Open iToim app
Спорт | 3 мин уншина

“Алтан цом-ын онцлох багууд

“Алтан цом-ын онцлох багууд
Нийтэлсэн 2025 оны 11 сарын 19
Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг "Алтан цом"-ын төлөөх үндэсний бөхийн барилдааны гуравдугаар тойргийн барилдаан эхэлж байгаа билээ. Тус барилдаан нь энэ жил 2026 оны дөрөвдүгээр сар хүртэл зургаан сарын турш үргэлжлэх юм. Түүнчлэн, энэ жил хамгийн өндөр буюу 1.5 тэрбум төгрөгийн шагналын сантай байгаа. Мөн даваа бүр 250 мянган төгрөгийн байтай. Тэгвэл “Алтан цом”-ын эхний хоёр тойргийн барилдаанд "АПУ Скайтел" болон "МСS -Энержи" баг чансааг тэргүүлж байна. Харин "Од групп" болон "Хамаг Монгол" баг бөх сонирхогчдын хүлээлтээс доогуур үзүүлэлт үзүүлээд байгаа юм.
"MCS" группийн "МСS -Энержи" баг
Энэ жилийн улсын баяр наадмын түрүү, Арслан Э.Батмагнайгаар ахлуулсан "МСS -Энержи" баг эхний хоёр тойргийн барилдаанд өрсөлдөгчөө буулган аваад байгаа. Энэхүү багт,
-Улсын харцага Н.Золбоо
-Улсын харцага Ц.Мөнхбаяр
-Улсын начин Х.Цогтгэрэл
-Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
-Аймгийн арслан Ц.Төмөрцоож
-Аймгийн арслан Ч.Алтангэрэл
-Аймгийн арслан Д.Аззаяа нар багтаад байгаа юм.
Нэгдүгээр тойрогт Н.Золбоо Харцага Г.Ганхуяг Харцагатай барилдаж давсан нь олны анхаарлыг татсан бөгөөд багтаа ялалт авчирсан. Түүнчлэн, Э.Батмагнай Арслан хоёр тойргийн барилдаанд нэг ч унаагүй ганцхан бөх бөгөөд одоогоор бөхчүүдийн чансааг тэргүүлж байгаа юм. Мөн хоёрдугаар тойргийн барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож таван даваа авсан нь багтаа ялалт авчрахад чухал нөлөө үзүүлсэн. "МСS -Энержи" баг хоёр тойргийн барилдаанд нийт 32 даваа авсан бөгөөд хамгийн хүчтэй өрсөлдөгчид зүй ёсоор тооцогдож буй.
"АПУ & СКАЙТЕЛ" ХК-ийн "АПУ Скайтел" баг
Улсын арслан Б.Орхонбаяр "АПУ Скайтел" баг эхний хоёр тойргийн барилдаанд ялсан бөгөөд 35 даваатайгаар давааны тоогоороо багуудыг тэргүүлж байна. Энэхүү багт:
-Улсын харцага Б.Цэдэнсодном
-Улсын өсөх идэр начин Ч.Батчулуун
-Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
-Аймгийн хурц арслан Б.Очирхүү
-Аймгийн арслан Т.Төгсдөлгөөн
-Аймгийн арслан Э.Баасанжав
-Аймгийн арслан О.Баярбаасан багтаад байгаа юм. Улсын арслан Б.Орхонбаяр болон Б.Цэдэнсодном Харцагын хамтрал олны анхаарлыг татаад байгаа юм. Учир нь эхний тойргийн барилдаанд Улсын арслан Б.Орхонбаяр болон Б.Цэдэнсодном Харцага нар таван даваа авсан нь давааны тоогоороо багуудыг тэргүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Үүгээр зогсохгүй хоёр дахь тойргийн барилдаанд аймгийн хурц арслан Б.Очирхүү, Н.Амгаланбаатар, аймгийн Арслан Э.Баасанжав, О.Баярбаасан, Т.Төгсдөлгөөн нар хэчнээн амаргүй бөх гэдгээ батлан харуулсан. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар тойргийн барилдаанд багийн бүх гишүүний ур чадварыг харуулсан гэж хэлж болно. Мөн л бөх сонирхогчид энэхүү багийг түрүүлэх магадлалтай хэмээн таамаглаж байгаа.
"Од групп"-ийн "Од групп" баг
Улсын аварга О.Хангайгаар магнайлуулсан “Од” групп багийн бүрэлдэхүүн олны анхаарлыг татаад буй. Тус багийн бүрэлдэхүүнд:
-Улсын заан Д.Хүдэрбулга
-Улсын харцага Г.Ганхуяг
-Улсын харцага М.Бэлгүтэй
-Улсын начин Б.Түмэндэмбэрэл
-Аймгийн арслан Х.Наранбаяр
-Аймгийн арслан Д.Батбаяр
-Аймгийн начин Б.Гончигсүрэн нар багтаж байгаа юм.
Хэдийгээр энэ баг нэг ялагдал, ялалттай яваа ч багийн бүрэлдэхүүнд амаргүй бөхчүүд орсон болохоор цаашдаа хэрхэхийг таамаглах аргагүй юм. Эхний хоёр тойргийн барилдааны дүнгээр нийт 27 даваатай дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байна.
"Алсын жим" ХХК-ийн "Хамаг Монгол" баг
Дархан аварга Н.Батсууриар ахлуулсан "Хамаг Монгол" баг хоёр хожигдол авсан нь анхаарал татаад байна. Тус багт:
-Улсын заан Б.Бат-Өлзий
-Улсын харцага О.Наранбаатар
-Улсын начин Л.Энхсаруул
-Аймгийн арслан Ө.Батсуурь
-Аймгийн арслан Б.Төмөрбаатар
-Аймгийн арслан Г.Цоггэрэл
-Аймгийн заан Т.Батсүрэн багтсан.
Эхний тойргийн барилдаанд улсын заан Б.Бат-Өлзий чөлөө аваад оролцож чадаагүй тус багийг ялагдахад нөлөө үзүүлсэн. Хүчирхэг багийн бүрэлдэхүүнтэй хоёр тойргийн барилдаанд 22 даваа л аваад байна. Гэхдээ цаашдаа бэлтгэл сургуулилтаа чамбайруулж хаа хүрэхийг хэлж мэдэхгүй юм. Ямартай ч бөх сонирхогчид нэлээд хүлээлттэй байгаа юм.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн