Дэлхий дахинд жил бүр 15 сая орчим хүүхэд дутуу төрдөг бөгөөд төрсний дараах эхний 28 хоног нярайн амь нас хамгийн эмзэг үе байдаг аж. Тэгвэл манай улсад дутуу төрөлтийн тоо жилээс жилд нэмэгдэж буйг мэргэжлийн байгууллагууд онцлон, нярайн мэргэшсэн сувилагчид шаардлагатай байгааг хэллээ. Дутуу төрөлт гэдэг нь жирэмсний 22–37 долоо хоногийн хооронд тохиолддог бөгөөд нийслэл, томоохон хотуудад илүү бүртгэгддэг байна.
Дэлхийн дундажтай харьцуулахад дутуу төрөлт манай улсад 5-18 хувиар илүү тохиолддог гэсэн судалгааны дүн гарчээ.
2024 онд Монгол Улсад 60214 хүүхэд төрсөн бөгөөд төрөлтийн тоо багассан ч дутуу төрөлт, эрсдэлт төрөлтүүд хэвээр байгаа гэж мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Дутуу нярайд инкубатор орчин зайлшгүй шаардлагатай.
Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч С.Ариунаа: Нярайн сувилагч 0–28 хоногтой хүүхдийн эрүүл мэндийг хамгаалж, асаргаа сувилгаа үзүүлдэг. Энэ ажлыг хийхийн тулд нярайн тусламж болон мэргэшүүлэх сургалтуудад заавал хамрагдсан байх ёстой. Бид нярайн амь насыг хамгаалж ажилладаг маш үнэ цэнтэй мэргэжил. Зарим хүн нярайн сувилагчийг зүгээр өлгийдөөд зөвлөгөө өгдөг гэж ойлгодог. Гэтэл хамгийн эхэнд нэн шаардлагатай тусламж, сэхээн амьдруулалт хийж чаддаг байх нь гол шалгуур. Дотрын тасагт ажиллаж буй эмч нярайн сувилагчийн ажлыг хийж чадахгүйтэй адил бид ч том хүний сувилагчийн ажлыг хийж чадахгүй. Энэ бол тусдаа өндөр хариуцлагатай мэргэжил.
Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Б.Баяндалай: Дутуу нярай гэдэг нь удаан хугацаанд маш онцгой асаргаа шаардсан нярай юм. Эхийн хэвлий дэх орчныг нөхөхийн тулд инкубатор орчинд асаргаа сувилгаа, эмчилгээ хийдэг. Хамгийн гол нь хүүхдийг дааруулахгүй байх. Тасалгааны температур 25–28°C байх ёстой. Халаах гудас ашиглах, арьс арьсаа хүрэх ‘кенгуру арчилгаа’ бол дулаан хадгалах хамгийн үр дүнтэй арга. Дутуу нярай амаар уух чадваргүй байдаг учир зонд тавьж эхийн сүүгээр хооллох, шаардлагатай бол судсаар хооллох арга хэрэглэдэг. Мөн хүүхдийг хатуу гадаргуу дээр, хоёр хажууг нь дэрээр өндөрлөж хэвтүүлдэг. Учир нь уушги, зүрх судас, бөөр, тархи, дархлаа зэрэг бүх эрхтний хөгжил дутуу тул инкубатор асаргаа зайлшгүй хэрэгтэй.
Эхийн нас 20-иос доош эсвэл 35-аас дээш бол дутуу төрөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Мөн ээж өмнө нь дутуу төрж байсан бол магадлалыг нэмэгдүүлдгээс гадна тамхи, архи, мансууруулах бодисын хэрэглээ ч нөлөөлдөг аж.
Тэгвэл дутуу төрөлтөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Жирэмсэн ээжүүд жирэмсний үеийн хяналтаа хийлгэх, эрүүл амьдралын хэв маягтай байх нь дутуу төрөлтөөс сэргийлэх хамгийн энгийн, үр дүнтэй арга юм.