УИХ дахь Ардчилсан намын бүлэг "Улс төрийн намын дарга нь УИХ-ын дарга байж болохгүй" хуулийн төсөл санаачилж байгаа талаар мэдээлэл хийлээ.УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: УИХ-ын дарга аль нэг намын дарга байж болохгүй, бүр тэр тусмаа УИХ-ын дарга аль нэг намын гишүүн биш байх хуулийн төслийг манай бүлэг хэлэлцлээ. Ардчилсан нам хамтарсан засагт орох нь зохимжгүй. Ард түмэн нэгэнт олонх, цөөнх байх сонголтыг хийсэн. Ард түмний сонголтыг засварлаад хамтраад суух боломжгүй.УИХ-ын гишүүн С.Тэмүүжин: Та бүхэн сүүлийн сар гаруйн хугацаанд Монгол Улсад өрнөсөн үйл явцыг анзаарсан байх. Энэ үйл явцад татагдаж ороогүй төрийн байгууллага байхгүй болох гэж байна. Намуудын талцал хуваагдал, улс төрийн эрүүл өрсөлдөөн гэхээс илүүтэйгээр албан тушаалын зодоон шахуу болж хувирсан. Энэ дунд хамгийн их хохирол амссан нь парламент буюу УИХ байсан. Монгол Улсыг өнгөрсөн хугацаанд парламент биш, гурван дарга засаглаж ирсэн. Гурван дарга нь нэг уулын аманд нэг хотхонд амьдардаг байж болохгүй. Парламент гэдэг олонх, цөөнхөөрөө үзэл бодол, бодлогоо уралдуулж, ойлголцож энэ улс орныг авч явдаг суурь тогтолцоо. Улсын бүрэн эрх байдлыг парламент нь илэрхийлдэг. Тийм учраас УИХ-ыг нэг намын хурал, намын даргын бүжиг бүжиглэдэг талбар болгохгүйн тулд дэлхий нийтээрээ олж авсан туршлага бол парламентын дарга намаасаа түдгэлздэг. Төв, голч байр сууринаас парламентын эрүүл мэтгэлцээн, дотоод ардчиллыг хөгжүүлж байдаг гол институт, албан тушаалтан. Тэгэхээр намын дарга парламентын толгой дээр гарч суудаг биш харин намуудын дунд эрүүл мэтгэлцээнийг өрнүүлдэг, төвийг сахигч олон улсын туршлагаар явах ёстой юм байна. Тийм учраас УИХ-ын даргыг давхар ажил эрхлэхтэй холбоотой хязгаарлалтыг тодорхой тавьж өгөх ёстой юм байна. Энэ зарчмын дагуу хууль өргөн барихаар санаачилга гаргаж байгаа.