Нийслэл хот болон Архангай, Баян-Өлгий, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймаг том, томуу төсөт өвчний “Алаг цоог дэгдэлт”-ийн түвшинд, 13 аймаг “Идэвхжил”-ийн түвшинд, 2 аймаг “Улирал хооронд”-ын түвшинд байгаа талаар ЭМЯ-аас мэдээлсэн.
Вирус судлалын тандалтаар, Амьсгалын замын синцитиаль вирус, A (H3N2) вирус орчинд орж, идэвхжил нэмэгдэж байгааг мөн мэдээлж буй. Томуугаар өвчлөгсдийн 81.3 хувийг 15 хүртэлх насныхан, үүний дотор 46.6 хувийг нь 5 хүртэлх насныхан эзэлж байна.
Мөн 47-р долоо хоногт томуу, томуу төст өвчний үүсгэгчийн 60.5 хувийг A(H3N2) эзэлж байгаа бөгөөд А(H3N2) вирусийн бүрэн геномийн дараалал тогтоох шинжилгээгээр subclade K дэд хэв шинж тодорхойлогдож байгаа нь хүүхдэд илүү өвчлөл үүсгэх эрсдэлтэй байна. Томуу томуу төст өвчний дэгдэлтийн пик үе нь 51 дэх долоо хоног буюу сурагчдын амралт эхэлсэн хойно байх бөгөөд хүндрэл ихтэй өвчлөл хэт тархах буюу их нэрвэгдэх эрсдэлтэй байгаа аж. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан ажиллана. Ингэхдээ ажлын өдөр 09-20 цаг хүртэл, амралтын өдөр 11-17 цаг хүртэл ажиллуулахаар төлөвлөж байгаа юм байна.
Амьсгалын замын синцитиаль вирус нь бөгшүүлж ханиалгах, шөнийн цагаар ханиалгах, тасралтгүй ханиалгаж улмаар огих зэрэг шинж тэмдгээр илэрдэг аж. Томуу, томуу төст өвчний халдвар нэмэгдэх эрсдэлтэй тул хүүхдүүдээ дулаан хувцаслаж, гар халдваргүйтгэх, ээлжийн амны хаалттай явуулах, амны хаалт зүүж хэвшүүлэхийг НЭМҮТ-өөс зөвлөж байна.