Оюу толгойн гүний уурхайг Эйфелийн цамхгийг дөрөв нугалсантай тэнцүү хэмжээний гүнд байдаг, газар доорх хот хэмээх нь бий. Гэхдээ 1300 метр гэдэг энэ тооны цаана олон мянган залуусын олон мянган цагийн тууштай хөдөлмөр, уйгагүй хичээл зүтгэл, ур ухаан буй. Өнөөдрийн зочин маань тэдний нэг. Оюу толгойн гүний уурхайн төслийн бүтээн байгуулалт өндөрлөх дөхсөн энэ үед тэрхүү аварга бүтээн байгуулалтыг гардан гүйцэтгэж ирсэн хамт олны нэг болох, Оюу толгойн гүний уурхайн төслийн ерөнхий гүйцэтгэгч “Worley” компанийн процессын инженер Хундагын Наранчимэгтэй ярилцлаа.
• • •
Наранчимэгийг 10 жилийн сурагч байхад нэг өдөр аав нь уртасгагч, отвёртка бариулжээ. “Ажиллахгүй байгаа юм. Алив нэг үз дээ” гэж. Охин задалж үзээд “Хавчдаг төмөр нь суларчхаж, энийг чангалаад болчих юм байна” гэж хариулснаа өнөө хэр нь өчигдөрхөн мэт санадаг. Энгийн нэг тохиолдол мэт ч энэ явдал хожмоо их чухал бэлгэдэлтэй байжээ.
Үүнээс хэдэн жилийн дараа, Наранчимэгийг 11-р ангид орсон намар аав нь ертөнцийн мөнх бусыг үзүүлэв. Талийгчийнхаа хойноос буян үйлдэж, хувцас, эд зүйлсийг нь янзалж байтал гэрийнх нь авдраас нэг дөрвөлжин хар хайрцаг гарч ирэхээр нь Наранчимэг ахаасаа энэ юу юм бэ гээд асуутал тэстер гэжээ. Юунд хэрэглэдэг юм гэсэн чинь цахилгаан электроникийн хүмүүс л хэрэглээд байдаг эд дээ гэв. Тетрис л гэж мэдэхээс тэстер гэж мэдэхгүй охин их л чухал эд бололтой гэж бодоод цааш авч тавилаа.
Хавар нь элсэлтийн шалгалтаа өгөөд, эмч ээжийнхээ зөвлөсний дагуу анагаахын хуваарь авав. Анагаахын хуваарь гэдэг амархан олддог юм биш тул ээж нь сэтгэл хангалуун, гэтэл охины дотор тэр хар хайрцагтай юмны учрыг гаргах сан гэсэн хүсэл битүүхэн түншээд, нэг л салж өгөхгүй байлаа. Одоо хоёулаа явж төлбөрөө хийе гэхэд нь охин “Ээж ээ, би ШУТИС руу очоод цахилгаан электроник гэдэг ангийн хуваарь байна уу асуучхаад ирье, байхгүй бол анагаах руу оръё” гэчхээд гүйн одов. Очтол хүүхдүүдийг аль хэдийн жагсаачихсан, нэрийг нь дурдаад өнгөрчихсөн байж. Сандарч, үүдэн дээр байсан нэг багшид учраа хэлтэл хуваарь бичиж байгаа багш дээр дагуулж очоод санааг нь амраав. Ингээд Наранчимэг цахилгаан электроникийн ангид бүртгүүлсэн хоёр дахь хүүхэд боллоо. “Тэгээд л хуваариа бариад гараад ирсэн чинь ээж үүдэнд аймаар ууртай, хөмсгөө зангидчихсан зогсож байна. Чи ёстой сонин хүүхэд юм аа нээрээ, анагаахад л орох байсан юм даа гээд л. Би ч дуугүй л. Төлбөрөө төлөх болсон чинь ШУТИС-ийн төлбөр нь Анагаахынхаас бага байж таараад, ээж бид хоёр зөрүү мөнгөөрөө загас авч идсэн. Тэр загас их амттай байж билээ.”
Аавыгаа алдаад удаагүй үеийн сэтгэл хөдлөлөөр их сургуулийн сонголтоо хийчихсэн чинь начир дээрээ хичээл нь тун хэцүү байж таарав. Тэр дундаа дүрслэх геометр гэдэг хичээлийн дараа бүр аргаа бараад больё, өөр сургуульд оръё гэж бодоод ээждээ хэлтэл хүлээж авсангүй. Энэ бол түүний хувьд өнөөг хүртэл бууж өгье гэж бодсон ганц л тохиолдол байжээ. Үүнээс цааш харин “уйгагүй” гэдэг үг Наранчимэгийн тодотгол болов.
II дамжаанд байхдаа робоконд туслах хүүхдүүд авна гэдэг зараар очиж, робоконы хүрээнд электроникийн хүмүүс юу хийдгийг, робот программчлах, угсрах, гагнах зэргийг харж авлаа. “Тэнд миний ганц хийдэг нь хог шүүрдэх. Мэргэжлийн хичээл үзээгүй байсан болохоор миний хийж чадах юм байхгүй шүү дээ. Тэнд л анх төмрийн хөрөө, тасдагч гэх мэт техникийн багаж хэрэгслийг харж байгаа юм. Энд нь хүрээд үзчих юм сан гээд л дээд курсийнхнээ харж хорхойсно. Гэхдээ нэг семестр яс явж, хогоо шүүрдсээн. Тэгсэндээ ч баяртай байдаг.”
Удахгүй электроникийн олимпиадад ордог болов. Дундуурхан оноо авна, өгчхөөд гарч ирэхээрээ энийг ч бодож чадах байсан байна, тэрийг ч бодох байж гэж харамсана. Тэндээс түүний ойлгож аваад өнөөг хүртэл хэрэгжүүлж байгаа нэг зүйл гэвэл бэлтгэл ажил. “Аливаад бэлтгэл ажил маш сайн байх ёстой. Бэлтгэл ажлаа сайн хийж чадсан хүн ямар ч зүйлийн ард гарч чадна. Олимпиадад орохдоо бэлтгэлээ дутуу хийдэг байхгүй юу, тэгээд горыг нь амсдаг байсан нь тэр.” Оюу толгойн ажилд энэ сургамж нь чухам хэрэг болно.
2018 онд дээд курсийнхнээсээ сонсохоороо нэг болсон Оюу толгойн уурхай руу очиж ажиллах боломж олдов. Бараг нэг ч хоног хол байж үзээгүй гурван настай хүүхдээ 28 хоног орхиод хөдөө явж ажиллах хүнд шийдвэрийг тэр жил гаргажээ. Харин өнөөдөр Наранчимэг таван ажлын байранд шилжиж ажилласан, арвин туршлагатай уурхайчин болоод байна.
Түүний ажилладаг MMSE компани гүний уурхайд гэрэлтүүлгийн ажил хийхээр болж, уурхайн талбарт очоод удаагүй байсан Наранчимэг гүнд ажиллаж үзмээр байна хэмээн хүсэлт тавьжээ. Тэгэхэд гүний уурхайн Босоо ам 1, 5 л байв. 1-ээр нь хүнээ оруулж, цэвэр агаар оруулдаг, 5-аар бохир агаараа гаргана. Энэ үед ахлах ажилтнууд нь “Гүний уурхай ч тийм ажиллахыг хүсээд байхаар газар биш дээ, за яах вэ, чи ороод үз үз” гэж хэлсэн гэдэг. Нээрээ л гүний уурхайн нэг мөргөцөг рүү ортол аймаар бүгчим, халуун, харанхуй, тоостой газар байлаа. Ахлах инженер учраас байн байн ороод байх шаардлагагүй, хэд гурав ороод тэндэх ажил нь ч дуусжээ. Гэтэл үүнээс дөрвөн жилийн дараа буюу 2022 оны 12-р сард гүний уурхайд ортол тэс өөр орчин угтлаа. Сэрүүхэн, тохилог, агаар, гэрэлтүүлэг сайтай. Яг л газрын гадарга дээр ажиллаж байгаа юм шиг. Гадарга дээр жихүүн хүйтэн байхад гүний уурхайд тогтмол температуртай, ажиллахад таатай. Ингэж анх Босоо амын ач холбогдлыг биеэр мэдэрсэн аж.
Энэ хооронд газрын гүн рүү орохгүй яваад байсан уу гэвэл тийм биш. Эсрэгээрээ, гурван ч босоо амын бүтээн байгуулалтад гар бие оролцжээ. MMSE компанийн чанарын хяналтын инженерийн ажлынхаа хүрээнд Босоо ам 2 дээр, дараа нь “GCR Mongolia” компанид шилжин ороод Босоо ам 3, 4 дээр ажиллав. Босоо ам нэвтрүүлэхийн тулд ухаж гаргасан нүх рүүгээ таван түвшин бүхий тавцанг троссоор буулгахад өргөх замаар хүн, материалаа оруулдаг аж. Цахилгааны багийнхан холболтуудаа гадарга дээр хийгээд, ажиллуулж үзээд оруулна, гэвч тэсэлгээ хийхээр нөгөө тохируулчихсан байсан хэрэгсэл, мэдрэгчүүд нь салчихна. Иймээс байнга хянаж, засварлах шаардлагатай. Таван түвшинтэй тавцангийн хажуугаарх багахан зайд 90 градусын эгц шат байх бөгөөд тэр шатаар амь хамгаалах багтайгаа, өндрийн бүстэйгээ хяналтын цүнхтэйгээ авирна гэдэг амар ажил биш ажээ. Хоёр удаа дээш доош явахад гар, хөлийн булчин чангараад сарвайчихна. Эмэгтэйчүүдийг босоо ам руу бүтэн өдрөөр оруулахгүй (босоо ам дотор 00 байхгүй), иймээс Наранчимэгийн туулсан энэ сорилт бэрхшээл бол босоо амын нэвтрэлтийг гардан хийдэг уурхайчдын ажлын зах зух нь л гэсэн үг. “Босоо амыг ухаж байгаа уурхайчид, тэсэлгээг нь хийгээд, шороог нь зөөж гаргаад, засвар үйлчилгээг нь хийж байгаа цахилгааны техникчдийн ээлжээ дуусгаад гарч ирж байгааг харахад үнэхээр бахадмаар. 20 хэдүүлээ боолтын хоолоо авч ороод, тэр давчуу, чийгтэй харанхуй орчинд өдөржин ажиллаад орой л гарч ирнэ. Тэгж хөдөлмөрлөж байгааг хараад бахархахгүй байхын аргагүй, бас мэдээж зүрхшээмээр санагддаг.” Өдөр бүр ноцтой эрсдэл (дээрээс биет унах эрсдэл)-тэй тулаад хянаад явна гэдэг хувийн зохион байгуулалт, сайн менежмент, хариуцлагатай хүмүүсийн хийх ажил гэдэг нь гарцаагүй. Байнгын засвар үйлчилгээ, үзлэг шалгалт хэчнээн чухлыг бас харуулна.
Гүний уурхай руу цэвэр агаар оруулах Босоо ам 3, бохир агаар гадагшлуулах зориулалттай Босоо ам 4 дээр ажиллаж байгаад 2022 оны эцсээр “Worley” компанид орж, гүний уурхайн зогсонги агаарыг эргэлтэд оруулах сэнсний систем (booster fan) дээр ажиллав. Эргээд харахад, Наранчимэг Оюу толгойд ажиллах хугацаандаа цаашид уурхайн амийг тэтгэж явах уушгийг нь бүтээн босголцож явжээ. “Огт байхгүй зүйлийг бүтээхэд оролцоод, туршиж тохируулаад, зүгшрүүлээд, ажиллах зарчмаараа ажиллаад эцсийн бүтээгдэхүүнээ гаргаад ирэхийг харах үнэндээ сайхаан.”
Гүний уурхайн бүтээн байгуулалт, тэр дундаа Оюу толгойнх шиг ордууд нь их гүнд байдаг уурхайдын бүтээн байгуулалт угаас хэцүү, гэтэл дундуур нь бас цар тахал таарчих нь тэр. Ковид-19 цар тахлын хөл хорио уурхайн талбарт ч ялгаагүй тогтож, нэг ээлж нь бүр 97 хоног үргэлжлэв. Бараг 100 хоночхоод харьж ес хоноод, таван хоног зочид буудалд тусгаарлагдсаны эцэст уурхайдаа эргэн очиж, бараг 80 хонов. “Нэг ээлжийн хугацаанд л бүтэн улирал солигдчихно. Хаврын урь орчихсон, цас ханзарчихсан байхад өвлийн зузаан курткатай хүн Улаанбаатарт бууж байх жишээтэй. Тэр жил гэртээ ер нь хоёр сар л байсан дөө” (инээв.)
Энэ хэцүү үед босоо амны нэвтрэлтийн төсөл оффисын ажилтнуудаа оруулаад 60 л хүнтэй байв. Тэр дунд талбайн инженер байгаагүй учраас Наранчимэг ажлаа урагшлуулахын тулд талбайн инженерийн ажлыг цуг хийдэг боллоо.
“Эндээс би маш их туршлага олж авсан. Нэгэнт хүрээд ирчихсэн нөхцөл байдалд өөрсдийгөө аль болох ачааллахгүй, сайн талыг нь олж харж байж урагшилна шүү дээ. Харин ч надад сурч хөгжих боломж олгочихлоо, илүү ихийг мэдэх, хийж үзэх, турших боломж олгож байна гэж харахгүй, би их ажилтай байна, олон хүний ажил хийгээд байна гэж хүлээж авбал өөрийгөө ч ядраана, ажил ч явахгүй. Тэгж олж харснаар хавьгүй эрч хүчтэй, сэтгэлийн тэнхээтэй байдаг.”
Наранчимэг анх ажилд орохдоо л олон улсын энэ төслөөс аль чадахараа ихийг сурч авна гэж зорьжээ. Дээрээс нь төрөлхийн маш сониуч хүн учраас олон улсын энэ төслийн нүсэр бүтэц дэх олон чиглэлийн хүмүүс ямар ажил хийгээд байна, ач холбогдол нь юунд байна вэ гэдгийг таньж мэдэхийн тулд маш хурдтай суралцаж ажиллах хэрэгтэй байв. Оюу толгой дээр хэрэгждэг олон улсын стандартуудад аюулгүй ажиллагаа, барилга, угсралт гээд бүхий л ажиллагааг маш нарийн тусгаж өгсөн байдаг учраас тэр дагуу хийнэ, хяналтын инженерүүд нэг бүрчлэн шалгана. Жишээлбэл, кабелийн лотки буюу кабель утас дээгүүр нь явуулдаг хавтгай хэрэгслийг тасдах юм бол тэр хэсгийг заавал цайртай будгаар будах ёстой гэсэн заалт байдаг. Мэдээж Монгол Улсынхаа стандарт, дүрэм журмыг хангаж байгаа эсэхийг баталгаажуулна.
Өнөөдөр Наранчимэг “Worley” компанийн процессын инженерийн хувиар Баяжуулах үйлдвэрийн өргөтгөл, Анхдагч бутлуур 2 гэсэн хоёр том төсөл дээр ажиллаж буй. Энэ хоёр төсөл бол Оюу толгойн уурхайн үйлдвэрлэлийг дараагийн шатанд гаргахад асар чухал ажлууд. Гүний уурхайн агуулга өндөртэй хүдрийг боловсруулахад зориулан Баяжуулах үйлдвэрийг шинэчлэн өргөтгөх ажил дууссан хойно сая Оюу толгойн уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллах боломж бүрдэнэ. Хэд хэдэн удаа материалаа өгч байж гурав дахь оролдлогоороо орсон процессын инженерийн ажил нь ч бас л сорилт дүүрэн байв. “Баяжуулах үйлдвэрийн өргөтгөл дээр ямар нэг байдлаар асуудал гараад ид ажиллаж байгаа тоног төхөөрөмж эвдрэх, систем доголдох асуудал гарвал үйлдвэрлэл тэр чигтээ зогсоно. Олон мянган залуусын цалин мөнгө, улс орны эдийн засаг уналтад орно шүү дээ гээд бодохоор зүрхшээдэг юм билээ.”
- Багаар амжилттай ажиллахын түлхүүр таны бодлоор юу вэ?
-Оюу толгой чинь том механизм шүү дээ, үүний эрэг шураг болж явсан хүн би хийчихлээ, би чадчихлаа гэхээ аяндаа больчихдог юм байна. Амжилттай багийн ажиллагааны ард юу байдаг юм бэ гээд бодохоор эцсийн дүндээ дуусгая, бүтээе, ард нь гаръя гэдэг сэтгэл, ажлаа гэх сэтгэл юм байна лээ. Тогтолцоо талаас нь харах юм бол маш сайн төлөвлөлттэй, системчилсэн үйл ажиллагаа. Бүх юмыг алхам бүрчлэн нарийн заагаад өгчихсөн. Тэрийгээ яс бариад л ном журмын дагуу хийчхэд ямар ч асуудал үүсэхгүй. Нэг талаас, том механизмыг яаж ажиллуулах вэ гэдгийг олон улсын төсөл детальчлаад, нарийн бодож боловсруулаад өгчихсөн байдаг. Нөгөөтээгүүр, хүмүүс үнэхээр ажилдаа дуртай, хийж байгаа юмаа дуусгачихъя, болгоё гэсэн сэтгэлээр ханддаг учраас энэ том төсөл амжилттай дуусаж байгаа юм. Ростероос ростер, ээлжээс ээлжинд миний ажил дуусчихлаа, ирээд өөрсдөө учраа олно биз гээд хаядаггүй, нэг бүрчлэн хүлээлгэж өгдөг. Энд нэг юм ийм байгаа шүү, хараарай, энд би нэг ийм юм шалгачихсан байгаа, ажиллахгүй байх вий гээд л чин сэтгэлээсээ.
-Таны бодлоор монголчууд Оюу толгойн бүтээн байгуулалтаас юу авч үлдэж байгаа вэ?
-Маш олон залуус ур чадвартай, мэдлэгтэй, туршлагатай, тэрийгээ дэлхийд үнэлүүлэх боломжтой болчихсон, дагаад өөртөө итгэлтэй болж байгаа нь гол үр дүн юм болов уу гэж боддог. Техникч байсан хүн ахлах ажилтан, төслийн удирдагч болж дэвшээд, гадагшаа явж ажиллахыг харлаа. Анх хүмүүс гаднын уурхайд ажиллахад ямар мундаг юм бэ гэж хүлээж авч байсан бол олон хүн ар араасаа яваад ирэхээр, бас тэр хүмүүс маань эргээд бидэнд та нар маань энд ирээд ажиллахад дутах юм юу ч алга, хаа ч газардахгүй юм байна гэчхээр ямар гоё юм бэ гээд сэтгэл дүүрдэг. Итгэлтэй болохын хэрээр сэтгэлгээ өөрчлөгддөг. Бид яг л тэр сэтгэлгээгээрээ дараа үеийн, шат ахисан сэтгэлгээтэй хүүхдүүдийг өсгөнө гээд бод доо. Нүдэнд харагдах харагдахгүй, гарт баригдах баригдахгүй маш их өөрчлөлт байгаа.
Түүний яриаг сонсоод “Эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйл” бүтээлцэнэ” гэдэг хийсвэр ойлголт биш, бодит дүр зураг юм байна гэж бодож суулаа. “Оюу толгой” төсөл эхэлснээс хойш мянга мянган залуус ур чадвараа тултал нь хөгжүүлж, олон улсын түвшинд гарч ажиллах итгэл дүүрэн болжээ. Наранчимэг ч бас аавынхаа хэлснээр гарамгай инженер болчихсон, тэр хүсэл мөрөөдлийг өвөрлөн яваа.