Эрүүл мэндийн салбарын ажилтнууд цалингаа нэмэгдүүлэх шаардлагын хүрээнд тэмцлээ үргэлжлүүлж байна. Арваннэгдүгээр сарын 11-ний өдөр эмч, ажилтнууд 24 цагийн суулт хийсэн бол өнөөдөр 11:00 цагаас Сүхбаатарын талбайд “Бид тэвчихгүй” уриан дор эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдах юм. Түүнчлэн маргаашаас эхлэн улс орон даяар 100 гаруй эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнууд ажил хаялт зарлахаар болжээ. Эмч нар цалингаа 3.5 сая төгрөгт хүргэх шаардлагыг тавьж байгаа бөгөөд шаардлага биелтэл тэмцлээ үргэлжлүүлэхээ илэрхийлээд байна.Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа: Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос нийт эмч, ажилтнуудын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх шаардлагыг УИХ, Засгийн газар болон холбогдох байгууллагуудад хүргүүлсэн боловч одоог хүртэл хүлээн авч шийдвэрлээгүй байна.Эрүүл мэндийн яамнаас тодорхой томъёолол байхгүй, төсөвт тусгагдаагүй гэсэн тайлбар өгч, аравдугаар сард цалинг 3 сая төгрөгт хүргэнэ гэх ерөнхий мэдээллийг сайд танилцуулсан. Гэвч энэ нь эмч, ажилтнуудын сэтгэлд нийцээгүй юм. Учир нь хоосорсон байгаа ЭМД-ын сангаас цалин нэмэгдүүлэх боломжгүй гэж үзэж байна. Иймээс эмч, ажилтнуудын хамт олны хурлаар улсын төсөвт цалингийн нэмэгдлийг тусгах асуудлыг нэн түрүүнд шийдвэрлүүлэх тухай шийдвэр гаргасан. Энэ дагуу нэг өдрийн дараа эмч нар ажил хаялт зарлах бөгөөд өчигдөр Сүхбаатарын талбайд 24 цагийн суулт хийсэн. Өнөөдөр 11:00 цагаас “Бид тэвчихгүй” уриан дор эсэргүүцлийн жагсаал болох бөгөөд маргаашаас эхлэн улс орон даяар эмч, ажилтнууд ажил хаялтад шилжинэ.