Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит хуралдаан өнөөдөр /2025.11.21/-нд Төрийн ордонд болж байна.
АН-ын ҮБХ-ны гишүүн С.Баярцогт: Өнөөдрийн хурлаар үндсэн нэг л асуудал хэлэлцэнэ. Манай намын ҮБХ намын Их хурлаар Үндсэн дүрмээ шинэчлэн баталж, Улсын дээд шүүхэд хүргүүлсэн. Улсын дээд шүүх 30 хоногийн дотор нягталж байгаад дүрэмд Улс төрийн намын тухай хуультай зөрчилдсөн болон редакцийн шинжтэй зургаан саналыг хүргүүлсэн. Бас энэ өөрчлөлт гуравны нэгд хүрэхгүй байгаа учраас заавал намын Их хурлаа хийхгүйгээр ҮБХ-гоор асуудлаа хэлэлцэн шийдвэрлэж болно гэсэн. Үүнтэй холбоотойгоор АН-ын дарга О.Цогтгэрэл дахин дүрмийн ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан. Намын дүрмийн ажлын хэсэг, намын үзэл баримтлал, Дүрмийн үндэсний зөвлөл хуралдаж энэ асуудлаа бэлдсэн. Өнөөдрийн хурал тэр асуудлынхаа хүрээнд товчхон, ажил хэрэгч болно гэж бодож байна.
Ер нь тодорхой асуудлуудыг яг хуульд зааснаар журамлах санал хүргүүлсэн. Мөн дугаарын болон техникийн шинжтэй алдаануудаа засч залруулах шаардлагатай гэсэн. Ардчилсан нам жендерийн асуудалд тэргүүлж ирсэн. Хуульд тусгаагүй байсан ч журамдаа тусгаж, намынхаа дүрэмд хэрэгжүүлж ирсэн. Ардчилсан намынх хувьд жендерийн асуудал өндөр хөгжилтэй орнуудын 40 хувийн зэрэглэлтэй байгаа. Нам бол олон нийтийн, сайн дурын үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Энд эвлэлдэн нэгдэж буй хүмүүс өөрийнхөө хичээл зүтгэлээр намынхаа үйл ажиллагаанд оролцдог. Тэрийг хэмждэг хоёр том хэмжигдэхүүн бий. Нэг нь санхүү, нөгөөх нь өөрийн биеэр оролцож намынхаа үйл ажиллагааг сурталчилж, идэвхтэй оролцох байдаг. Анхнаасаа намын санхүүжилтын асуудал Улс төрийн намын тухай хуулиар төгс шийдэгдээгүй учраас манайх хоёрдмол шинжтэй явж ирсэн.
Намын гишүүдээс татвар, хандив авах байдлаар болон төрийн санхүүжилт авдаг. Одоо бол улс төрийн намууд парламентад эзэлсэн суудлынхаа хувиар санхүүжилтээ төрөөс авч байгаа.