энэ тоо дүгнээд хэлчих байх. Татварын өрийн цаана төрийн оролцоо, дарамт, авлигал, Монгол Улсын иргэний олж байгаа ашиг зэрэг олон зүйл харагдана. Эдгээр тоо баримтыг харахад татварын өршөөлийн талаар ярих болсон. Олон улсад ч 10 жилийн давтамжтай энэ асуудлыг хардаг туршлага бий. Үүнд хуулийн тогтоолын төсөл бэлдэж байгаа. Гэхдээ үүндээ томоохон ААН том дүнгийн хязгаарыг тавих шаардлагатай. Магадгүй эдийн засгийн, татварын өршөөл жижиг, дунд ААН-үүдэд түлхүү хамаарах хуулийн зохицуулалтыг хийх шаардлагатай болно. Гуравдугаарт, татварын өршөөл гээд өмнөх жишгээр 100 хувь өршөөхөөр төлсөн иргэд, ААН-үүдийг хохироодог тал гардаг. Хуулиа биелүүлээд явж байсан иргэд, ААН сэтгэл дундуур байх нөхцөл үүсдэг. Иймээс тодорхой хэмжээний хувиар хуримтлагдсан татварыг төлөхөөр судалж байгаа.
Түүнчлэн, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хийсэн дүн шинжилгээг танилцуулгыг сонслоо. Одоогоор нэг хайрцаг янжуур тамхи монголд 800 орчим төгрөгийн онцгой албан татвар төлөгддөг юм байна. Үүнийг ойролцоогоор таван жилийн хугацаанд үе шаттайгаар 10 мянган төгрөг болгож нэмэгдэх нь. Өөрөөр хэлбэл, 4-5 мянган төгрөгийн үнэтэй байсан янжуур тамхи аажмаар нэмэгдээд 15-20 мянган төгрөгийн үнэтэй болох нь. Үүний цаана хууль бус худалдаа нэмэгдэх вий гэсэн санаа зовнил байна.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан: АН үзэл бизнесийн орчныг сайжруулах замаар хувийн хэвшлийн орон зайг, бэхжүүлж эдийн засгаа тэлэх ёстой гэсэн үзэл баримтлалтай. Сүүлийн жилүүдэд ААН-үүдэд дарамт маш өндөр, төрийн хүнд сурталтай холбоотойгоор бизнесээ тэлж чадахгүй, монголд бизнесийн орчин суларч байгаа үзэгдэл гарч байгаа. Татварын өр төлбөртэй холбоотой мэдээллүүд ч үүнийг илтгэж байна. Татварын өртэй ААН-үүдийн тоо нийт ААН-үүдийн тал хувь нь байна. Энэ татварын дарамтыг хэрхэн яаж бууруулах уу гэдэгт АН бодлого, шийдвэрүүдийг Засгийн газраас шаардаж ажилласаар байгаа. Харамсалтай нь, шинэ төсөв өргөн баригдахад Засгийн газар татварын хууль тогтоомжийн шинэчлэлийг огт хийсэнгүй. Ганц ярьж орж ирсэн НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх асуудлаа ирэх жилийн аравдугаар сарын 1 болтол хойшлуулсан. Өөрөөр хэлбэл, 2026 оны хувьд татварын дарамтыг бууруулахтай холбоотой онцгой шийдвэр гаргахгүй нөхцөл байдал үүсээд байна. Гэтэл ААН-үүд өр төлбөртөө баригдаж, дампуурлын ирмэгт ирээд байгаа. Сүүлийн жилүүдэд төр, төсөв хэт данхайж байгаатай холбоотой хэдэн тоо баримт хэлье. Улсын нэгдсэн төсвийн татварын орлогын 60-70 орчим хувь нь томоохон ААН-үүдээс орж ирж байгаа. Үүн дотроо нийт улсын төсвийн орлогын 40 орчим хувийг төрийн өмчит ААН-үүд бүрдүүлж байна гэсэн тоо баримт байна. Үүнийг халахгүй бол цаашдаа Монгол Улс ардчилал, эрх чөлөөнөөсөө ухрах байдал зогсохгүй үргэлжилнэ. Уг нь татвар төлөгч иргэдийнхээ эрх, ашгийг хамгаалсан бодлого Засгийн газар хэрэгжүүлэх ёстой.