Ерөнхий сайд Г.Занданшатар намын даргад нэр дэвшиж өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдлээ. МАН-ын Их хурал энэ сарын 15,16-нд болж, намын даргаа сонгох юм. Бага хуралдаа нэр дэвшиж ялагдаад байсан Ерөнхий сайд Г.Занданшатар Их хуралд намын даргад өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдлээ.
Тэрээр өөрийн цахим хуудастаа "
Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, намын дотоод асуудал төрийн зовлон болохоос сэргийлэн Монгол Ардын Намын даргын төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татаж буйгаа мэдэгдэж байна.
Улсын эдийн засаг, ард түмний амьдралд тулгамдсан олон асуудал шийдлээ хүлээж байна. Авлига, баялгийн хулгайтай хийж буй тэмцлээ тууштай үргэлжлүүлж, иргэдийнхээ орлого, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, бусад тулгамдсан олон суурь асуудлыг шийдэхийн төлөө Засгийн газар улам эрчтэй ажиллах болно.
Баялгийн хулгайтай хэзээ ч эвлэрэхгүй. Надад албан тушаал бус улсын төлөө бодит ажил, ард иргэдийн итгэл илүү чухал. Байгалийн баялгаас нийт иргэн бус хэсэг бүлгээрээ хувь хүртдэг шударга бус байдлыг халахын төлөө Засгийн газрын тэргүүний хувьд тууштай тэмцэнэ" гэжээ.