“Physical Asia” шоуны сүүлийн дугаар өчигдөр цацагдлаа. “Physical Asia" нэвтрүүлгийн зураг авалт БНСУ-д 2025 оны хоёрдугаар сард болсон бөгөөд нэг сарын хугацаанд үргэлжилсэн байна. Тэгвэл энэхүү нэвтрүүлгийн талаар Монголын багийн ахлагч Улсын арслан Б.Орхонбаяр "Spark Agency"-гийн цахим хуудаст сэтгэгдлээ илэрхийлжээ.
Улсын арслан Б.Орхонбаяр: Хамгийн анх 2023 онд над руу холбогдсон. Манай Өсөх-Ирээдүй багш руу холбогдоод "“Physical 100” Монголтой хамтрах гэж байна. Бид Б.Орхонбаярыг сонирхож байна. Оруулах хүсэлтэй байна" гэдэг хүсэлт тавьсан. Би тухайн үед “Алдар” спорт хороонд бэлтгэлтэй байсан учраас тэндээ цаг товлоод уулзсан. Түүнээс хойш жилийн дараа буюу 2024 оны наадам өнгөрөөд, намар нь дахиж холбогдоод “яг албан ёсны сонгон шалгаруулалт эхэллээ. Солонгосоос Netflix-ийн баг нь ирсэн. Уулзалтууд товлож байна, сонгон шалгаруулна” гэсэн. Ингэж уулзалтууд эхэлсэн.
Netflix-ийн том шоунд оролцох санал тавьж байгаа учраас Монгол Улсаа, үндэсний бөхийн спортоо төлөөлөн оролцож яагаад болохгүй гэж гэж бодсон. Дэлхийд үндэсний бөх гэж ийм спорт байгаа шүү гэдгийг харуулахыг хүссэн.
Шоундаа зориулж тусгай бэлтгэл хийгээгүй. Өдөр тутамдаа бэлтгэл хийдэг учраас тэр бэлтгэлээ сайн хангасан. Ямартай ч баг, багаараа өрсөлдөнө гэдэг ойлголт байсан учраас багаар ажиллах даалгаврууд түлхүү ирэх байх гэж дотроо бодсон. “Physical 100”-ийн нэг, хоёрдугаар бүлэг дээр ирсэн даалгаврууд ирэхгүй байх гэж бас бодсон.
Ямар даалгавар ирэхийг урьдчилж мэдэхгүй учраас даалгавраа мэдээд маш богино хугацаанд сэтгэж, бодож, тактик боловсруулна. Багийнхаа ахлагч болчихсон учраас тодорхой хэмжээнд үүрэг хариуцлага илүү үүрсэн.
Турк, Япон хоёртой өрсөлдсөн даалгавар дээр алдах эрх байгаагүй. Хожигдвол шууд хасагдахаар байсан. Тиймээс яаж ийгээд хоёрт орохын төлөө бүх хүчээ шавхсан.
Манай монголчууд эрт дээр үеэсээ нүүдэлчин байсан. Тиймээс ойлголцоход амархан байсан болов уу гэж бодоод байгаа. Ер нь биеийн хүчээр илүү гараагүй, дутуу байсан байх. Гэхдээ багийн нэгдэл, нэг нэгэндээ итгэх итгэл, тактик, хар ухаан нь арай илүү байсан болов уу. Бүх л даалгавар тэсвэр тэвчээр шалгаж байгаа шүү дээ. Тэр болгон дээр илүү тэсвэр тэвчээртэй учраас л тэсэж үлдэж байна гэсэн үг. Дэлхийн тамирчдаас нэг их дутаад байх зүйлгүй гэдгээ бид ойлгосон. Бүх талаараа үзвэл үзэхээр л юм байна гэж дотроо бодсон.
Эргэн тойронд 500 гаруй зураглаач, камер байсан байх. Тэр болгоны өмнө шантарвал шантрахаар үеүд байсан. Гэсэн ч камер руу харахаар л Монгол харагдаад яах аргагүй тэвчээр заасан даа. Хамгийн их урам зориг өгсөн зүйл гэвэл манай жүдогийн А.Адъяасүрэн хүч бярын тэмцээн дээр нэлээн хань болсон л доо. Тэрийг хараад эмэгтэй хүн ингэж тэвчээр зааж байхад би үүнээс илүү байх ёстой гээд л урам зориг авч байсан.
Тэмцээнд оролцсон бүх тамирчинтайгаа найз нөхөд болсон. Дэлхийн хэмжээний тамирчид Монгол үндэсний бөх гэж ийм байдаг юм байна. Монгол гэж ийм улс байдаг юм байна гэсэн ойлголт авлаа" гэжээ.