Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хийж буй хэлэлцээрийн талаар хэлэлцсэн. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн ажилтнуудын цалинг хэрхэн нэмэх асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргасан байна. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар эрүүл мэндийн ажилтнуудын цалинг 2026 онд гурван үе шаттай 75 хувиар нэмэхээр шийдвэрлэсэн байна. Энэ саналаа өнөөдөр Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо руу явуулахаар болжээ. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэлэхдээ “Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмэх саналаа салбарын үйлдвэрчний эвлэлд танилцуулсан. Өчигдөр орой үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч болон эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийнхэнтэй уулзаж, урьдчилсан тохироонд хүрсэн. Өнөөдрөөс Үйлдвэрчний эвлэлийнхэн гурван талт хэлэлцээрт орох шийдвэр гаргасан.Эрүүл мэндийн салбарынхны үндсэн цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-ээс 30 хувь нэмэгдүүлнэ. Цаашдаа үе шаттай хоёр удаа нэмж нийт 75 хувиар нэмэх саналыг танилцуулсан. Ингээд 2026 онд батгаад эрүүл мэндийн ажилтнуудын үндсэн цалин гурван сая төгрөг болгоно. Мөн 2027 оныг Эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлах учраас ажилчдын цалин 3.5 саяд хүргэхээр бэлтгэл ажилдаа орж байна. Эрүүл мэндийн ажилтнуудын цалингийн нэмэгдэлд 191 тэрбум төгрөг шаардлагатай учраас төсвийн урсгал зардлаас 10 хувийг танаж 15 хувиар нэмэх боломж гаргасан. Мөн ЭМДС-гийн эх үүсвэрээс 157 тэрбум төгрөг гаргана. Ингэхдээ үйлчилгээг хумих, гэрээний тоо хэмжээг бууруулах, шаардлагагүй зардлуудыг бууруулж бий болгоно” гэлээ.