Open iToim app
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 11 сарын 18
Бидний ойр тойрон “гэнэт л зүрх нь зогсоод нас барлаа”, “унтаад өглөө сэрсэнгүй” гэх харамсалтай мэдээ цөөнгүй дуулдах боллоо. Өчигдөрхөн “сайн уу” гээд зөрсөн нэгнийхээ эмгэнэлийг өнөөдөр нийгмийн сүлжээнээс харах нь энгийн зүйл болсон мэт. Цэл залуухнаараа зүрх нь зогсож нас барсан тохиолдол ар араасаа цуварч, энэхүү харамсалтай мэдээг сонссон зарим нь ковид, вакцинд буруу өгнө... Зарим нь Эрүүл мэндийн яамыг ажлаа хийсэнгүй, зүрх зогсох шалтгаан нөхцөлийг судалсангүй, ард нийтэд зөвлөмж мэдээлэл өгсөнгүй гэх буруутгал ч хөвөрнө...
Иймд манай редакц хүн амын дунд түгээмэл тохиолдож байгаа зүрх зогсох гэнэтийн үхлийн шалтгаан нөхцөлийг тодрууллаа. Статистик тоо баримт, олон улсын чиг хандлага, зүрхний өвчний нөхцөл байдлыг газар дээр үнэлж ажилладаг эмч нарын тайлбартайгаар хүргэж байна.
Монгол Улсад жилд 6000 орчим хүн зүрх судасны өвчнөөр нас бардаг
Сүүлийн жилүүдэд, ялангуяа ковидын дараа зүрх судасны өвчлөл нэмэгдэж, зүрх зогссоноос үүдэлтэй гэнэтийн нас баралт эрс нэмэгдсэн гэх ойлголт нийгэмд бий. Гэхдээ статистик тоо баримтыг харвал зүрх судасны өвчлөл ковидоос өмнө ч, ковидын дараа ч хүн амын нас баралтын нэгдүгээрт бичигдэж байна. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн мэдээлснээр Монгол Улсын хүн амын нас баралтын нэгдүгээр шалтгаан бол зүрх судасны өвчин бөгөөд жил дунджаар 6000 орчим хүн нас бардаг. 2017-2024 оны хооронд буюу сүүлийн найман жилийн хугацаанд зүрх судасны өвчлөл хүндрэлээр 47276  хүн нас баржээ. Харин энэ ондуудад хорт хавдрын улмаас 35747 хүн нас барсан байна.
undefined
Зүрхний шалтгаант нас баралт гэдэгт:
  • Титэм судасны архаг эмгэг
  • Зүрх судасны бусад
  • Гемморагийн харвалт
  • Титэм судасны цочмог эмгэг
  • Зүрхний дутагдал
  • Ишемийн харвалт
  • Артерын даралт ихсэх өвчин
  • Зүрхний төрөлхийн гажиг
  • Артерын судасны эмгэг зэргээс үүдэлтэйгээр зүрх зогссоноос гэнэтийн үхэлд хүргэж байгааг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн статистикт дурджээ.
Зүрх судасны өвчин: Дэлхийн хамгийн том чимээгүй тахал
undefined
Эрдэмтдийн тооцоогоор 2023 онд дэлхий даяар 19 сая гаруй хүн зүрх судасны өвчний улмаас амь насаа алдсан нь 1990 оныхоос даруй 6 саяар өссөн үзүүлэлт юм. Энэхүү өсөлт дэлхийн хүн амын насжилт, хотжилт, амьдралын хэв маягийн өөрчлөлт, чанаргүй хооллолт болон стресс нэмэгдсэнтэй холбоотой. ДЭМБ-ын мэдээллээр зүрх судасны өвчин 2022 онд бүх нас баралтын гуравны нэгийг эзэлсэн нь “чимээгүй тахал” хэмээгдэх болсон учрыг улам тодотгож байна.
Залуу хүмүүсийн дунд гэнэтийн нас баралт улам бүр нэмэгдсээр байна. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар зүрхний хэм алдагдах нь өнөө үед 20–30 насны хүмүүсийн гэнэтийн нас баралтын гол шалтгаануудын нэг болоод байна. Энэ өвчин нь шинж тэмдэг нь үл мэдэг байдаг тул анзаарагдахгүй өнгөрөх нь олонтаа. Залуу насанд зүрх гэнэт зогсоход нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйл байдаг аж. Үүнд эрүүл бус амьдралын хэв маяг, стресс, хэт их кофейны хэрэглээ, нойроо хангалттай авахгүй байх зэрэг багтана. Эдгээр нь зүрхний цахилгаан дамжуулалтын системийг алдагдуулах гол өдөөгч хүчин зүйлс болдог. Залуу хүмүүсийн гэнэтийн нас баралтын олонх нь зүрхний шигдээс бус зүрхний хэм алдагдлын улмаас тохиолдож байна. Энэ тоо дэлхийд 100,000 хүн тутамд 50–100 тохиолдол байна.
Судалгаагаар эрүүл амьдралын үндсэн хүчин зүйлс гэнэтийн зүрх зогсолтын эрсдэлтэй нягт холбоотой болох нь тогтоогдсон. Жишээлбэл:
● Cуурин, хөдөлгөөнгүй амьдралын хэв маяг
● Таргалалт
● Бэлхүүсний тойрог их байх
● Дутуу нойр (шөнийн 7 цагаас бага)
●  Тамхи татах зэрэг нь зүрх зогсох эрсдэлийг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг. Мөн сэтгэлзүйн хүчин зүйлс (депрессийн шинж тэмдэг, гутрал, нийгмээс тусгаарлагдах), хооллолтын хүчин зүйлс (жимс, ногооны хэрэглээ бага байх), агаарын бохирдол зэрэг нь ч гэнэтийн зүрх зогсолтын эрсдэлд хүргэдгийг олон улсын судалгаануудад дурджээ.
Мэргэжлийн эмч нар зүрх гэнэт зогсох шалтгааныг хэрхэн тайлбарласныг хүргэж байна.
quote photo
Цоо эрүүл зүрх зүгээр байж байгаад гэнэт зогсох магадлал маш бага
Ц.Намхайдорж
Сонгдо эмнэлгийн зүрх судасны эмч, доктор Ц.Намхайдорж: Залуу хүмүүсийн зүрх зогсох, гэнэтийн үхэлд хүргэх үндсэн хэд хэдэн шалтгаан бий. Үүнд:
Нэгдүгээрт, аминд аюултай зүрхний хэм алдагдлын асуудлууд,
Хоёрдугаарт, зүрхний цусан хангамж цочмогоор доголдох. Том хэмжээний зүрхний шигдээсийн дараа гэсэн үг.
Гуравдугаарт, зүрхний булчингийн эмгэгүүд. Үүнд төрөлхийн, удмын генийн эмгэгүүд байдаг.
Цоо эрүүл зүрх  зүгээр байж байгаад гэнэт зогсох магадлал маш бага. Мэдээж гадны ямар нэгэн нөлөө, хүний биед хортой бодисууд, мансууруулах бодис мэтийг хэтрүүлэн хэрэглэвэл эрүүл зүрх ч зогсоно шүү дээ.
Зүрхний гэнэтийн нас баралтын хамгийн гол шалтгаан бол зүрхийг цусаар хангадаг судаснуудын цочмог бөглөрөл буюу зүрхний шигдээс байдаг. Амьдралын буруу дадал, зохисгүй хэрэглээнүүд, архаг стресс, илүүдэл жин, нойргүйдэл, сахарын өвчин, артерын даралт ихсэлт, дасгал хөдөлгөөн хийхгүй байх зэрэг нь зүрхний шигдээсийн эрсдэлүүд болдог. 
Түүнчлэн, ковидтой холбоотой зүрх судасны өвчлөл, нас баралт нэмэгдсэн гэсэн судалгаанууд байгаа. Вирус нь шууд зүрхний булчинг гэмтээж аминд аюултай хэм алдагдал үүсгэх, зүрхний дутагдалд хүргэхээс гадна шууд бусаар иргэдийн яриад байгаа цус өтгөрүүлэх мэтийн шалтгаанаар судасны бөглөрөл үүсгэж энэхүү эрсдэлийг нэмэгдүүлж байж магадгүй юм. Вирусийн халдварын дараах нас баралт ихэнхдээ дархлаатай холбоотой байдаг. Гэхдээ онцлог нь дархлаа муудсандаа биш харин дархлаа хэт идэвхжиж буруу ажилласантай холбоотой байдаг.
Дархлааг эм тариагаар, цахим сүлжээнд сурталчилж буй элдэв зүйлс хэрэглэж сайжруулна гэж байхгүй. Харин хорт зуршлаас хол байж, агаар салхинд сайн гарч нойр, хоолоо зөв зохицуулан, хангалттай унтаж, дасгал хийснээр дархлааг дэмжих боломжтой.
quote photo
Ковид-19 вирусийн халдвар бол тамхи татах, агаарын бохирдол, дислипидеми, таргалалт, стресс, чихрийн шижин өвчин ба артерын гипертензи зэрэг судас хатуурлыг даамжруулах эрсдэлт хүчин зүйлийн нэг юм.
АШУҮИС-ийн зүрх судлалын тэнхимийн багш, АУ-ны доктор, зүрх судасны эмч Ц.Сумъяа: Зүрх тийм амар зогсдог эрхтэн биш, тэр дундаа хүн тийм амар гэнэт нас бараад байдаггүй. Бид нар суурь эмгэггүй байж байгаад гэнэт нас барах, зүрх зогсох, зүрх хаагдах зэрэг гэнэтийн нас баралт бол тархинд цус харвах эмгэг, зүрхний цочмог шигдээстэй холбоотой байдаг. Эдгээр эмгэгийн үед бие организмд шинж тэмдэг зовуурь илрэхгүйгээр гэнэт нас барах боломжтой. Гэхдээ энэ хоёр шалтгаан бол ихэнх хувийг эзэлдэг боловч ховор тохиолдолд удамшлын амь насанд аюултай хэм алдагддаг, тархины судасны аневризм цүлхэн хагарах, гэнэт бие организм хордох зэрэг цөөнх шалтгааныг бүрдүүлдэг байх. Тэгэхээр тархинд цус харвах, зүрхний цочмог шигдээс бол хүндрэл өндөртэй, нас барах магадлал ихтэй эмгэг гэсэн үг. Яагаад гэвэл эрдэнэт хүний бие организмыг амьд байлгахад чухал үүрэгтэй хоёр эрхтэн бол тархи, зүрх юм. Зүрх зогсвол амьдрал зогсоно, тархи үхжвэл бие зогсоно гэдэг.
Энэ аюулт эмгэг болох тархинд цус харвах, зүрхний цочмог шигдээс эмгэгийн мөн чанарын гол зангилаа бол судас хатуурлын хүндрэл юм. Яагаад гэвэл судас хатуурч өөрчлөгдөж байгаад гэнэт бүлэн үүсч артерын судасны бөглөрөл болох аюултай. Тархины судас өөрчлөгдөж бүлэн үүсч бөглөрөх үед тархины тодорхой хэсэг үхжиж тархинд цус харвах эмгэг үүсдэг. Зүрхийг тэжээх титэм судас хатуурч өөрчлөгдөж байгаад бүлэн үүсч хүндэрвэл зүрхний цочмог шигдээс бий болно. Тархины гол хэсэг болох амьсгал зүрх судасны төв, чухал үүрэгтэй хэсэг тархинд цус харвах эмгэг үүсвэл гэнэт нас барах аюултай. Зүрхийг тэжээх том судас, сэрэл үүсгэх судасны хэсэгт гэнэтийн бөглөрөл үүсвэл зүрх гэнэт зогсох эрсдэлтэй. Мөн судас хатуурлын хүндрэл болох цочмогоор цус хомсроход амь насанд аюултай хэм алдагдал үүсч зүрх зогсох, зүрх хаагдана.
 Ковид-19 вирусийн халдвар бол тамхи татах, агаарын бохирдол, дислипидеми, таргалалт, стресс, чихрийн шижин өвчин ба артерын гипертензи зэрэг судас хатуурлыг даамжруулах эрсдэлт хүчин зүйлийн нэг хэмээн ойлгож болно. Яагаад гэвэл судас хатуурал даамжирч хүндрэх, зүрх гэмтээх зэрэг хоруу нөлөө үзүүлдэг онцгүй вирус. Яагаад гэвэл аливаа вирус болгон эрхтэн чиглэх онцлогтой буюу тэр эрхтэн эдийн эс дотор өвөрмөц рецептороор холбогдож орж гэмтээдэг юм. Тухайлбал, томуугийн вирус бол амьсгалын замын эстэй холбогдож нэвтрэн орж гэмтээдэг өвөрмөц эрхтэн чиглэх онцлогтой. Тэрнээс биш хоол боловсруулах, дотоод шүүрлийн эстэй холбогдож гэмтээх өвөрмөц чадваргүй байдаг. Гэтэл ковид-19 вирусийн эрхтэн чиглэх онцлог бол амьсгалын хийн солилцоо явуулах цулцангийн эсэд нэвтэрч орж хатгалгаа үүсгэхээс гадна судасны доторх давхаргын эс, зүрхний гадаргуугийн эстэй холбогдон орж гэмтээх нөлөө үзүүлдэг. Тэр эсэд нэвтрэн орох өвөрмөц хүлээн авуур болох уураг (ACE) бол цулцангийн эсээс гадна судас, зүрхний гадаргуугийн эс дээр байдаг. Ийм учраас ковид-19 халдварын үед уушгины хатгалгаа үүсэхээс гадна зүрх судас гэмтэж хүндэрсэн үед бүлэн буюу нөж үүсэх эрсдэл өндөр.
Залуу хүмүүс зүрхний гэнэтийн үхэлд өртөмтгий байдаг гэсэн судалгаа бий
УГТЭ-ийн Зүрхний хэм судлалын төвийн эрхлэгч, АУ-ы доктор Ц.Саруул: Жилдээ АНУ-д нийт хүн амын 0.1, Европт 0.04 хувьд нь зүрх гэнэт зогсдог. Бидний цахим орчны хэрэглээ ихэссэнтэй холбоотой зүрхний гэнэтийн үхэл олон болсон юм шиг хуурамч мэдрэмж төрөөд байна. Дэлхийн дунджаар Монгол Улсад тооцолбол жилдээ 3000 орчим хүний зүрх гэнэт зогсох эрсдэлтэй нөхцөл байдалд амьдардаг. Зүрхний гэнэтийн үхэлд буруутгах зүйл олдохгүй болохоор ковид руу чихэж байна. Ковидоос өмнө нь ч зүрх гэнэт зогсох шалтгааны 80 хувь нь зүрхний титэм судасны нарийсал байсан. Зүрхний титэм судас нь өмнө нь нарийсаж , стент тавиулж байсан эсвэл зүрх нь өвдөөд байдаг хэр нь эмнэлэгт үзүүлээгүй судасны нарийсалтай хүмүүс гэнэт зүрх нь зогсох өндөр эрсдэлтэй. Мөн 10-15 хувь нь зүрхний булчингийн эмгэгшил, 5-10 хувь нь удамшлын зүрхний хэм алдагдлын амь насанд аюултай ноцтой эмгэгүүд байна. Харин эмэгтэйчүүдийн зүрх зогсох шалтгаан нь 21 хувьд нь зүрхний титэм судасны нарийсал байдаг. Түүнчлэн, эмэгтэйчүүдийн 23 хувьд титэм судас нарийсаагүй ч гэсэн стрессийн үед зүрхийг тэжээдэг судас нь хүчтэй агшчихдаг. Түүнээс болоод зүрхний цусан хангамжийн дутагдалд зохиомлоор үүсээд зүрх нь гэнэт зогсдог. Австрали улсад хийсэн судалгаагаар зүрхний гэнэтийн үхлээр нас барсан хүмүүсийн 40 хувь нь 1-35 хүртэлх насны хүмүүс байна гэсэн үр дүн гарсан. Тэгэхээр залуу хүмүүс зүрхний гэнэтийн үхэлд өртөмтгий байдаг байна.
quote photo
Огт өвдөж байгаагүй хүн өчигдөр гэнэт зүрх нь зогслоо гэж ойлгож болдог ч үнэн хэрэгтээ энэ нь урт хугацааны хуримтлагдсан үр дүн юм.
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн зүрх судасны их эмч, зүрхний ангиографын эмч Х.Дашдэмбэрэл: Зүрхний шигдээс нь зүрхний шми буюу цус хомсдох өвчний хамгийн хүнд, ноцтой хүндрэл юм. Зүрхний шми өвчин нь цаашлаад зүрхний шигдээс болон зүрхний архаг дутагдалд хүргэдэг. Нийт зүрхний архаг дутагдлын 60 орчим хувь нь шми өвчнөөс үүдэлтэй гэсэн судалгаа бий. Шигдээс үүсэх үндсэн шалтгаан нь зүрхний титэм артерын судас хатууран нарийсч, товруу хагарснаар судсан дотор бүлэн үүсч цусны урсгалыг бөглөхтэй холбоотой. Ингэснээр зүрхний булчингийн цусан хангамж тасалдан, үхжил үүсч улмаар гэнэтийн болон богино, урт хугацааны нас баралт өндөр гардаг. Зүрхийг тэжээдэг титэм артерын судсанд судас хатуурах процесс явагдсанаар судасны хана зузаарах, дотоод хөндий нарийсах асуудал үүсдэг. Ингэснээр зүрхэнд очих ёстой цусан хангамж багасна. Жишээлбэл, эрүүл үед зүрх рүү 10 литр цус очих ёстой байсан бол нарийссан судсаар энэ хэмжээ 5–6 литр болон буурч, зүрх цусны дутагдалд ордог. Үүнийг цусан хангамжийн алдагдал гэж нэрлэнэ. Энэ өөрчлөлтийг хүн эхэндээ амьсгаадах байдлаар мэдэрдэг. Ихэнхдээ тайван үед зовуурь илэрдэггүй бөгөөд алхах, шатаар өгсөх, ширүүн алхах, ямар нэгэн зүйл барьж явах зэрэг ачаалалтай үед амьсгал давчдах шинж илэрдэг. Тайван байдалд шилжихээр зовуурь намддаг тул хүмүүс анзааралгүй орхих нь элбэг. Учир нь амьсгаадах нь олон төрлийн өвчний үед илэрдэг нийтлэг шинж тэмдэг юм.
Өвчин даамжрахын хэрээр цээж орчимд таагүй мэдрэмж илэрч эхэлнэ. Энэ нь цээжний ард дарах, шахах, нухах, хорсох, базлах гэх мэт зовуурь байдлаар илэрч, зарим тохиолдолд хоолой боогдох мэт мэдрэмж төрнө. Хүн бүр энэ зовуурийг өөр өөрөөр мэдэрдэг ч нийтлэг нь ачаалалтай үед илэрч, амарч тайвшрахаар намддаг. Эдгээр шинж тэмдгийг хүмүүс удаан хугацаанд тоохгүй явсаар судас нарийссан хэсэг шархалж, товруу нь задарснаар бүлэн үүсч судсыг бүрэн хаадаг. Ийм үед зүрх рүү очих цусан хангамж гэнэт тасалдсанаас зүрхний булчин цусгүй болж үхжиж эхэлдэг. Энэ нь зүрхний шигдээсийн шууд шалтгаан юм.
Энэхүү аюултай өөрчлөлт нь гэнэт өчигдөр үүссэн зүйл биш бөгөөд 5–10 жилийн турш аажим аажмаар, тасралтгүй явагдсаар ирсэн процесс байдаг. Харин судсанд үүссэн товруу гэнэт задарч бөглөрөх мөч нь л гэнэтийн шинжтэй. Иймээс өвчтөн өвдөж байгаагүй хүн өчигдөр гэнэт зүрх нь зогслоо гэж ойлгож болдог ч үнэн хэрэгтээ энэ нь урт хугацааны хуримтлагдсан үр дүн юм.

Тэд юу зөвлөв

undefined
Эмч Ц.Намхайдорж: Ер нь бол зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Өндөр хөгжилтэй орнуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан зүрх судасны өвчин биш болсон. Бидний өөрчилж чадахгүй удам, хүйс, нас мэтийн эрсдлүүд байдаг өөрчлөх боломжтой эрсдлүүд болох дээр дурдсан буруу зуршлаас татгалзах, даралт, сахар, өөх тосны хэмжээг хянах, эрт илрүүлэгт тогтмол хамрагдах, стресстэхгүй байх, тогтмол дасгал хөдөлгөөн хийх зэрэгт анхаарснаар зүрх судасны өвчлөлөөс хамгаалах боломжтой.
Эмч Ц.Сумъяа: Юу ойлгох вэ гэхээр бид нарын гэнэтийн нас баралт, зүрх зогсох хаагдах шалтгаан бол дийлэнх нь судас хатуурлын хүндрэл юм. Тэр судас хатуурлын хүндрэлд хүргэх гол эрсдэлт хүчин зүйлс бол олон жил тамхи татах, хэдэн сар стресст өртөх, таргалалт ихтэй явах, хөлс гарсан хөдөлгөөн хийхгүй байх, илчлэг өөх тос агуулсан хоол ихээр идэх, архи хэтрүүлэн уух, агаарын бохирдол нэмэгдсэн бүсд удаан хугацаагаар амьдрах, чихрийн шижин өвчинтэй, артерын гипертензитэй зэрэг зүйлс ордог. Эдгээр хүчин зүйлд өртөх бүр судас хатуурал даамжирч судасны хана гэмтэж хатуурч нарийсч эхэлдэг. Тэ Улмаар гэнэт судас хатуурлын товруу хагарах, шалбарах, цуурах үед тухайн хэсэгт бүлэн буюу нөж үүсч хүндэрдэг. Сүүлийн үед эдгээр эрсдэлт хүчин зүйлс нэмэгдэж, хүмүүсийн эрүүл хэв маягаа урлахгүй өртсөөр байгаа тул гэнэт зүрх зогсох, гэнэт нас барах тохиолдол олонтаа ажиглагдаж байна. Иймд Монгол хүн бүр эрүүл хэв маягаа урлаж, хүн бүр 80+ насалж монгол аав бүр тэтгэвэрт гардаг болъё гэж уриалмаар байна.
Эмч Ц.Саруул: Зүрх гэнэт зогсох эрсдэл хэнд тулгарахыг мэдэхгүй тул олон нийтийн газар яаралтай үед ашиглах зүрхний аппарат байршуулах хэрэгтэй. Хоёрдугаарт, сургуулийн наснаас эхлээд анхан шатны тусламж буюу зүрхний массаж хэрхэн хийдгийг сурах хэрэгтэй. Ойрын төрөлд төрөгсөд дотор тань 40-өөс доош насанд зүрх гэнэт зогсож байсан, нярай үедээ гэнэт зүрх нь зогсоод эндэж байсан хүн байдаг бол зүрх гэнэтийн үхлийн эрсдэл байна уу гэдгийг үзүүлж, үнэлүүлэх хэрэгтэй байдаг.
Мөн Монголд зүрхний шигдээс өвчин маш их залуужиж байна. Урьдчилан сэргийлэх арга нь 100 хувь амьдралын хэв маяг буюу биднээс шалтгаална. Ядаж тамхи татахгүй, архи уухгүй, өөх тоостой хоолныхоо хэрэглээг багасгах хэрэгтэй. Мөн гүйх, алхах, дугуй унах дасгал хөдөлгөөнийг зөв хийвэл бидний эрүүл мэндийг хамгаална. Залуусыг дасгал хөдөлгөөн хий гэхээр их хэмжээгээр уураг ууж, төмөр өргөөд байдаг. Энэ нь хүний биед халтай.
Эмч Х.Дашдэмбэрэл: Хот суурин газрын амьдралын хэв маягтай хүмүүсийн хувьд хөдөлгөөний хомсдол түгээмэл юм. Үүнээс шалтгаалан таргалалт нэмэгдэх, хооллолтын буруу хэв маяг тогтох зэрэг асуудлууд бий болдог. Түргэн хоол ихээр хэрэглэх, давсны хэрэглээ өндөр байх, өөх тос болон ханасан, ханаагүй өөх тосыг хэтрүүлэн хэрэглэх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гол хүчин зүйлс юм.
Хэрэв бид өдөр тутмын дадал зуршлаасаа эхлэн амьдралын хэв маягаа өөрчилж чадвал зүрх судасны өвчний ноцтой хүндрэлээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Эм уух нь аль хэдийн өвчлөл эхэлсний дараа түүний даамжралыг зогсоох зорилготой байдаг бөгөөд өвчнийг бүрэн арилгах арга биш. Харин өвчин үүсэхээс нь өмнө амьдралын хэвшлээ зөв чиглэлд өөрчилж чадвал эрсдэлээс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга болдог.
PRESTO-ын судалгаагаар гэнэт зүрх нь зогссон өвчтөнүүдэд илэрсэн нийтлэг шинж тэмдгүүдэд амьсгал давчдах, цээжээр өвдөх, хөлс ихээр гарах, булчинд таталт мэдрэгдэх зэрэг шинж тэмдгүүд орж байжээ.
Зүрхний зогсолтоос хэрхэн сэргийлэх вэ
Ихэнх хүмүүс өөрсдийгөө эрсдэлтэй гэдгээ мэддэггүй тул зүрх гэнэт зогсохоос урьдчилан сэргийлэхэд хүндрэлтэй. Жил бүр үзлэгт хамрагдах, эмчтэйгээ эрсдэлийн талаар нээлттэй ярилцах нь сайн эхлэл юм. Тамхи архиа хорих, тогтмол дасгал хийх, зөв хооллох зэрэг нь зүрхний эмгэгийн ерөнхий эрсдэлийг бууруулдаг. CPR хийж сурах эсвэл ажиллах орчиндоо AED байршуулахыг дэмжих нь эргэн тойрныхоо хүмүүсийн амь насыг аврах боломжтой болгоно.
Хүн амын түвшний урьдчилан сэргийлэлт
Зүрх гэнэт зогсох нь ихэнхдээ зүрх судасны архаг өвчин, ялангуяа өндөр даралттай холбоотой байдаг. Иймээс дэлхий дахинд цусны даралтыг илрүүлэх, эмчилгээнд хамруулах хөтөлбөрүүд эрчимжиж байна. Нөгөөтэйгүүр, олон орон иргэдийг CPR болон AED ашиглах сургалтад өргөн хамруулж байгаа нь гэнэтийн зүрхний зогсолтын үед амь аврах магадлалыг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг байна.
Иймээс гэнэтийн зүрх зогсолтоос урьдчилан сэргийлэхийн тулд зөвхөн эмнэлэгт тулгуурласан арга хэмжээ хангалтгүй. Харин эрүүл амьдралын хэв маягийг дэмжих олон нийтийн бодлого, эрсдэлт бүлгийн эрт илрүүлэлт, CPR сургалтыг нэмэгдүүлэх, автомат дефибрилляторын хүртээмжийг сайжруулах зэрэг цогц арга хэмжээ шаардлагатай. Судалгаагаар гэнэтийн зүрх зогсолтын 40–60 хувь хүртэлхийг амьдралын хэв маягийн өөрчлөлтөөр урьдчилан сэргийлэх боломжтойг харуулж байгаа нь энэ асуудалд хүн бүрийн оролцоо чухал болохыг энэхүү нийтлэлээрээ сануулж бас уриалж байна.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн