“Монгол бахархлын өдөр"-ийн барилдаан нь улсын Их баяр наадам, Цагаан сарын барилдааны дараа орохуйц өндөр чансаатай барилдаануудын нэг. Энэ жил Улсын арслан Э.Батмагнай түрүүлж, "ЧИНГИС ХААН ЦОМ"-ын эзэн болсон билээ. Тус барилдааныг анх 2012 онд зохион байгуулж, 256 бөх барилдуулахад Улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, Улсын харцага Ц.Содномдорж үзүүрлэж байжээ. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Тодруулбал, 2012 оноос 2024 он хүртэлх хугацаанд ковид цар тахлын улмаас 2020 онд өнжснийг эс тооцвол 12 жил тасралтгүй зохион байгуулагджээ. Энэхүү барилдаанд Улсын аварга Ч.Санжаадамба, П.Бүрэнтөгс, Улсын гарьд Ө.Бат-Орших нар тус бүр 2 удаа түрүүлж байсан нь одоогоор хамгийн олон түрүүлсэн нь болоод байна. Түүнчлэн, Улсын аварга С.Мөнхбат, О.Хангай, Улсын заан С.Сүхбат, Улсын харцага Э.Дашнар тус бүр 2 удаа үзүүрлэсэн байна.
Монгол бахархлын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан өнгөрсөн жилээс эхлэн “Чингис хаан цом” нэртэй болсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгч 2024.11.02-нд 165 дугаар зарлиг гаргаж, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд түрүүлсэн бөхийг энэ цомоор шагнаж байхаар шийдвэрлэсэн юм. Анхны “ЧИНГИС ХААН” цомын эзэн Улсын харцага Э.Даш. Энэ цом 126 см өндөр, 18 кг жинтэй, хүрэл цутгамал, алтан шармал. Нүүрэн талд “Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” хэмээн монгол бичгээр бичиж, ар талд нь Их эзэн Чингис хааны онги тамгыг мөнхөлсөн байна. Зураач, дизайнер С.Чулуунбаатар уг цомыг бүтээхдээ дөрвөн зүг найман зовхист амьдран суугаа монголчууд амар амгалан, дайчин цогтой, хийморьтой байж, Монгол Улс мөнхөд оршин байх бэлгэдлийг тусгажээ. “Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдааны түрүү бөхөөс түрүү бөхөд эл цом шилжин явах юм. Мөн “Чингис хаан” цомын жижиг хувилбарыг жил бүрийн түрүү бөхөд хадгалуулж буй.