Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эмийн зөвлөлийн дарга Д.Очирбаттай эмийн чанарын талаар ярилцлаа.
-Манай улсад хэрэглэгдэж байгаа эм чанаргүй байгаа талаар бид олон жил ярьж байгаа ч нөхцөл байдал сайжрахгүй байна. Ер нь одоо эмийн чанарт ямар байгууллага хяналт тавьж байна вэ, стандарт гэж бий юү?
-Монгол Улсад гаднаас орж ирж байгаа гаднын үйлдвэрлэгчийн эмийн бүх шалгуур үзүүлэлтүүдийг харсны үндсэн дээр Эмийн зөвлөл бүртгэж авч, хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрлийг олгодог. Харин Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг эмчилгээнд хэрэглэж байгаа эмийн чанар, гаж нөлөөг судалдаг. Мэдээж бид Монгол Улсад нэвтрүүлж байгаа эмийг аль болох олон оронд ядаж тухайн үйлдвэрлэгч орондоо худалдаанд гарсан байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Эмийн чанар, стандартыг хангасан дөрөв, таван улсууд дээр энэ эм бүртгэгдэж, худалдаанд гарсан байх ёстой гэх мэт олон шалгуурыг тавьж бүртгэж авдаг. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 5000 гаруй эм, эмт бодисууд бүртгэлтэй байна. Үүнийг Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг дээр хянаж байдаг.
Иргэдээс тавьдаг чухал асуудал бол эмийн чанар. Чанар муутай, хуурамч эм гэдэг зүйлийг ярьдаг. Хуурамч гэдэг нь үнэтэй эмт бодис нь бага хэмжээгээр орсон буюу шаардлагатай эмнэлгийн тусламж үзүүлэх хэмжээнээс бага эмийг хэлж байгаа юм. Эрүүл мэндийн яам хуурамч эмийн асуудалд анхаарч, хил гаальтай хамтарч ажилласны хүчинд хуурамч эм гэдэг ойлголт нэлээд багассан. Бид саяхан эмийн цахим системийг гаргаж, танилцуулсан. Иргэд em.hdc.gov.mn гэсэн хаягаар ороод Монгол Улсад хэрэглэгдэж байгаа бүх эмийн үнэ, хэрхэн хэрэглэх, аль улсад үйлдвэрлэсэн, эмийн гаж нөлөө, нөөц, хаана зарагдаж байгаа гэх мэт бүх мэдээллийг авах боломжтой. Эрүүл мэндийн яам эмийн чанарт онцгой анхаарч ажиллаж байгаа. Үүний хүрээнд эмийн зохистой хэрэглээнд шилжсэн, ДЭМБ-ын хүлээн зөвшөөрөгдсөн улс орнуудад худалдаалагдаж байгаа эмийг эмийн үйлдвэрлэгчээс нь шууд худалдан авдаг болсон. Манай нэг эмийн бөөний худалдааны төв нэг үйлдвэрлэгчээс худалдан авалт хийхдээ цөөхөн авдаг. Цөөхнөөр зарж байгаа учраас үнэтэй авдаг байсан. Тиймээс ЭМЯ үйлдвэрлэгчээс улс орныхоо хэмжээнд хэрэглэхээр худалдан авдаг зохицуулалт бүрдсэн. Ингэснээр аж ахуйн нэгжүүд хоорондоо худалдан авалт хийснээс 60-75 хүртэлх хувийн хямд үнээр авах боломжтой болсон. 22 нэр төрлийн эмийг яг ингэж худалдан авч байгаа. Мөн эдгээр эмээ ЭМД-ын хөнгөлөлттэй эмд оруулсан.
-Ямар, ямар эмийг шууд худалдан авалт хийж авч байгаа вэ. Ингэснээр чанартай эм худалдан авах боломжтой юу?
-Би Эмийн зөвлөлийн дарга. Турк улсын Эрүүл мэндийн сайд манай улсад хоёр сарын өмнө ирж ажиллаад явсан. Энэ үеэр Турк улстай эмийн худалдан авалт дээр хамтын ажиллагаа тогтоосон. Турк улс Европын стандарттай. Европын холбоонд хэрэглэгдэж байгаа стандарт, Турк улсын үнээр эм худалдан авах хамтын ажиллагааг эхлүүлсэн. Тодруулбал, үйлдвэрийнх нь үнээр Монгол Улсад эм нийлүүлэхээр болсон. Мөн гаж нөлөөг үйлдвэрлэгчтэй нь хамт хянадаг цахим системийг нэтрүүлэхээр болсон. Манай улсын эм, эмнэлгийн хэрэгсэл, эм ханган нийлүүлэлт дээр маш олон асуудал байгаа. Ер нь дэлхийн улс орнууд эм, эмнэлгийн хэрэгсэл дээрээ улсын зохицуулалттай байдаг. Гэтэл манай улс 1990 оноос хойш хувийн хэвшил рүү шилжсэн буюу хувийн хэвшлийнхэн энэ ажлыг нуруун дээрээ үүрч ирсэн. Төр өөрөө хувийн хэвшлийн эмийн тендер, эм ханган нийлүүлэх ажлыг булааж авах гэж байгаа юм биш. Хамтарч ажиллана. Жишээлбэл, манай улсад дунджаар эм ханган нийлүүлэх компаниуд 5-12 хувийн ашигтай ажилладаг. Жижиг бөөний газрууд 18-20, эмийн сан жижиглэн худалдаа 15-20 хувийн ашигтай ажиллаж байна. Гэтэл бусад улс орнууд эмийн үйлдвэрлэгчээс иргэдийн гар дээр очиход тэдээс дээш хувийн нэмэгдэлтэй байна гэж зааж өгдөг юм байна. Өөрөөр хэлбэл, эмийн үнийг төр тогтоож өгдөг гэсэн үг. Гэтэл манайд 20-30 хувийн нэмэгдэлтэй зарагддаг.
-Тендерийн хуулиар хамгийн бага үнэ санал болгосон бүтээгдэхүүнийг худалдан авна гээд заачихаар энэ нь эмийн чанарт нөлөөлөөд байгаа юм биш үү. Хамгийн хямд үнэтэй гэхээр чанаргүй эм худалдаж аваад байна уу?
-Төрийн худалдан авалт тендерийн хуульд өмнө нь яг ийм шалгууртай байсан. Одоо бол эмийн хувьд хамгийн эхний шалгуур нь чанар байна гэж заасан. Тэгэхээр заавал хамгийн хямд үнэтэй эмийг авах ёстой гэсэн зүйл байхгүй. Чанар 70, үнэ 30 хувь байна.
-Та Эмийн зөвлөлийн даргын хувьд өнөөдөр Монгол Улсын иргэдийн хэрэглэж байгаа эмийг чанартай гэж хэлж чадах уу. Дээрх ажлуудыг хийснээр хэдэн жилийн дараа бид өндөр хөгжилтэй орнуудын хэрэглэж байгаа чанартай эмийг хэрэглэдэг болох вэ?
-Эрүүл мэндийн яам Турк, Япон, Солонгос, Хятад болон ДЭМБ-ын стандарт шаардлагыг хангасан эм үйлдвэрлэдэг улсуудаас эмийг шууд худалдан авдаг болж байгаа. Цаашдаа бид хувийн хэвшлийн байгууллагуудын одоо хүртэл түншилж байгаа түншлэлийг яг энэ зарчим руу оруулна. Эмийн бодлого, эм худалдах, худалдан авах ажиллагаанд төрийн зохицуулалттайгаар оролцоно. Чанарын асуудал яригдахаар заавал лабораторийн асуудал яригддаг. Өнөөдөр манай лаборатори 15 жилийн өмнөх тоног төхөөрөмжтэй байна. 15 жилийн өмнө бид нокиа гэдэг гар утас хэрэглэдэг байсан бол өнөөдөр хоцрогдсон байна. Манай лабораторийн тоног төхөөрөмж яг ийм хоцрогдсон байдалтай байгаа. Ганц, нэг тоног төхөөрөмж авдаг боловч шаардлага хангахгүй байгаа. Тиймээс бид лабораторио шинэчилж байна. Ирэх жил дэлхий хэмжээний L3 зэрэглэлийн эмийн лабораторийг нэвтрүүлнэ. Ингэснээр бид бусад улсын үйлдвэрлэгчийн эмийг дотооддоо шинжилдэг болно. Мөн дотоодын үйлдвэрлэгчдийн эмийг ч өөрсдөө шинжилдэг болно. Өндөр чанартай эмийн үйлдвэрүүд Монгол Улсад L3 зэрэглэлийн лабораторигүй бол эмээ нийлүүлэхгүй гэдэг. Тиймээс бид дэлхий хэмжээний L3 зэрэглэлийн эмийн лабораторийг нэвтрүүлэхээр болсон.